Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 384

 

    Г.С-, А.А- нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Байгалмаа,

шүүгдэгч Г.С-, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Л.Данзанноров,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Л.Данзанноров нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.С-, А.А- нарт холбогдох эрүүгийн 1711001160274 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Боржигон овогт Г-гийн С-, 1995 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/,

            2. Боржигон цэцэн ван овогт А-гийн А-, 1994 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, бүрэн дунд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:УК94060917/,

            Г.С-, А.А- нар нь 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Соёл урлагийн их сургуулийн урд талын зам дээр хохирогч Э.Тэргэлийг зодож, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.С-, А.А- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.С-, А.А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хөнгөн хохирол учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Г.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Тухайн үед Даансүрэнгийн автомашины цонхыг үл таних хүмүүс хагалаад зугтаалаа гэхээр нь С-, Даансүрэн нарын хамт явсан. Хэргийн газарт би хэнийг ч цохиогүй, гэмтээгээгүй. Энэ тухайгаа анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсэн. Намайг хохирогчийг автомашинаас нь татаж буулгасан гэх боловч хохирогч өөрөө автомашинаасаа буусан талаараа шүүх хуралдаанд мэдүүлдэг. Үүнийг анхаарч үзнэ үү.

2. Миний хувьд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, аливаа аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд саад учруулсан, танхайрсан зүйл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С- хохирогчийг цохиж гэмтээсэн нь тодорхой байсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмтэл нь 1 удаагийн цохилтоос үүссэнийг тогтоосон. Тухайн үед хохирогчтой хамт явсан залуусын нэг нь надад “Та бид хоёр эрүүл байгаа юм чинь найзуудыгаа аваад явцгаая” гэж хэлсний дагуу би маргааныг зохицуулж болиулсан билээ.

3. Бусдыг гэмтээсэн хүн нь тодорхой байхад намайг гэм буруугаа хүлээн мэдүүлээгүй гэсэн үндэслэлээр гэмт хэрэг биечлэн үйлдсэн хүнээс илүү ял шийтгэсэнд гомдолтой байна. 

4. Би 2012-2016 онуудад ОХУ-д суралцаж байгаад өвчний учир сургуулиасаа түр чөлөө авсан бөгөөд өөрийн чөлөөт цагаараа төлбөртэй орчуулга хийж ахуй, амжиргаагаа залгуулдаг байсан. Үүнийг харгалзан үзнэ үү.

Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... ” гэв.

Шүүгдэгч А.А-гийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Л.Данзанноров нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо, мөн өмгөөлөгч Л.Данзанноров тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь:

  1. Тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүйн тухайд:

Тухайн үед такси үйлчилгээнд явж байсан Г.С-гийн автомашины цонхыг хэсэг залуус хагалж зугтаасан тул хойноос нь хөөсөн байдаг. Ингэхдээ хохирогч Э.Тэргэл болон түүний нөхдийг автомашины цонхыг хагалсан залуустай андуурсанаас энэ хэрэг гарсан.

Хохирогч Э.Тэргэлийг А.А- биш, Г.С- цохиж гэмтээсэн нь тодорхой байдаг. Гэтэл А.А-г хохирогчийг цохиж гэмтээсэн мэтээр хэрэгт авагдсан эргэлзээтэй баримтуудад үндэслэн дүгнэж, тэднийг олон нийтийн амгалан байдлыг алдагдуулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж буруутгаж ял шийтгэсэн нь буруу байна. 

А.А- нь Г.С-гийн хамт Э.Тэргэл нарын залуус дээр очсон боловч хэнийг нь ч цохиж гэмтээгээгүй. Энэ нь түүний удаа дараагийн өгсөн тогтвортой мэдүүлгүүдээр нотлогдох ба шүүх хуралдаанд Г.С- ч үүнийг давхар гэрчилдэг. Түүнчлэн А.А- нь хохирогч Э.Тэргэлд учирсан гэмтэлд огт холбогдолгүй болох нь Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 8015 дугаар дүгнэлтээр нотлогддог. Учир нь уг дүгнэлтийн 1 дэх заалтад Э.Тэргэлийн биед учирсан гэмтэл хохирогчийн нүүрэн хэсэг, тодруулбал хамар зовхины орчимд л учирсан болохыг тогтоосон байна. Түүнчлэн 2 дахь заалтад “Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.С- нь хохирогч Э.Тэргэлийн хамар, зовхины орчимд 1 удаа цохиж гэмтээснээ хүлээн мэдүүлдэг. Үүнийг хохирогч Э.Тэргэл, гэрч Э.Алтандөш нар баталдаг.

2.  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

2.1. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэх” замаар шийдвэрээ гаргасан. Хэргээс харахад мөрдөгч удаа дараа тухайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж прокурорын хяналтад шилжүүлж байсан. Гэвч прокурорын зүгээс тухайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийн шинжтэй гэж алдаатай дүгнэж, улмаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь шүүх хэргийг ийнхүү алдаатай шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлсэн.

Учир нь “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, ... хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” байхыг шаарддаг. Энэхүү зүйл заалтын агуулгаас харахад тухайн зүйл хэсэгт нэрлэн тоочсон хууль бус үйлдлүүдийн улмаас “аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан байх, мөн олон нийтийн амгалан тайван байдал алдагдсан байх” үр дагаварт үйлдлээрээ хүргэсэн байхыг зайлшгүй шаарддаг байна.

2.2. 2002, 2015 онуудад батлагдсан Эруугийн хуулийн заалтуудыг буруу хэрэглэсэн.

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах буюу шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан зохицуулалт нь шүүхийн шийтгэх тогтоолд заасанчлан, мөн шүүх хуралдааны явцад улсын яллагчийн тайлбарлаж байсан шиг 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан “Танхайрах” гэмт хэрэгтэй адилтгах, түүнтэй төстэй байдлаар ойлгогдон хэрэглэгдэх зохицуулалт огтхон ч биш бөгөөд 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд “Танхайрах” гэмт хэрэг гэж огт байхгүй.

Шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт, шинжийг тодорхойлохдоо “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж тодорхой заасан атал шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт “... шүүгдэгч Г.С-, А.А- нар нь ... танхайрах буюу олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн” гэж дүгнэсэн нь буруу юм. Тодруулбал шүүгч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгагдсан “Танхайрах” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн мэт атлаа 2015 оны Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр ял оногдуулсан нь хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

2.3. Шүүх Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах зарчмыг зөрчсөн.

Шүүхээс А.А-г дээрх зүйл хэсэгт зааснаар буруутгаж шийдвэрлэсэн боловч ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн зарчим, хэм хэмжээг баримтлаагүй. Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчмын агуулгыг тодорхойлохдоо “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан.

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн уурэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж маш ойлгомжтой зохицуулсан нь шударга ёсны зарчмын агуулгад нийцнэ.

Бид Г.С-д хамаарах асуудлыг хянан шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх, түүнтэй барьцах санаа зорилго огтхон ч агуулаагүй гэдгээ илэрхийлье. Харин ч Г.С-, А.А- нар шүүхээс илүү эерэг, нааштай шийдвэр сонсох боломжтой байсан гэж үзэж байгаа болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад хэргийг гардан гүйцэтгэсэн хүн нь   Г.С- гэдэг нь ойлгомжтой. Харин А.А- хохирогчид огт гэмтэл учруулаагүй, тэр ч байтугай тухайн хэрэгт оролцсон эсэх нь туйлын эргэлзээтэй. Хэргийн хоёр холбогдогчийн үйлдэл оролцоо, мөн гэм буруу байдаг бол түүнийх нь хэр хэмжээ нь ч ихээхэн ялгаатай. Шүүгч энэ бүхнийг дэнсэлж, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон ял оногдуулж, гэм зэмийг тэнцүүлэх нь шударга ёсонд нийцэх байсан. А.А-г шүүхийн шийтгэх тогтоолд, мөн яллах дүгнэлтэд дурьдсанчлан хамтран оролцсон гэж үзвэл, тэрээр нэгэнт хохирогчийн биед гэмтэл учруулаагүй тул тухайн хэргийн гүйцэтгэгч биш. Харин түүнийг Г.С-гийн үйлдэлд хамтран оролцож, түүнд дэмжлэг үзүүлсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамжигч болно.

Гэтэл шүүхийн шийдвэрээс харахад мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гуйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна” гэж заасан нь зөрчигдсөн гэж үзэхээр байна. Тодруулбал хэргийн гүйцэтгэгч Г.С-д ял оногдуулалгүйгээр тэнссэн бол “хамжигч” А.А-г гэм буруутайд тооцож 1 жилийн ял оногдуулан, уг ялыг нээлттэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны зарчим, шударга ёсны зарчмаас илтэд хазайсан хэрэг болжээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан хэрэг болох уу? Дахин хэлэхэд бид Г.С-д холбогдох шүүхийн шийдэлтэй барьцаж байгаа хэрэг бус, гагцхүү хэргийг хуульд нийцүүлэн шударгаар шийдвэрлэх, А.А-гийн хэргийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, Г.С-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох боломжтой гэж харж байгаагийн үндсэн дээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх тодорхой үндэслэлүүдийг дурьдсан болно.

2.4. Өөрийн ... эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, ... шударга шүүхээр шүүлгэх эрхээ хэрэгжүүлсэн нь А.А-д ял биечлэн эдлүүлэх шийдвэрийн үндэслэл болсон. Энэ нь буруу гэж үзэж байна.

3. Шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дахь хэсгийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг баримтлаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийдвэрийн агуулгыг маш нарийн заасан бөгөөд холбогдох шаардлагыг хангаагүй бол энэ нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл болдог. Тодруулбал, анхан шатны шүүх тогтоолдоо хамтран оролцогчдын үйлдлийг шүүгдэгч тус бүрээр нь тодорхойлоогүй, гагцхүү “бүлэглэн” гэх үйлдлийн цаана бүхнийг “далдалж”, хэн хэрхэн, ямар байдлаар хамтран, хамжин, дэмжин оролцсоныг тодорхойлоогүй, хэт ерөнхий байдлаар тусгасан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг хангаагүй гэх үндэслэл болно.

А.А-д хорих ял оногдуулсан үндэслэл нь түүний хувийн байдал болж     байгаа талаар дурьджээ. Гэтэл хувийн байдал нь хэрхэн “муугаар” нөлөөлж түүнийг хорих ял, тэр тусмаа биечлэн эдлэх хорих ялд унагахад хүргэв гэдгийг тогтоолд тодорхой заагаагүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн агуулгыг тусгасан ба мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хэсэгт дараахь зүйлийг тусгана”, 3.1 “...хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” гэж зайлшгүй тусгагдах нөхцлийг заасан атал үүнийг тогтоолд тусгаагүй орхигдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал ... хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан агуулгаас харахад ч энэ нь шүүхийн шийтгэх тогтоолд энэ нөхцөл байдал зайлшгүй тусгагдахаар байна.

Хэргээс харахад А.А-г хэрэг үйлдсэн гэж үзвэл түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудаас мөн зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дахь хэсэгт заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, 1.6 дахь хэсэгт заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдлууд харагдаж байгаа юм.

Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ талаар огт дүгнээгүй, тогтоолын тодорхойлох хэсэгт тусгаагүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг зөрчсөнөөрөө уг хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлийг бүрдүүлжээ.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, А.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.

Шүүгдэгч Г.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хохирогчийн шанаан тус газарт 1 удаа цохисон. Харин А-г цохиж байхыг бол хараагүй...” гэв.

            Шүүгдэгч Г.С-гийн өмгөөлөгч Ц.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй гэж үзвэл шүүгдэгч Г.С-д нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье...” гэв.

            Прокурор Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.С-, А.А- нарын гэмт үйлдэл нь танхайн шинжийг агуулсан тул прокуророос тэдэнд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугаа хүлээсэн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан нь үндэслэлтэй болсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Г.С-, А.А- нарыг 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Соёл Урлагын Их сургуулийн урд талын зам дээр хохирогч Э.Тэргэлийг зодож нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Г.С-, А.А- нарыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.С-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, А.А-д 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

- хохирогч Э.Тэргэлийн “...хэрэг болдог орой би хоёр найзтайгаа “Ви” бааранд цаг гаруй сууж байгаад гарсан... такси барих гээд зогсож байхад манай нэг найз “Нэг залууг хэдэн залуучууд зодож байна” гэж хэлсэн. Бид нар явах гэж байтал хоёр залуу биднийг “байж бай” гээд орилсон. Бид тэдгээр залуучуудыг хүн андуурчихлаа гэж ойлгоод таксины жолоочид “Явъя” гээд хөдлөхөд ... урдуур хашиж орж ирээд А- хаалга нээж намайг буулгаад “Та нар цонх хагалчихлаа” гэсэн. Тэгэхэд нь би “Та нар хүн андуураад байна” гэхэд С- миний хамар луу цохисон. Энэ үед миний хамраас цус гарч хавдсан...” /хх-ийн 121/,

- гэрч М.Даансүрэнгийн “...С-, А- бид гурав “Ви” нэртэй баарны гадаа халтуур хийх гээд тус тусын автомашиныхаа гадна үйлчлүүлэгч хүлээгээд зогсож байтал гурван залуу хоёр залуутай зодолдоод гурван залуу нь таксинд суугаад зугтаагаад явсан. Үлдсэн хоёр залуу нь араас нь хөөж байгаад миний унаж явсан “Аксент” загварын автомашины урд салхины шилийг уурандаа гараараа цохиод хагалчихсан юм. Тэгээд би зугтаасан гурван залууг авчирч нөгөө хүмүүстэй учрыг нь олуулж өөрийнхөө автомашины шилийг төлүүлэх санаатай А-, С- нартай араас нь хөөгөөд Соёл Урлагийн Их сургуулийн урд талын зам дээр зогсоосон... А- хойд талын хаалганаас нэгийг нь бууж ирж байхад нь 1 удаа цохисон. Хаашаа гэдгийг нь хараагүй. Тэгээд нөгөө гурван залуу С-, А- хоёр луу дайраад хоорондоо ноцолдсон ба би нэгийг нь татаад салгасан. Нэг мэдсэн чинь тэнд байсан нэг залуу “Хамар луу цохьчихлоо цагдаа дууд” гэсэн...” /хх-ийн 18-19/,

- гэрч Д.Бат-Оргилын “...Соёл Урлагийн Их сургуулийн урд талд явж байтал “Аксент” загварын автомашин шахаж орж ирээд дотроос нь гурван залуу бууж ирсэн... Нэг харахад Тэргэл дээр хоёр хүн оччихсон зодоод байсан. Яг хэн, хэнийг хэдэн удаа, юугаар цохисон талаар тухайн үед анзаараагүй...” /хх-ийн 22-23/,

- гэрч Э.Алтандөшийн “... “Ви” баарны гадна баахан хүмүүс хоорондоо зодолдоод байсан ба Бат-Оргил жаахан согтуу байсан болохоор “Та нар болиоч, ганц хүнийг зодоод” гэх мэтээр жаахан орилчихсон юм. Тэгэхэд зодуулж байсан эрэгтэй нь баарны гадаа байсан “Аксент” загварын автомашины салхины шилийг цохиж хагалчихаад яваад өгсөн. Тэгсэн чинь хоёр эрэгтэй хүн бид нар луу алхаад “Та нар юу гээд байнаа” гээд ирэхээр нь бид нар таксины жолоочийг хөдөл гээд яваад өгсөн. Тэгээд Соёл Урлагийн Их сургуулийн урд явж байтал нөгөө шилээ хагалуулсан “Аксент” загварын автомашин манай таксиг хашиж орж ирээд зогссон. Уг автомашинаас шар өнгийн савхитай дунд зэргийн биетэй жаахан мяраалаг залуу гарч ирээд Тэргэлийн сууж байсан баруун талын хаалгыг онгойлгоод Тэргэлийг 1 удаа цохиод татаад гаргасан... хар өнгийн фудволктой залуу Тэргэлийн нүүр лүү 1 удаа цохисон. Тэгэхэд Тэргэлийн хамраас цус гараад хавдчихсан...” /хх-ийн 24-25/,

- яллагдагч А.А-гийн “...тухайн өдөр би шар өнгийн савхин куртик өмссөн байсан... би автомашины хаалга онгойлгож сандал өшиглөсөн болохоос Тэргэлийг цохиж зодоогүй, түүнийг чирч гаргаагүй...” /хх-ийн 52/,

- яллагдагч Г.С-гийн “...А- Тэргэлтэй зогсож байхаар нь хажуу талаас нь очоод Тэргэлийн нүүр, шанаа хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгэхэд Тэргэл “Хамар хугалчихлаа” гээд орилсон...” /хх-ийн 53/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 8015 дугаартай “Э.Тэргэлийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 27/ зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлавал Г.С-, А.А- нарын үйлдэлд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх шинж агуулагдаагүй байна.

Учир нь нийтийн хэв журмыг зөрчих гэдэг нь олон нийтээр хамтран амьдарч тогтож хэвшсэн хэв ёсонд шууд харшилсан, эсхүл уламжлагдаж ирсэн зан заншлыг үл хүндэтгэсэн, олон нийтийн амгалан тайван амарч, ажиллах нөхцлийг санаатайгаар алдагдуулж, улмаар өөрийн үйлдлээс учирч болох хор уршгийг зориуд хүсэж үйлдэхээс гадна, хүсээгүй ч гэсэн тийм байдалд хүргэж болохыг ойлгож мэдсэн атлаа үйлдлээрээ гүйцэлдүүлдэг санаатай үйлдлийн бодит илрэл юм.

Харин шүүгдэгч Г.С-, А.А- нар нь хохирогч Э.Тэргэлтэй “автомашины салхины шил хагалсан хүнийг олох зорилгоор” хувийн шинжтэй харилцааг үүсгэн маргалдаж, улмаар Г.С- хохирогчийн нүүрэн тус газарт цохисноос биед нь “хамар ясны хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч нь А.А-д цохиулж, зодуулснаас биедээ гэмтэл авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тэдний санаа бодлын чиглэл нь тодорхой сэдэлттэй буюу өөрсдийн хүссэн үр дүнд хүрэхийг эрмэлзэж түүндээ хүрэхийн тулд хүний бие махбодид халдсан нь тогтоогджээ.  

Шүүгдэгч Г.С-гийн гэмт үйлдэл тухайн цаг үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрчээ.

Дээрх байдлыг үндэслэн, прокуророос Г.С-, А.А- нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс А.А-гийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.С-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Г.Дэлгэрмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Чингэлтэй дүүргийн прокурорын газраас А.А-д холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, А.А-г цагаатгасугай.”,

- “Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.С-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.”,

- “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Г.С-г мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Боржигон овогт Г-гийн С-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЮУНЧУЛУУН

                                 ШҮҮГЧИД                                                   Т.ӨСӨХБАЯР

                                                                                                     Н.БАТСАЙХАН