Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 385

 

       А-д холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Хурц,

шүүгдэгч А-, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн,

орчуулагч Э.Солонго,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч А-ын өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор А-д холбогдох эрүүгийн 1705010090062 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             А-, 1985 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нигер улсад төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, улс төрч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, ах, эгч, дүү нарын хамт Нигер улсын Ондо Муж Икаре Акоко хот, Ифеложу гудамжинд оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй /Паспортын дугаар-/,

            Нигер улсын иргэн А нь 2017 оны 10 дугаар сарын 5-наас 10-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рамада Улаанбаатар Сити Центр” зочид буудлын 710 тоот өрөөнд Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа гадаад улсын мөнгөн тэмдэгт буюу Америкийн Нэгдсэн Улсын долларыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж 16 ширхэгийг хадгалсан,

            2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа гадаад улсын мөнгөн тэмдэгт буюу Америкийн Нэгдсэн Улсын долларыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А-ынг Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа гадаад улсын мөнгөн тэмдэгт буюу Америкийн Нэгдсэн Улсын долларыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хилийн хязгаарлалт тогтоосныг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17 ширхэг 100 ам.долларыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч А-ын өмгөөлөгч Б.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий гарч чадаагүй гэж үзэж байна. Учир нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ зэргийг тодорхой дүгнэж бичээгүй. Мөн гэмт хэргийн улмаас хэнд, хэзээ, яаж хохирол учруулсан эсэх, тухайлбал Чимэдзаяа, Уянга нарын хэн нь яаж хохирсон эсэх нь тодорхойгүй байдаг. Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт байдаггүй. Харин 200 ам.доллар завшсан асуудлыг үгүйсгэх баримтууд байхгүй байна. 100 ам.доллар буюу 240.000 төгрөгийн асуудал нь зөрчлийн шинжийг агуулсан. Гэтэл 4 сар гаруй хугацаанд А, түүний найз бүсгүй Кэйт нарын нэр хүндийг хохироож байна. Гэм буруугийн хэлбэр, шинж нь залилангийн шинжтэй байхад байцаагч, прокурор нар өөрсдөө завших, албан тушаалаа урвуулан ашиглах, гадаадын иргэдийг захаах зэргээр хууль бус ажиллагааг явуулсан. Энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаан дээр удаа дараа хэлсээр байтал энэ бол тусдаа асуудал тул гомдлоо тусад нь гарга гэсэн хариуг өгч байсан. Гэрчүүдийн мэдүүлэг нь өөр хоорондоо харилцан зөрүүтэй байх бөгөөд Мөнх-Эрдэнийн “...солиулах зорилготой ирсэн байх...”, Усманы “...хуурамч доллартай гэдгийг мэдэж байсан шиг санагдсан...” гэсэн зохиомол үгээр үндэслэн шийтгэх тогтоол гаргасан. Иймээс шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Түүнчлэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийг хэрэгт нөхөж хийсэн, хуурамч гэж үзэж байгаа. Шүүгдэгч нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон гэх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрдөггүй. Анх үзлэг хийхэд ам.долларуудыг бөөнөөр нь шүүгдэгчийн гарт атгуулж байгаад гэрэл зургаар бэхжүүлсэн болохоос ам.доллар тус бүрээр нь гэрэл зургаар бэхжүүлээгүй байдаг. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд эдгээр ам.долларуудыг хураан авав гэсэн үг байдаггүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгах шаардлагатай байна...” гэв.

            Шүүгдэгч А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт нотлох баримтуудыг цуглуулахдаа ач холбогдолгүй, худал баримтуудыг хавсаргасан байсан. Эдгээр хуурамч ам.долларууд минийх гэдгийг нотолсон баримт байдаггүй. Анхны хуурамч гэх 100 ам.доллар нь хаана байгаа, хэрхэн цагдаад очсон талаар тодорхойгүй байсан. Надад энэ мөнгийг үзүүлсэн зүйл байддаггүй. Шийтгэх тогтоол нь ойлгомжгүй байна...” гэв.

            Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Хуурамч мөнгөн дэвсгэртийг хадгалсан болон ашигласан газар нь тодорхой байдаг. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Хэргийн газарт үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан. Уг ажиллагаагаар шүүгдэгчийн байрлаж байсан зочид буудлын өрөөний сейфнээс 17 ширхэг 100 ам.доллар гарч ирснийг нь хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр эдгээр ам.долларууд хуурамч болох нь тогтоогдсон. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссаны дараа яллагдагчид хэргийн материалыг хуульд заасан үндэслэл журмын дагуу танилцуулж, гарын үсэг зуруулсан байдаг. Анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            А- /Adejimiroye Adefemi Abiodun/ нь 2017 оны 10 дугаар сарын 5-наас 10-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рамада Улаанбаатар Сити Центр” зочид буудлын 710 тоот өрөөнд Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа гадаад улсын мөнгөн тэмдэгт буюу Америкийн Нэгдсэн Улсын долларыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан,

2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа гадаад улсын мөнгөн тэмдэгт буюу Америкийн Нэгдсэн Улсын долларыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Уянгын “...би “Амулай” ХХК-ийн “Майлд Косметикс” дэлгүүрийн “Макс Молл” худалдааны төвийн салбар хариуцсан менежер ажилтай. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ... худалдааны зөвлөх Чимэдзаяа над руу утсаар яриад “Өчигдөр худалдааны зөвлөх Мөнх-Эрдэнэ бид хоёр 1 гадаад хүнд 100 ам.доллараар худалдаа хийсэн. Гэтэл өнөөдөр Голомт банкинд орж орлогоо тушаах гэтэл уг гүйлгээ хийсэн 100 ам.долларыг хуурамч гэж байна. Одоо яах вэ, та хурдан хүрээд ир” гэж хэлсэн... Тэгээд Чимэдзаяа нь “Макс Молл” худалдааны төвд явж байтал урд өдөр нь гүйлгээ хийсэн гадаадын иргэн дахин явж байхад нь очиж уулзаад цагдаад дуудлага өгөөд тэр хүнийг өгөөд явуулсан гэсэн... энэ асуудал цагдаагийн хэлтэст шалгагдаж байх үед тэр гадаад хүн өөрөө хохирлоо барагдуулсан. Одоо манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 23-24/,

- гэрч А.Чимэдзаяагийн “...би “Макс Молл” дэлгүүрийн 1 дүгээр давхарт байрлах “Майлд Косметикс” гоо сайхны барааны дэлгүүрт худалдагч Мөнх-Эрдэнийн хамт 2017 оны 10 дугаар сарын 9-ний орой ажиллаж байхад үл таних өнгөт арьстай гадаадын хүн орж ирээд “Юм худалдаж авах гэсэн юм, гэхдээ ам.доллараар гүйлгээ хийнэ болох уу” гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд 100 ам.доллар гаргаж өгөхөөр нь 1 ам.долларыг 2460 төгрөгөөр бодож нийт 246.000 төгрөгийг өгөхөд тэр хүн худалдан авсан барааныхаа мөнгийг өгөөд явсан. Маргааш нь би орлогынхоо мөнгийг тушаахаар тус дэлгүүр дотор байрлах Голомт банкны салбар руу ороод 100 ам.долларыг солиулах гэтэл хуурамч байсан...” /хх-ийн 34-35/,

- гэрч Н.Мөнх-Эрдэнийн “...2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 20 цагийн үед би дэлгүүр дээрээ гоо сайхны зөвлөх Чимэдзаяагийн хамт байж байсан. Гэтэл гадаад улсын өнгөт арьстай хүн орж ирээд 34.000 төгрөгийн үнэ бүхий нүүр цэвэрлэгч худалдаж авахаар болоод мөнгөө өгөхдөө “100 ам.доллар л байна, энэ мөнгийг Монгол мөнгөөр тооцож аваад бараагаа авч болох уу” гэхээр нь Чимэдзаяа бид хоёр зөвшөөрч 1 ам.долларыг 2460 төгрөгөөр тооцож нийт 246.000 төгрөгийг хариулж өгөөд түүнээсээ барааныхаа 34.000 төгрөгийг суутгаж авсан. Маргааш өглөө нь Чимэдзаяа Голомт банкинд орж орлогоо тушаах гэтэл өчигдөрийн гадаадын иргэний гүйлгээ хийсэн 100 ам.доллар хуурамч байна гэж хэлсэн гэсэн... уг 100 ам.доллар хуурамч гэдгийг нь мэдээд мөнгөө солиулах зорилготой орж ирсэн байх. Учир нь манай дэлгүүрт орж ирээд юм үзэж байгаад “Нүүр угаачихаар нүүр цэвэрлэгч байна уу” гэж бараанд нь ач холбогдол өгөхөөргүй асууж байсан...” /хх-ийн 36-37/,

- гэрч П.Наранчимэгийн “...би Голомт банкинд теллерээр ажилладаг. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10 цаг 40 минутын үед “Макс Молл” төвийн 1 дүгээр давхарт байрлах гоо сайхны барааны дэлгүүрийн худалдагч орлого тушаахаар орж ирээд надаар үйлчлүүлсэн... орлого болгож байгаа мөнгөн дунд 1 ширхэг 100 ам.доллар байсан. Түүнийгээ Монгол мөнгөөр солиулаад нэмж орлого хийнэ гэхэд нь би гартаа барихад ам.долларын цааснаас арай өөр санагдсан. Тэгэхээр нь би мөнгө шалгадаг машинаар шалгаж үзэхэд хуурамч гэсэн дохио өгөөд бичиг гарч ирсэн. Тэгэхээр нь манай банкнаас цагдаад дуудлага өгөөд мөнгийг нь цагдаад хүлээлгэж өгсөн...” /хх-ийн 42-43/,

- гэрч Олуда Фунмилаой Кэйтийн “...Би Монгол Улсад өөрийн найз залуу А-гийн хамт 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр ирсэн. Бид хоёр Монгол Улсад Англи хэлний багшийн ажил хийх гэж ирсэн юм... бид хоёрт байсан мөнгө бүгд 100 ам.долларын дэвсгэртээр байсан. Бид хоёрын Нигер улсаас авч явсан 2200 ам.доллар нь бүгд манай найз залуу А-гийн мөнгө. Зочид буудлын өрөөнд байсан сейфэнд А- өөрөө мөнгөө хийж түгжсэн. Надад тэр мөнгөнөөс дур мэдэж зарцуулах эрх байгаагүй. Өөрөө мөнгөө авч хэрэглэж байсан...” /хх-ийн 30-31/,

- гэрч Муса Усманы “...А- надад хандаж Монгол Улсад хуурамч ам.доллартай ирсэн юм, тэгээд түүнийгээ ашиглаж байгаад цагдаад баригдсан гэж хэлэхэд нь би маш их гайхаж шоконд орсон... А- өөрийгөө хуурамч ам.доллартай байсан гэдгээ мэдэж байсан юм шиг санагдсан. Тэгэхээр нь би тэр хүмүүсийг муу хүмүүс байна гэж бодсон. Түүний хойш над руу залгахад нь би утсаа аваагүй...” /хх-ийн 45-46/,

- шинжээч Б.Отгондалайгийн “...Бичиг баримт хэвлэлийн олон арга байдаг. Тэдгээрийн нэг нь офсет хэвлэлийн арга юм. Эдгээр 17 ширхэг 100 ам.долларын мөнгөн дэвсгэртүүдэд будагч бодис жигд тархалттай, будагч бодис ямар нэгэн хүрээ үүсгэлгүй тархсан, химийн уусалтаас хамаарсан зах ирмэгийн тэгш бус байдал гэх мэт офсет хэвлэлийн шинж тэмдгүүд илэрсэн байсан. Уг 17 ширхэг хуурамч 100 ам.долларын дэвгэртүүдийг мэдээллийн санд сериал дугаараар нь хайж үзэхэд эдгээр сериал дугаартай дэвсгэртүүд бүртгэгдээгүй байсан. Энгийн хүний нүдээр ажиглавал хуурамч дэвгэртийг мэдэх боломжтой. Мөн цаасны хувьд үнэт цаас биш энгийн хэрэглээний цаас учраас цаас нь бас хуурамч гэдэг нь мэдэгдэнэ...” /хх-ийн 83-84/,

- А-ын мөрдөн байцаалтад өгсөн “...би өөрийн сүйт бүсгүй Кэйтийн хамт Монгол Улсад ажиллах амьдрах зорилготой ирсэн... Чимэдзаяад 100 ам.доллар өгч гоо сайхны бараа худалдаж аваад хариултаа Монгол мөнгөөр аваад зочид буудлын өрөө рүүгээ буцаад явсан. Тэр мөнгийг ажил хайхаар явахдаа хэрэглэсэн... би өөрийн урд өдөр гүйлгээ хийсэн 100 ам.доллар хуурамч юм чинь надад байгаа бусад 100 ам.долларууд хуурамч гэж бодсон болохоор хэлэхээсээ айсан...” /хх-ийн 26-27, 99-102/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5343 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн LB16913565Т сериал дугаартай 100 долларын дэвсгэрт нь жинхэнэ мөнгөн дэвсгэрт байна. KB48817474А, KB22717322A, KB33713371A, KB58817715A, KB31717373A, KB19292977A, KB44717333A, KB37713377A, KB44717473A, KB44717333A, KB31717373A, KB58817715A, KB19292211A, KB19292977A, KB44717333A, KB33713371A, KB19292211A сериал дугаартай дэвсгэртүүд нь хуурамч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 86-90/, хуурамч мөнгөн тэмдэгтүүдийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 92/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч А- нь “өөрт байгаа ам.доллараа хуурамч гэдгийг мэдээгүй” гэж маргах боловч тэрээр Монгол Улсад нэгэнт амьдрах, ажиллах зорилгоор ирсэн гэх атлаа энэ хугацаанд өөрт байгаа ам.доллараа арилжааны банкаар дамжуулан солиулах оролдлого хийлгүйгээр банк хаасан хойно дэлгүүрээр үйлчлүүлж, төлбөр тооцоогоо ам.доллараар хийж, хариултандаа Монгол төгрөг тооцон авснаас үзэхэд ам.долларыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан нь нотлогдсон байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй байх ба мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Дээр дурьдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч А-ын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож, “Гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдээгүй, уг гэмт хэргийг үйлдээгүй” гэх байдлаар маргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, ял эдлүүлэх дэглэмийг тогтоосон нь хуульд нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гэм буруу, мөрдөн шалгах ажиллагааны талаар маргасан шүүгдэгч А-ын өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А-ын өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЮУНЧУЛУУН

                                 ШҮҮГЧИД                                                   Т.ӨСӨХБАЯР

                                                                                                     Н.БАТСАЙХАН