Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 213/МА2018/00005

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 131/ШШ2017/00832 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл 6.602.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч *******, өмгөөлөгч ******* нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /онлайнаар/, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нар оролцов.

Нэхэмжлэгч *******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь 29.000.000 төгрөг зээлж авсан. Мөнгө зээлж авахад эхнэр ******* нь мөнгө авсан нь үнэн гэж гарын үсгээ зурж мөнгө авсан. Мөнгө өгөхгүй удаад маргаан гараад шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан. Тэр үед эвлэрүүлэн зуучлагч *******гийн хажууд 29.000.000 төгрөгөө өгөхөөр цаг хугацаагаа тохироод эвлэрсэн.

Шүүгчийн захирамж гараад шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаад тэр үед ******* гэдэг хүнээс 16.398.000 төгрөг орж ирсэн. Өөр өгөх юм байхгүй гээд Истана маркийн машинаа 6.000.000 төгрөгт бодоод өгсөн байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 97 дугаартай захирамжаар Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 444 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байгаа тул миний зээлсэн 29.000.000 төгрөгийн үлдэгдэл 6.602.000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******гаас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

*******ын эхнэр ******* нь манай төрсөн эгч юм. 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *******, эхнэр *******ын хамт манайд ирээд 14 хоногийн хугацаатай надад 29.000.000 төгрөг зээлээд өгөөч манайх наймаа хийх гэсэн юм тэгээд мөнгөө өгөхдөө нэмж 2.000.000 төгрөгийн хүү өгье гэсэн. 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* түүний эхнэр бид 3 амаараа тохиролцож би *******т мөнгө зээлсэн. ******* нь 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулаад ямар ч маргаан гараагүй гарынхаа үсгийг зураад эвлэрсэн. Тэгээд тэр цагаас хойш ******* нь мөнгөө өгөхгүй байсаар байгаад 2015 оны 07 дугаар сар хүргэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан чинь 16.398.000 төгрөг миний данс руу орж ирсэн.

Тэгээд надад ******* нь 16.398.000 төгрөг өгөөд дараа *******ын эхнэр нь манайд одоохондоо өгөх мөнгө алга гээд ISTANA маркийн автомашинаа өгсөн. Нэг жилийн дараа ******* нь хуулийн зөвлөгөө аваад тэр цагаасаа хойш *******, эхнэр хоёр нь эрс өөрчлөгдөж эхэлсэн. Тэгээд тэр ISTANA маркийн автомашинаа нэхсэн. Тэгэхээр нь би үлдэгдэл мөнгөө нэхэмжилж эхэлсэн. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ын миний хүр дүү юм. Энэхүү шүүхэд хандсан маргааны талаар урьд эвлэрүүлэн зуучлагчид хандаж худал хэлж хууль бусаар эвлэрлийн гэрээ хийж надаар 29.000.000 төгрөг төлүүлэхээр шийдвэр гаргуулсан боловч шудрага шүүх уг шийдвэрээ хүчингүй болгосон гэж үзэж байна.

*******, ******* нар нь *******, ******* гэх хүмүүстэй нийлж чулуу авахаар болж 29.000.000 төгрөгөө уг хүмүүсд тоолж өгсөн. Би тухайн үед хөлсний жолоочоор явж байсан бөгөөд *******гаас мөнгө зээлж аваагүй болно. Эвлэрүүлэн зуучлагч *******д наад хүмүүс чинь мөнгөндөө бараа бүтээгдэхүүнээ авчихсан байгаа гэсэн борлуулаад мөнгийг нь өгөх байлгүй гэхэд тэгвэл өгчих л юм байна ш дээ гээд намайг төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн болгож гарын үсгийг өөр хүнээр зуруулсан байсан. Иймд энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Эвлэрүүлэн зуучлал дээр байгуулсан гэрээ нь хуулийн шаардлага хангахгүй байдлаар байгуулагдсан байдаг. Энэ асуудал нь цагдаа хууль хүчний байгууллагаар шалгагдаад тогтоогдсон. Тухайн асуудалтай холбоотой материалууд бүрдээд шүүхээс тухайн эвлэрүүлэн зуучлагчид арга хэмжээ аваад шүүхээс эвлэрүүлэн зуучлалын гэрээг баталгаажуулсан захирамжийг тухайн шүүгч өөрөө хүчингүй болгосон байдаг.

Хариуцагч энэ асуудлыг тайлбарлахдаа Ховд аймагт гарсан вольпром чулуун дээр байж байхад ******* утсаар над руу ярьсан ярихдаа наана чинь чулуу ямар ханштай байна гэдэг асуудлыг ярьсан гэсэн. Тэгээд тухайн мөнгөө ******* нь Ховд аймагт ирж өгсөн гэж ярьсан. Тэгээд ******* нь *******т 29.000.000 төгрөг өгсөн юм. ******* ******* хоёр нь вольпром чулууг хамтран авах гэж тухайн мөнгийг *******т тоолж өгсөн нь нотлогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 43 дугаар зүйлийн 43.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 6.602.000 төгрөг гаргуулах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.582 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нараас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

2014 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ******* эхнэр *******ын хамт манайд ирээд 14 хоногийн хугацаатай 29.000.000 төгрөг зээлсэн. Энэ талаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоол, мөн шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1366 дугаар шүүгчийн захирамж гарсан байдаг.

******* нь зээлсэн мөнгөө хүлээн зөвшөөрч төлөх тухай баталгаагаа гаргаж байсан боловч шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн буруутай үйл ажиллагаанаас энэ бүхэн бүхэлдээ үгүйсгэгдсэн. Мөн шүүхээс мөнгө зээлэх, зээлдүүлэх талаар зохигчийн хүсэл зориг нэгдсэн нь нотлогдохгүй байна гэж дүгнэжээ. Гэтэл ******* нь ямар учраас истана маркын машинаа нэхэмжлэгч талд барьцаалуулсан байгааг тайлбарлаагүй болно.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.398.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь гэрч С.Лхагвадоржийн мэдүүлгээр батлагддаг. Гэтэл шүүхээс зөрүүтэй мэдүүлэг байх тул үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн. Ямарваа шалтгаан, гэрээний үүргийн гүйцэтгэл биш бол бусдын дансанд хэн ч их хэмжээний мөнгө хийхгүй гэдгийг шүүгч байтугай энгийн хүн ч ойлгоно. Гэтэл гэрчийн мэдүүлгийг нягталж үзэлгүй өнгөц нэг талыг барьж шийдсэнд гомдолтой байна.    Мөн хариуцагчийн эхнэр ******* нь зээлийн гэрээ байгуулсан талаар гэрчилж мэдүүлэг өгөөгүй гэх боловч “мөнгө зээлсэн нь үнэн” гэсэн түүний тодорхойлолтыг шүүхээс үнэлээгүй нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэхээс өөр аргагүй. Гэрч Б.Бонихүүгийн мэдүүлэгт нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө зээлүүлсэн талаар мэдүүлсэн. Мөнгийг шилжүүлэн өгөх үед хамт байсан нь батлагдсаар байтал илт нөгөө талд үйлчилсэн гэж үзэхээр байна.

Иймд Баянхонгор аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 131/ШШ2017/00832 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжпэлийн шаардлага, тайлбараа нотлох үүрэгтэй, хэрэгт цугларсан баримтуудаар зээлийн гэрээ байгуулсан нь нотлогдоогүй анхан шатны шүүх хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хууль бус болох нь тогтоогдсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Истана автомашин барьцаалуулсан гэж байгаа нь үндэслэлгүй мөн Истана автомашины өмчлөгч, эзэмшигч нь ******* болохыг тогтоосон шүүхийн шийдвэр мөн хүчин төгөлдөр болсон билээ. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл 6.602.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2014 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ******* нь *******гаас 29.000.000 төгрөг зээлж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж үзлээ. Тухайлбал:

Гэрч *******ын мэдүүлэгт /хх-ийн 95 дугаар тал/ “..******* түүний нөхөр ******* нар нь *******тай утсаар яриад вольфром чулуу худалдаж авахаар ирээд 29.000.000 төгрөгийг ******* бид хоёрт үлдээгээд явсан..” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Бонихүүгийн мэдүүлэгт /хх-ийн 81 дүгээр тал/ “..******* нь эхнэртэйгээ 2015 оны үед *******, ******* нараас 32.000.000 төгрөг зээлж авсан. Би *******, ******* нартай хамтарч наймаа хийж байсан..” гэсэн мэдүүлэг,

Мөн 2015 оны 7 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 16.398.000 төгрөг нэхэмжлэгч *******гийн дансанд орж ирсэнийг нэхэмжлэгч “..энэ мөнгө бол *******аас төлбөртөө өгсөн мөнгө..” гэж тайлбарладаг тухай нэхэмжлэгчийн тайлбар,

Гэрч С.Лхагвадоржийн мэдүүлэгт /хх-ийн 76 дугаар тал/ “..Аамаа гэдэг хүн *******гийн дансанд мөнгө хий гэсэн би тэгээд ******* гэдэг хүний дансыг авч мөнгө шилжүүлсэн..” гэсэн мэдүүлэг,

Хариуцагч ******* нь Истана маркийн автомашиныг нэхэмжлэгч талд зээлийн барьцаанд тавьж байгаад буцааж авсан болох нь Говь-Алтай аймаг дахь Сум дунын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 411 дугаар шийдвэрээр Ч.Мөнхбаярын хууль бус эзэмшилээс 22-32 ГАҮ улсын дугаартай цагаан өнгийн Истана маркийн автомашиныг гаргуулж *******т буцааж олгосон болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогддог.

Нэхэмжлэгч *******гаас тайлбарлахдаа “..шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 16.398.000 төгрөг Отгонбаяр гэдэг хүнээс орж ирээд дараа нь ******* түүний эхнэр хоёр нь өөр өгөх юм байхгүй гээд 6.000.000 төгрөгөнд Истана маркийн автомашиныг өгсөн..” гэж тайлбарладаг байна.

 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бодитой үнэлж, дүгнээгүй байна. ******* нь ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгууллагдаж, 29.000.000 төгрөгийг ******* нь *******т бэлнээр зээлж, өгч, авалцсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 120.582 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 131/ШШ2017/00832 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт 1 дүгээр заалтын

“…Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 43 дугаар зүйлийн 43.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 6.602.000 төгрөг гаргуулах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай…” гэснийг

“…Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар *******аас 6.602.000 төгрөг гаргуулж *******д олгосугай..” гэж, 2 дугаар заалтын

“…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.582 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй..” гэснийг

“…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан *******аас улсын тэмдэгтийн хураамжинд 120.582 төгрөг гаргуулж *******д олгож, *******гаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 120.582 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй..” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 120.582 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                            ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                              Г.УЛАМБАЯР