Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00421

 

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2018/00421

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан шүүгч Б.Дэлгэрцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг ** тоотод оршин суух Р.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг ** тоотод оршин суух Д.Б-т хариуцагдах

Ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар мэдээлэл тараасан "Orkhon.khural.mn" вэбсайт болон Erdenetinfo.mn, erdenetnews.mn сайтуудаар залруулга гаргахыг даалгаж, миний ажил хэргийн нэр хүндийг гутааж тараасан мэдээнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар эдийн бус хохиролд 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Н , хариуцагч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн миний бие нь Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас зарласан аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлд сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн материалыг хурлын ажлын албанд өгсөн. ИТХ-ын ажлын алба материалыг хянаж үзээд ИТХ-ын "Orkhon.khural.mn" цахим хуудсандаа нэр дэвшигчдийн мэдээллийг байршуулж иргэдээс цахим санал асуулга авч байгаа.  Б  нь энэ санал асуулгын коммент буюу санал сэтгэгдэлд миний тухай хоёр удаа "Н  өмгөөлөгч бол мөнгөтэй баян хүмүүс, том гаруудад үйлчилдэг, энгийн иргэдийг тоож, нүдний булангаараа ч хардаггүй, мань мэтийн жирийн иргэдтэй харьцахгүй гэдгийг би лав өөрөө мэднэ" гэсэн утгатай мэдээлэл 2 удаа оруулж миний ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нээлттэй веб сайтаар дамжуулан олон нийтэд тараасан. Энэ мэдээ уг сайтад сар гаруй байршиж байгаа, одоо ч гэсэн байж байна лээ. Миний хувьд шударга ёс, бодит үнэн байдал, хуулийн зөв гарцыг эрэлхийлж ажиллахыг ямагт эрмэлздэг бөгөөд иргэдийг мөнгө төгрөг, амьдралын байдлаар нь ялгаварлан гадуурхдаг явдал огт байхгүй. Харин өөрт итгэл үнэмшил төрөөгүй, үйлчлүүлэгчийн хүссэн үр дүнг гаргах боломжгүй тохиолдолд хүмүүст хий хоосон итгэл төрүүлэн аз үзсэн байдлаар хүсэлтийг хүлээн авч чирэгдэл үүсгэхийг хүсдэггүй. Д.Б  нь 2017 оны 12 дугаар сарын 16-нд өөрийн ажилладаг "Э " ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээ тарах үеэр согтуугаар захиргааны ажилчдад агсан тавьж зөрчил гаргасанд нь компанийн захиргаа 2017 оны 12 дугаар сарын 19-ний Б/189 тоот тушаалаар сахилгын шийтгэл оноосон тушаал гаргасан байсан. Би тус компанид гэрээгээр хууль зүйн туслалцаа үзүүлдэг хуульчийн хувьд уг тушаал, түүнийг нотлох байдал, зөрчил, түүний шинж чанарыг судлан үзээд үндэслэлтэй гэж үзсэн. Үүний дараахан Д.Б  над руу 3 удаа утсаар ярьж уг тушаалыг хүчингүй болгуулахыг шаардсан. Би "чи зөрчил гаргасан байна, Хөдөлмөрийн дотоод журамд нийцэж байна" гэдэг хариуг түүнд хэлсэн. Миний "Э " ХХК-тай байгуулсан гэрээнд захиргаатай зөрчилдөөнт байдалд хүрэхгүй тохиолдолд ажиллагсдад үнэ төлбөргүй хууль зүйн зөвөлгөө, хөнгөлөлттэй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх заалттай тул би Д.Б ыг өмгөөлөх үндэслэл байгаагүй. Д.Б  энэ асуудлаараа одоо шүүхэд хандсан байгаа бөгөөд би Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.1.3,24.1.5 дахь заалт, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу "Э " ХХК-ийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Иймд миний мэргэжлийн ажил, үүргийн нэр хүндийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гутаасан мэдээ тараасан Дашзэвэгийн Б т холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Д.Б ыг миний ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар мэдээлэл тараасан "Orkhon.khural.mn" вэбсайт болон Erdenetinfo.mn, erdenetnews.mn сайтуудаар залруулга гаргахыг түүнд даалгаж, миний ажил хэргийн нэр хүндийг гутааж тараасан мэдээнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол түүнээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар эдийн бус хохиролд 3 000 000 төгрөг гаргуулна, уг мэдээллийг төр захиргааны байгууллагын ажилчид, хурлын тэргүүлэгчид, төлөөлөгчид гээд 3 000 гаруй иргэн үзсэн байх үндэслэлтэй гэв.

 

Хариуцагч Д.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Р.Н  нь Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зарласан аймгийн ИТХ-ын дэргэдэх иргэдийн зөвлөлд нэрээ дэвшүүлсэн. Түүний мэдээлэл "Orkhon.khural.mn сайтад байршуулж иргэдээс нээлттэй хэлэлцүүлэг фэйсбүүкээр санал асуулга явж байсан. Би энэ санал асуулгад сэтгэгдэлээ бичсэн. Би Р.Н гийн ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилгоор олон нийтэд тараагаагүй. Иргэдээс санал асууж байхад би иргэн хүний хувьд иргэний зөвлөлд ажиллах шаардлагыг хангаж чадахгүй шүү гэж саналаа хэлсэн. Хэрэв тийм, үгүй, дэмжинэ, дэмжихгүй гэсэн 2 үгээр санал авсан бол би аль нэгийг нь сонгох байсан. Гэтэл иргэдээс олон нийтиийн сүлжээгээр дамжуулан нээлттэй санал асуулга явуулж байсан учраас би сэтгэгдэлээ бичсэн. Би заавал тэр хүнийг магтаж бичих ёстой ч биш. Энэ санал асуулга явахаас өмнө би Э  ХХК-ний захирал Д.Э надад үндэлэлгүй сахилгын арга хэмжээ шийтгэл ногдуулж тушаал гаргаж, буруу шийдвэр гаргаад байна. Өмгөөлөгч Р.Н  та хүрч ирээч гэхэд тушаал, шийдвэрийг үзнэ гэсээр үзээгүй, хариу хэлээгүй. Би 3 удаа утсаар ярьж гуйсан. Тэгээд арга буюу хугацаа дуусах гээд би шүүхэд хандсан. Надад туслалцаа үзүүлээгүйгээр барахгүй компанийн захирал ажлын байрандаа согтуу ирж хэл амаар доромжлоод би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан чинь нэг өдөр даргын өрөөнд дуудаад чи цагдаагаас гомдолоо аваач гэж хүртэл шахалт, дарамт үзүүлсэн. Намайг туслаач ирээд шийдвэр, дотоод журамыг үзэж харж өгөөч гэхээр ямар ч хариу байхгүйд би маш их гомдсон. Жирийн ажилчин хүнд ялгавартай ханддаг юм байна гэж ойлгосон. Надад үндэслэлгүй тушаал гаргасан гэдгийг Орхон аймаг дахь Иргэний хэргийн шүүхээр тогтоосон. Зүй нь Э  ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч ажилтнуудад ч туслалцаа үзүүлэх ёстой гэж үзэж байна. Үнэхээр захирал Д.Э-д үйлчилсэн үү гэвэл үйлчилсэн. Надтай харьцаагүй юу гэвэл харьцаагүй. Миний хүсэлтээр ирээд тушаал шийдвэр хянаж үзээд зөв бурууг нь ялгаж өгсөн бол би өнөөдөр хохирохгүй байсан. Би сэтгэгдэл бичихдээ надад хандсан хандлагаа бичсэн. Би өөрөө мэднэ гэсэн. Үүнийгээ би буруутай зүйл бичсэн гэж үзэхгүй байна. Иргэний зөвлөлд хуульч хүн сонгогдвол бусдад алагчлалгүй ханддаг хүн сонгогдоосой гэсэндээ л бичсэн. Миний бичсэн сэтгэгдэлээс болж түүний ажил, нэр хүнд гутаагдсан бол уучлал гуйя. Харин надад туслаагүй хууль бус тушаалыг мэргэжлийн хүний хувьд хянаж үзээд залруулж өгөөгүй нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон. Би өнчин дүү нараа авч явдаг, гэр бүлийн уур амьсгал хүртэл энэ байдлаас болж хэцүү байгаа, 3 000 000 төгрөг төлөх үнэхээр хэцүү байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Н  нь хариуцагч Д.Б т холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, мэдээлэл тараасан "Orkhon.khural.mn" вэбсайт болон Erdenetinfo.mn, erdenetnews.mn сайтуудаар залруулга гаргахыг даалгаж, эдийн бус хохиролд 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өөрт тохиолдсон явдлаас үндэслэн сэтгэгдлээ бичсэн, нэр хүндэд халдсанд уучлалт гуйж, 3 000 000 төгрөгийг төлж чадахгүй гэж тайлбарлаж байна.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Р.Н  нь Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас зарласан аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл-д нэрээ дэвшүүлсэн бөгөөд ИТХ-ын "Orkhon.khural.mn" цахим хуудсанд нэр дэвшигчдийн мэдээллийг байршуулж иргэдээс цахим санал асуулга авсан байна.

Хариуцагч Д.Б  санал асуулгын коммент буюу санал сэтгэгдэлд "Н  өмгөөлөгч бол мөнгөтэй баян хүмүүс, том гаруудад үйлчилдэг, энгийн иргэдийг тоож, нүдний булангаараа ч хардаггүй, мань мэтийн жирийн иргэдтэй харьцахгүй гэдгийг би лав өөрөө мэднэ" гэсэн утгатай мэдээлэл 2 удаа бичсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн B гэсэн хаягаас илгээсэн бичвэрээр нотлогдож байна. 2 удаа санал сэтгэгдэл бичсэн хийгээд агуулгын талаар хариуцагч Д.Б  маргаагүй, хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчээс уучлалт гуйж байна.

Тодорхой этгээдийн мэргэжлийн буюу аж ахуйн үйл ажиллагааны явцад олж авсан нийгмийн үнэлгээ, хүний буюу хуулийн этгээдийн ажил хэргийн чадвар, алдар хүндийн тухай ерөнхий буюу өргөн тархсан санаа бодол, хуулиар хамгаалагдсан материаллаг бус баялгийг ажил хэргийн нэр хүнд гэх бөгөөд хэн нэгэн өөрт таалагдаагүй үйлдэл, эс үйлдлийн төлөө цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дур зоргоор авирлах нь зохисгүй юм.

Хариуцагч Д.Б  өөрт тохиолдсон явдлыг бичсэн гэж тайлбарлаж байх бөгөөд энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ,

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч Р.Н  шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ, мөн хуулийн 511.2-т Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүнд нь түүний нэр төртэй салшгүй холбоотой бөгөөд нийгэмд эзэлж буй байр суурийн илрэл юм. Ажлын бүтээмж, хуульчийн ёс зүй, нийгмийн зүгээс өгсөн үнэлэмжийн талаар нэхэмжлэгч нь нотлох баримтаа хангалттай бүрдүүлсэн бөгөөд энэ нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн өргөмжлөл, баярын бичиг, талархал, хуульчийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Р.Н  дээрхи баримтанд тулгуурлан өөрийгөө үнэлэх үнэлэмж мэдээлэл тарсан хүрээг харгалзан 3 000 хүн /Орхон аймгийн төр захиргааны байгууллагын ажилтан, хурлын тэргүүлэгчид, төлөөлөгчид/ гэж тодорхойлсон боловч цахим ертөнц, орон нутгийн мэдээллийн хэрэгслээр тархсан мэдээллийг хэд хичнээн хүн үзсэн талаар шууд дүгнэх боломжгүй байна. Тодруулбал: 3 000 хүн гэдэг тоо хийсвэр ойлголт бөгөөд зөвхөн Орхон аймгийн төрийн албан хаагчидаар хязгаарлагдах боломжгүй гэж үзсэн болно.

Харин Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 171 дугаартай тайлбар, нэхэмжлэгчийн өнөөдрийг хүртэл цахим орчинд уг мэдээлэл байж байгаа гэсэн тайлбарыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мэдээлэл байршсан хоногоор тооцож 760 000 төгрөгийг /240 000*3 сар 5 хоног/ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 240 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд нэхэмжлэгч Р.Н гийн нэр төрийг сэргээж, мэдээлэл тараасан "Orkhon.khural.mn" вэбсайт болон Erdenetinfo.mn, Erdenetnews.mn сайтуудаар залруулга гаргахыг хариуцагч Д.Б т даалгаж, Д.Б аас 760 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 240 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Сонгогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг авсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хурлыг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлдзаасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Н гийн нэр төрийг сэргээж, мэдээлэл тараасан "Orkhon.khural.mn" вэбсайт болон Erdenetinfo.mn, Erdenetnews.mn сайтуудаар залруулга гаргахыг Д.Б т даалгаж, хариуцагч Д.Б аас 760 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 240 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б аас 22 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Н д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Л.АРИУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Р.ҮҮРИЙНТУЯА