Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01491

 

Ч.И нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00608 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1076 дугаар магадлалтай

Ч.И, Ц.А, Л.П нарын нэхэмжлэлтэй

“А” ХХК, “Ж” ХХК, Г.Б нарт холбогдох

Гэм хор хохиролд 246 869 800 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Бараа материал нийлүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч “Ж” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.И, Ц.А, Л.П, хариуцагч Г.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх нарын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.И, нэхэмжлэгч Ц.А, Л.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, хариуцагч Г.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь 2011 оны 07 дугаар сард Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Шар хоолойн их амны задгайд 2 давхар дүнзэн байшин барьж дуусгаад халаалтын асуудлаа шийдэхээр А ХХК-ийн зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд очиж үзсэн. Тэдний ажилтан 140 м.кв талбайд цахилгааны төлбөр 200.000 төгрөгөөс хэтрэхгүй гэсэн хүчин чадлын тооцоо гаргаж, танайд хамгийн багаар Вин-10 зуух таарна гэсэн хүснэгт үзүүлсэн. Вин-10 зуухыг худалдан авахаар тохирч халаалтын зуухын захиалга өгсөн. Г.Бтай уулзаад Вин-10 гэдэг зуухыг худалдан авахаар болж гэрээ байгуулах болоход “Ж” ХХК-тай гэрээ байгуулсан. Г.Б нь гэрээ байгуулсны маргааш нь Ч.Итэй уулзаж зуухны үнэ 3 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Мөн Г.Б нь Вин-10 зуухыг 45 хоногийн дотор хүлээлгэн өгөх байсан боловч хугацаандаа зуухаа өгөөгүй, олон удаа хүсэлт, шаардлага гаргасан боловч үр дүнд хүрээгүй тул 2011 оны 10 дугаар сарын дундуур өөрөө очиж Г.Бтай уулзаж зуухаа хүлээн авсан. Г.Бтай утсаар холбогдож энэ зуухаа суурилуулж өгөөч гэж олон удаа шаардсаны эцэст Даваасүрэн гэдэг хүн ирж холболтыг хийж өгсөн. 2012 оны 01 дүгээр сарын 30-ны орой гэртээ 2 давхартаа эхнэрийн хамт байж байтал 17 цаг 30 минутын үед гэнэт гэрэл тасраад утаа үнэртээд байх шиг болохоор нь доош буугаад узелийн өрөөнд ортол хянах самбараас гал дүрэлзээд арын модон хана шатаж эхэлсэн. Битүү дарж үзсэн ч нэмэргүй хүчтэй шатаж эхэлсэн тул өмсч байсан хувцастайгаа зугтааж гарсан. Байшин, машин бүгд шатсан, хүүхдүүддээ байшингаа үлдээж, Гачууртад бүх эд зүйлээ авч очсон байсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч хэргийг шалгах явцад Г.Б гэрээгээр тохирсон Вин-10 халаалтын зуух биш Вин-7 зуухыг суурилуулсан болох нь тогтоогдсон. Г.Б нь тухайн үед зуухыг хүлээлгэж өгөхдөө Вин-10 маркийн зуух биш Вин-7 маркийн зуух өгч байгаа гэж огт хэлээгүй, Вин-7 маркийн зуухны хүчин чадал нь хүрээгүйгээс гал гарсан. Энэ гал түймрээс болж гэмтлийн түлэнхийн төв эмнэлэгт 45 хоног хэвтэж түлэгдсэн гарын ар талдаа гуяныхаа арьснаас авч нөхүүлсэн боловч одоо ч гараа гүйцэт атгаж чадахгүй шархирч хорсч өвдөнө, алга бүрэн тэнийхгүй зовиур шаналалтай байдаг. Гал түймрийн улмаас Ч.Иийн айл болж 50 жил амьдарсан гэр орон, эд хөрөнгө, бичиг баримт бүхэлдээ юу ч үлдэлгүй шатсан, мөн байшингийн гадаа байсан суудлын автомашин бүрэн шатсан. Хохирлыг үнэлгээний компаниар үнэлүүлсэн ба эд хөрөнгийн хохирол 176 458 000 төгрөг, байшин 90.250.000 төгрөг, Honda HR-Vмаркийн автомашин 12 000 000 төгрөг, хөдлөх хөрөнгө буюу тавилга эд хогшил 101 619 800 төгрөг, Ч.И болон эхнэр Л.Пгийн биед учирсан хохирол 80 000 000 төгрөг, нийт 243 869 800 төгрөгөөр тогтоосон. Нэхэмжлэлийг дараах байдлаар гаргаж байна. Хариуцагч нараас нэхэмжлэгч Ч.Иид хувийн сууц 90 250 000 төгрөг, эд хогшил 52 238 800 төгрөг, алт мөнгөн гоёлын зүйл 7 995 000 төгрөг, хувцас 14 385 000 төгрөг, эмчилгээний зардал 23 920 000 төгрөг, халаагуурын үнэ 3 000 000 төгрөг, нийт 191 788 800 төгрөг, нэхэмжлэгч Л.Пд алт мөнгөн гоёлын зүйл 10 695 000 төгрөг, хувцас 16 306 000 төгрөг, эмчилгээний зардал 16 080 000 төгрөг, нийт 43 081 000 төгрөг, нэхэмжлэгч Ц.Ат автомашины үнэ 12 000 000 төгрөг тус тус гаргуулж өгнө үү. Үзэсгэлэн яармаг худалдааг А ХХК зохион байгуулсан, халаалтын зуух нийлүүлэх тохиролцоо Г.Б, Ч.И нарын хооронд үүссэн, цахилгаан зуухны төлбөр 3 000 000 төгрөгийг Г.Б авсан гэдгээ хэлсэн, халаалтын зуух худалдсан гэдэгт маргаагүй. Г.Б гэрээгээр тохирсон хаалтын зуух нийлүүлээгүй Вин-7 зуухыг суурилуулснаас 190 м.кв талбайтай байрыг халаахад хүчин чадал нь хүрэхгүй тасралтгүй ажилласнаас гал гарсан. Халаалтын төхөөрөмж тодорхой хугацаанд унтарч асч байх ёстой байтал тасралтгүй ажилласнаас хохирол учирсан шалтгаант холбоотой. Иймд халаалтын зуухыг Г.Бтай худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэж үзэж хохирлыг гаргуулна. Мөн үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан А ХХК, халаалтын зуухыг импортолсон “Ж” ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан. Хариуцагч Г.Баас зуухны үнэд төлсөн 3 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “А” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.И нь “Ж” ХХК-тай гэрээ хийж Вин-10 маркийн цахилгаан халаалтын зуух худалдан авсан бөгөөд халаалтын зуухыг зохих журмаар нь суурилуулан өгсөн байдаг. Гал гарсан шалтгаан цахилгааны хуваарилах самбараас үүдэлтэй байсан талаар гал түймрийн талаар дүгнэлт гаргасан 218/367 тоот актаар тогтоожээ. Тиймээс Вин-10 маркийн цахилгаан халаалтын зуухнаас шалтгаалж гал гарсан гэдэг нь үндэслэлгүй. Учир нь цахилгаан халаалтын зуух нь өөрөө хяналтын самбартай байдаг. Энэхүү хяналтын самбар нь цахилгааны зохицуулалтыг хянадаг бөгөөд аливаа эрсдэл гарахад өөрөө унтарч цахилгааныг салгадаг, цахилгаан халаалтын ажиллагааг зогсоодог автомат хэрэгсэл юм. Галын байцаагчийн дүгнэлтээр ч мөн цахилгаан зуух болон хяналтын самбараас шалтгаалж гал гарах нөхцөл бүрдсэн, гал гарсан гэж дүгнээгүй тул “Ж” ХХК-ийн суурилуулсан Вин-10 маркийн халаалтын системээс болоогүйг тодорхойлж байна. Цахилгааны хуваарилах самбар нь хянах самбараас тусдаа байдаг, гаднаас ирж байгаа цахилгааныг хуваарилдаг эх үүсвэр болж байгаа тохируулагч хэрэгсэл хуваарилах самбарт гал гарсан нь түүнээс дотор талд байгаа хянах самбар халаалтын системээс болсон гэж үзэх үндэсгүй бөгөөд галын шалтгаан халаалтын зуухнаас эх үүсвэртэй гэж үзвэл хяналтын самбар өөрийн тохируулгаар ажилласан байх болон хянах самбарт эхэлж ачаалал үүсэх болон нэг гэмтэл бий болох учиртай. Байшинд гарсан гал түймрийн шалтгаан цахилгааны хуваарилах самбарын хэсгээс бий болсон гэсэн ОБЕГ-ын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа тул “Ж” ХХК-ийн суурилуулсан Вин-10 маркийн халаалтын системийн улмаас гал гарсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ж” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. “Ж” ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчид бүтээгдэхүүн нийлүүлээгүй. Энэ талаар ч өөрөө хэлдэг. Халаагуурын үнэ 3 000 000 төгрөгийг “Ж” ХХК-д биш Г.Бд өгсөн гэдэг. Энэ байдлаас харахад “Ж” ХХК нэхэмжлэгч нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. “Ж” ХХК нь ямар нэгэн үүрэг хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гал түймэр ямар нэгэн гадны хүний санаатай үйлдлээс болж гараагүй. Хуваарилах самбарын хэсэгт, цахилгааны утсанд богино холболт үүссэний улмаас оч хаяж гал түймэр гарах шалтгаан болжээ гэж шинжээчид дүгнэлт гаргажээ. Зарим нэг шинжээч гал гарсан бодит нөхцөл байдалд дүгнэлт хийхгүй, өөрсдийн таамаг бодолдоо хөтлөгдөн бодит үндэслэлтэй дүгнэлт гаргахгүй бие биенийгээ хуулбарлан гаргасан байна. Жишээ нь: ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч Өлзийцэцэг, Гамшиг судлалын хүрээлэн нэгдсэн лоборатори Д.Баян-Эрдэнэ, С.Базаррагчаа, С.Хүрэлсүх, Онцгой байдлын Ерөнхий газар А.Алтанбагана, Б.Батболд, Ж.Жаргалсайхан, Г.Эрдэнэчулуун, Г.Галбадрах нарын шинжээчийн дүгнэлтээр Вин-10 зуух тохирох үзүүлэлттэй байна ... шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэснээс өөр тодорхой дүгнэлт гаргаагүй байна. Ч.И 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр техникийн нөхцөлийг сүүлд нөхөж авсан. Харин ЭМХГ-ын улсын ахлах байцаагч Г.Цагаанцоожийн дүгнэлт, түүнийг асууж байцаасан тэмдэглэл, УБЦТС ХК-ийн шинжээч П.Амартайваны дүгнэлтээс үзэхэд тэд бодит дүгнэлт өгч, хэрэглэгч буюу захиалагчийн буруутай ажиллагаанаас болж гал түймэр гарсан байна гэж дүгнэсэн. Ч.Иид Вин-7 биш, Вин-10 гэсэн цахилгаан халаагуур өгсөн, иргэн Б.Өлзийсайхан Орос улсаас Вин-7, Вин-10-ыг нэг, нэг ширхгийг авчирсан баримт бий /1-х.х.85-87, 93-101/. Хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд шатсан Вин-7 гэж зургаар харуулсан байна. Энэ Вин-7-ын зураг биш, Вин-10-ын зураг. Зургаас Вин-10 гэдэг нь харагдаж байна. Вин-7 зарагдаагүй манай складанд байна. Тус цахилгаан халаагуурыг олноор оруулж ирээгүй гэдгийг Гаалийн ерөнхий газрын 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 031/22006 тоот албан бичгээс харагдана. А ХХК, иргэн Г.Быхувьд иргэн Ч.Итэй цахилгаан халаагуурын гэрээг албан ёсоор хийгээгүй “Ж” ХХК-ийн захирал Э.Ялалттай гэрээ хийсэн. Г.Бы хувьд цахилгаан халаагуурыг худалдсан 3 000 000 төгрөгийг аваад Б.Өлзийсайханд өгсөн. А ХХК-ийн захирал Б.Эрхэс-Од цахилгаан халаагуурыг ажилтан А.Даваасүрэнтэй очиж суурилуулж өгсөн. Би хамт цуг явж байсан. Тухайн айлаас утас авч суурилуулж өгсөн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Ж” ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр А ХХК-ийн захирал Г.Бтай хамтран ажиллах гэрээ байгуулж, компани байгуулахаар болсон боловч тэрээр хүү Батчулууны Эрхэс-Одыг хувь нийлүүлэгчээр оруулахаар болж, 50х50 хувийн оролцоотойгоор “Ж” ХХК-ийг байгуулсан. Тухайн үед Г.Б нь тус компанийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ гэж байсан ч хэлсэндээ хүрээгүй учир компани үйл ажиллагаа явуулаагүй. Харин Э.Ялалт нь Г.Бы гарын үсэг зур гэсэн гэрээнүүдэд үр дагавар нь манай компани дээр үүсэхгүй ч гарын үсэг зурж өгч байсан нь алдаа болсон гэж боддог. 2011 оны 05 дугаар сарын 18-ны Бараа материал нийлүүлэх гэрээний хувьд ч Г.Б гарын үсгээ зур гэхээр нь зурсан. Нэхэмжлэлд дурдсанчлан Э.Ялалтын хувьд Ч.И гэдэг хүнтэй уулзаад халаагуурын талаар тохиролцсон зүйл байхгүй. Сүүлд надаас халаалтын зуухаа нэхээд байхаар нь мөнгө өгсөн хүнтэйгээ л ярь гэж хэлсэн. Гэрээний дагуу талуудын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. Өөрөөр хэлбэл гэрээний 1.1-т заасан гол нөхцөл хэрэгжээгүй буюу зуух нийлүүлээгүй. Иймд “Ж” ХХК болон Ч.И нарын хооронд байгуулагдсан 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Бараа материал нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.И сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Ч.И нь тухайн үед “А” ХХК-ийн зохион байгуулж байсан индукцийн халаалтын зуухны үзэсгэлэн гарч байсан тул очиж зуух үзсэн. Тэр үед борлуулалт хариуцаж байсан ажилтан нь 140 метр квадратын талбайд хамгийн багаар Вин-10 зуух таарна гэж танилцуулсны үндсэн дээр Вин-10 гэдэг зуухыг худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулахаар болсон. “А” ХХК биш “Ж” ХХК-ийн захирал Э.Ялалттай 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бараа материал нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний төлбөр 3 000 000 төгрөгийг Г.Б бэлнээр хүлээн авсан. “Ж” ХХК нь бараа материал нийлүүлэх гэрээгээр нь гэрээ байгуулснаас хойш 45 хоногийн дотор манайд чанарын шаардлага хангасан Вин-10 халаагуурыг түүний бусад холбогдох хэрэгслүүдийн хамт нийлүүлж, суурилуулах ажлыг бүрэн хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан. Гэрээний хугацаанд зуухаа нийлүүлээгүй төдийгүй олон удаа хүсэлт, шаардлага гаргасан боловч үр дүнд хүрээгүй тул 2011 оны 10 дугаар сарын дундуур өөрийн машинаар Г.Бы гэрээс очиж зуухаа авсан. Г.Б захирлын өөрийнх нь хүн Даваасүрэн зуухыг суурилуулсан. Бид “Ж” ХХК-тай байгуулсан гэрээтэй холбогдуулан маргаагүй. Иймд тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагагүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00608 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Баас 167 868 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Иид, 27 001 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Пд, 12 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ат тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40 000 000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч “Ж” ХХК, “А” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ч.Иид холбогдуулан гаргасан 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Бараа материал нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч “Ж” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 1 598 270 төгрөг, сөрөг нэхэмжлэлд төлсөн 62 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баас 1 192 299 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.И, Л.П, Ц.А нарт олгож,

Хариуцагч Г.Б шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1076 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00608 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.2 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Баас 83 934 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Иэд, 13 500 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Пд, 6 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ат тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 143 434 900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “1 192 299” гэснийг “675 124” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Бы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1076 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарын зүгээс дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгчийн болгоомжгүй үйлдэл гэм буруу нөлөөлсөн тул эрсдэлийн 50 хувийг өөрөө хариуцах ёстой...” гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч Ч.И болон хамтран нэхэмжлэгч Л.П, Ц.А нарт анхан шатны шүүхийн шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн үнийн дүнгээс 50 хувиар багасгасан нь үндэслэлгүй төдийгүй хуулийн зүйл заалтын буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хариуцагч Г.Б нь ВИН-10 маркийн халаагуурын хэрэгсэл худалдан авахаар тохирсон нэхэмжлэгч Ч.Иид ВИН-7 маркийн халаагуур нийлүүлж, биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлэн өгсөн буруутай юм. Гал түймэр нь тухайн байшингийн эзлэхүүнийг тооцож, тухайн байшинд таарах халаалтын тоног төхөөрөмжийг нийлүүлээгүйн улмаас байшинг халаах хүчин чадал хүрэлгүй, хяналтын самбарт хэт ачаалал өгч, цахилгааны утасны тусгаарлах бүрээс хайлж, богино холболт үүссэний улмаас гарсан талаар шинжээч нарын удаа дараагийн дүгнэлт гарсан ба анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хуралдаан дээр шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч нь хуралд өөрөө оролцсон бөгөөд шүүх хуралдааны явцад хүчин чадал яагаад хүрэхгүй гэж үзэж байгааг тайлбарлахдаа “10 литр усыг халаахын тулд плитканы 4 дээр тохируулах уу, 6 дээр тохируулах уу гэдэгтэй яг адилхан бөгөөд 20 литр усыг 4 дээр тохируулаад халаахтай яг ижил” (4 дэх хавтас хэргийн тал) гэж маш тодорхой хэлсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн болгоомжгүй үйлдэл гэм буруу нөлөөлсөн тул эрсдэлээ өөрөө хүлээх ёстой гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн хангасан үнийн дүнг 50 хувиар багасгаж шийдвэрлэхдээ ямар хуулийн, ямар хуулийн заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй байна.

Худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй Л.П, Ц.А нарт гал гарсны улмаас учирсан хохирлыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх гал гарсан эрсдэлийг нэхэмжлэгч нар хариуцах ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд тэдний нэхэмжлэлийн шаардлага анхан шатны шүүхийн шийдвэрийн хүрээнд хэвээр үлдэх ёстой байсан.

Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан авагчид эрсдэл шилжинэ гэж үзэж байгаа боловч хариуцагч болох Г.Б нь худалдах-худалдан авах гэрээгээр тохиролцсон ВИН-10 маркийн зуух нийлүүлээгүй, ВИН-7 маркийн зуух нийлүүлснээс болж гал түймэр гарсан ба хариуцагч нь анхнаасаа биет байдлын доголдолтой зуух нийлүүлсэн тул нэхэмжлэгчид эрсдэл шилжинэ гэж үзэх үндэслэлгүй юм.

Хавтаст хэргийн 218 дугаар талд авагдсан техникийн нөхцөл нь халаах хэрэгсэл суурилуулахтай ямар ч хамааралгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгч Ч.Иийн барьсан барилгын цахилгааны холболт, суурилуулалт хийх ажлын нөхцөл болно. Мөн гэрч А.Даваасүрэн нь мэдүүлэг өгөхдөө хариуцагч Г.Бы орон сууцанд цахилгааны ажлыг хийж байхдаа Г.Бы даалгавраар Ч.Иийн байшинд очиж тухайн тоног төхөөрөмжийн холболтыг хийсэн гэж мэдүүлэг өгсөн (2 дахь хавтаст хэргийн 398-401-р тал). Гэтэл давж заалдах шатны шүүх үүнийг халаах хэрэгсэл суурилуулсантай холбон үзэж гал гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзсэн нь буруу бөгөөд шинжээчийн дүгнэлтээр “...Ч.Иийн байшинд ВИН-7 маркийн халаагуурыг суурилуулсан, гал түймэр нь тухайн байшингийн эзлэхүүнийг тооцож халаалтын тоног төхөөрөмжийг зөв сонгон суурилуулаагүйн улмаас байшинг халаах хүчин чадал хүрэлцэхгүй халаагуур тасралтгүй ажиллан улмаар хяналтын самбарт хэт ачаалал өгч, халалт үүсэж, цахилгааны утасны тусгаарлах бүрээс хайлж, богино холболт үүссэний улмаас гал гарсан...” (4 дэх хавтаст хэргийн 109-110-р тал) нь тогтоогдсон байхад гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн хариуцагчид ая тал засаж, хэргийн нөхцөл байдал, үйл баримтад хамааралгүй баримтыг дүгнэж, анхан шатны шүүхийн шийдсэн мөнгөн дүнг багасган өөрчлөлт оруулсанд гомдолтой байна.

“Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-иас олгосон техникийн нөхцөл нь хариуцагч Г.Бтай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, халаалтын төхөөрөмж тавиулахаас өмнө хэрэгжээд дууссан байхад Ч.И нь Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээний 2011 оны техникийн нөхцөлийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь буруу ба уг техникийн нөхцлийн 9.1 дэх хэсэгт “Кабель шугамын байршлын зургийг эрх бүхий байгууллагаар хийлгэх, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраар батлуулж схем холболт, хүчин чадлыг тус компаниар хянуулах”, 9.2 дахь хэсэгт “Шитний газардуулгыг норм дүрмийн дагуу хийлгэж холбогдох байгууллагаар шалгуулж протокол авсан байх” гэж тус тус заасан нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон “хүчин чадалгүй халаагуур суурилуулснаас болоод цахилгааны хяналтын самбарт хэт ачаалал өгч, халалт үүсч цахилгааны тусгаарлах бүрээс хайлж, богино холболт үүссэний улмаас гал гарсан” гэх нөхцөлтэй ямар ч хамааралгүй байна.

Мөн Давж заалдах шатны шүүх нь эмчилгээний зардал дээр ямар нэгэн дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгч Ч.И миний бие нь Анагаахын шинжлэх ухааны доктор, гавьяат эмч бөгөөд насаараа мэс засал хийж улсад хувь нэмэр оруулан ажилласан. Гэвч тухайн үед байшинд гал гарснаас болж эхнэр Л.П бид хоёр бүхий л чадал боломжоороо галыг унтраах гэж оролдож байгаад гараа түлсэн ба түлэгдсэний улмаас арьсанд таталт өгсөн. Гар ингэж түлэгдсэнээс болж бид хоёр хоёулаа одоо мэргэжлийн ажлаа хийж чадахгүй болсон, өдөр тутмын ойр зуурын зүйл хийхэд ч гэсэн хүндрэлтэй байгаа. Ийм байдалд байгаа учир анхан шатны шүүх хуралдааны үеэр тайлбарлаж байсанчлан эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилсэн ба бид хоёрын эмчилгээний зардал гэж нийт 40 000 000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг Иргэний хуулийн 228.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилсэн бөгөөд эрүүл мэндэд учирсан гэм хорыг эмчлүүлэхэд шаардагдаж болзошгүй зардлын зарим хэсгийг урьдчилан шаардахаар хохирлоо нэхэмжилсэн.

Анхан шатны шүүх нь “Ч.И, Л.П нар галд түлэгдсэний улмаас ямар эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатайг эрх бүхий эмнэлгийн байгууллага тогтоогоогүй байх тул эмчилгээний зардал тооцон нэхэмжилснийг үндэстэй гэж үзэх боломжгүй” гэж үндэслэсэн боловч хавтас хэрэгт өгсөн нотлох баримтуудад (4 дэх хавтаст хэргийн 67-70-р тал) тулгуур эсийн эмчилгээ, сорви багасгах эмчилгээ гэсэн тодорхой баримтууд байгаа юм. Энэ нь эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний зайлшгүй зардал ба эмчлүүлэхэд шаардагдах зардлын зарим хэсгийг урьдчилан нэхэмжилж байгаа юм.

Эцэст нь хэлэхэд нэхэмжлэгч бид энэхүү маргааныг шийдвэрлүүлэхээр 2012 онд нэхэмжлэл гаргасан гэтэл шүүх шийдвэрлэх гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсээр 6 жил болж гурван шатны шүүхээр хоёр удаа орж дахин анхан шатны шүүх рүү хэлэлцүүлэхээр буцсан. Одоо шийдүүлэх гэж явсаар Монгол улсын дээд шүүх дээр 3 дахь удаагаа хэлэлцүүлэхээр орж байна. “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох томоохон хэрэг 8 гаруй сарын дотор 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэн дууссан байхад энэ иргэд хоорондын маргаан 6 жил болж байгаад гомдолтой байна.

Мөн хариуцагч Г.Бы давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн байгаа мөртлөө 12 000 000 төгрөгөөс буюу бага үнийн дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамж төлсөн байхад давж заалдах шатны шүүх нь гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэв анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах гомдол юм бол анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа буюу 206 869 800 төгрөгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлсэн байх ёстой байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх нь тухайн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсанд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй, зөвхөн хариуцагч талд ашигтай байдлаар дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарын эрх ашгийг хохироолоо.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1076 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Хариуцагч Г.Б нь энэ хэрэг хянан шийдвэрлэх 6 жилийн хугацаанд шат шатны шүүхийн ерөнхий шүүгчтэй багын болон дотнын найзууд учраас ямар ч мөнгө олж долоохгүй гэж доромжилж байсан. Шударга шүүх байгаа гэдэгт найдаж байгаа бөгөөд хэн нэгний болон ямар нэгэн нөлөөнд автахгүй хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа болно гэжээ.

Хариуцагч Г.Бы итгэмжийн төлөөлөгчид хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ч.И, Ц.А, Л.П нарын нэхэмжлэлтэй “А” ХХК, “Ж” ХХК, Г.Б нарт холбогдох иргэний эрх зүйн маргааныг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 101/ШШ2018/00608 тоот шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүх хариуцагч Г.Баас 167 868 800 төгрөгийг гаргуулан Ч.Иид, 12 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ат, 27 001 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Пд тус тус олгож, хариуцагч “Ж” ХХК, “А” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Уг анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Г.Бы зүгээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хурлаар хэлэлцэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан Г.Баас 83 934 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Иид, 6 000 000 төгрөг гаргуулан Ц.Ат, 13 500 500 төгрөг гаргуулан Л.Пд олгож шийдвэрлэн 1076 тоот магадлал гаргасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2018/00608 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1076 тоот магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийнхээ дагуу доорх үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагад нийцээгүйгээс гадна тухайн маргаантай холбоотой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн, үндэслэлтэй зөв тодорхойлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д “нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж үзэх үндэслэлтэй.

Г.Б миний бие Ч.Иид Вин-10 маркийн халаагуур нийлүүлээгүй, халаагуурын үнийг ч хувьдаа аваагүй, халаагуур нийлүүлэх талаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй болно гэдгийг дахин дурдах нь зүйтэй юм.

Учир нь миний эзэмшлийн “А” ХХК нь 2011 онд цахилгаан халаагуур, шинэ тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан бөгөөд тус үзэсгэлэнд “Ж” ХХК нь өөрийн импортлон оруулж ирж буй Вин-5, Вин-7, Вин- 10, Вин-15, Вин-20, Вин-25, Вин-30, Вин-35, Вин-40 маркийн цахилгаан халаагуурын төхөөрөмжөөр оролцсон байдаг. Нэхэмжлэгч Ч.И болон хариуцагч “Ж” ХХК нарын хооронд 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бараа материал нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч нь Вин-10 халаагуурыг 45 хоногт багтаан нийлүүлэх, нэхэмжлэгч нь халаагуурын үнэд 3 000 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байдаг. “Ж” ХХК нь ОХУ-ын “Альтернативная энергия” компанитай халаагуур худалдах худалдан авах гэрээг байгуулсан байдаг бөгөөд “Ж” ХХК нь өөрийн нэрээр уг халаагууруудыг туршилтын журмаар Монгол улсын хилээр импортлон оруулж ирсэн байдаг. Энэ талаар “Ж” ХХК нь шүүхэд өгсөн тайлбарт тодорхой дурдсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ, мөн давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ “...Шүүх дурдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг бүх талаас нь харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Ч.И нь халаагуурын үнэ болох 3 000 000 төгрөгийг хариуцагч Г.Бд төлж, хариуцагч Г.Б нэхэмжлэгчид халаагуур хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байх ба үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ч.И, хариуцагч Г.Б нар нь халаагуур худалдах-худалдан авах талаар хүсэл зоригоо харилцан илэрхийлж, хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцож, халаагуур шилжүүлсэн ... буюу худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, худалдах-худалдан авах гэрээгээр тохирсон Вин-10 маркийн халаагуурыг нэхэмжлэгч Ч.Иид нийлүүлэх үүргээ зөрчсөн, үүний улмаас гал гарсан шалтгаант холбоо тогтоогдож байна гэж дүгнэсэн.

Хариуцагч “Ж” ХХК нь ОХУ-ын “Альтернативная энергия” компаниас Вин нэрийн халаагуурын төхөөрөмжүүдийг туршилтын журмаар тус бүр 1 ширхгийг оруулж ирж байсан гэдгээ шүүхийн процессын явцад хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ тухай хавтаст хэрэгт тодорхой байсаар байтал нэхэмжлэгч Ч.И болон Г.Б нарын хооронд Вин нэрийн халаагуурын төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай дүгнэлт болсон гэж үзэж байна.

Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд хэрэгт ач холбогдолтой үйл баримт бүрэн тогтоогдсон байх ёстой. Үйл баримтыг зөв тогтоож байж хууль хэрэглээний асуудал яригдах ёстой. Шүүхэд маргаанаа хянан шийдвэрлүүлж буй талуудын хамгийн гол зорилго нь шүүхээр үнэнийг тогтоолгох явдал бөгөөд шүүх үнэнийг тогтоохдоо талуудын хэн сайн ярьж мэтгэлцсэнээс үл хамааран хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтын шаардлага хангасан баримтад тулгуурлан шийдвэрээ гаргахыг онолын хувьд шаарддаг. Гэтэл анхан шатны шүүх үйл баримтыг бүрэн тогтоогүй дутуу тогтоосон.

Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу цуглуулснаас үйл баримт бүрэн тогтоогдоогүй бөгөөд нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд үйл баримт бүрэн тогтоогдохгүй юм. Үйл баримт дутуу тогтоогдсоноор хууль тайлбарлах боломжгүй болох юм. Ийм учраас анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.

2.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасны дагуу Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Жавхланбаярын хамт 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн бөгөөд өмгөөлөгч Б.Жавхланбаярын хувьд хэргийн материалтай танилцаагүйн улмаас шүүх хуралдаанд өмгөөллийн үйл ажиллагаа явуулаагүй, хууль зүйн туслалцаа үзүүлж чадаагүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1. 3охигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, түүнчлэн энэ хуулийн 12.1.2-12.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийг хэргийн оролцогч гэнэ, 25 дугаар зүйлийн 25.1.2.хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй талаар заасан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд өмгөөлөгч Б.Жавхланбаяр хэргийн материалтай танилцаагүй байсан тул шүүх бүрэлдэхүүнд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангаагүй. Учир нь шүүх бүрэлдэхүүн хариуцагч Г.Б нь өмгөөлөгчөө удаа дараа сольсон, хэргийн материалтай танилцах хүсэлтүүдийг урьд өмнө нь олон гаргасан, тэр бүрийг шүүхээс хангаж шийдвэрлэж байсан гэх боловч миний бие 2011 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийн өмгөөлөгчөөр Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч н.Алимааг оролцуулж байсан, өөр өмгөөлөгч оролцуулж байгаагүй бөгөөд энэ хугацаанд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан удаа байхгүй болно.

Анхан шатны шүүхээс миний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй, өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангалгүй хэргийг шийдвэрлэж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2018/00608 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1076 тоот магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.И, Ц.А, Л.П нар “А” ХХК, “Ж” ХХК, Г.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд 246 869 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч “Ж” ХХК 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Бараа материал нийлүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ч.И нь 2011 оны 07 дугаар сард “А” ХХК-ийн зохион байгуулсан халаалтын зуухны үзэсгэлэн худалдааг үзэж байхдаа Г.Бтай уулзаж, Вин-10 халаалтын зуухыг худалдан авахаар тохиролцож, 2011 оны 10 дугаар сард зуухыг авч, Г.Б нь Даваасүрэн гэх хүнээр зуухыг холбож, суурилуулж өгсөн байна.

Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч шүүх худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх заалтад нийцсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар “...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бэлтгэн нийлүүлэх ... үүрэгтэй” байна.

Суурилуулсан халаалтын зуух гүйцэт халахгүй, цахилгаан хуваарилах самбар дуугараад, хааяа оч хаяад байхад нь тухай бүр  Г.Бд хэлэхэд цахилгаан хуваарилах самбарыг сольж, сүүлдээ тодорхой арга хэмжээ авахгүй утасны боолтуудыг чангалах төдий арга хэмжээ авч байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, улмаар 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Шар хоолойн амны задгайд байрлах иргэн Ч.Иийн хувийн сууцанд гал гарч, галын улмаас нэхэмжлэгч нарын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Вин-10 маркийн цахилгаан зуух авахаар хүсэлт гаргасан байхад хариуцагч Вин-7 маркийн цахилгаан зуухыг худалдсан, мөн гал түймэр нь тухайн байшингийн эзлэхүүнийг тооцож халаалтын тоног төхөөрөмжийг зөв сонгож суурилуулаагүйгээс байшинг халаах хүчин чадал хүрэхгүй цахилгаан зуух тасралтгүй ажилласны улмаас хяналтын самбарт хэт ачаалал өгч, халалт үүсч, цахилгаан утасны тусгаарлах бүрээс хайлж, богино холболт үүссэнээс болсон гэж Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. /хх-4, 109-110 дугаар тал/

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 206 869 800 төгрөгийг хангаж, 40 000 000 төгрөгт холбогдох шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс “...гал түймэр гарахад нэхэмжлэгчийн болгоомжгүй үйлдэл, гэм буруу нөлөөлсөн...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангасан үнийн дүнг 50 хувиар багасгаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг нотлох баримтад үндэслэгдсэн гэж үзэхэд учир дутагдалтай байх ба нэхэмжлэгчийн ямар үйлдэл гал түймэр гарахад нөлөөлсөн талаар магадлалд үндэслэл бүхий заагаагүй, нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн сууцанд цахилгаан хэрэгсэл суурилуулахад шаардагдах техникийн нөхцөлийг авахдаа Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээний техникийн нөхцлийн холбогдох заалтыг хэрэгжүүлээгүй нь гал гарахад нөлөөлсөн талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч нарын гомдлыг хангах үндэстэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг үндэслэл бүхий тогтоож, хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлээс нэхэмжлэгчид гэм хор учирсан гэж дүгнэн, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч “Ж” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 219 дүгээр зүйлийн 219.1., 228 дугаар зүйлийн 228.1., 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1. дэх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч Г.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах...” хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулж, эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангасан, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд “...өмгөөлөгч хэргийн материалтай танилцах...” үндэслэлээр шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлт гаргасныг хуулийн хүрээнд дүгнэлт хийж, хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1. дэх заалтыг зөрчөөгүй, хариуцагчийн хүсэлтийг хангах хүндэтгэн үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1076 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/00608 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Ч.И, Ц.А, Л.П нарын гомдлыг хангаж, хариуцагч Г.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнхийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Ч.Иээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 875 130 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн Г.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнхөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 675 150 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД