Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 802

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Г-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: ЦЕГД, 

Хариуцагч: ШШГЕГД-д холбогдох 

Гуравдагч этгээд: Б.Э, Б.Б, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/247 дугаар тушаалын Ж.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, албан тушаалд томилохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд томилохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгч Ж.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, Э.Э, хариуцагч ЦЕГД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н, хариуцагч ШШГЕГД-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, иргэдийн төлөөлөгч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ж.Г 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалын Ж.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд Тахарын алба 2013 онд байгуулагдсанаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаар тушаалаар Тахарын албанд шилжин ажиллаж байгаад Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 389 дүгээр тушаалаар Тахарын ерөнхий газрын Эрэн сурвалжлах, мөрдөн шалгах газрын даргын үүрэгт албан тушаалд томилогдон албан тушаалын ТТ-16.4 зэрэглэлд хамрагдан ажиллаж байсан. 

Монгол Улсын Их хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгож, чиг үүргийг Цагдаагийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 4-д татан буугдаж байгаа Монгол Улсын Засгийн газрын агентлагуудын холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Монгол Улсын Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт даалгаж шийдвэрлэсэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/01/277 тоот “Ажлын хэсэг томилох тухай” хамтарсан тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Б-ийн баталсан Тахарын албыг татан буулгах ажлын төлөвлөгөөний 9-д татан буугдаж байгаа Монгол Улсын Засгийн газрын агентлагийн орон тоо, төсвийн тооцоог эцэслэн, чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газар, агентлаг, байгууллагад шилжих орон тоо, төсөв тухайн агентлагийн үйл ажиллагааны стратегийн бүтцийн өөрчлөлтийн саналыг боловсруулж шийдвэрлүүлэхээр ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтоосон.

Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.5, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан Ж.Г намайг Тахарын ерөнхий газрын эрэн сурвалжлах, мөрдөн шалгах газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй, хууль бус гэж маргаж, уг тушаалын надад холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, ажилд томилуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Монгол Улсын Засгийн газрын 4 дүгээр тогтоол, А/01/277 дугаар тушаалыг үндэслэн Тахарын албаны 367 албан хаагчийг Цагдаагийн байгууллагад, 90 албан хаагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр, 85 албан хаагчид дотор 13 даргыг үүрэгт ажлаас чөлөөлсний дотор миний бие багтсан юм.

Тахарын алба татан буугдах хэлбэрээр өөрчлөн байгуулагдсанаар тус газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын чиг үүрэг Цагдаагийн ерөнхий газрын эрхлэх хүрээнд шилжсэн.

Монгол Улсын Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг сайдуудад үүрэг болгосон байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д тус тус заасныг баримтлан намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д аж ахуй нэгж байгууллагын бүтцээс тодорхой албан тушаалын ажлын байр байхгүй болсныг ойлгоно гэж үзнэ. 

Түүнчлэн Аж ахуй нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдах тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцална. Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлд хамаарч байгаа хуулийн этгээд татан буугдах үндэслэлд Иргэний хуульд заасан үндэслэл орно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр Ц.А шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ...ажлын хэсгээс шийдвэрлэсний дагуу би тушаал гаргасан цагдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагаас дарга нарыг авахгүй гэсэн.. гэх тайлбар, мэдүүлгийг шүүхэд өгсөн боловч энэ нь баримтаар нотлогдоогүй.

Монгол Улсын Засгийн газрын 4 дүгээр тогтоолын 4-д “татан буугдаж байгаа Засгийн газрын агентлагуудын холбогдох албан хаагчдын орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт  чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, бусад сайд нарт даалгасугай" гэж шийдвэрлэсэн. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, нийгмийн гарал, хүйс, хөрөнгө чинээ, эрхэлсэн албан тушаал, боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлах, хязгаарлахыг давуу байдал тогтоохыг хориглоно, 7.3-д ажил олгогч нь иргэний ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотолно гэж заажээ. 

Гэтэл Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 4 дүгээр тогтоолтой зөрчилдөж байна. 

Өөрөөр хэлбэл цагдаа шүүхийн шийдвэрийн удирдлагаас дарга нарыг авахгүй гэж хэлсний дагуу ямар ч баримтгүй, хууль зүйн үндэслэлгүй намайг тухайн газрын даргын үүргийг гүйцэтгэж байснаар нь ялгаварлан гадуурхаж хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн үйл баримт тогтоогдож байгаад гомдолтой байна.

Иймд Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалыг Ж.Г надад холбогдох хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү.

Ажилд томилуулах шаардлагын тухайд Монгол Улсын Их хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгосон, түүний чиг үүргийг Цагдаагийн байгууллага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Тахарын алба татан буугдах хэлбэрээр өөрчлөн байгуулагдсанаар тус газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын чиг үүрэг Цагдаагийн ерөнхий газрын эрхлэх хүрээнд шилжсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/437 дугаар тушаалаар Тахарын ерөнхий газрын зарим чиг үүргийг шилжүүлсэнтэй холбогдуулан Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах хэлтэст Оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах тасаг байгуулж, тасгийн дарга-1, ахлах төлөөлөгч-3, төлөөлөгч-6, нийт 10 албан тушаалын орон тоо, цалингийн зэрэглэлийг баталсан байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар төрийн албан хаагчийн баталгаа зөрчигдсөн гэж үзэж байгаа болно. Нэхэмжлэгч миний бие Эрэн сурвалжлах хэлтсийн даргаар үргэлжлүүлэн ажиллах боломж байсан.

Өөрөөр хэлбэл миний бие Тахарын ерөнхий газрын Эрэн сурвалжлах, мөрдөн шалгах газрын даргын үүрэг албан тушаалд ажиллаж байхдаа төрийн тусгай-16.4 албан тушаалын зэрэглэлд хамаарагдан ажиллаж байсан ба татан буугдсанаар газрын даргын чиг үүрэг нь хэлтсийн даргын чиг үүрэгт шилжсэн гэж үзэх боломжтой. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас миний ажилгүй байсан 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шүүхийн шийдвэр гартал хугацааны олговор олгох 16.903.563.17 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэхийг , 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Улсын Их хурлаар батлагдсан Төсвийн тухай хуулиар төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн тул тэтгэмж олгох 300.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, Э.Э нар шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Улсын Их Хурлаас Тахарын ерөнхий газрыг татан буулгаж, тахарын ерөнхий газрын чиг үүргийг Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хуваан шилжүүлсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан Засгийн газрын 2016 оны тогтоолоор Тахарын ерөнхий газрын  нэг ч албан тушаалтныг хохироохгүй байхыг ажлын хэсэгт үүрэг болгосон. Бодит байдал дээр нэхэмжлэгчийн эрхэлж байсан эрх үүргийг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн боловч түүнийг албан тушаалд томилолгүйгээр албан тушаалаас нь чөлөөлсөн. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/437 дугаартай “Зарим нэгжийн зохион байгуулалт, бүтэц, орон тоог батлах тухай” гэсэн тушаалаар Тахарын ерөнхий газар татан буугдаж хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах хэлтэст Оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах тасаг байгуулж, тасгийн даргаар цагдаагийн дэд хурандаа цолтой нэг хүн байхаар орон тоо, албан тушаал, цалин зэргийг шилжүүлэх гэж заасан. 

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хооронд Цагдаагийн ерөнхий газрын даргаас дахин Цагдаагийн байгууллагын бүтцийг өөрчилсөн А/23 дугаар тушаал гарсан бөгөөд энэ тушаалаар харьяа алба нэгж, зарим нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэргийг баталсан. 

Энэ тушаалын Нэгдүгээр хавсралтаар Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалтын бүтцийг, Хоёрдугаар хавсралтаар албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг, Гуравдугаар хавсралтаар мөрдөн байцаах зохион байгуулалт, бүтцийг, баталсан бөгөөд өмнөх Б/437 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Энэ тушаалаас харахад нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэг нь гүйцэтгэх ажлын 2 дах тасагт хадгалагдан үлдсэн байна. 

Хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбарт чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдээгүй өөрөөр хэлбэл холбогдох цалинг нь олгосон учраас Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан баталгааг эдлүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос гадуур түүний данс руу нь орсон гэдгийг тайлбартаа хэлсэн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэг нь хамгийн сүүлийн хэрэгжүүлэх арга хэмжээ юм. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1/3-58 тоот албан бичгээр 402 орон тоо, 372 албан хаагчийг тахарын газраас Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн. Үүнээс харахад шилжүүлсэн алба хаагчдаас олон орон тоог хариуцагчид шилжүүлсэн байна. 

Тахарын ерөнхий газрыг татан буугдсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б437 дугаар тушаалыг гаргасан. Нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тухайн үеийн Хууль зүйн сайд С.Б-д хандан хүсэлт гаргасан бөгөөд сайд гаргасан гомдлыг Цагдаагийн ерөнхий газрын дарга руу шилжүүлсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шинээр байгуулагдсан Эрэн сурвалжлах хэлтэст тасгийн даргыг томилж байгаагүй гэж тайлбарлаж байгаагаас харахад нэхэмжлэгчийг тус тасгийн даргаар томилон ажиллуулах боломжтой байжээ. Цагдаагийн ерөнхий газрын Б/437 дугаар тушаалаар байгуулагдсан тасгийн даргаар нэхэмжлэгчийг томилсон бол энэ маргаан үүсэхгүй байсан. Үүнээс харахад Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй байсан болох нь тогтоогдож байна.

Цагдаагийн ерөнхий газар яагаад хариуцагч болж байгаа вэ гэдгийг тайлбарлая. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрыг эрх залгамжлагчаар тогтоосон. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эрхэлж байсан эрх үүргийг шилжүүлэн авсан байгууллага болох Цагдаагийн ерөнхий газрыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар эрх залгамжлагчаар тогтоосон байна.

Иймд Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/247 дугаар тушаалын Ж.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, албан тушаалд томилохгүй байгаа Цагдаагийн Ерөнхий газрын  даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд томилохыг Цагдаагийн Ерөнхий газарт даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлагыг гаргасан. 

Төрийн албаны мерит зарчмын агуулга нь төрийн албанд олон жил тогтвор суурьшилтай ажилласан хүнийг албан тушаалд томилдогт оршино. Нэхэмжлэгч нь Цагдаагийн байгууллагад 31 жил, Тахарын албанд 2 жил ажилласан. Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан чиг үүрэг нь Цагдаагийн ерөнхий газарт шилжиж ирсэн боловч Цагдаагийн ерөнхий газраас нэхэмжлэгчийг албан тушаалд томилоогүй байна. Иймд нэхэмжлэгчийг томилохгүй байх хууль ёсны үндэслэл байхгүй байна” гэжээ. 

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О Х.Н нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... Ж.Г Тахарын ерөнхий газар /хуучнаар/ Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Тахарын албыг татан буулгаж, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж Тахарын албаны хуулиар хүлээсэн зарим чиг үүргийг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд хэрэгжүүлэхээр болсон.

Тахарын ерөнхий газар /хуучнаар/ мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газар газрын дарга-1, алба хаагчид-16 үүрэг гүйцэтгэж байсан. Цагдаагийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт орж тус газрын мөрдөн шалгах, эрэн сурвалжлах чиг үүргийг хэрэгжүүлж байсан зарим алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах хэлтсийн бүтцэд Оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах тасгийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын бүтцэд Эрэн сурвалжлах хуяглан хүргэх хэлтсийг тус тус байгуулж, 4 алба хаагчийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, 12 алба хаагчийг цагдаагийн байгууллагад шилжүүлж, газрын даргын орон тоог бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлсөн.

Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны Б/247 тоот тушаалаар нэхэмжлэгч Ж.Г-г бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлсөн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасны дагуу 6 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн хувьд Цагдаагийн Ерөнхий газрын даргын Б/247 дугаар тушаалын 3 дугаар хавсралтад багтаж, ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажлаас чөлөөлөгдсөний дараагаар ажлын байраар хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад гаргасан байдаг. Тус хүсэлтийг шийдвэрлэхийг Цагдаагийн байгууллагад яамнаас үүрэг болгосон. Тухайн нөхцөлд Цагдаагийн байгууллага байгаа бодит боломжоо хэлсэн. Офицерын албан тушаалд томилох боломжгүй, харин бага албан тушаалаар ороод ажиллах явцад буцаагаад цолыг сэргээх боломжтой тухай хэлж байсан.

Маргаж буй тушаал нь Тахарын Ерөнхий газрын даргын тушаал байхад яагаад Цагдаагийн  Ерөнхий газар нь хариуцагчаар оролцож байгаа болохыг ойлгохгүй байна. Маргаан бүхий тогтоолоор нэхэмжлэгчийг Цагдаагийн ерөнхий газарт ажиллуулахыг үүрэг болгоогүй, нэхэмжлэгч Б/247 дугаар тушаалын 3 дугаар хавсралтад багтсан бөгөөд баталгаагаар хангагдаад 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж аваад ажлаас чөлөөлөгдсөн. Иймд нэхэмжлэгч хариуцагчаа зөв тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй байна.

Нэхэмжлэгчээс тушаалыг гардаж аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч өөрийн эрх ашиг нь зөрчигдсөн болохыг мэдсэний үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа гэж үзэж байна. Маргаан бүхий тушаалаар Ж.Г-г ажил албан тушаалаас нь чөлөөлсөн тул Цагдаагийн ерөнхий газар түүнийг ажил албан тушаалд томилох үүрэг үүсэхээргүй байна. Иймд албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг гаргасан гэж үзэх боломжгүй юм. 

Нэхэмжлэгч тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ тушаал нь ямар хууль зөрчсөн талаар нэхэмжлэлийн үндэслэл, шүүх хуралдааны тайлбартаа  дурдсангүй. Маргаан бүхий тушаалын 1 дүгээр хавсралтад Ж.Г багтсан бол түүнийг албан тушаалд нь томилох байсан. Түүнчлэн Тахарын ерөнхий газрыг дарга яагаад Ж.Г-г ажил албан тушаалд томилохгүйгээр ажлаас чөлөөлсөн болохыг Цагдаагийн ерөнхий газар мэдэхгүй учраас яагаад хариуцагчаар Цагдаагийн ерөнхий газрыг татаж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Дөрөв. Гуравдагч этгээд Б.Э шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Цагдаагийн хурандаа Б.Э миний бие Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс Эрүүгийн Цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаа ба энэ нь тушаалаар томилогдон үүрэг хүлээх төрийн тусгай алба юм. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь шүүхийн шийдвэрлэх асуудал бөгөөд албан тушаалд ажиллах, томилогдох асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын удирдлага шийдэх юм. Миний зүгээс шүүх хуралдаанд оролцох боломжгүй ба албаны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлнө. Хувийн зүгээс намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй, гомдол саналгүй болно” гэжээ.

Тав. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“... Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор “Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль”-ийг баталж, Тахарын албыг татан буулгасан. 

Мөн Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолын дагуу Сангийн болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/01/277 дугаар хамтарсан тушаалаар “Засгийн газрын шинэчилсэн бүтэц, яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлагдсантай холбогдуулан Тахарын албыг татан буулгах ажлын хэсэг”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/02 дугаар тушаалаар “Тахарын албыг татан буулгах үүрэг бүхий ажлын хэсэг” тус тус байгуулагдсан. 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/02 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь Тахарын албаны даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/248 дугаар тушаалаар цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд шилжүүлсэн алба хаагчдыг томилуулах, чөлөөлөгдсөн алба хаагчдыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тэтгэмж олгох арга хэмжээг тус тус хэрэгжүүлж ажилласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад Тахарын албаны Хуяглан хүргэх хэлтэс болон хуяглан хүргэх харуулаар ажиллаж байсан 90 алба хаагч шилжиж ирснийг байгууллагын сул орон тоог харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/937 дугаар тушаалаар албан тушаалд зохицуулан томилсон. 

Нэхэмжлэгчийн Тахарын ерөнхий газарт ажиллаж байсан Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын чиг үүрэг болон тус газрын даргын орон тоо, цалингийн сан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжиж ирээгүй тул нэхэмжлэгчийг тус байгууллагад авч ажиллуулах эрх зүйн үндэслэлгүй болно” гэжээ. 

Зургаа. Нэхэмжлэгч Ж.Гнэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/247 дугаар тушаалын Ж.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, албан тушаалд томилохгүй байгаа Цагдаагийн Ерөнхий газрын  даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд томилохыг Цагдаагийн Ерөнхий газарт даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлагыг өөрчлөн гаргаж байна.

Тахарын ерөнхий газар татан буугдаж, чиг үүрэг нь Цагдаагийн ерөнхий газарт шилжиж ирсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/437 дугаар тушаалаар Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах хэлтэст оргон зайлсан яллагдагчийг Эрэн сурвалжлах тасаг гэж байгуулагдсан. 

Гэвч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/23 дугаар тушаал гарч Цагдаагийн байгууллагад дахин бүтцийн өөрчлөлт хийсэн бөгөөд Б/437 дугаар тушаалаар байгуулагдсан Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах хэлтэст оргон зайлсан яллагдагчийг Эрэн сурвалжлах тасгийг дахин Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэст Эрэн сурвалжлах тасаг болгон өөрчлөн зохион байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ. 

Долоо. Гуравдагч этгээд Б.Банзрагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.Б миний бие цагдаагийн байгууллагад 27 жил ажиллаж байна. Үүнээс Цагдаагийн ерөнхий газрын тусгай газарт 8 жил, Эрүүгийн цагдаагийн албанд 9 жил, Замын цагдаагийн албанд 9 жил зохих үр бүтээлтэй ажил үүрэг гүйцэтгэж байна. 

Сүүлийн 9 жил буюу 2009 оноос эрүүгийн цагдаагийн албанд тасгийн даргаар ажиллаж байгаа ба 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/591 дүгээр тушаалаар Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах тасагт томилогдон ажиллаж байна. 

Цагдаагийн дэд хурандаа Б.Б би цагдаагийн байгууллагад үр дүнтэй, алдаа дутагдалгүй, санал санаачлагатай ажиллаж, цол, форм, албан тушаалын шат дамжлагыг алгасалгүй ажиллаж байгаа гэж өөрийгөө ойлгож явдаг. 

Төрийн байгууллагын бүтцийн өөрчлөлттэй холбоотой үүссэн энэ мэт маргааны улмаас миний эрх зүйн байдалд өөрчлөлт орох, дордох асуудал гарвал бас ч гэж гомдох зүйл байна гэж бодож байна. Энэ асуудалтай холбоотой шүүх хуралдаанд оролцох хүсэлгүй байгааг үүгээр уламжилъя” гэжээ. 

Найм: Иргэдийн төлөөлөгч М.Ө шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Миний хувьд хэргийн материалтай танилцан, шүүх хуралдааны явцад дараах дүгнэлтийг гаргалаа. Маргаан бүхий  Б/247 дугаар тушаалыг хүчин төгөлдөр эсэхийг тогтоосны дараагаар нэхэмжлэгчийг томилуулахыг хүссэн албан тушаалд нь томилох эсэх талаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Гурав дахь хавсралтад орсон хүмүүсийн жагсаалтыг гаргахдаа тухайн чиг үүрэг нь шилжүүлж байгаа байгууллагад байхгүй нөхцөл байдлыг харгалзан гаргасан байх. Харин чиг үүрэг нь хадгалагдаж байгаа алба хаагчдыг 1, 2 дугаар хавсралтаар шилжүүлсэн байна. Хурлын тэмдэглэлд дурдсанаар ажлын хэсгийн ахлагч н.Үнэнбатын зүгээс ийм нөхцөл байдал гарч болзошгүйг таамаглан ажлын хэсгийнхэнд анхааруулж байсан байна. Иймд маргаан бүхий тушаалыг гаргахдаа сайн нягталж, дахин харж гаргах шаардлагатай байсан.

Цагдаагийн ерөнхий газрыг шүүхээс хариуцагчаар татсан тул хариуцагч нэхэмжлэгчийг албан тушаалд томилох үүргээ биелүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс Хууль зүйн яаманд хүсэлт гаргаж байсан, хариуцагчийн зүгээс сонгон шалгаруулалт зарлаж байсан нь тухайн албан тушаалд нэхэмжлэгчийн томилох боломжтой байсан болохыг харуулж байна.

Хэрвээ тус захиргааны акт нь хууль бус бол нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийх шаардлагатай. Аливаа захиргааны байгууллагаас тухайн алба хаагчийг чөлөөлж байгаа бол тус тушаалыг хаяглагч иргэнд гардуулах эсхүл шуудангаар хүргүүлэх шаардлагатай байсан. Хэрэгт авагдсан нотлох баримтад хүлээлгэн өгсөн талаар баримт байхгүй байсан” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Г нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/247 дугаар тушаалын Ж.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, албан тушаалд томилохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд томилохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” хэмээн өөрчлөн тодруулсан. 

Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Цагдаагийн ерөнхий газар, Сангийн сайд, Тахарын Ерөнхий газрыг татан буулгах комиссын дарга нарыг хариуцагчаар тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан боловч дээрх хариуцагч нарт холбогдох шаардлагаа өөрчилснөөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1-д тус тус зааснаар Тахарын ерөнхий газрын даргын эрх залгамжлагчаар Цагдаагийн ерөнхий газрын даргыг тогтоосон тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 71 дүгээр хүчин төгөлдөр тогтоол хэрэгт авагдсан байна. 

Мөн шүүхээс Тахарын ерөнхий газрыг татан буулгасантай холбогдуулан чиг үүрэг нь 2 салж, Цагдаагийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Улсын Дээд шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 308 дугаар тогтоолд дурдсаны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг хариуцагчаар татан оролцуулсан болно. 

 Нэхэмжлэгч Ж.Г нь Тахарын ерөнхий газрын /хуучнаар/ мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын даргаар ажиллаж байсан бөгөөд тус газар нь дарга-1, алба хаагчид-16 үүрэг гүйцэтгэж байсныг тус газар татан буугдсанаар мөрдөн шалгах, эрэн сурвалжлах чиг үүргийг хэрэгжүүлж байсан зарим алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах хэлтсийн бүтцэд Оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах тасгийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын бүтцэд Эрэн сурвалжлах хуяглан хүргэх хэлтсийг тус тус байгуулж, 4 алба хаагчийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, 12 алба хаагчийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хариуцагч нарын тайлбаруудаар тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт Тахарын албанаас нийт 90 ажилтан, албан хаагч шилжүүлсний дотор Тогтоол гүйцэтгэх газрын бүтцэд Хоригдол, ялтныг Эрэн сурвалжлах хуяглан хүргэх хэлтсийг байгуулж, Тахарын ерөнхий газраас ирсэн 4 алба хаагчийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажлаар хангасан нь зөв бөгөөд харин нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан албан тушаалын чиг үүрэг Цагдаагийн ерөнхий газарт бүрэн шилжсэн гэж үзэх боломжтой, энэ нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Тахарын ерөнхий газар байгуулагдахаас өмнө манай байгууллагын бүтцэд хоригдлыг эрэн сурвалжлах хэлтэстэй байсан. Хуульд зааснаар манай байгууллага яллагдагчийг эрэн сурвалжлах чиг үүргийг хүлээдэггүй, харин шүүхээс ял шийтгүүлсэн хоригдлыг эрэн сурвалжлах чиг үүрэгтэй” гэх тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг ажлаар хангах үүрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хамааралгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй болно.  

Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 01/330 тоот Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсэн албан бичигт “...цагдаагийн байгууллагын хэмжээнд одоо байгаа ажлын байрны сул орон тооны талаар мэдээлэл өгч, цагдаагийн бага цолны албан тушаалын сул орон тоонд шууд томилох, цаашид шилжилт хөдөлгөөн хийх замаар тохирох ажлын байраар хангах боломжтой талаар ... иргэн Ж.Г... нь санал болгосон албан тушаал /ажлын байр/-д ажиллахаас татгалзсан...” гэж дурдсан.

Түүнчлэн гэрч Ц.А-ын “...Шилжиж очиж байгаа хүмүүсийг Тахарын ерөнхий газрын даргын тушаалаар чөлөөлсөн тушаал гарч байж эдгээр байгууллагуудын удирдлагаас томилсон тушаал гаргана...” гэх мэдүүлэг, Ажлын хэсгийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсан Ажлын хэсгийн ахлагч н.Ү-ын “...нэг ч албан хаагчийг хохироож болохгүй... Дэд дарга, Тэргүүн дэд дарга нарын тушаалыг гарга, чөлөөлөгдсөн дарга нарыг цагдаагийн байгууллага авч болох талаар судал... Цолны асуудлыг урьд нь цолтой байсан бол тулгаж цолыг олго. Цагдаа дээр л асуудал гарна. Танайх нэг ч хүнийг хохироож болохгүй. Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо тэр чигтээ танай байгууллагад шилжиж байна. Зүгээр уусгаад авч болохгүй тусдаа газар байгуулах шаардлагатай” гэх тайлбар, мөн хуралдаанд ажлын хэсгийн гишүүн н.Н-ын /Цагдаагийн ерөнхий газар/ “740 орчим сая төгрөгийн төсвийн төсөөлөл байна. 3 тасаг, 1 хэлтэс, олон нийтийн аюулгүй байдалд 6-13 орон тоотой хэсэг байгуулах бодолтой байна. Шүүхийн дэгийг сахиулах, эрэн сурвалжлах газрын мөрдөн байцаах газрын харьяанд, цолтой хүмүүсийн цолыг сэргээх асуудлыг судалъя” гэх тайлбараас үзэхэд Тахарын ерөнхий газар хэдийгээр татан буугдсан ч нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг нь хуулиар болон зохион байгуулалтын бүтцээр Цагдаагийн ерөнхий газарт шилжсэн гэж дүгнэхээр байна. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1-3/58 тоот Цагдаагийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн албан бичигт “Тахарын албанаас танай байгууллагад шилжиж байгаа 402 орон тоо, 373 алба хаагчийг чиг үүргийнх нь дагуу бүтцийн нэгж байгуулан, зохих албан тушаалд томилж, төсөв, компьютер, техник хэрэгсэл, тусгай хэрэгсэл, бусад хөрөнгийн хамт шилжүүлэн авах ажлыг шуурхай зохион байгуулахыг” даалгасан ба маргаан бүхий Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Цагдаагийн ерөнхий газарт 367 ажилтан, албан хаагч шилжин очсон. 

Энэ нь эрх бүхий байгууллагын албан ёсны тооноос 35 орон тоо, 6 алба хаагч дутуу шилжиж очсон гэж ойлгогдох бөгөөд ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудал, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өгсөн чиглэлийн хүрээнд Тахарын ерөнхий газрын зарим чиг үүргийг шилжүүлсэнтэй холбогдуулан хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/437 дугаар тушаалаар Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах хэлтэст Оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах тасаг байгуулж, тасгийн дарга-1, ахлах төлөөлөгч-3, төлөөлөгч-6, нийт 10 албан тушаалын орон тоо, цалингийн зэрэглэлийг баталсан байдаг.

Цагдаагийн ерөнхий газарт тухайн үед байгуулсан дээрх Оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах тасгийн чиг үүрэгт нэхэмжлэгч Ж.Г-ийн эрхэлж байсан Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заагдсан “Шүүгч, улсын яллагч, гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэх чиг үүрэг хадгалагдаж үлдсэн гэж үзэхээр байна. 

Цагдаагийн ерөнхий газраас энэ ажлын байрыг бий болгосноор тус байгууллагад нэхэмжлэгчийг ажлын байраар хангах үүрэг үүссэн төдийгүй тухайн үед буюу 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Ж.Г Төрийн албаны зөвлөлд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэр дээр цагдаагийн байгууллагад ажиллах тухай хүсэлт гаргаж, тус яамнаас хүсэлтийг судалж ирүүлэх албан бичгийг хариуцагч руу явуулснаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.А нэхэмжлэгчтэй биечлэн уулзаж, ... сул орон тоо одоогоор байхгүй, цагдаагийн бага тушаалын албан тушаалд томилуулах ...боломжтой...” гэсэн ярилцлагыг хийж, танилцуулга, мэдэгдэл хүргүүлсэн нь дээрх Тасгийн даргын албан тушаалд нэхэмжлэгч томилогдох боломжийг хаасан байх магадлалтай. 

Өөрөөр хэлбэл, Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны А/247 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухайн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэснийг үндэслэл болгосон, тухайн байгууллагын хувьд татан буугдсан боловч Тахарын ерөнхий газрын холбогдох чиг үүргийг шилжүүлэн авсан Цагдаагийн ерөнхий газрын тухайд мөн зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” үүрэг үүссэн, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангах үүднээс төсөв, хөрөнгийг шилжүүлэн авсан боловч албан тушаалд томилох, тохирсон ажлаар хангах арга хэмжээг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга аваагүйг зөвтгөх үндэслэл үгүй байна. 

Энэ нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр төрийн захиргааны байгууллага татан буугдан, өөрчлөн зохион байгуулсантай холбоотойгоор захиргааны албан хаагчийн Төрийн албаны тухай хуулиар олгогдсон баталгаа, захиргааны байгууллагад итгэх итгэлийг хамгаалах зарчим зөрчигдөхөд хүргэсэн хууль бус эс үйлдэл болжээ. 

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба өмнө нь Эрэн сурвалжлах ажлын чиг үүргийг гүйцэтгэж байсныг шүүх огт үгүйсгээгүй бөгөөд энэ шалтгааны улмаас Тахарын ерөнхий газар татан буугдах үед байгуулсан Яллагдагчийг эрэн сурвалжлах тасгийг байгуулсан нь чиг үүргийн хувьд давхардлыг бий болгосон гэж үзээд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/23 дугаар тушаалаар уг албыг татан буулгаж, 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Б/437 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна. Мөн энэ нэгжийн даргын албан тушаалд хэн нэгнийг томилоогүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт дурьдагдаж байна. 

Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Нэхэмжлэгч одоо Эрүүгийн цагдаагийн газрын Эрэн сурвалжлах хэлтсийн тасгийн даргаар томилуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Энэ хэлтэс нь Тахарын ерөнхий газрыг байгуулагдахаас өмнө байгуулагдсан, Тахарын албатай ямар нэгэн хамааралгүй тул нэхэмжлэгчийг томилох боломжгүй” гэж тайлбарлаж байгаа хэдий ч Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын даргын албан тушаалын чиг үүрэг давхардан хадгалагдаж байгаа нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан “Гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулах, харьяа нэгжийг мэргэжлийн удирдлагаар хангах, оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, .... шүүхээс даалгасан хүн, эд зүйлийг эрэн сурвалжлах ажлын талаар хэлтэс албаны дарга, дэд даргыг мэдээллээр хангах, эрэн сурвалжлах ажлын чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, үр дүнг тооцох” гэж тодорхойлсноор тогтоогдож байна. 

Харин Цагдаагийн ерөнхий газар нэхэмжлэгчид мэдлэг, ажлын туршлагыг харгалзан үзэлгүйгээр ажлын байр санал болгосныг нэхэмжлэгч татгалзсан хариу өгснийг шүүх зөвтгөөгүй боловч өмнө шүүхэд Эрэн сурвалжлах хэлтсийн даргын албан тушаалд томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба энэ албан тушаал нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны А/23 дугаар тушаалаар татан буугдаж, өөрчлөн байгуулагдсанаар ажлын байр болон цалингийн сан төсөвт тусгагдаагүй, мөн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Эрүүгийн цагдаагийн Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд томилуулах” гэж өөрчилсөнтэй холбогдуулж, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэх зарчимд нийцүүлэн тус Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд өмнөх эрхэлж байсан ажлын чиг үүрэг хадгалагдсан, томилох боломжтой байсан гэж үзлээ. 

Харин нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан албан тушаалын цалин төсөвлөгдөөгүй, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэх заалт биелэгдэх боломжгүй, өмнөх нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан албан тушаалд шүүхээс шууд томилох болон нэхэмжлэгч ажиллах бололцоогүй учир тухайн албан тушаалын үндсэн цалинг нөхөн олгох эрх зүйн үндэслэлгүй байна. 

Хэдийгээр ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгогдоогүй боловч нэгэнт захиргааны байгууллагуудын бүтэц өөрчлөгдөн татан буугдсантай холбогдуулан нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүсэх ёсгүй, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах үүднээс ажлаар хангах үүрэг үүссэн үеэс буюу 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс хойших хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Тахарын алба татан буугдах хэлбэрээр өөрчлөн байгуулагдсанаар тус газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын чиг үүрэг Цагдаагийн ерөнхий газрын эрхлэх асуудлын хүрээнд бүрэн шилжсэн нь дээрх байдлаар тогтоогдсоноор Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/247 дугаар тушаалын Ж.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй, нэгэнт байгууллага татан буугдсан учир нэхэмжлэгчийг Тахарын албанаас чөлөөлсөн заалтыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй тул Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/247 дугаар тушаалын Ж.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин албан тушаалд томилохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухайн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/247 дугаар тушаалын Ж.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, албан тушаалд томилохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд томилж, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс хойших хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохыг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА