Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 07

 

 

2019 оны 5 сарын 27 өдөр               Дугаар 127/ШШ2019/0007                     Хэнтий аймаг

 

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 009/2015/0001/3

 

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалж, шүүгч Г.Баясгалан, шүүгч Б.Баярцогт нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: “Цахиурт ойл” ХХК-ийн захирал Х.Э-ын нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга болон газрын даамал нарт холбогдох

 

            Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 55 дугаар захирамж, уг захирамжийг үндэслэн гарсан, газар эзэмших эрхийн 0233242 дугаар гэрчилгээ, мөн сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх гэрчилгээг шинэчлэх тухай” А/69 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулж, “Цахиурт ойл” ХХК-д 3.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Дэлгэрцогт сумын Засаг даргад даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Цахиурт ойл” ХХК-ийн захирал Х.Э-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-, хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга Б.И-, Дэлгэрцогт сумын газрын даамал Л.Х-, гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” ХХК-ийн захирал Л.С-, түүний өмгөөлөгч Д.Э-, иргэдийн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Цахиурт ойл” ХХК-ийн захирал Х.Э- нь шүүхэд анх 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Энхбат миний бие Говийн торх ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2013-12-27-ны өдрийн Зарим шатахуун түгээх станцыг худалдах 06 тоот тогтоолын дагуу Дэлгэрцогт сумын төвд байрлах хуучин НИК-ийн эзэмшилд байсан шатахуун түгээх станцыг 2014.07.04-ний өдөр 6.0 сая төгрөгөөр худалдан авсан билээ. Гэтэл “Зэт Би Эс Ди” ХХК нь манай эзэмшлийн газрын дэргэд зам хаан бууж тодорхой хуулиудын заалтыг зөрчиж байх тул дараах үндэслэлүүдээр сумын Засаг даргын 2012 оны 55 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Жилийн төлөвлөгөө нь иргэн ААНБайгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь төв замын зүүн талд байрлах Хадан хошуу-нд газрыг олгосон боловч замын баруун талд байрлалаа өөрчлөн Ганган цохио хэмээх газар буюу хүн эмнэлгийн урд шатахуун түгээх станцаа байгуулсан нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших асуудлыг хүчингүй болгохоор заасан байдаг. Гэтэл “Зэт Би Эс Ди” ХХК нь 2004 онд гаргуулсан захирамжаа 2012 онд хүчингүй болгуулж үйл ажиллагаагаа хүчингүй болгосон газар дээр явуулж байсан нь дээрхи хуулийн заалттай зөрчилдөж байна.

2. “Зэт Би Эс Ди” ХХК-ийн удирдлагууд манай худалдаж авсан хуучин НИК-ийн шатахуун түгээх станцын улсын комисс хүлээн авсан анхны акт, нотлох баримтууд, газрын гэрчилгээ зэргийг устгасан, архивт ямар нэг материал үлдээгээгүй байгаа нь хуйвалдааны шинжтэй байна.

3. Аймгийн Засаг даргын 2014-12-16-ны өдрийн 1/1664 тоот өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичигт “Зэт Би Эс Ди” ХХК нь хуулийн дагуу газраа эзэмшиж байгаа ба кадастрын зурагт одооны газарт байгаа объект барихаар заагдсан тул зургийн дагуу тус газартаа барилга, байгууламжаа барьсан байна. Иймд сумын Засаг даргын 2012 оны 55 тоот захирамжийг хүчингүй болгох боломжгүй байна” гэжээ. Нутгийн иргэд Ганган цохио нэртэй гэдгийг баталсаар байхад ийм байдлаар хариу өгсөнд харамсч байна.

4. Шударга өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах...”, 7.1.10-т “өрсөлдөгчөө өөртөө нэгтгэх, нийлүүлэх, хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулахыг шаардах” гэж заасныг зөрчин шахах, маргаан үүсгэх, замыг хааж дээрх хуулийн заалтуудыг зөрчин өөрийн давуу байдлаа ашиглаж байгааг харгалзан дахин нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийг ханган хуулийн хүрээнд шийдвэрлэж, 2012 оны 55 тоот сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

            Мөн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “...Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012.11.20-ны өдрийн 55 дугаар захирамжаар "Зэт-Би-Эс-Ди" ХХК нь шатахууны жижиглэн худалдаа эрхлэх зориулалтаар Хадан хошуунд 0,5 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар Засаг даргын газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал тухайн иргэн, ААН, байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших газрын гэрчилгээг олгох ёстой. Гэтэл Дэлгэрцогт сумын газрын даамал М.Мөнхзаяа нь 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Засаг даргын Захирамжид зааснаас өөр байршилд буюу Дэлгэрцогт сумын Эрүүл мэндийн төвийн урд талд шатахуун түгээх станцын зориулалтаар 0233242 дугаарын газрын гэрчилгээ олгожээ.

Энэхүү газар эзэмших гэрчилгээний улмаас миний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул энэхүү газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Учир нь Дэлгэрцогт сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хүн эмнэлэгийн урд талд залгаа байршилтай НИК-ийн шатахуун түгээх байгууламж бүхий 0,2 газрыг Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 тоот тушаалаар 6,0 сая төгрөгөөр худалдан авсан Х.Э-ад ШТС-ын зориулалтаар цаашид ажиллуулахыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газрын гэрчилгээг шинэчлэн олгосон юм. Дээрх захиргааны актаас үзэхэд надад эзэмшүүлэхээр олгосон газар нь “Зэт-Би-Эс-Ди” ХХК-д олгосон ШТС-ын газартай давхцалтай байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн,

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “...Нэхэмжлэгч “Цахиурт ойл” ХХК нь “НИК” ХК-ийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сум дахь “Говийн торх” салбарын шатахуун түгээх станцыг эзэмшил газрынх нь хамт худалдан авч, Дэлгэрцогт сумын Засаг даргад хандан 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг шилжүүлэн авах хүсэлтээ гаргасан билээ.

Гэтэл тухайн үед Дэлгэрцогт сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Баатарсүрэн нь манай компанийн өргөдлийн дагуу газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ “Говийн торх”-ийг 0,2 га газар эзэмшдэг байсан, тус компанийн газар эзэмшихтэй холбоотой баримт нь архиваас алга болсон байна гэж тайлбарлан 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар 0,2 газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Ийм учраас “Цахиурт ойл” ХХК нь “НИК” ХК-ийн “Говийн торх” салбарыг 0,2 га газар эзэмшиж ирсэн гэж ойлгож ирсэн бөгөөд “Зэт Би Эс Ди” ХХК-тай газрын маргаан хийж байх үедээ буюу 2017 оны 11 сард “НИК” ХК”-тай уулзахад тус компани нь уг газар 3,5 га газар эзэмшиж байсан болохыг тайлбарлаж, 1999 оны газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, аж ахуйн нэгжийн газар эзэмших гэрээний хуулбарыг тус тус манай компанид гаргаж өгсөн болно.

“НИК” ХК-иас манай компанид гаргаж өгсөн Аж ахуйн нэгжийн газар эзэмших гэрээнд газрын хэмжээг 3,45 га гэж, Шатахуун түгээх станцын паспортод мөн газрын хэмжээг 3,5 га гэж бичиж, газрын хэлбэрийг харуулсан зураглал үйлдэгдсэн зэргээс үзвэл манай компанийн шилжүүлэн авсан газрын хэмжээ нь 3,5 га байсан байхад сумын Засаг даргаас манай компанийг залилж, газрын хэмжээг 0,2 га байсан мэтээр ойлгуулж, хууль бусаар эзэмшил газрын хэмжээг бууруулж, газрыг бусдаас шилжүүлэн авсан хэмжээгээр эрхийг минь зөрчсөн байна.

Иймд Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу Дэлгэрцогт сумын Засаг даргын хууль бус ажиллагааг зөвтгүүлэх, өмнөх эзэмшигч “НИК” ХК-нйн эзэмшиж байсан 3,5 га хэмжээгээр “Цахиурт ойл” ХХК-ийн эзэмших газрын хэмжээг тогтоосон шийдвэрээ гаргахыг Дэлгэрцогт сумын Засаг даргад даалгаж өгөхийг хүсч Дундговь аймгийн Засаг даргад 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гомдлоо гаргасан бөгөөд тус Засаг даргаас манай гомдлын хариуг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/87 дугаар албан бичгээр өгснийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэл гаргаж байна.

Дээр дурдсанаар манай компани нь “НИК” ХК-ийн 1997 оноос 3500 метр квадратаар эзэмшиж ирсэн газрыг шилжүүлэн авсан учраас тус компанийн гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байсан газрыг “Цахиурт ойл” ХХК нь нэр шилжүүлэн авах хууль ёсны эрхтэй байгаа болно.

Иймд манай компанийн “НИК” ХК-иас нэр шилжүүлэн авахыг хүссэн 3500 метр квадрат талбай бүхий газрын хэмжээг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга нь үндэслэлгүйгээр, хууль бусаар иргэн намайг хууран мэхлэх замаар бууруулан 0,2 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх тул түүний 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/69 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулах, гаргасан хүсэлтийг нь үндэслэн “Цахиурт ойл” ХХК-д 3,5 га хэмжээгээр газар эзэмшүүлэх шийдвэрээ гаргахыг Дэлгэрцогт сумын Засаг даргад даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

            Нэхэмжлэгч “Цахиурт ойл” ХХК-ийн захирал Х.Э- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай компани газар эзэмших зөвшөөрөл авах үед тухайн газрын эргэн тойронд юу ч байгаагүй. Гэтэл “Зэт Би Эс Ди” компанийн газар шорооны ажил эхэлсэн. Эд нар намайг доромжилж байсан. 5 жил шүүхээр явж байна, хохирч байна” гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Цахиурт ойл” компанийн худалдаж авсан шатахуун түгээх станц нь анх НИК компанийнх байсан бөгөөд уг компани нь 1999 оноос 3.5 га газар эзэмшиж байсан. Гэтэл уг газарт “Зэт Би Эс Ди” компани нь шатахуун түгээх газар барьснаар “Цахиурт ойл” компанийн орц, гарц хаагдаж, ижил төрлийн үйл ажиллагаа явуулж, өрсөлдөөнийг хязгаарласан. Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт “Зэт Би Эс Ди” компанид газар  эзэмшүүлсэн нь хууль бус. Сумын Засаг даргын захирамжид газрын байршлыг “Хадан хошуунд” гэж заасан бол газар эзэмших эрхийн гэрчилгээнд “Эрүүл мэндийн төвийн урд” гэж зөрүүтэй бичсэн. Гуравдагч этгээд өмнө нь хуучин Хүн эмнэлгийн урд Шатахуун түгээх станцтай байснаа ашигтай байрлал эзэмших гэж одоогийн газарт нүүсэн. Ингэхдээ өмнөх газрынх нь талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байдаг. “Зэт Би Эс Ди” компанийн эзэмшлийн газар нь тэгш өнцөгт хэлбэртэй байсан. Мэдээллийн санд ингэж бүртгэгдсэн байсан. Гэтэл одоо трапец хэлбэртэй болсон байна. Ингэснээр нэхэмжлэгч “Цахиурт ойл” компанийн орц гарцыг улам хаасан.

            Нэхэмжлэгч “Цахиурт ойл” компанийн одоо эзэмшиж байгаа шатахуун түгээх станцыг өмнө нь өөр компаниуд эзэмшиж байсан бөгөөд газар эзэмшүүлэх шийдвэр, гэрээ, гэрчилгээ зэрэг нь хариуцагч байгууллагад байх ёстой. Эдгээр баримтууд байхгүй байгаа нь захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой.

            Нэхэмжлэгч нь тухайн газрыг Шатахуун түгээх газрын зориулалтаар авсан тул орчны газартай байх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.           

            Хариуцагч  Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг дарга Б.И- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие 2016 оны 11 дүгээр сараас эхлэн сумын Засаг даргаар ажиллаж байна. Манай сумын хүн эмнэлгийн урдах газрыг тэр чигээр нь “Хадан хошуу” гэдэг. Миний бие 1985 оноос хойш сумандаа амьдарч байна. “Зэт Би Эс Ди” компани нь буух ёстой газраа Шатахуун түгээх станцаа барьсан. Сумын хүн эмнэлгийн нэр нь 2014 оноос Эрүүл мэндийн төв гэдэг нэртэй болсон. Нэхэмжлэгч “Цахиурт ойл” ХХК-ийн газар болон гуравдагч этгээд  “Зэт Би Эс Ди” ХХК-иудын газрын давхцал байхгүй. Иймд сумын Засаг даргын 2012 оны 55 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй.

            НИК компани 3.5 га газар эзэмшиж байсан тухай ямар ч баримтгүй. Нэхэмжлэгчийн хүссэн 3.5 га газрыг манай сумын хувьд олгох боломжгүй” гэв.

            Хамтран хариуцагч Л.Х- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын даамлаар 2018 оны 3 сараас эхлэн ажиллаж байна. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар нь давхцалгүй, сумын Засаг даргын шийдвэрээр газар эзэмшүүлсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

            Гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” ХХК-ийн захирал Л.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2012 онд газар эзэмших зөвшөөрөл авснаас хойш 2 жилийн дараа нэхэмжлэгч Х.Э- ирсэн. Манайх 2013 онд Шатахуун түгээх газрын барилга обьектоо барьсан. Манайх барилгаа барьсны дараа хатуу хучилттай зам баригдсан. Х.Э- нь хуучин НИК-ийн зөвхөн барилгыг худалдаж авсан, газаргүй обьект авсан. Х.Э- нь манайхыг олон газраар шалгуулсан” гэв.

            Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Э- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Зэт Би Эс Ди” компанид газар эзэмшүүлэх тухай Дэлгэрцогт сумын Засаг даргын захирамж нэхэмжлэгч “Цахиурт ойл” компанид газар эзэмшүүлэх захирамжаас өмнө, 2012 онд гарсан. Энэхүү 55 тоот захирамж нь нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчсөн нь тодорхойгүй байна. Уг захирамж хууль бус болох нь тогтоогдоогүй.

            Мөн нэхэмжлэгч нь сумын Засаг даргын 2014 оны А/69 дүгээр захирамжийг хүчингүй болгуулъя гэснийг ойлгохгүй байна. Уг шийдвэрийн талаар тухайн үед нь холбогдох байгууллагад хандаагүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Иргэдийн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: ”Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбарыг сонсоход, газрын байршил, нэршил, кадастрын зураглал зөрүүтэй зэрэг маргаан үүссэн байна. Хуулийн хүрээнд шүүх хурлаар шийдвэрлэх нь зөв гэж дүгнэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Цахиурт ойл” ХХК-ийн захирал Х.Э- нь шүүхэд анх /2014.12.25-нд/ “Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад /2017.1.23-нд/ “Зэт Би Эс Ди” ХХК-ийн “Газар эзэмших эрхийн 0233242 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах”[1], /2018.1.29-нд/ “Дэлгэрцогт сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн А/69 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, “Цахиурт ойл” ХХК-д 3.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах”[2] тухай шаардлагуудыг тус тус нэмж гаргасан болно.

            Шүүх хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч “Цахиурт ойл” ХХК-ийн захирал Х.Э- нь гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” ХХК-д газар эзэмшүүлэх тухай шийдвэр болох Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамж, түүнийг үндэслэн олгосон Газар эзэмших эрхийн 0233242 тоот гэрчилгээ зэргийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад газар эзэмшүүлсэн, Газрын тухай хууль зөрчигдсөн, гуравдагч этгээд нь газар эзэмшүүлэх шийдвэрт зааснаас өөр байршилд барилга байгууламжаа барьж эзэмшсэн, нэхэмжлэгчийн орц, гарцыг хаасан, өрсөлдөөнийг хязгаарласан гэжээ.

            Хариуцагч Дэлгэрцогт сумын Засаг дарга Б.И-, гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” ХХК-ийн захирал Л.С-, түүний өмгөөлөгч Д.Э- нар нь, “нэхэмжлэгч “Цахиурт ойл” ХХК болон гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” ХХК-иудын эзэмшил газрууд давхцалгүй, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр нь нэхэмжлэгч “Цахиурт ойл” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэрээс өмнө гарсан, нэхэмжлэгчийн эрх хөндөгдөөгүй, нэхэмжлэгч эдгээр нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй” гэж маргаж байна.

            Маргаан бүхий захирамжуудыг үзэхэд гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” ХХК-д газар эзэмшүүлэх захирамж нь нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжаас 2 жил орчмын өмнө гарсан, тухайн газрууд хоорондоо давхцалгүй болох нь кадастрын зураг[3] болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа хэдий ч нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт ижил /шатахуун түгээх станцын/ зориулалтаар, ойролцоо байршилд газар олгосны улмаас  нэхэмжлэгч “Цахиурт ойл” ХХК-ийн  орц, гарц хаагдаж, газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн нь тогтоогдож байна. Иймд хариуцагч Дэлгэрцогт сумын Засаг даргын гаргасан маргаан бүхий  захирамжуудын улмаас нэхэмжлэгч “Цахиурт ойл” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байх тул нэхэмжлэгчийг уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шүүх үзэв. Иймээс маргаан бүхий захиргааны актуудад шүүхээс  хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

             1. Хариуцагч Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамж, газар эзэмших эрхийн 0233242 тоот гэрчилгээ зэргийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

            Гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” ХХК нь Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэрт сумын Засаг даргын 2004 оны 81 дүгээр захирамжийн дагуу 1 га газар эзэмшиж, Шатахуун түгээх станц ажиллуулж байсан бөгөөд сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамжийн дагуу өөр байршилд газар эзэмшихээр болж, уг газарт Шатахуун түгээх станцаа шилжүүлэн барьжээ.

            Ийнхүү гуравдагч этгээд нь сумын Засаг даргын 2004 оны 81 дүгээр захирамжийн дагуу тодорхой газрыг эзэмшиж байгаад өөр байршилд газар эзэмшихээр болсон нь тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй байна.

            Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлүүдийг заасан. Гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” компанийн урьд нь эзэмшиж байсан 1 га газрын эзэмших эрх дуусгавар болсон эсэх, ямар үндэслэлээр дуусгавар болсон нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

            Гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” компанийн захирал Л.С- нь газрын байршил өөрчлөх болсон үндэслэлээ “үер усанд автдаг газар байсан тул өөрчлүүлсэн” гэж тайлбарлаж байна. Гуравдагч этгээд нь 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр сумын Засаг даргад хандаж гаргасан хүсэлтдээ, “...манай эзэмшлийн газар нь үер ус орж зөвхөн ёмкосны ам үлдэж бусад нь эргэн тойрон усаар дүүрч ажиллах бололцоогүй болж том машин тэрэг эргэх орох ямар ч бололцоогүй байдал үүсч ажиллах нөхцөл бүрдэхгүй усанд автдаг тул надад шинээр ШТС барих газар эзэмшүүлж өгөхийг хүсч хүсэлт гаргав” гэжээ.

            Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт, газар эзэмшигч нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргах боломжтойг заасан. Гэтэл гуравдагч этгээдийн эзэмшиж байсан 1 га газрын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байна.

            Ийм байхад хариуцагч Дэлгэрцогт сумын Засаг дарга нь 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 55 дугаар захирамжаар “Зэт Би Эс Ди” ХХК-д өөр байршилд 0.5 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2004 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 81 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон нь хууль бус юм.

            Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрх дуусгавар болсон бол тухайн этгээдэд шинээр газар эзэмшүүлэх үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдана.  Хариуцагч Дэлгэрцогт сумын Засаг дарга нь гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” ХХК-д 2012 онд газар эзэмшүүлэхдээ дараах байдлаар хууль зөрчсөн байна:

  • Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2 дахь хэсэгт, “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар ... газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж, гуравдагч этгээдэд газрыг шууд эзэмшүүлэх шийдвэр гаргажээ.
  • Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших хүсэлтдээ хавсаргах зүйлүүдийг заасан. Уг зүйлийн 32.3.2-т заасан, эзэмших газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийг  хавсаргах тухай заалтыг гуравдагч этгээд зөрчжээ. Гуравдагч этгээдийн 2012 онд газар эзэмших хүсэлт гаргах үедээ үйлдсэн “тойм зураг” гэх баримт хэрэгт байхгүй бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 4-ний өдөр гаргасан хүсэлтээс[4] нь үзэхэд газар эзэмших гэрээ, гэрчилгээнээс өөр зүйл хүсэлтдээ хавсаргаагүй байна. Хүсэлт нь шаардлага хангаагүй бол буцааж, бүртгэлээс хасахаар Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан байхад хариуцагч үүнийг хэрэгжүүлээгүй байна.
  • Эзэмших газрын байршлыг: гуравдагч этгээд нь 2012 оны 10 дугаар сарын 4-ний өдөр гаргасан хүсэлтдээ “3 дугаар баг, Хадан хошуу, эмнэлгийн урд” гэж, маргаан бүхий 55 дугаар захирамжид “Хадан хошуунд” гэж, газар эзэмших эрхийн 0233242 тоот гэрчилгээнд “Эрүүл мэндийн төвийн урд талд” гэх зэргээр тус тус бичжээ. Дэлгэрцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаар тогтоолоор баталсан Газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөөнд[5] “Хадан хошуу” гэх байршилд шатахуун түгээх станцын зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэхээр тусгаагүй байна. Ийм байхад хариуцагч нь уг байршилд шатахууны жижиглэн худалдаа эрхлэх зориулултаар  газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг зөрчсөн гэж шүүх үзэв. Уг зүйлд “аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасан.
  • Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” батлагдсан. Гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” ХХК-д газар эзэмшүүлэхдээ дээрх журамд заасан үйл ажиллагааг явуулаагүй, суурин болон хээрийн судалгаа хийгээгүй болох нь гэрч Н.Загдхорол[6], М.Аззаяа[7] нарын мэдүүлэг, бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Уг журамд зааснаар нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тодруулах, хөршүүдтэй нь тохиролцуулж, тэмдэглэл үйлдэх, хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоож өгөх шаардлагатай байсан байна.

      Гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” ХХК-ийн одоогийн шатахуун түгээх станц нь Дэлгэрцогт сумын урд захад, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын дэргэд байрлаж байгаа ба гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” ХХК-ийн захирал Л.С- нь “манай компани шатахуун түгээх станцын барилга обьектоо барьсны дараа засмал зам тавигдсан” гэж, гэрч Б.Загдхорол нь “Зэт Би Эс Ди ХХК-д газар эзэмшүүлэх үед засмал замын сураг байгаагүй тул орц гарцын талаар судлах шаардлага байгаагүй” гэж мэдүүлсэн нь үндэслэлгүй байна.

      Дарааллын хувьд, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто зам 2009 оноос баригдаж эхэлсэн, үүнээс Дэлгэрцогт сумыг дайран өнгөрөх хатуу хучилттай авто замын барилгын ажил 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр эхэлсэн бол гуравдагч этгээдэд өөр байршилд газар эзэмшүүлэх шийдвэр 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гарсан, Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх авто замын ажил 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дуусч, 2014 оны 9 дүгээр сарын 19-ны өдрөөс байнгын ашиглалтад орсон[8], гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” ХХК нь барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр авч, шатахуун түгээх станцаа барьж эхэлсэн болох нь хэргийн оролцогч нарын тайлбар, бусад холбогдох нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл олгосон газарт гуравдагч этгээд шатахуун түгээх станцаа барьж байгуулснаас зэргэлдээ байрших шатахуун түгээх станц /сүүлд нэхэмжлэгч “Цахиурт ойл” ХХК-ийн болсон/-ын орц, гарц хаагдаж, тухайн компани газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдалд орсноор, өрсөлдөөнийг хязгаарласан, хариуцагч  Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-д заасан үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна.

Ийнхүү хариуцагч Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012  оны 55 дугаар захирамж хууль бус болох нь тогтоогдож байгаа тул  нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, уг захирамж болон түүнийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн 0233242 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь, гуравдагч этгээдийн эзэмшил газрын кадастрын зураг нь 2 өөр, нэгж талбарын дугаар мөн 2 өөр, шинжээчийн дүгнэлт гарсны дараа гуравдагч этгээдийн газар “трапец” хэлбэртэй  болсон гэж тайлбарлажээ.

Гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зураг нь 2 өөрөөр үйлдэгдсэн байгаа ба үүнийг Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн тайлбарлахдаа, нэгж талбарын 18606110718528 дугаартай зураг нь анх 2014 оны 7 дугаар сарын 17-нд үйлдэгдсэн зураг, нэгж талбарын 18606110710532 дугаартай зургийг гуравдагч этгээд барилга байгууламжаа барьсны дараа 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр үйлдсэн, одоо мэдээллийн санд байгаа зураг гэж тайлбарласан болно.

Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн /тухайн үеийн нэрээр/ шүүгчийн 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр захирамжаар шинжээч томилсны дагуу Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд шинжээчээр ажиллаж, 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр дүгнэлт[9] гаргаж, шүүхэд хүргүүлсэн ба энэхүү дүгнэлтдээ гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зургийг, талбайн хэмжээ - 5256 м2  гэж, “трапец” хэлбэртэйгээр үйлдэж, хавсаргасан[10] болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Хариуцагч Дэлгэрцогт сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр захирамжийг  хүчингүй болгуулж, “Цахиурт ойл” ХХК-д 3.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Нэхэмжлэгч “Цахиурт ойл” ХХК-ийн захирал Х.Э-ын хүчингүй болгуулахыг хүссэн 2014 оны А/69 дүгээр захирамж нь, өөрт нь газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагч Дэлгэрцогт сумын Засаг даргын захирамж байна. Иймээс энэхүү захирамж нь нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм.

Энэхүү захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлээ нэхэмжлэгч тайлбарлахдаа, “Говийн торх “ ХХК-иас худалдаж авсан шатахуун түгээх станцыг өмнө нь НИК компани эзэмшиж байсан ба НИК компани нь 3.5 га газар эзэмшиж байсан тул тэр хэмжээний газрыг манай компанид эзэмшүүлэх ёстой гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Х.Э- нь 2014 оны 7 дугаар сард “Говийн торх” ХХК-иас Дэлгэрцогт сумын төвд байрлах шатахуун түгээх станцыг худалдаж авсан ба уг шатахуун түгээх станц бүхий газрыг эзэмших  хүсэлт гаргасных нь дагуу Дэлгэрцогт сумын Засаг дарга 2014 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр А/69 дүгээр захирамж гаргаж, 0.2 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Улмаар 2014 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших эрхийн 000457463 тоот гэрчилгээ олгогдсон байна.

Нэхэмжлэгчид шатахуун түгээх станц худалдсан “Говийн торх” ХХК нь “НИК” ХХК-иас тусгаарлан, 2012 онд байгуулагдсан компани болох нь тогтоогдсон ба Дэлгэрцогт суманд байрлах шатахуун түгээх станц бүхий газрын эзэмших эрх “Говийн торх” ХХК-д олгогдоогүй байсан болох нь гэрч Б.Төгсгэрэл, Н.Наранбат[11] нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

“НИК” компанийн шатахуун түгээх станц Дэлгэрцогт суманд байрлаж, 2008 он хүртэл үйл ажиллагаа явуулж байсан ба Дэлгэрцогт сумын Засаг даргын 1997 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаар захирамж, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтын үндсэнд “НИК” компани нь шатахуун түгээх станцын барилга обьект бүхий тодорхой хэмжээний газар эзэмшиж байсан гэж үзнэ.

Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас шүүхэд 2018 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн 2/25 тоот албан бичгээр хүргүүлсэн, “НИК” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зурагт[12] талбайн хэмжээг “1597 кв.м” гэжээ. Мөн 2008 онд Азийн хөгжлийн банкны “Кадастрын зураглал, газрын бүртгэл” төслийн хүрээнд хийгдсэн, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт шатахуун түгээх станцын зориулалтаар газар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн Cadastral Collect программд бүртгэгдсэн мэдээллээс үзэхэд, тус суманд “Дэлгэр алтан загас” ХХК, “Зэт Би Эс Ди” ХХК, мөн компанийн нэргүй, Шатахуун түгээх станц бүртгэгдсэн ба R510550 регистрт, шатахуун түгээх станцын талбайн хэмжээ 1596 гэж бүртгэгдсэн[13] байгааг дурдах нь зүйтэй.

“НИК” ХХК-ийн газар эзэмших эрхтэй холбоотой шийдвэр, холбогдох баримт бичгүүд хариуцагчид болон архивт байхгүй байгаа нь захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гэж үзнэ. /тус суманд сүүлийн хэдэн жилийн байдлаар гэхэд газрын даамлаар 5-6 хүн солигдон ажилласан байна/  

Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа “...2017 оны 11 сард “НИК” ХК-тай уулзахад тус компани нь уг газар 3.5 га газар эзэмшиж байсан болохыг тайлбарлаж, 1999 оны газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, аж ахуйн нэгжийн газар эзэмших гэрээний хуулбарыг тус тус манай компанид гаргаж өгсөн” гэжээ. Нэхэмжлэгчийн дурдсан эдгээр нотлох баримтууд нь хэрэгт авагдсан боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 1999 оны 6 дугаар сарын 14-ны өдөр олгосон гэх Газар эзэмших гэрчилгээний эх хувь нь байхгүй, хуулбарласан хувийг харахад хэнд олгосон гэрчилгээ болох нь тодорхойгүй байна.

“НИК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат нь  “газрын хэмжээ 3.5 га” тухай тодорхойлолтыг нэхэмжлэгчид өгсөн байсан ч, гэрчийн мэдүүлэгт, “1999 оны 6 дугаар сарын 14-ны өдөр олгосон Газар эзэмших гэрчилгээний хуулбараас өөр баримт тус компанид байхгүй” гэж  мэдүүлсэн.

Иймд, нэхэмжлэгч “Цахиурт ойл” ХХК-д 3.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчид 0.2 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагчийн 2014 оны А/69 дүгээр захирамжийг хүчингүй болгох шаардлагагүй гэж шүүх үзэж байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3, 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.2, 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2, 33.4, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “Цахиурт ойл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар захирамж болон гуравдагч этгээд “Зэт Би Эс Ди” ХХК-ийн газар эзэмших эрхийн 0233242 тоот гэрчилгээ зэргийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагын үлдэх хэсэг-хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/69 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, “Цахиурт ойл” ХХК-д 3.5 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын ажлын алба- Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Цахирут ойл” ХХК-д олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.БАЛЖМАА

 

       ШҮҮГЧ                             Г.БАЯСГАЛАН

 

       ШҮҮГЧ                             Б.БАЯРЦОГТ

 


[1] 2 дугаар хавтаст хэргийн 91-92 дугаар тал

[2] 3 дугаар хавтаст хэргийн 122-123 дугаар тал

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 11, 108, 2 дугаар хавтаст хэргийн 25 дугаар тал

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр тал

[5] 1 дүгээр хавтаст хэрэг 100 дугаар тал

[6] 4 дүгээр хавтаст хэргийн 245-247 дугаар тал

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 131-134 дүгээр тал

[8] 4 дүгээр хавтаст хэргийн 183 дугаар тал

[9] 1 дүгээр хавтаст хэргийн  140 дүгээр тал

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 142 дугаар тал

[11] 4 дүгээр хавтаст хэргийн 125-130 дугаар тал

[12] 3 дугаар хавтаст хэргийн 115-116 дугаар тал

[13] 4 дүгээр хавтаст хэргийн 138-144 дүгээр тал