Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2022/0710

 

 

 

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2022/0710

Улаанбаатар хот

 

Ж.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн

           Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа  

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч П.М, Б.М нар

Нэхэмжлэгч: Ж.Д

    Хариуцагч: Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга П.М, нийгмийн даатгалын улсын байцаагч Б.М нар

    Нэхэмжлэлийн шаардлага: “...Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17/153 тоот актын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах” тухай;

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 126/ШШ2022/0024 дүгээр шийдвэр;

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Хариуцагч П.М , Б.М нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 126/2022/0014/3

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Д нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга П.М, нийгмийн даатгалын улсын байцаагч Б.М нарт холбогдуулан “...Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17/153 тоот актын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 24 дүгээр шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-ийн 1, 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасныг баримтлан Д Ж Д-ийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга П.М, нийгмийн даатгалын байцаагч Б.М нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17/153 тоот актын 3 дахь заалтыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Хариуцагч П.М, Б.М нар давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 24 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

3.1. ...шүүхийн шийдвэрийн 28.“Учир нь Нийгмийн даатгалын байгууллага буюу төр өөрөө Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.1-д зааснаар Ж.Д-ийн 1992-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсныг хүлээн зөвшөөрч олгосон 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1701000132 дугаартай баталгаажилтын хуудас хүчин төгөлдөр байна. Төрийн байгууллага өөрийн өмнө гаргасан шийдвэрийг хожим үндэслэлгүйгээр хүлээн зөвшөөрөхгүй байх эрхгүй. 29.Иймд "Ж.Д-ийн нөхөн тооцуулсан 1992-1994 оны хугацаа нь малчнаас өөр ажил хөдөлмөр эрхэлсэн хугацаатай давхцаж байна” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. 30.Харин “Ж.Д-д 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэрт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил компани /17-160715/ гэсэн тамга дарсан. Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэл нь 1992 онд татан буугдсан” хэмээн хариуцагч тайлбартаа дурдсанаас үзвэл татан буугдсан нэгдлийн хөдөлмөрийн дэвтэрт сүүлд байгуулагдсан компанийн тамга дарагдсан тул Ж.Д-н 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсан байдлыг нотолж чадах эсэх нь эргэлзээтэй байна. 33. Ж.Д-ийн “2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцуулсан Алаг-Эрдэнэ сумын архивын баримт нь Нийгмийн даатгалын хэлтсийн архивт хадгалагдаж байгаа” талаар хариуцагчийн тайлбараас үзэхэд тэрээр хөдөлмөрийн дэвтрийг нуун дарагдуулсан гэх үндэслэлгүй. Өмнө нь Нийгмийн даатгалын байгууллагад өгсөн, нэгэнт тодорхой болсон мэдээллийг дахин өгөөгүй гэдэг нь мэдээллийг нуун дарагдуулсан үйлдэл болохгүй. 41. Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/08 тоот албан бичгийн үнэн зөвийг тодорхойлолт гаргасан албан тушаалтан хариуцах ба албан тушаалтны хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан тодорхойлолтын үнэн зөвийг иргэн хариуцах хууль зүйн үндэслэлгүй. 42. Нийгмийн Даатгалын байгууллага өөрөө Ж.Д-ийн 1992-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсныг хүлээн зөвшөөрч олгосон 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1701000132 дугаар баталгаажилтын хуудсаар тооцсон хугацаа болон түүний нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан хугацаа нийлээд 20-иос дээш жил гэсэн хуулийн шаардлага хангаж байсан тул тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч Э.Э-ийн мэдүүлгээр нотлогдож байна. Энэ тохиолдолд иргэн тамга, тэмдгийн зөрчилтэй өмнөх хөдөлмөрийн дэвтрийг гаргаж өгөх үүрэггүй юм... гэсэн байна.

3.2. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох” гэж нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох...” гэж заасан. Энэ хуулийн хүрээнд иргэн Ж.Д гийн 1992-1994 оны хугацааг нөхөн тооцсон байна. 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт Тээвэр үйлчилгээний хоршоо, “М-Э” ББХК-д 1992-1994 онд ажилчин, тогоочоор ажиллаж байсан гэж бичилт хийсэн ч тухайн хоршоо компани нь шимтгэл төлсөн бүртгэл байхгүй. Иймд даатгуулагч иргэний ажилласан хугацааг таслахгүй байх, эрх ашгийг нь хамгаалах үүднээс 1992-1994 оны хугацааг нөхөн тооцсон.

3.3. Ж.Д-ийн 1992-1994 оны хугацаа нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэнээр Тээвэр үйлчилгээний хоршоонд ажилчин, “М-Э” ББХК-д тогоочоор ажилласан хугацаатай давхцаж байна. Дээрх хоршоо компани нь тухайн онуудад /1992-1994/ шимтгэл төлөөгүй байсан ч ажилчин, тогоочоор ажилласан хугацааг малчнаар ажилласан гэж үзэх боломжгүй юм. Энэ хөдөлмөрийн дэвтэрт Ж.Д-г 1986 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал нэгдлийн гуанзанд туслах тогоочоор, 1991 оны 12 дугаар сарын 06-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Тээвэр үйлчилгээний хоршоонд ажилчнаар, 1994 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс Тээвэр үйлчилгээний хоршооноос чөлөөлж, “М-Э” ББХК-д тогоочоор ажиллуулав гэсэн бичилт хийгдэж, тамга тэмдгээр баталгаажсан тул хүчин төгөлдөр дэвтэр гэж үзэх бүрэн үндэстэй.

3.4. Ж.Д-д 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсан байдлыг нотлох баримт бичиг мөн гэж үзэж байна. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил” нэгдэл нь Хөгжил компани болж өөрчлөгдсөн байгуулагдсан бөгөөд “Тээвэрчин” ББХК, “М-Э” ББХК-д ажилласан байсан Ж.Д-ийн 1992-1994 онд авч байсан цалин хөлсийг хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бүртгэж хөтөлсөн байна.

3.5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Тэтгэвэр тогтоолгоход дорд дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ 1/ нийгмийн даатгалын дэвтэр: 2/ даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр ... гэж заасан. Тэтгэврийг даатгуулагч иргэдийн үндсэн баримтыг үндэслэж тогтоодог.

3.6. Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/08 тоот албан бичгийн үнэн зөвийг тодорхойлолт гаргасан албан тушаалтан хариуцах ба албан тушаалтны хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан тодорхойлолтын үнэн зөвийг иргэн хариуцах хууль зүйн үндэслэлгүй тул холбогдох албан тушаалтнаар хариуцуулж, ажилчин тогооч гэх зэрэг ажил хөдөлмөр эрхэлж байсан иргэнийг малчин байсан гэж тодорхойлсон байдлыг дахин магадлах шаардлагатай.

3.7. Ж.Д  нь 1986 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал нэгдлийн гуанзанд туслах тогоочоор, 1991 оны 12 дугаар сарын 06-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Тээвэр үйлчилгээний хоршоонд ажилчнаар, 1994 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс Тээвэр үйлчилгээний хоршооноос чөлөөлж, “М-Э” ББХК-д тогоочоор ажиллуулав гэсэн бичилт хийгдэж, тамга тэмдгээр баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийг тэтгэвэр тогтоолгох баримт бичиг бүрдүүлэхдээ өгөөгүй. Энэ хөдөлмөрийн дэвтрийг зөрчилтэй гэж үзэх үндэслэлгүй. Иргэн Ж.Д нь өөрийн ажиллаж хөдөлмөрлөсөн байдлыг нотлох бичиг баримтыг анхнаас нь үнэн зөв бүрдүүлээгүй, зориуд нуун дарагдуулсан, худал мэдээлсэн гэж үзэхээр байна. Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 24 дугаартай шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын хооронд үүссэн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлага хангаагүй, маргааныг шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

2. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Манхан 5-р баг, оршин суух хаягтай, 1968 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эмэгтэй, нас 50, Ж.Д-аас 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Нийгмийн даатгалын байцаагчид хандан “өндөр насны тэтгэвэрт оруулж өгнө үү” гэсэн өргөдөл бичгээр гаргаж, /1-р хх-195 тал/, тэтгэвэр тогтоолгох хуудаст хуулийн зүйл “Нийгмийн даатгалын хуулиар -малчин”, шимтгэл төлсөн нийт хугацаа “21 жил 09 сар 29 өдөр” тэтгэврийн доод хэмжээ 310 000 төгрөг” гэж тэмдэглэж, мөн өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоож, тэтгэвэр тогтоолтын хуудас нээж №342217 хувийн хэргийн дугаартай тэтгэврийн дэвтэр олгож, эрх бүхий албан тушаалтнаас хянаж, гарын үсэг зурж тамга тэмдгээ дарж баталгаажуулсан байна.

3. Энэхүү Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нийгмийн даатгалын байцаагчдаас нэхэмжлэгч Ж.Д-д өндөр насны тэтгэвэр тогтоосон шийдвэрийг шалган “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дах заалтыг зөрчиж, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үндэслэлгүй тэтгэвэр авсан зөрчил илэрсэн” гэсэн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалт, дотоод аудитын тасгийн дарга болон нийгмийн даатгалын улсын байцаагч нар “Төлбөр төлүүлэх тухай” 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17/153 дугаар акт үйлджээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчээс дээрх актын Тогтоох нь хэсгийн 3 дахь заалт буюу “Актаар төлүүлэхээр тогтоосон нийт 11 057 000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Төрийн банк дахь ...тоот дансанд холбогдох иргэнээр буцаан төлүүлж, тэтгэврийн санг хохиролгүй болгохыг Алаг-эрдэнэ сумын нийгмийн даатгалын байцаагчид даалгасугай” гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

5. Актаар төлүүлэхээр тогтоосон төлбөрийг иргэнээр буцаан төлүүлж, тэтгэврийн санг хохиролгүй болгохыг Алаг-эрдэнэ сумын нийгмийн даатгалын байцаагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, хууль бус болох нь тогтоогдсонгүй. Тодруулбал

5.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 4 дүгээр зүйл “Өндөр насны тэтгэвэр авах эрх” гэсэн хэсгийн 7 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.”/Энэ хэсгийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/;

2/-д “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол” гэж,

           мөн хуулийн 25 дугаар зүйл “Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг” гэсэн хэсгийн 1 дэх хэсэгт Тэтгэвэр тогтоолгоход дор дурьдсан баримт бичиг бүрдүүлнэ.

           9/-д “энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан болзлоор тэтгэвэр тогтоолгох бол энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, 7, 8-д заасан баримт бичгийг болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, тухайн үед оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, малчнаар ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал, эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл тэдгээртэй адилтгах гэрээ, 1995 оноос хойш малчнаар ажилласныг нотлох “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын бүртгэл, лавлагаа” /энэ заалтыг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/гэж,

           Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ““малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг; ойлгоно гэж тус тус заажээ.

5.2. Дээрх хуулийг хэрэгжүүлэн малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход мөрдөх “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ыг Монгол улсын Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Журам батлах тухай” 71 дүгээр тогтоолоор баталсан.

           Уг журмын Гурав “Малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох” хэсгийн ;

            3.1.1-д “даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, шимтгэл төлсөн лавлагаа (хөдөлмөрийн дэвтэр байхгүй, эсхүл бичилт нь шаардлага хангахгүй тохиолдолд архивын лавлагаа, шүүхийн шийдвэр),

            3.1.5-д “даатгуулагч 1995 оноос хойших хугацаанд хувиараа мал маллаж, нийгмийн даатгалын шимтгэл сайн дураараа төлсөн, эсхүл ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн бол шимтгэл төлснийг нотлох нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт хавсаргасан баталгаажилтын хуудас, (шаардлагатай тохиолдолд шимтгэл төлөлтийн  лавлагаа), Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл (цаашид “А” дансны лавлагаа гэх); 3.2-д “Даатгуулагчийн 1995 оноос хойших хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох “А” дансны лавлагаа, эсхүл энэ журмын 3.1.4-т заасан даатгуулагчийн ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тухай тушаал, хөлсөөр ажиллах (ажил гүйцэтгэх гэрээ, тэдгээртэй адилтгах) гэрээ байхгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) тодорхойлно.”3.3-д “Энэхүү журмын 3.2-т заасан зөвлөлийн бүрэлдэхүүнийг сум, дүүргийн Засаг даргын захирамжаар батлах бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, баг (хороо)-ийн Засаг дарга, нийгмийн даатгалын байцаагч (ажилтан), малчны болон малын бүртгэл хариуцсан мал зүйч, малын эмч, нийгмийн ажилтан, улсын бүртгэл болон статистикийн асуудал хариуцсан ажилтан, тухайн сум, баг, хороонд олон жил удирдах албан тушаал хашиж байсан иргэн, эсхүл олон жил амьдарч байгаа нутгийн уугуул иргэний төлөөллийг оруулна”, 4.3-д “Аймаг, дүүрэг, сумын архивын ажилтан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн оны тооллого”-ын жил бүрийн бүртгэлд үндэслэн “А” дансны лавлагааг гаргах үүрэг хүлээнэ.”, 4 дүгээр зүйлийн 4.4-д “Энэхүү журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заажээ.

 

          5.3.Нэхэмжлэгч Ж.Д-аас “... 2018 оны 12 дугаар сард 50 нас хүрч, малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох баримтуудаа бүрдүүлж өгсөн” гэх боловч түүний харьяалах нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлж өгсөн баримт бичгүүд нь /1-р дүгээр хх-190-191 дэх тал/ дээрх хууль болон журам заасан зохицуулалтай нийцээгүй байна.

          5.4.Өөрөөр хэлбэл, хууль болон журамд заасан зохицуулалтын дагуу тэтгэвэр тогтоолгох шаардлага, болзол хангасан зохих тухайлбал

            а/1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, тухайн үед оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, малчнаар ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал,

            б/1995 оноос хойш малчнаар ажилласныг нотлох “А” дансны бүртгэл, лавлагаа, малчнаар ажиллаж байсан хугацааг тодорхойлсон сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын “Зөвлөл”-ийн тодорхойлолт зэрэг баримтуудыг бүрдүүлж Ж.Д-аас Алаг-Эрдэнэ сумын нийгмийн даатгалын хэлтэст бүрдүүлж өгөөгүй байх тул “12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн” тэтгэвэр тогтоолгох болзол нөхцөлийг хангасан, малчин нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй болох нь тогтоогдохгүй байна.

         5.5.Түүнчлэн, Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн №1/08 тоот албан бичигт “... Ж.Д нь 1992-1994 онд Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн нутагт мал маллаж амьдарч байсан нь үнэн болно“ гэж тодорхойлсон /1-р хх-37 дахь тал/ боловч хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн дэвтрээр Ж.Д  малчнаар биш, харин энэ хугацаанд Тээвэр үйлчилгээний хоршоонд ажилчин, “М-Э” ББХК-д тогоочоор тус тус ажиллаж байсан байна.

         5.6. Үндэсний статистикийн хорооны шийдвэрээр 2017 онд баталсан “Мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн маягт нөхөх заавар”, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газраас малчин-даатгуулагчид олгосон архивын лавлагаа,/1-р хх-197-225 дахь тал/ зэрэг баримтуудаар өрхийн тэргүүн Б.Бямбацогтын нэр дээр “мал бүхий өрх”-ийн бүртгэлд бүртгэгдсэн, харин малчнаар ажиллаж байгаа тухайн гэр бүлийн гишүүдийн мэдээлэлд Ж.Д  бүртгэгдсэн эсэх нь тогтоогдохгүй байна.

          6. Дээрх байдлуудаас дүгнэн, нэхэмжлэгч Ж.Д-ийн малчин нөхцөлөөр тогтоосон өндөр насны тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/ болон Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын холбогдох заалтуудыг зөрчсөн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн зохицуулалтаар тэтгэвэр авах эрх үүсээгүй байхад түүнд малчин нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоосон байх бөгөөд хариуцагчаас уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, урьд олгосон тэтгэвэр 11 057 000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Д-аар буцаан төлүүлж, тэтгэврийн даатгалын санг хохиролгүй болгохоор хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасантай нийцсэн байна.

            7. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9, 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Д-ийн “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17/153 тоот актын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн дарга П.М, тэтгэврийн улсын байцаагч Б.М нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                             Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                             Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                             Т.ЭНХМАА