Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01778

 

Р.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00421 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Р.Н- гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Б- т холбогдох,

Ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар мэдээлэл тараасан “Orkhon.khural.mn” вэбсайт болон Erdenetinfo.mn, erdenetnews.mn сайтуудаар залруулга гаргахыг даалгаж, миний ажил хэргийн нэр хүндийг гутааж тараасан мэдээнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар эдийн бус хохиролд 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Н, хариуцагч Д.Б, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн миний бие нь Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас зарласан аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлд сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн материалыг хурлын ажлын албанд өгсөн. ИТХ-ын ажлын алба материалыг хянаж үзээд ИТХ-ын “Orkhon.khural.mn” цахим хуудсандаа нэр дэвшигчдийн мэдээллийг байршуулж иргэдээс цахим санал асуулга авч байгаа.

Д.Б нь энэ санал асуулгын коммент буюу санал сэтгэгдэлд миний тухай хоёр удаа “Н өмгөөлөгч бол мөнгөтэй баян хүмүүс, том гаруудад үйлчилдэг, энгийн иргэдийг тоож, нүдний булангаараа ч хардаггүй, мань мэтийн жирийн иргэдтэй харьцахгүй гэдгийг би лав өөрөө мэднэ” гэсэн утгатай мэдээлэл 2 удаа оруулж миний ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нээлттэй веб сайтаар дамжуулан олон нийтэд тараасан. Энэ мэдээ уг сайтад сар гаруй байршиж байгаа, одоо ч гэсэн байж байна лээ.

Миний хувьд шударга ёс, бодит үнэн байдал, хуулийн зөв гарцыг эрэлхийлж ажиллахыг ямагт эрмэлздэг бөгөөд иргэдийг мөнгө төгрөг, амьдралын байдлаар нь ялгаварлан гадуурхдаг явдал огт байхгүй. Харин өөрт итгэл үнэмшил төрөөгүй, үйлчлүүлэгчийн хүссэн үр дүнг гаргах боломжгүй тохиолдолд хүмүүст хий хоосон итгэл төрүүлэн аз үзсэн байдлаар хүсэлтийг хүлээн авч чирэгдэл үүсгэхийг хүсдэггүй.

Д.Б нь 2017 оны 12 дугаар сарын 16-нд өөрийн ажилладаг “Эрдсүлж” ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээ тарах үеэр согтуугаар захиргааны ажилчдад агсан тавьж зөрчил гаргасанд нь компанийн захиргаа 2017 оны 12 дугаар сарын 19-ний Б/189 тоот тушаалаар сахилгын шийтгэл оноосон тушаал гаргасан байсан. Би тус компанид гэрээгээр хууль зүйн туслалцаа үзүүлдэг хуульчийн хувьд уг тушаал, түүнийг нотлох байдал, зөрчил, түүний шинж чанарыг судлан үзээд үндэслэлтэй гэж үзсэн. Үүний дараахан Д.Б над руу 3 удаа утсаар ярьж уг тушаалыг хүчингүй болгуулахыг шаардсан. Би “чи зөрчил гаргасан байна, Хөдөлмөрийн дотоод журамд нийцэж байна” гэдэг хариуг түүнд хэлсэн.

Миний “Эрдсүлж” ХХК-тай байгуулсан гэрээнд захиргаатай зөрчилдөөнт байдалд хүрэхгүй тохиолдолд ажиллагсдад үнэ төлбөргүй хууль зүйн зөвөлгөө, хөнгөлөлттэй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх заалттай тул би Д.Б-ыг өмгөөлөх үндэслэл байгаагүй. Д.Б энэ асуудлаараа одоо шүүхэд хандсан байгаа бөгөөд би Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1.3, 24.1.5 дахь заалт, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу “Эрдсүлж” ХХК-ийн өмгөөлөгчөөр оролцож байгаа.

Иймд Д.Б-ыг миний ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар мэдээлэл тараасан “Orkhon.khural.mn” вэбсайт болон Erdenetinfo.mn, erdenetnews.mn сайтуудаар залруулга гаргахыг түүнд даалгаж, миний ажил хэргийн нэр хүндийг гутааж тараасан мэдээнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол түүнээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар эдийн бус хохиролд 3 000 000 төгрөг гаргуулна, уг мэдээллийг төр захиргааны байгууллагын ажилчид, хурлын тэргүүлэгчид, төлөөлөгчид гээд 3 000 гаруй иргэн үзсэн байх үндэслэлтэй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Р.Н нь Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас зарласан аймгийн ИТХ-ын дэргэдэх иргэдийн зөвлөлд нэрээ дэвшүүлсэн. Түүний мэдээлэл “Orkhon.khural.mn” сайтад байршуулж иргэдээс нээлттэй хэлэлцүүлэг фэйсбүүкээр санал асуулга явж байсан.

Би энэ санал асуулгад сэтгэгдэлээ бичсэн. Би Р.Н-гийн ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилгоор олон нийтэд тараагаагүй. Иргэдээс санал асууж байхад би иргэн хүний хувьд иргэний зөвлөлд ажиллах шаардлагыг хангаж чадахгүй шүү гэж саналаа хэлсэн. Хэрэв тийм, үгүй, дэмжинэ, дэмжихгүй гэсэн 2 үгээр санал авсан бол би аль нэгийг нь сонгох байсан. Гэтэл иргэдээс олон нийтийн сүлжээгээр дамжуулан нээлттэй санал асуулга явуулж байсан учраас би сэтгэгдлээ бичсэн. Би заавал тэр хүнийг магтаж бичих ёстой ч биш.

Энэ санал асуулга явахаас өмнө би “Эрдсүлж” ХХК-ийн захирал Д.Энхбат надад үндэслэлгүй сахилгын арга хэмжээ шийтгэл ногдуулж тушаал гаргаж, буруу шийдвэр гаргаад байна. Өмгөөлөгч Р.Н та хүрч ирээч гэхэд тушаал, шийдвэрийг үзнэ гэсээр үзээгүй, хариу хэлээгүй. Би 3 удаа утсаар ярьж гуйсан. Тэгээд арга буюу хугацаа дуусах гээд би шүүхэд хандсан.

Надад туслалцаа үзүүлээгүйгээр барахгүй компанийн захирал ажлын байрандаа согтуу ирж хэл амаар доромжлоод би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан чинь нэг өдөр даргын өрөөнд дуудаад “чи цагдаагаас гомдлоо аваач” гэж хүртэл шахалт, дарамт үзүүлсэн. Намайг туслаач ирээд шийдвэр, дотоод журмыг үзэж харж өгөөч гэхээр ямар ч хариу байхгүйд би маш их гомдсон. Жирийн ажилчин хүнд ялгавартай ханддаг юм байна гэж ойлгосон.

Надад үндэслэлгүй тушаал гаргасан гэдгийг Орхон аймаг дахь Иргэний хэргийн шүүхээр тогтоосон. Зүй нь “Эрдсүлж” ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч ажилтнуудад ч туслалцаа үзүүлэх ёстой гэж үзэж байна. Үнэхээр захирал Д.Энхбатад үйлчилсэн үү гэвэл үйлчилсэн. Надтай харьцаагүй юу гэвэл харьцаагүй. Миний хүсэлтээр ирээд тушаал шийдвэр хянаж үзээд зөв бурууг нь ялгаж өгсөн бол би өнөөдөр хохирохгүй байсан. Би сэтгэгдэл бичихдээ надад хандсан хандлагаа бичсэн.  Үүнийгээ би буруутай зүйл бичсэн гэж үзэхгүй байна.

Иргэний зөвлөлд хуульч хүн сонгогдвол бусдад алагчлалгүй ханддаг хүн сонгогдоосой гэсэндээ л бичсэн. Миний бичсэн сэтгэгдэлээс болж түүний ажил, нэр хүнд гутаагдсан бол уучлал гуйя. Харин надад туслаагүй хууль бус тушаалыг мэргэжлийн хүний хувьд хянаж үзээд залруулж өгөөгүй нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон. Би өнчин дүү нараа авч явдаг, гэр бүлийн уур амьсгал хүртэл энэ байдлаас болж хэцүү байгаа, 3 000 000 төгрөг төлөх үнэхээр хэцүү байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00421 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Н-гийн нэр төрийг сэргээж, мэдээлэл тараасан “Orkhon.khural.mn” вэбсайт болон Erdenetinfo.mn, Erdenetnews.mn сайтуудаар залруулга гаргахыг Д.Б-т даалгаж, хариуцагч Д.Б-аас 760 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 240 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас 22 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Н-д олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00421 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.Н-гийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож мэдээ тараасан вэб сайтуудаар залруулга гаргахыг даалгаж эдийн бус хохиролд 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Р.Н-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 790 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 700 төгрөгийг тус тус төрийн сангаас буцаан олгожээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүх тараагдсан мэдээ, нэхэмжлэгчийн шаардах эрх, энэ талын хуулийн зохицуулалт, хэрэглээг зөв дүгнэсэн боловч мэдээ тарсан хүрээг нотлох боломжгүй гэж дүгнэсэн, эдийн бус гэм хорын хэмжээ, хязгаарыг тогтоохдоо буруу дүгнэлт хийсэн байна. Эдийн бус гэм хорын хэмжээг тогтоохдоо эдийн буюу Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэх материаллаг хохирлоор жишиж тооцсон нь буруу юм. Хөдөлмөрийн хөлс гэдэг бол өөрөө бодит материаллаг, эдийн агуулгатай тул эдийн бус хохиролд төсөөтэй хэрэглэх боломжгүй. Хуульд нэхэмжлэлийн хэмжээг нэхэмжлэгч өөрөө тогтоох, харин шүүх мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан гаргуулах хохирлын хэмжээг тогтоон шийдвэрлэхээр зохицуулсан байна. Мэдээг тараасан арга хэрэгслийн талаар өмнө дурдсан. Тарсан хүрээний хувьд олон нийтэд нээлттэй вебсайт, фэйсбүүк хуудасны хувьд тухайн сайт, фэйсбүүкийн эзэмшигч буюу хамаарах этгээд, сонирхсон хэн боловч, түүнчлэн тохиолдлоор хэн ч үзэх боломжтой юм. Миний бие нэхэмжлэлээ дэмжихдээ мэдээ нь сонгуулийн насны бүх иргэдийн сонголтоор, нийт иргэдийн төлөө ажилладаг Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 33 гишүүн, төрийн албаны ажиллагсад, бусад хүмүүс 3000 хүн үзсэн байх боломжтой гэж тооцон нэг хүнд тарсан мэдээг 1000 төгрөг гэж мэдээ тараагчийн хувийн байдлыг харгалзан нэр хүндээ хэт багаар тооцон нэхэмжлэл гаргаж тайлбар өгсөн. Нэг муу мэдээ дор хаяж 10 хүнд хүрдэг гэдэг аксиом ч байдаг. Иймд шүүх дүгнэлт өгч, иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах үүргээ биелүүлэх бүрэн боломжтой.

Эдийн бус хохиролд Хөдөлмөрийн хөлсний хэмжээг төсөөтэй хэрэглэх нь буруу, эдийг хохиролд хэрэглэх ёстой гэсэн хууль хэрэглээний шүүхийн тогтсон практик байгааг shuukh.mn сайтад байршсан энэ төрлийн анхан шатны шүүхийн 79, давж заалдах шатны шүүхийн 23, хяналтын шатны шүүхийн 6 шийдвэрийг судалж үзэхэд ойлгогдож байна.

Д.Б сэтгэгдэл бичсэн нь Р.Н-гийн ажил хэргийн нэр хүндийг гутаахаар тараасан мэдээлэл гэж үзэх боломжгүй гэсэн атлаа ажил хэргийн нэр хүнд гэж юу болох, энэ мэдээ түүнд яагаад хамаарахгүй болох, шүүхээс бичсэн мэдээний агуулгыг юу гэж үзэх талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Р.Н гийн нэр хүндийг гутаасан энэхүү мэдээ мэдээлэл нь ямар хүрээнд тархсан болон, сэтгэл санаанд ямар үр дагавар бий болгосныг тодорхойлж чадаагүй, нотлох баримтаар тогтоогдоогүй гэжзэ. Гэтэл Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.9 дэх заалт 511 дүгээр зүйлийн 511.1 дэх заалт нэхэмжлэгч дээрх зүйлийг нотлохыг шаарддаггүй бөгөөд харин мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлох диспозицийг шаардаж байна.

...Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг баримтлан хууль хэрэглээг зөвтгөн Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Р.Н нь хариуцагч Д.Б-т холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоолгох, мэдээлэл тараасан аргаар залруулга гаргахыг түүнд даалгуулах, эдийн бус хохиролд 3 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.Б нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн талаар өөрийн бодлоо илэрхийлж, сэтгэгдлээ цахим хуудсанд бичсэн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1., 511.2.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн ямар нэг зүйл, заалт баримтлалгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх “ажил хэргийн нэр хүнд”-ийг гутаасан мэдээлэл тараасныг тогтоолгох тухай  нэхэмжлэлийн шаардлагыг анхааралгүй, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйл баримт тогтоогдоогүй гэж үзэж, ийнхүү дүгнэх болсон шалтгаан, үндэслэлээ магадлалд тодорхой тусгаагүй байна. Магадлалын үндэслэлд хариуцагчийн цахим хуудсанд байршуулсан сэтгэгдэл нь хэдэн хүнд тархсан, нэхэмжлэгчийн сэтгэл санаанд ямар үр дагаврыг үүсгэсэн тогтоогдоогүй, нэхэмжлэгч Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Иргэний зөвлөлд сонгогдоогүйтэй холбоотой эсэх нь нотлогдоогүй, тухайн сэтгэгдэл цахим хуудсанд байршсан хугацаагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хохирлын хэмжээг тооцсон нь буруу гэж заасан болохоос бус хариуцагчийн нийтэд тараасан мэдээлэл үнэн бодит байдалд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан эсэх талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч Р.Н нь Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас зарласан аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлд сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн материалыг хурлын ажлын албанд өгч, ИТХ-ын ажлын алба материалыг хянаж үзээд ИТХ-ын “Orkhon.khural.mn” цахим хуудсандаа нэр дэвшигчдийн мэдээллийг байршуулж иргэдээс цахим санал асуулга авсан байна.  

Хариуцагч Д.Б нь энэ санал асуулгын санал сэтгэгдэлд “Мөнгөтэй баян том гаруудад үйлчилдэг жирийн иргэнийг нүднийхээ булангаар л хардаг хүн юм байна лээ”, “мөнгөтэй баян хүнд үйлчилдэг хуульч гэж Н гэдэг хүнийг хүмүүс ярьдаг мань мэтийн жирийн иргэдтэй харьцахгүй гэдгийг би лав өөрөө мэднэ” гэх хоёр сэтгэгдлийг Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нээлттэй веб сайтад бичиж, олон нийтэд тараасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-д зааснаар хүн бүр  итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй боловч аливаа хүний эрх, эрх чөлөө нь бусдын эрх, чөлөөгөөр хязгаарлагддаг болно.

Хариуцагч Д.Б нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Иргэний зөвлөлд сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн нэхэмжлэгч Р.Н-гийн талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй боловч түүний үзэл бодол, сэтгэгдлээ илэрхийлж буй хэлбэр нь бусдын нэр төр, алдар хүндийг, тухайн тохиолдолд ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгатай байх учиргүй юм.

Иргэдийг хөрөнгө мөнгөний байдлаар ялгаварлан гадуурхаж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг гэх нэхэмжлэгчийн талаарх мэдээллээ хариуцагч баримтаар нотлоогүй учир  тухайн мэдээллийн үнэн зөв болох нь тогтоогдоогүй гэж үзнэ.

Үнэнд нийцээгүй дээрх мэдээллийг олон нийтэд тараасан явдал нь иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх байнгын үйлчилгээ эрхэлдэг мэргэжилтний тухайн үйл ажиллагааг явуулахад сөргөөр нөлөөлөх үр дагавартай гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлыг буюу нэхэмжлэгч Р.Н гийн нэр төрийг сэргээхээр шийдвэрлэсэн нь алдаатай болсноос гадна хариуцагч Д.Б-аас гаргуулах мөнгөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч Р.Н нь өөрт учирсан эдийн бус хохирлын хэмжээг 3 сая төгрөг гэж тодорхойлсон үндэслэлээ тайлбарлаагүй, нотлоогүй байна.

Нэхэмжлэгч Р.Н нь нэхэмжлэлийнхээ ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх эд хөрөнгийн бус шаардлагадаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, зөвхөн мөнгө гаргуулах шаардлагад ногдох хураамж төлснийг шүүх анхаараагүй байна.  

Дээрх байдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00421 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэр төрийг сэргээж” гэснийг “ажил хэргийн нэр хүндийг сэргээж” гэж, “хариуцагч Д.Б-аас 760 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 240 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “хариуцагч Д.Б-аас 3 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтын “56 дугаар зүйлийн 56.1.,” гэсний дараа “58 дугаар зүйлийн 58.1.” гэж нэмэн, “7 дугаар зүйлийн 7.1.1.-д” гэснийг “7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т” гэж, “хариуцагч Д.Б-аас 22 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Н-д олгосугай” гэснийг “нэхэмжлэгч Р.Н-гээс 70 200 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Д.Б-аас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Н-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН