Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 837

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Э ” ХХК

Хариуцагч: Зам, тээврийн хөгжлийн яам 

Нэхэмжлэлийн шаардлага: “2016, 2017 онд Ө******* чиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардал 1.325.000.013 төгрөгийг төлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх ажлын зардап 1.325.000.013 төгрөгийг олгохыг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн захирал Ж.Б, өмгөөлөгч Б.Э, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.М, Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Б, гэрч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.  

                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус компанийн захирал Ж.Б, өмгөөлөгч Б.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус компани нь 2011 оноос Ө******* чиглэлийн 142,4 км авто замын барилгын ажилд байнгын техник технологийн хяналт хэрэгжүүлж ирсэн. Энэ замын барилгын ажлын гүйцэтгэгч “Насны зам” ХХК-ийн ажлын бүтээмжээс шалтгаалан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 185 дугаар тогтоолын дагуу зам барилгын гүйцэтгэгчийн гэрээ цуцлагдсан. Улмаар уг тогтоол гарсантай холбогдуулан зам барилгын ажлыг 2-3 багц болгон хувааж, техник, ажиллах хүчний чадавхи сайтай компаниудын оролцоотойгоор үргэлжлүүлснээр 2016 онд 77 км, 2017 онд 65,4 км авто замыг ашиглалтад оруулж, зам барилгын ажил дуусгавар болсон болно. Зам, тээврийн хөгжлийн яамтай 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 41 дүгээр гэрээний дагуу 2011-2014 онуудад, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 147 дугаар нэмэлт гэрээний дагуу 2015 оноос техник технологийн хяналтыг тус тус хэрэгжүүлж, санхүүжилтийг яамнаас олгосон.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Зөвлөх үйлчилгээний ажил эхлүүлэх тухай” 05/1389 дүгээр албан бичиг манайд ирсэн. Энэхүү 05/1389 тоот албан мэдэгдлийн дагуу хяналтын зөвлөх үйлчилгээний ажлыг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд хийж дуусгасан. Мөн тус яамнаас 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Зөвлөх үйлчилгээний ажил эхлүүлэх тухай” 06/2690 дүгээр албан бичгийг ирүүлсэн. Хяналтын зөвлөх үйлчилгээний ажлыг эхлүүл гэж мэдэгдсэний дагуу 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хяналтын ажил гүйцэтгэсэн. Зам, тээврийн яамнаас энэхүү хяналтын ажлуудын 2016 оны зардлыг 977.678.583 төгрөгөөр, 2017 оны ажлын зардлыг 347,321,430 төгрөгөөр тус тус баталсан.

Бид 2016, 2017 онд албан бичгээр гэрээ болон санхүүжилтийн асуудал шийдвэрлэж өгөхийг холбогдох бүх шатны албан тушаалтанд удаа дараа хандаж байсан. Тухайлбал Зам, тээврийн хөгжлийн яамны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 03/149 тоот албан бичгээр, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 04/2629 тоот албан бичгээр, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 06/3712 тоот албан бичгээр “...Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах, Зам, тээврийн хөгжлийн сайд /ТЕЗ/-ын багцын саналд дээрх ажлын 977.7 сая төгрөгийн санхүүжилтийн саналыг тусган Сангийн яаманд хүргүүлсэн, 2016, 2017 оны зөвлөхийн нэмэлт зардал 1.325.000.013 төгрөг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна” гэх хариуг тус тус өгч байсан.

 

Хамгийн сүүлд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Р-тай албан тасалгаанд нь очиж уулзахад “төсөвт мөнгийг нь суулгаагүй байхад гэрээ байгуулж болохгүй байна, гэрээ байхгүй тохиолдолд төсөвт мөнгийг нь суулгаж болохгүй” гэх тайлбар өгсөн. Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ өдөр хүртэл итгэл найдвар төрүүлж, 2 жил өнгөрүүлсэний дараа ийм байр суурь илэрхийлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч  компанийн  зүгээс  энэ  ажлыг анх удаа хийж байгаа юм биш. Олон 

 

жил хийсэн туршлагатай компани. Талуудын хувьд ажил хэргийн итгэлцэл гэж зүйл байдаг. Сангийн яамнаас албан бичиг ирээд байгаа нь гэрээ байгуулах санал хүргүүлж байна гэсэн үг. 

Санхүүжилтийг талууд баталсан нь Иргэний хуулийн 195, 196 дугаар зүйлүүдэд зааснаар аман гэрээ байгуулагдсан гэж ойлгож болно. Хүмүүсийг шууд буруутгах боломжгүй ч гэсэн төрийн байгууллага хоорондоо уялдаа холбоогүй ажилласнаас болоод нэхэмжлэгч компанийг хохироосон гэдэг нь тодорхой боллоо.

2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 06/3712 тоот албан бичгийн дараа дахин энэ асуудалтай холбоотой ямар нэгэн албан хариу ирүүлээгүй. Хариуцагч нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ бодитоор биелүүлэхгүй, биелүүлэхээс зайлсхийж байгаа эс үйлдлээрээ нэхэмжлэгч компанид их хэмжээний хохирол учруулж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас техник, технологийн хяналтын ажлын санхүүжилт шийдвэрлэхгүй байгаагаас тус компанид ихээхэн хохирол учирч байна. Ө******* чиглэлийн авто замд техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн тулд 2016, 2017 онд Хас банкнаас 1.200.000.000 (нэг тэрбум хоёр зуун сая) төгрөгийн шугаман зээл авч, ажил үйлчилгээгээ явуулж ирсэн.  

Зам, тээвэр хөгжлийн яам болон “Э ” ХХК-ийн хооронд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан 83 тоот Эвлэрлийн гэрээ энэ захиргааны маргаантай ямар ч хамааралгүй. Манайх иргэний шүүхэд өөр ажлуудын санхүүжилт, төлбөрийг яамнаас нэхэмжилж нэхэмжлэл гаргаж Иргэний шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд гарсан. Энэ эвлэрлийн гэрээг баталгаажуулсан иргэний шүүхийн ямар нэгэн шийдвэр байдаггүй. 

Иймд 2016, 2017 онд Ө******* чиглэлийн замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардал болох нийт 1.325.000.000 төгрөгийг төлөхгүй хугацаа алдуулж байгаа Зам, тээврийн хөгжлийн яамны эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2016, 2017 онд хийсэн техникийн хяналтын ажлын зардал болох нийт 1.325.000.000 төгрөгийг “Э ” ХХК-д олгохыг Зам, тээвэр хөгжлийн яаманд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зам, тээврийн хөгжлийн яам болон “Э ” ХХК нарын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. 

 

“Э” ХХК  нь  2016,  2017  онд  хийгдсэн  техник,   технологийн 

 

хяналтын ажлын зардалд 1.325.000.017 төгрөгийг шаардсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “...Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байдагтай нэхэмжлэлийн шаардлага нийцэхгүй байна. Байгуулсан гэрээ байхгүй. Ямар эрх эдэлж, үүрэг хүлээх, хэдий хэмжээний хөлс төлөх зэрэг нь тодорхойгүй байна. 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт “...гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Зам, тээвэр хөгжлийн яамнаас дээрх үнийн дүнг шаардах эрхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ байхгүй тул талуудын хооронд эрх, үүрэг үүсээгүй байна. Хуулиар бүх харилцааг зохицуулах боломжгүй учир гэрээгээр энэ бүхнийг зохицуулж, тохирсон байх ёстой. Гэрээ байхгүй учир хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 74 дүгээр зүйлийн 74.4, болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт “...нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” гэж заасныг зөрчиж нэхэмжлэл гаргасан. 

Иймд гэрээнд заасан хөлс төлөх үүрэг Зам, тээвэр хөгжлийн яаманд үүсэхгүй. Иргэний хуулийн дагуу талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээг заавал байгуулах шаардлага хангагдаагүй. Эвлэрлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт энэ ажилтай холбоотой гэрээг байгуулах тухай маш тодорхой заасан байна. Асуудлыг өмнө нь шийдвэрлэсэн иргэний шүүхийн шийдвэр байгааг анхаарч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Э ” ХХК-иас “2016, 2017 онд Ө******* чиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт  буюу  зөвлөх  үйлчилгээний  зардал 1.325.000.013 төгрөгийг төлөхгүй байгаа 

 

эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх ажлын зардал 1.325.000.013 төгрөгийг олгохыг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчээс “...Гэрээгээр тухайн замыг ашиглалтад өгөх хүртэл хугацаанд хяналтыг хэрэгжүүлнэ гэсэн үүрэг хүлээсэн. Бид энэ үүргээ хэрэгжүүлж ажилласан. Яамнаас авто замын хяналтын ажлаа хий гэж 2016, 2017 онд албан бичиг манайд ирүүлсэн. Гэтэл ажил хийгдсэний дараа нь гэрээ байгуулагдаагүй тул санхүүжилт олгох боломжгүй, төлбөрийг өгөхгүй гэж байна. Хариуцагч нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ бодитоор биелүүлэхгүй, биелүүлэхээс зайлсхийж байгаа эс үйлдлээрээ компанид хохирол учруулж байна” гэж тайлбарлан маргаж байгаа.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5-д “Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ” гээд 11/-д “Зам, тээврийн хөгжлийн сайд...,авто замын асуудал” гэж Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх үндсэн хүрээний ажлыг зохицуулсан байна.

Мөн Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь нийтлэг ажил эрхэлнэ”, 7.1.3-д “салбарын хэтийн болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулах, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” чиг үүрэгтэй байхаар хуульчилжээ.

Зам, тээврийн хөгжлийн яам Ө******* чиглэлийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилгоор авто замын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж ажилласан нь өөрийн эрхлэх үндсэн чиг үүргийн хүрээнд хамаарч байна. 

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 4/1047 дугаар  албан бичгээр “Ө******* чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын байнгын хяналтын зөвлөх үйлчилгээ”-г гүйцэтгэх гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлэхийг “Э ” ХХК-д мэдэгдсэн байна.

Ингээд захиалагч, зөвлөх нар 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Ө******* чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын байнгын хяналтын зөвлөх үйлчилгээг үзүүлэх гэрээ”-г  (41 дугаартай)  харилцан тохиролцон байгуулж, уг гэрээг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б*******, “Э ” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Б******* нар баталгаажуулжээ.

Мөн 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Ө******* чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын хяналтын зөвлөх үйлчилгээний ажлын гэрээ”-г  (147 дугаартай) шинэчилж байгуулсан ба уг гэрээний 2.8-д “Ажил дуусгахаар төлөвлөсөн өдөр гэж Авто замын барилгын хугацаатай адил байна”, 8.3-д “Гэрээнд заасан үүрэг биелэгдсэнээр гэрээ дуусгавар болно” гэж тохирчээ.

Дээрх гэрээний дагуу “Э ” ХХК нь:

- 2016 оны 12 дугаар сарын 16-ны 07/15/16 дугаар актаар 52.74 км

- 2017 оны 05 дугаар сарын 15-ны 07/05/17, 07/06/17 дугаар актаар 25 км

- 2017 оны 05 дугаар сарын 16-ны 07/07/17 дугаар актаар 23.35 км

- 2017 оны 12 дугаар сарын 20-ны 07/19/17 дугаар дүгнэлтээр 27.98 км

- 2017 оны 12 дугаар сарын 21-ний 07/20/17 дугаар дүгнэлтээр 13.32 км, нийт 142.39 км хатуу хучилттай авто замын техникийн хяналтыг хийж гүйцэтгэн, авто замыг хэсэгчлэн ашиглалтад хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын акт, дүгнэлтүүдээр  тус тус  тогтоогдож байна. 

2011 оноос хойш өнөөдрийг хүртэл захиалагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас гэрээний дагуу Ө******* чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын техникийн хяналтын ажлын гүйцэтгэлд 2011 онд 220.000.000 төгрөг, 2012 онд 50.000.000 төгрөг, 2013 онд 300.000.000 төгрөг, 2014 онд 190.000.000 төгрөг, 2015 онд 376.200.000 төгрөг, 2016 онд 108.075.011 төгрөг, 2017 онд 382.996.418 төгрөг, нийт 1.627.271.429 төгрөгийн санхүүжилтийг “Э ” ХХК-д олгосон болох нь тус компанийн Хас банк дахь 5000235392 дугаар дансны хуулга  баримтуудаар нотлогдож байна.  

Мөн захиалагч, зөвлөх нар 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж 147 дугаартай гэрээний биелэлтийг дүгнэн, “ “Ө******* чиглэлийн 142.36 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээний “Э ” ХХК-тай байгуулсан гэрээний хугацааг дуусгавар болгох, ...зөвлөх үйлчилгээний 2016, 2017 оны зардлын хөрөнгийн эх үүсвэрийг Сайдын зөвлөлд танилцуулан шийдвэрлүүлж,...” гэж дүгнэж, “Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй авто замын хяналтын зөвлөхийн 2017 оны гэрээг дүгнэсэн акт”  үйлджээ.

Эдгээр үйл баримтуудаас үзэхэд Захиалагчтай байгуулсан гэрээний дагуу Ө******* чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын болон зөвлөхийн хяналтын ажлыг 2017 онд бүрэн хийж гүйцэтгэж дуусгасан, уг авто замын барилгын ажил зураг төсөл, технологийн дагуу хийгдсэн гэж дүгнэсэн акт үйлдсэн, зөвлөх “Э ” ХХК-ийн 2011-2015 онуудад хийсэн хяналтын ажлын зардалд нийт 1.627.271.429 төгрөгийг улсын төсвөөс олгосон байна. 

Харин хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Э ” ХХК-д 2016 оны зардал 977.678.583 төгрөг, 2017 оны зардал 347.321.430 төгрөг, нийт 1.325.000.013 төгрөгийг олгохгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул тус компаниас дээрх төлбөрийг олгох, санжүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхээр тус яамны эрх бүхий албан тушаалтнуудад удаа дараа өргөдөл, хүсэлтийг гаргаж байжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...2016, 2017 онд гэрээ байгуулагдаагүй тул дээрх ажлын санхүүжилт төсөвт тусгагдаагүй. Захиалагч нь Иргэний хуулийн 351.1.1-д ...заасан үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгч нь яамнаас дээрх үнийн дүнг шаардах эрхгүй, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэтгэлцэж байна. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Зам, тээврийн хөгжлийн яам 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Зөвлөх үйлчилгээний ажил эхлүүлэх тухай” 05/1389 дүгээр  албан бичгийг “Э ” ХХК-д хүргүүлж, хяналтын зөвлөх үйлчилгээний ажлыг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлүүл гэж мэдэгдсэний дагуу хяналтын баг ажилдаа гарч, өдөр тутмын технологийн хяналтыг хийсэн. Улмаар Зөвлөхийн 2016 оны хяналтын ажлын гүйцэтгэл, тооцоог хянаж,  ажлын зардлыг 977.678.583 төгрөгөөр хянаж, захиалагч Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, албаны дарга Д.Загдраднаа, ахлан мэргэжилтэн Д.Энхтуяа нар гарын үсэг зурж баталгаажуулсан .

Мөн тус яам 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Зөвлөх үйлчилгээний ажил эхлүүлэх тухай” 06/2690 дүгээр  албан бичгийг тус компанид хүргүүлж, хяналтын зөвлөх үйлчилгээний ажлыг эхлүүл гэж мэдэгдсэний дагуу Зөвлөх хяналтын ажилдаа гарч, өдөр тутмын технологийн хяналтыг хийж, Захиалагчаас 2017 оны хяналтын ажлын зардлыг 347.321.430 төгрөгөөр хянаж, тус яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Д, албаны дарга Б.М, ахлан мэргэжилтэн Д.Э нар гарын үсэг зурж баталгаажуулжээ .

Нэгэнт Захиалагчаас 2016, 2017 онд “Зөвлөх үйлчилгээний ажил эхлүүлэх тухай” албан бичиг хүргүүлж, “зөвлөхийн баг барилгын ажлын талбайд гарч ажлаа хий” гэж шаардаж байхад Зөвлөх гэрээний үүргээ биелүүлж, авто замын барилгын хяналтын ажлыг хийж гүйцэтгэснийг буруутгах учиргүй.

Харин ч захиргааны байгууллагаас гэрээний дагуу Зөвлөхийг ажлаа хийхийг шаардаж байгаа нь өөрөө 2015 оны 147 дугаартай гэрээ дуусгавар болоогүй, уг гэрээ хүчин төгөлдөр гэдгийг илэрхийлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Тухайлбал, хариуцагчийн 2017 оны 06/2690 дүгээр  албан бичигт ”...тухайн авто замын хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх 2015 оны 7 дугаар сарын 15-ны 147 дугаар гэрээний ерөнхий нөхцөлийн 7.2(3) заалтын дагуу зөвлөхийн багийг барилгын ажлын талбайд гарган ажиллуулна уу” гэснээс тодорхой харагдаж байна.  

Мөн түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Захиалагч, Зөвлөх нар хуралдаж 147 дугаартай гэрээний биелэлтийг дүгнэсэн актад  “...“Ө******* чиглэлийн 142.36 км хатуу хучилттай авто замын барилгын зөвлөхийн хяналтын ажлыг 2017 онд бүрэн хийж гүйцэтгэж дуусгасан, уг авто замын барилгын ажил зураг төсөл, технологийн дагуу хийгдсэн гэж дүгнэн, зөвлөх “Э ” ХХК-тай байгуулсан гэрээний хугацааг дуусгавар болгох” гэжээ. 

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Яамны үйл ажиллагааны зарчим”-ыг тодорхойлсон, 4.1-д “Яамны үйл ажиллагааны үндсэн зарчим нь ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн”, 4.2-т “Яам нь төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, шуурхай, соёлч байдлыг хангах, мэргэшсэн байх, ил тод нээлттэй байх, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх, яамд нь бие биенийхээ дотоод хэрэгт үл оролцон харилцан хүндэтгэх зарчмыг баримтлан ажиллана” гэж заасан.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд “Захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчим”-уудыг хуульчилж, 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг баримтална гэж тусгайлан заасан. Уг хуульд “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно” гэж тодорхойлжээ.

Энэ тохиолдолд Зам, тээврийн хөгжлийн яаманд авто замын байгууламжийн барилгын ажлын техник, технологийн хяналтыг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэх, гэрээ байгуулах эрх хэмжээ хуулиар олгогдсон, “Э ” ХХК нь төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж, 2016, 2017 онд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тодорхой ажлыг хийж гүйцэтгэсэн байна. 

Иймээс хариуцагч нь авто замын асуудлаар шийдвэр гаргах, дэд бүтцийг бий болгох үндсэн чиг үүрэгтэй бөгөөд хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хуулийн этгээдэд хийсэн ажлын зардалыг олгохгүй байгаа нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. 

“Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох “тус яамны захиалгаар олон аймгуудын авто замын барилгын ажилд зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг гаргуулах” шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хяналтын шатанд талууд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Энэхүү Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан иргэний шүүхийн шийдвэр гараагүй ба мөн гүйцэтгэсэн ажлын зардал 1.325.000.013 төгрөгийг гаргуулахтай холбоотой иргэний хэрэг, маргаан үүсээгүй, 1.325.000.013 төгрөг гаргуулах асуудлаар иргэний шүүхийн шийдвэр байхгүй байх тул нэхэмжлэгчээс зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн хуулийн дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд түүнийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үндсэн зорилготой болно.

Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн гаргасан 2016, 2017 онд авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналтын зардал 1.325.000.013 төгрөгийг гаргуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид эдийн засгийн хувьд үр дагавар үүсгэж, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул 2016, 2017 онд гүйцэтгэсэн ажлын зардал болох 1.325.000.013 төгрөгийг олгохыг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь: 

 

1. Монгол  Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 

7 дугаар зүйлийн 7.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д дахь заалтад заасныг тус тус баримтлан “Э ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2016, 2017 онуудад Ө*******  чиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардал 1.325.000.013 төгрөгийг төлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх ажлын зардал 1.325.000.013 төгрөгийг “Э ” ХХК-д олгохыг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамнаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э ” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     М.ЦЭЦЭГМАА