Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 291

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух, эрэгтэй, ВД59031012 регистрийн дугаартай, Бэсүд бариач овогт Цагаачийн Цэцэгмаагийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар  оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Цэцэгмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1959 онд төрсөн, одоо 57 настай, малын эмч мэргэжлээр хүнд нөхцөлд тэтгэвэрт гарах тул 1980 онд цэргээс халагдаж ирээд 1980 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 1 дүгээр бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн малын бага эмчээр ажилласан. Мэргэжлийн хүн ирсэн учраас 1981 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс бага эмчийн ажлаас чөлөөлөгдөж санитарчаар ажиллаж байгаад 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ХАА-н техникумд явах болсон тул ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг нэгдлийн даргын тушаалаар бичээгүй сумын намын үүрийн товчооны тогтоолоор бичсэний зэрэгцээ 1982 оны ХАА-н техникумд явахад ажлаас чөлөөлсөн тушаалыг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүй үүнийг улсын архиваас шүүлгэхэд материал гарч ирэхгүй байна. ХАА-н техникум төгсч ирээд 1985 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдэлд малын бага эмч мөн Зоо-мал эмнэлгийн тасагт хэсгийн малын бага эмчээр ажилд авсан бичилтүүд хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй тул энэ хугацааны ажилласан нийт 4 жил 10 сарын хугацааг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар Ц.Цэцэгмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, 1976 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр болон 1985 оны хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, 1989 онд авч байсан цалинг нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 293 тоот, түүний 1981, 1982 онд ажиллаж байсан талаар лавлагаа гаргасан 791 тоот албан бичгүүд, Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн даргын 1976 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 06 тоот, 1977 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 04 тоот тушаал, Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1981 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 05 тоот тушаал, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 43 тоот тушаал, гэрч Д.Баатаржавын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг дэлгэцээр харуулан нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Цэцэгмаа нь 1980 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 1 дүгээр бригадын малын бага эмч, санитарчаар тус тус ажиллаж байсан болох нь түүнийг 1981 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн малын эмчээр ажилд томилсон “Ажилд томилох тухай” Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1981 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 05 тоот тушаал, Хөдөө аж ахуйн удирдах газрын 1981 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 48 тоот тушаалд түр томилж ажиллуулсугай гэсний хавсралтанд Баян-Өндөр сумын малын эмчээр Цэцэгмаа гэх, Баян-Өндөр сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1982 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот захирамжид малын тарилга туулгалт шинжилгээнд ахлах мэргэжилтэн явуулах тухай гэсний хавсралтад 2 дугаар бригадын санитарч Цэцэгмаа гэж бичигдсэн талаар Төрийн архивын тасгийн Х№51,Б№01,ХН№01,07,192 тоот сан хөмрөгт хадгалагдаж буй баримтуудаас түүвэрлэн авч лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн Архивын тасгийн 791 тоот албан бичиг зэргээр,

1985 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдэлд малын бага эмчээр ажиллаж байсан болох нь түүнийг Хөгжлийн зам нэгдлийн 4, 5, 6 дугаар хэсгийг харъяалсан малын бага эмчээр ажилд томилсон Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 43 тоот тушаал зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Мөн 1976-1981, 1982-1993 онуудад ажиллаж байсан ажлын тухай мэдээг бичиж  байгууллагын тэмдэг  дарж баталгаажуулсан 1976 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр болон 1985 оны хөдөлмөрийн дэвтэр дэх  бичилтүүд, түүний ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч Д.Баатаржавын мэдүүлэг зэрэг баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр  зүйлүүдийг  тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бэсүд бариач овогт Цагаачийн Цэцэгмаагийн 1980 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдлийн 1 дүгээр бригадын малын бага эмч, санитарчаар,

1985 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Хөгжлийн зам нэгдэлд малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ц.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ