Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1171

 

Т.Лайлаагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00960 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Лайлаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Батчимэгт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа,

Хариуцагч Н.Батчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Лайлаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Лайлаа нь Н.Батчимэгтэй 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 8 000 000 төгрөгийг 15 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2016 оны 6 дугаар сарын 21-нийг хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж, барьцаанд нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж 134а тоот 63 м.кв хашаа, байшинг барьцаалж, нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлийн төлбөр, 5 сарын хүү төлөөгүй байна. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл 8 000 000 төгрөг, хүү 4 000 000 төгрөг нийт 12 000 000 төгрөгийг хариуцагч Н.Батчимэгээс гаргуулж өгнө үү. Зээлдэгч гэрээний үүргээ тогтоосон хугацаанд зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй байх тул үндсэн зээл 8 000 000 төгрөг, нэг сарын хүү 1 200 000 төгрөг бөгөөд зээлдэгч нэг сарын хүү төлж, 5 сарын хүү 6 000 000 төгрөг, алданги өдрийн 40 000 төгрөгийг 107 хоногоор тооцоход 4 280 000 төгрөг болох бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги 4 000 000 төгрөг болж байна. Иймд үндсэн зээл 8 000 000 төгрөг, хүү 6 000 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг нийт 18 000 000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулж, эхний нэг сарын хүүг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүүг хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч 12 000 000 төгрөгөө төлж барагдуулна. Сарын 15 хувийн хүүг хэт өндөр гэж үзэж байгаа учраас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүг багасган тооцож өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Батчимэгээс 18 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Лайлаад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206 950 төгрөг, 110 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 50 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Т.Лайлаад буцаан олгож, хариуцагч Н.Батчимэгээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 247 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Лайлаад олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Батчимэг зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн барьцаа хөрөнгө болох Н.Батчимэгийн өмчлөлийн 000383855 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2204068538 дугаартай Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж, 134а тоотод байрлах 63 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах газар өмчлөх эрхийн 000322020 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Г-2204023427 дугаартай 700 м.кв газрыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчаас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 282 дугаар зүйлд хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх багасгаж болно гэж зааснаар хариуцагч Н.Батчимэг зээл авахдаа зээлийн зориулалтаа нийтийн хоол, гуанзны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар авсан боловч үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулаагүй, ямар ч орлогогүй, төлбөрийн чадваргүй байгаа мөн Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа банк, банк бус санхүүгийн байгууллага, хувь барьцаалан зээлдүүлэх газрын хүү 1.5-аас 8 хувьтай байгаа зэргийг харгалзан үзэлгүй, өндөр хүүтэй зээлийг хангаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх ашгийг хохироож байна. Нөгөө талаар зээлийн үндсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан бөгөөд зээлийн хүү 15 хувь байгаа нь зээлдэгчид илт хохиролтой тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар хүүгийн хэмжээг багасгаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын зээлийн гэрээнээс үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Т.Лайлаа нь хариуцагч Н.Батчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч алданги шаардсан хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Барьцаат зээлийн гэрээ” байгуулагдаж, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар 8 000 000 төгрөгийг, сарын 15 хувийн хүүтэй, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрхи гэрээний үүрэгт хариуцагч Н.Батчимэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж 134а тоот 63 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 700 м.кв газрыг барьцаалж, зээлийн мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчид шилжүүлэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан уг барьцаат зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон. /хх- 4/

Зохигч талууд зээлийн гэрээний дагуу хүү, алданги тооцох тохиолдолд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар бичгээр хэлцэл хийх шаардлагад нийцүүлэн хэлцэл хийсэн байна. 

Хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрийг төлөхөө зөвшөөрч маргаагүй. Харин зээлийн хүүгийн хэмжээ 15 хувь буюу хэт өндөр байгааг харгалзан үзээгүй, зээлдэгчийн эрх ашгийг хохироосон гэж гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасныг анхан шатны шүүх баримтаар нотлоогүй гэж үзэн уг заалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн нь буруу байх тул залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд хариуцагч Н.Батчимэгээс зээлийн гэрээний үндсэн үүрэг 8 000 000 төгрөг, зээлийн гэрээний дагуу хүүг багасгаж 8 хувиар тооцон 3 200 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг нийт 15 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Лайлаад олгож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч Т.Лайлаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх уг шаардлагыг шийдэрлэсэн нь буруу байх тул уг шаардлагатай холбоотой шийдвэрийн 3 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/00960 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

     1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2,  232  дугаар  зүйлийн  232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Батчимэгээс 15 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Лайлаад олгосугай” гэж,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

     2 дахь заалтад “247 950” гэснийг “233 950” гэж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, “4” гэснийг “3” гэж дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Батчимэгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                                                                           ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                                   Д.БАЙГАЛМАА