Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 202/МА2017/00012

 

Ж.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШШ2017/00105 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С -гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн *** ЗДд холбогдох  

Дорноговь аймгийн *** Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1978815 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, зохих бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Уийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааанд: Нэхэмжлэгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З, шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие Дорноговь аймгийн *** Ерөнхий боловсролын 1 дүгээр

сургуулийн нягтлан бодогчоор 2013.12.13-ны өдрөөс 2017.01.07-ны өдрийг хүртэл ажилласан. Харин тус сургуулийн захирал С.Зоригт-Эрдэнийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу *** ЗД С.О нь 2017.01.07-ны өдрийн б/03 тоот захирамжаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийг баримтлан намайг албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, санхүүгийн зөрчлийг удаа дараа гаргасан гэж нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Намайг нягтлан бодогчоор ажиллаж байх үед захирал С.З нь сургуулийн хаалга хийлгэхээр Мандала цехтэй гэрээ байгуулж, төлбөрийг шилжүүлсэнийхээ дараа харилцан тохирч, мөнгөө буцааж аваад БНХАУ-ын Эрээн хотоос хаалга хийлгэхээр болсон. Ингээд Эрээн хотоос хаалга захиалан хийлгэх үнэ болон замын зардлын тооцоог хийхэд, бидний төсөвлөсөн мөнгөнөөс бага зарцуулагдахаар байсан тул нярав Л.От 1978000 төгрөгийг өгч, үлдэх 487000 төгрөг байгууллагад миний дансанд үлдсэн. Паспортын зөрчлөөс болж би өөрөө хамт явж чадаагүй тул мөнгө дутвал хэлээрэй гэж хэлээд явуулсан. Ингээд явж ирснийх нь дараа няравтай тооцоо нийлэн тайлангаа захиралд гаргаж өгч амжаагүй байх үед захирал С.З нь уг асуудлаар хуралдсан бөгөөд миний бие учир явдлыг тайлбарлаж, үлдэгдэл мөнгийг няравын дансанд шилжүүлсэн. Уг мөнгийг  би өөртөө завших гэсэн ямар ч санаа зорилго агуулаагүй, харин хяналт хийж, байгууллагын мөнгө үрэгдэхээс хамгаалсан юм. Уг мөнгийг нярав Л.Оээс захирал С.З бэлнээр авсан гэх бөгөөд юунд зарцуулсан нь тодорхойгүй юм. Харин ч уг асуудал нь нягтлан бодогчийн албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан асуудал уу, эсхүл сургуулийн захирлын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл байгаа эсэхэд анхаарах нь зүйтэй юм.

Би өөрийгөө урьд сахилгын шийтгэл хүлээсэн гэж үзэхгүй байна. Учир нь өмнөх захирлаар ажиллаж байсан Х.Г нь ажлаас чөлөөлөгдөхийнхөө урьд орой ажлын цаг дууссаны дараа сахилгын шийтгэл оногдуулах тухай гэсэн тушаалыг нарийн бичгээрээ дамжуулан надад үзүүлсэн бөгөөд тухайн үед би тушаалыг авахгүй, эрх зүйн үндэслэлгүй байна гэхэд захирал Г юу ч хэлэлгүй аваад үлдсэн. Надад гардуулж өгөөгүй, тэгээд ч сургуулийн захирал надад сахилгын шийтгэл оногдуулах эрх бүхий этгээд биш юм. Тооллогын комисст нягтлан бодогч ордоггүй. Байгууллагын эд хөрөнгө тоолох ажлыг сургуулийн захирал хариуцах ёстой бөгөөд солигдох бүрт захиралын томилсон ажлын хэсэг гарч, бүх эд хөрөнгө тоо ёсоор байгаа талаар тайлан гаргаж байсан болно. Гэтэл одоо байгууллагын хөрөнгө дутсан гэсэн асуудал тавьж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Миний бие байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу алдаа зөрчилгүй гүйцэтгэж ирсэн бөгөөд, зарим тохиолдолд гарсан дутагдалд санхүүгийн хяналт шалгалтын байгууллага зохих ёсны хяналт шалгалтыг хийж, зөрчил дутагдлыг арилгаж явсан. Миний бие эрхэлсэн ажилдаа хичээл зүтгэл гарган ажиллаж, байгууллагын 2016 оны төсвөөс нийт 24.1 сая төгрөгийн хэмнэлт үүсгэн ажилласан байхад сургуулийн захирал С.З нь жилийн эцсийн үр дүнгийн урамшууллыг тооцож олгоогүйгээр барахгүй 2016 оны 12 сард байгууллагын оны аварга шалгаруулах ажилчдын нэрсийн жагсаалтаас миний нэрийг хассан байдаг. Энэ мэтээр намайг зохион байгуулалттай, урьдчилан төлөвлөсөн шинжтэйгээр ажлаас халахыг хүссэн бөгөөд сургуулийн захирлын зүгээс *** ЗДд 2 удаагийн албан тоот хүргүүлж, намайг ажлаас чөлөөлөхийг хүссэний үндсэн дээр Сумын засаг даргын захирамж гарсан болно.  Миний бие  Аймгийн санхүүгийн Аудитын хяналт шалгалтаар 3 жил дараалан зөрчилгүй дүгнэгдэж, 2016 онд “Тэргүүний санхүүч цол тэмдэг”, “Сангийн яамны жуух бичиг” -ээр шагнагдаж, өөрийн ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж ирсэн болно. Гэтэл ямар нэгэн баримт нотолгоогүйгээр, миний хөдөлмөрлөх эрх, нэр төрд минь халдаж ажлаас үндэслэлгүйгээр халсанд гомдолтой байна. Иймд намайг Ерөнхий боловсролын 1 сургуулийн нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ж.Сг *** Засаг даргын 2017.01.07-ны өдрийн б/03 дугаар захирамжаар ажлаас чөлөөлснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Эрээн хотод захиалгаар хийлгэх хаалга, цоожны үнэ 2465000 төгрөгийг Мандала цехийн дансаар гаргаж авахаар тохиролцож шилжүүлсэн боловч энэ мөнгийг Ж.С нь Мандала цехийн эзэн Тунгалагаас авч нярав Л.От 1978000 төгрөгийг өгч Эрээн хот руу явуулсан бөгөөд 487000 төгрөгийг өөртөө ашигласан нь тогтоогдсон. Үүнийг буцааж төлөхийг шаардсанаар арав гаруй хоногийн дараа нярав Л.Оийн дансанд хийж авлагагүй болсон юм. 

Монгол Улсын Засгийн газрын 2015.12.14-ний өдрийн 483 тоот тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, аймгийн Засаг даргын 2016.08.10-ны өдрийн А/384 тоот захирамжийн хавсралтаар батлагдсан удирдамжийн дагуу *** Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2015 он, 2016 оны эхний хагас жилийн санхүү аж ахуйн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт шалгалтын Улсын байцаагч төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд олон зөрчил илэрсэн.

Дээрх зөрчлийн улмаас Ж.С Сургуулийн захирлын 2016.08.29-ний өдрийн Б/33 тоот тушаалаар “үндсэн цалинг 3 сарын хугацаатай, 19 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан байна. Гэтэл санхүүгийн баримтад Б/33 тушаалыг хавсаргалгүй өөртөө цалинг бүтэн бичиж авснаар байгууллагын төсөв санхүүг хохироосон. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуй нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна. Санхүүгийн жилийн тайлан гаргахын өмнө, эд хөрөнгө хариуцсан болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг заавал хийнэ гэсэн заалтуудыг удаа дараа зөрчсөн. 2013 оноос одоог хүртэл 2 нярав дамжсан, санхүүгийн 2 жил өнгөрсөн байхад эд хөрөнгийг нарийвчлан тоолж, хяналт хамгаалалт тавиагүй байна. Нярав Л.Оийг ажлаас чөлөөлөгдөхөд 18 сая гаруй төгрөгийн хөрөнгө дутагдсан.  

Ж.С нь  2014, 2015, 2016 онуудад багш ажилчдын цалин, нэмэгдэл болон нэмэгдэл хөлсийг олгоогүй зөрчил,  цалинг илүү олгосон зөрчил, 2016 оны жилийн эцэст Чандмань илч ХХК-д 15796,4 төгрөгийг нэхэмжлэлгүйгээр шилжүүлж авлага үүсгэж бүртгээгүй зэрэг зөрчил гаргасан гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Ж.Сгийн нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн *** Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1978815 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ... хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.У давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8 дахь “ЗД хууль тогтоомжид заасан бол тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтныг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилж чөлөөлөх эрхтэй” гэсэн заалт нь хуульд тухайлан заасан тохиолдолд ЗДд уг эрх хэмжээг олгосон бөгөөд сургуулийн нягтлан бодогчийг ажилд томилох, чөлөөлөх асуудлыг Монгол Улсын Төсвийн тухай хуулиар зохицуулдаг байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар төсвийн бусад байгууллагын дарга/захирал, эрхлэгч/ тухайн байгууллагын төсвийн шууд захирагч болно, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3-д зааснаар “Аймаг, нийслэлийн төсөвт харъяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг, сумын төсөвт харъяалагдах байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай тус тус зөвшилцөн томилж чөлөөлнө гэж тус тус заасан. Иймд Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нягтлан бодогч Ж.Сг томилох, чөлөөлөх асуудлыг тухайн сургуулийн захирал аймгийн төрийн хэлтсийн даргатай зөвшилцөн шийдвэрлэх ёстой бөгөөд *** Засаг даргын 2017.01.07-ны өдрийн б/03 дугаар захирамж илтэд үндэслэлгүй буюу Сумын ЗДд Ж.Сг ажлаас чөлөөлөх хэмжээ олгогдоогүй гэж үзнэ. Хэрэв шүүхийн дүгнэснээр ажил олгогчийн зүгээс Ж.Сг сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлахаар бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэх ёстой юм. Иймд шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан боловч хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШШ2017/00105 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.                                                 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу давж заалдах шатны шүүхээс,  шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг дараах үндэслэлээр өөрчилж  шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.С нь Дорноговь аймгийн *** Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/03 дугаар “Ж.Сг ажлаас чөлөөлөх” тухай захирамж үндэслэлгүй учир Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1978815 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, зохих бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Ж.С сургуулийн захиалгаар хийлгэх хаалга, цоожны үнээс 487000 төгрөгийг өөртөө ашигласан нь нягтлан бодогч Ж.С, нярав Л.О нартай сургуулийн захирал миний бие ярилцсан хурлын тэмдэглэл мөн няравын дансанд дээрх дүн бүхий мөнгө орсныг гэрчлэх дансны хуулгаар тогтоогдсон.

Мөн *** Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2015 он, 2016 оны эхний хагас жилийн санхүү аж ахуйн үйл ажиллагаанд Санхүүгийн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд олон зөрчил илэрсэн нь холбогдох байцаагчийн албан шаардлагаар тогтоогдож байгаа ба энэхүү зөрчилд нь сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/33 тоот тушаалаар Ж.Сгийн “үндсэн цалинг 3 сарын хугацаатай, 19 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан байтал тэрээр өөртөө цалинг бүтэн бичиж авч байгууллагын төсөв санхүүг хохироосон. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан үүргээ биелүүлдэггүй, сургуулийн эд хөрөнгийг нарийвчлан тоолж, хяналт хамгаалалт тавьдаггүйгээс нярав Л.Оийн ажлаас чөлөөлөгдөхөд 18 сая гаруй төгрөгийн хөрөнгө дутагдсан. Түүнчлэн Ж.С нь 2014, 2015, 2016 онуудад багш ажилчдын цалин, нэмэгдэл болон нэмэгдэл хөлсийг олгоогүй зөрчил гаргасан нь Дорноговь аймгийн аудитын газрын 2014.11.28-ны өдрийн 09/67 тоот албан шаардлагаар, цалин илүү олгосон нь  Аймгийн аудитын газрын 2014 оны 11 сарын 28-ны өдрийн 09/63 тоот актаар, 2016 оны жилийн эцэст Чандмань илч ХХК-д 15796,4 төгрөгийг нэхэмжлэлгүйгээр шилжүүлж авлага үүсгэсэн нь аймгийн Аудитын газрын 1-6/168 тоот тайлан зэргээр тогтоогдож байгаа учир Дорноговь аймгийн *** Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/03 дугаар “Ж.Сг ажлаас чөлөөлөх” тухай захирамж үндэслэлтэй гэж маргасан байна.

Давж заалдах гомдлын дагуу хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд Дорноговь аймгийн *** Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/03 дугаар Ж.Сг ажлаас чөлөөлөх тухай захирамж нь Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хууль, Төсвийн тухай хуулийн дараах заалтыг тус тус зөрчсөн байгаагаас үзэхэд сумын ЗД нь сургуулийн нягтлан бодогчид “ажлаас халах” хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.1.-д “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг ойлгоно гэж тодорхойлсон байх ба Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх” гэж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д “төсвийн бусад байгууллагын дарга/захирал, эрхлэгч/ тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна” гэж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3-т “аймаг, нийслэлийн төсөвт харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг, сумын төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай тус тус зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэснээс үзэхэд Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг, сургуулийнхаа нягтлан бодогчийг томилж, чөлөөлөх эрх бүхий этгээд буюу ажил олгогч гэж үзнэ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл  нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд мөн  хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар “Ажил олгогч...нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж, мөн хуулийн 3.1.3-т “хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог” гэж тодорхойлжээ.

Дээр дурдсан хуулийн зохицуулалт болон Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаас үзэхэд ажил олгогч нь иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэйн зэрэгцээ зөвхөн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд,  ажил олгогч л дээр дурдсан сахилгын шийтгэлийн хэлбэрүүдээс аль нэгийг ногдуулахаар заажээ. 

Хавтас хэрэгт байгууллагын дотоод журам авагдаагүй улмаар Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын, сургуулийн нягтлан бодогчтой бичгээр байгуулсан гэх 2013-12-13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх-25/-нд ажилтны гарын үсэг зурагдаагүй зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын дагуу хүлээсэн үүргийг зөрчсөн, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй юм.  

Түүнчлэн Сумын ЗД нь Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчийг “ажлаас халах” хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд, ажил олгогч биш  учир тэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8-д  Сумын Засаг даргыг  “хууль тогтоомжид заасан бол тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтныг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх эрхтэй” гэсэн заалтыг үндэслэж, нэхэмжлэгч “Ж.Сг ажлаас чөлөөлөх”  тухай шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй дээрх хуульд тодорхойлж, тогтоосон “хууль тогтоомжид заасан бол ... зөвшилцөн томилох, чөлөөлөх эрхтэй” гэснийг  зөрчсөн гэж үзнэ.   

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч Ж.Сгийн “Дорноговь аймгийн *** 1 дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажлаас буруу халсан үеийн олговрыг буруу тооцсон байх тул цалин гаргуулах шаардлагыг,  сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс /хх-5/-ийг тооцоход 854848+791526+791526 төгрөгийн буюу сард дунджаар 812633 төгрөгийн цалинтай ажилласан, 1 хоногт /812633:21.5/ 37796  төгрөгийн, 2017-01-07-ний өдрөөс 2017-03-23-ны өдрийг хүртэл нийт 34 хоног ажилгүй байсан хугацаагаар тооцоход /34x37796/ 1285064 төгрөг гэж тооцон үлдэх 693751 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэхүү үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШШ2017/00105 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Сг Дорноговь аймгийн *** Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, *** ЗДас ажилгүй байсан хугацааны цалин 1285064 төгрөг гаргуулж Ж.Сд олгож, түүний ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагаас 693751 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай” гэж,  

2 дахь заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Сгийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай” гэж нэмж,

            2 дахь заалтыг 3 гэж дугаарлан “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35391 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн 3, 4 дүгээр заалтыг 4, 5 гэж дугаарлан бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангасугай.  

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.У нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                 Х.БАЙГАЛМАА

                                                                                 Н.БОЛОРМАА