Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1270

 

Б.Үүрийнцолмонгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00990 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Үүрийнцолмонгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Скайтел” ХХК-д холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2 604 651 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Үүрийнцолмонгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Үүрийнцолмон нь 2009 онд тус байгууллагад ажилд орсон. Хариуцагч компанийн удирдлага солигдож, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажил тарсны дараа дуудаж мэдэгдэл өгсөн ба маргаашнаас ажлаа хийхгүй, ажлаа хүлээлгэж өг гэсэн. Мэдэгдэлд орон тооны бүтэц зохион байгуулалт хасагдсан гэж байгаа. Гэвч борлуулалтын ажилтан гэх албан тушаалд 53 хүн ажиллаж байсан ба хоёр хүнийг нь ажлаас чөлөөлсөн байдаг. Үүнээс харахад орон тоо хасагдсан биш цөөрсөн гэж харагдаж байгаа. Удирдлагаас “маргаашаас ажлаа хүлээлгэж өгөөрэй” гэж хэлсэн байдаг ба нэхэмжлэгч өөрөө ажлаа хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч ажлаа хүлээлгэж өгсөн тул өөрийгөө ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа. Хариуцагч талаас ажлаас чөлөөлсөн тушаал нэхэхээр өгдөггүй, ажил олгогчоос ажилтны ажлыг хүлээж авч ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн атлаа тушаалыг гаргахгүй хугацаа хойшлуулж байгаа тул энэ үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Б.Үүрийнцолмонгийн 1 сарын дундаж цалин 633 636 төгрөг тул нэг өдрийн цалин 29 471 төгрөгөөр тооцож, 56 хоногийн ажилгүй байсан хугацааны мөнгө 2 670 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Самалын тайлбарт: Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтны эрхийг хангах үүрэгтэй. Б.Үүрийнцолмонгийн эрхийг зөрчиж 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш ажиллуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар ажилтныг бөөнөөр халсан тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй байсан ба энэ үүргээ биелүүлэлгүй хууль зөрчсөн. Ажил олгогч буюу хариуцагч талаас 7 хүнийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байсан. 2 ба түүнээс дээш хүнийг ажлаас чөлөөлөх нь бөөнөөр халах ойлголт юм. Мөн компанийн дүрэмд заахдаа дотоод журмыг ТУЗ батална гэж заасан боловч хөдөлмөрийн дотоод журмыг гүйцэтгэх захирал баталсан байх ба хүчин төгөлдөр бус дотоод журмыг баримталж тушаал шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн агуулгаас харахад ажил хүлээлцэж авсан гэдэг дээр маргаж байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажил тараагүй байсан ба 14-16 цагийн хооронд болсон процесс. Мэдэгдэх хуудсыг өгөхөд хувь үйлчилгээний борлуулалтын албаны дарга н.Солонго, хүний нөөцийн мэргэжилтэн М.Солонго, Борлуулалт үйлчилгээний албаны захирал н.Амартүвшин нар хамт байсан ба хурлын зааланд Б.Үүрийнцолмонд мэдэгдэх хуудсыг өгч, 1 сарын дараа тушаал шийдвэр гарна, тэтгэмж олгоно, энэ хугацаанд цалинг саадгүй өгнө гэж хэлсэн. Нэхэмжлэлийн утга дээр ажлаа хүлээлгэж өг гэж тулгасан, албадсан мэт зүйл бичсэн байсан. Ийм зүйл огт байгаагүй. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тушаал гарсан ба 1 сарын хөдөлмөрийн хөлс тэтгэмжийг олгох, ажил хүлээлгэж өгөх албаны комиссыг зааж өгсөн. Бид үндсэн ажлын байрны тоог цөөрүүлээд тодорхой хэд хэдэн албан тушаалыг гэрээгээр гүйцэтгүүлье гэсэн санал гаргасан ба рэсэйпшиний албан тушаалд 2 орон тоо байсан. Бид Б.Үүрийнцолмонд уг ажлын байрыг санал болгох зорилгоор Б.Үүрийнцолмонтой уулзсан ба бидний саналыг сонсоод “би Юнител компанид ажиллах болсон баярлалаа” гэж хэлээд гарсан. Бид маргалдах хүсэл сонирхол байхгүй байна гэж ойлгож байсан. Удалгүй гэнэт бидэнд шүүхээс мэдэгдэх хуудас ирсэн. Бид Б.Үүрийнцолмонг дуудаж уулзсан ба жирэмсний амралтаа авсан З.Сэлэнгэ гэж хүний орон тоон дээр үндсэн ажилтнаар ажиллуулж болох юм байна гэж хэлээд уулзаж ярилцаад шийдэлд хүрэхээр болоод өмгөөлөгчтэй уулзана гэж хэлээд явсан. Бид ажил хүлээж авсан, гарын үсэг зурсан зүйл байхгүй энэ талаар манай ажилтан Д.Амарбаясгалан нотолно.

“Скайтел” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.7.1.2 дах хэсэгт захиргааны ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудлыг хүний нөөцийн алба хариуцах ба гүйцэтгэх захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулна, хүний нөөцийн хэлтсийн менежер тушаалыг гардуулж ажлыг хүлээж авах ба хүний нөөцийн мэргэжилтэн, захиргаа хуулийн хэлтсийн мэргэжилтэний хамт ажлаас чөлөөлөх уулзалт хийнэ, ингээд тойрох хуудсанд гарын үсэг зурна гэсэн дараалалтай. Б.Үүрийнцолмон ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээж аваад 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурж авсан, уг баримтыг шүүхэд өгсөн. Бид ажилтны ажлыг хийлгэхгүй, цалинг тасалдуулсан зүйл огт байхгүй. Яагаад орон тоо цөөрүүлэх, цомхотгол хийх болсон бэ гэхээр 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор “Скайтел” компанийн орон тоо, бүтцийн өөрчлөлт хийсэн. Товчхондоо эдийн засгийн хямралаас улбаатай. Дараагийн хүчин зүйл нь “Скайтел” ХХК-ийн санхүү эдийн засгийн байдал байсан. Компани 2.5 тэр бум төгрөгийн валютын ханшны алдагдал хүлээсэн. Мөн хэд хэдэн банкнаас валютын зээл авсан байдаг.

Шинэ бүтцээр Хэрэглэгчийн үйлчилгээний алба, Хувь хэрэглэгчийн борлуулалтын алба гэж хоёр хуваагдсан. Хувь хэрэглэгчийн борлуулалтын алба 130 хүнтэй, Хэрэглэгчийн үйлчилгээний албан 90 хүнтэй, орон нутагт 58 хүнтэй болсон. Хуучин бүтцээр орон тоо 65 хүнтэй байсан. ТУЗ-ын тогтоолоор 53 хүний орон тоог баталсан. ТУЗ тушаал батлахад 10 ажилтны ажлын байрыг цөөрүүлсэн ба 7 хүнд бид мэдэгдэл өгсөн. 3 хүн нь өөрсдөө санал санаачлагаараа ажлаас гарсан. Улаанбаатарт 9 үйлчилгээний газар байдаг ба 9 үйлчилгээний газрын том салбараас, дунд үйлчилгээний газраас ажлын байрны орон тоог цөөрүүлсэн. Б.Үүрийнцолмон нь 3-р хороолол Нарлаг салбарт ажиллаж байсан. Ажлын байрыг цөөрүүлэхдээ ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг үнэлж, орон тоо цөөрүүлэх ажилчдыг сонгосон. Б.Үүрийнцолмонгийн ажиллаж байсан салбарт 5 ажилтан байсан ба хамгийн бага үнэлгээтэй нь Б.Үүрийнцолмон байсан гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоожийн гаргасан тайлбарт: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр халж байгаа тул 30 хоногийн өмнө мэдэгдэл гардуулна гэсэн байр суурьтай байгаа. 45 хоног гэсэн тайлбар дээр ажил олгогч татан буугдсан тохиолдолд бөөнөөр халах асуудал яригдана. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу ажилтны тэтгэмжийг олгосон байгаа тул хууль зөрчөөгүй. Аж ахуйн нэгж ямар бүтэц зохион байгуулалтаар хэдэн ажилтантай, орон тоотой ажиллах нь ажил олгогч буюу байгууллагын эрхийн асуудал юм. Ажил олгогчийн зүгээс ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг үнэлж үнэлгээ гаргасан байдаг ба ажилтан Б.Үүрийнцолмон нь сахилгын шийтгэлтэй, ажлын гүйцэтгэл нь муу байсан тул ажил олгогч сонгох эрхийн хүрээнд ажлаас чөлөөлжээ. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдэл өгөөд тушаалаа гаргаж халахгүй яасан юм гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан. Бид хуулийн дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэл гардуулсан гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Үүрийнцолмонгийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2 604 651 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч Б.Үүрийнцолмонд 2017.01.13-ны өдөр ажил тарсны дараа дуудаж уулзаад ажлаас халагдаж байгаа тухай хэлээд маргаашаас ажлаа хийхгүй, ажлаа хүлээлгэж өг, тушаал гарах хүртэл хугацаанд цалинг чинь өгөөд ажлаас халахдаа нэг сарын тэтгэмж өгнө гэсэн болно. Нэхэмжлэгч хариуцагчийг ингэж хэлсэн учраас 2017.01.16-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Ажлаас гарч буй ажилтны тойрох хуудасны 9 дэх хүснэгтэд харъяа хэлтсийн менежер 2017.01.16-ны өдөр, 10 дахь хүснэгтэд харъяа албаны захирал 2017.01.17-ны өдөр нэхэмжлэгчийн ажлыг хүлээж авсан. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.5-д заасны дагуу шууд удирдлага болох хэлтсийн менежер болон албаны даргадаа ажлаа хүлээлгэж өгсөн болохоос дур мэдээд ажлаа хүлээж ав гэж тулган шаардаж өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь ажилтныг ажлаар хангах үүрэгтэй, тус хуулийн 6.2-т зааснаар ажилтан үнэнчээр ажиллах үүрэгтэй болохоос ажлаа албан хүчээр тэр тусмаа жирийн ажилтан биш дээд шатныхаа удирдлагад дотоод дүрэм журамд зааснаар хүлээлгэж өгөх субъект биш байхад тус шүүхээс ингэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гэрчээр оролцож байгаа Д.Амарбаясгалан нь Борлуулалт үйлчилгээний ахлах ажилтан бөгөөд нэхэмжлэгчийг мэдэгдэл авангуут 2017.01.13-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн гэж мэдүүлсэн гэж байгаа ч тэрээр ажлаас гарч буй ажилтны тойрох хуудасны 9 дэх хүснэгтэд нэхэмжлэгчийн харъяа хэлтсийн менежер 2017.01.16-ны өдөр, 10 дахь хүснэгтэд нэхэмжлэгчийн харъяа албаны захирал 2017.01.17-ны өдөр нэхэмжлэгчийн ажлыг хүлээж авсан болох нь нотлогдоно. Хэрвээ хүлээж аваагүй юм бол тооцоогүй гэж зурах шаардлага байгаа юм уу. Үүгээр гэрчийн мэдүүлэг зөрж байгааг нотлох тул түүний мэдүүлэг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл байхгүйг тус шүүхээс анхаарч үзсэнгүй.

Ажилтан бол ажил олгогчийн зөвшөөрлийн дагуу ажил үүрэг гүйцэтгэх ёстой бөгөөд дур зоргоороо ажил гүйцэтгэх эрхтэй, үүрэгтэй биш. Нэхэмжлэгч борлуулалт үйлчилгээний ажилтан бөгөөд зөвхөн дан ганц нэгжтэй байхад ажил үүрэг нь хэвийн явдаггүй бөгөөд нэгжээ худалдан борлуулахдаа байгууллагын үйлчилгээнд ашиглаж буй програмд нэвтрэх эрхийг нь хаасан байхад яаж ажил үүргээ гүйцэтгэх болж байна. Хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн тойрох хуудаснаас харахад 2017.02.15-ны өдөр кассын нярав нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх, ажлаас чөлөөлөх тушаал хүлээж авах хүснэгтүүд зурагдсан байгааг харж болохоор байна. Бүх тооцоогоо хийж дуусаад кассын нярав дээр очиж тооцоогоо дуусгачихлаа гэхээр тушаал авах өдрөө ирээд зуруулаад дэвтрээ аваарай гэсэн болно. Бусад дэвтэрт бичилт хийх болон тушаал өгөх гэдгийг тушаал өгсөн өдрөөс бөглөж өгсөн болно. Ингэхдээ ажил хүлээж авлаа гээгүй ажлаас халагдсан тушаалыг хүлээлгэж өгөв

гэсэн байгаа. Мөн хариуцагч шүүх хуралдаанд болон нотлох баримтаар гаргаж өгсөн тушаал хүлээлгэж өгсөн тэмдэглэлээс харахад нэхэмжлэгч тушаалаа 2017.02.13-ны өдөр авсан харагдаж байгаа учраас хариуцагчийн тайлбар няцаагдана.

Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 5, 6, 40.5, 42-т заасныг зөрчиж нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хариуцагч манай дотоод дүрэм журмаар Хүний нөөц хууль эрх зүйн албаны захирал заавал хүлээж авна гэсэн зохицуулалтай гэж байгаа ч дотоод дүрэм журамд нь ийм зохицуулалт байхгүй, харин тус журмын 6.4.4-д ажилтны гэрээг цуцлахдаа гүйцэтгэх захирал холбогдох газар албадын удирдлагуудын саналуудыг харгалзан үзэж гүйцэтгэх захирлын тушаалаар шийдвэрлэнэ гэсэн байхад нэхэмжлэгчийн албаны дарга нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай санал гаргасан эсэх нь тодорхой бус байна. Мөн тус дотоод дүрэм журамд ажилтныг ажлаас халах гэсэн зохицуулалтад ажлаас халагдаж байгаа ажилтантай ажлаас халах тухай ярилцлага хийнэ гээгүй бүгд гэрээ нь дуусгавар болсон цуцлагдсан ажилтантай гээд дандаа гэрээг цуцалж дуусгавар болсны дараа буюу ажлаас халах тушаал шийдвэрээ авсан хүнтэй хийхээр зохицуулсан зохицуулалт байгаа болохыг тус шүүхээс анхаарч үзсэнгүй.

Иймд тус шүүх магадлалдаа Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/00990 тоот шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч Б.Үүрийнцолмон нь хариуцагч “Скайтел” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 604 651 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар Б.Үүрийнцолмон нь “Скайтел” ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 451 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулан тус компанийн дараа төлбөрт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б-132 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна. /хх.5-7, 33/

 

Нэхэмжлэгч Б.Үүрийнцолмонтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б-132 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 9 тоот тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 тоот тогтоолуудыг үндэслэсэн ба хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

 

Ажил олгогч дээрх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг баримталсан үндэслэлээ “Скайтел” ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Борлуулалт үйлчилгээний газрын Хувь хэрэглэгчийн бизнесийн албаны Борлуулалт, үйлчилгээний ажилтны тоог цөөрүүлсэн гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр зохицуулсан. Хэргийн 3 дугаар талд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Мэдэгдэх хуудас” гэсэн баримт авагдсан байх бөгөөд уг баримтад нэхэмжлэгч Б.Үүрийнцолмон гарын үсэг зураагүй хэдий ч түүнд өөрт нь хүлээлгэн өгсөн, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдсэн талаар гэрч Д.Амарбаясгалан “2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б.Үүрийнцолмон 15 цагаас ажиллах байсан. Гэтэл ирээд би төвөөс мэдэгдэл авсан тул ажиллахгүй гэж хэлээд надад ажлаа хүлээлгэж өгсөн” гэж мэдүүлсэн. /хх.128/ Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажил тарсны дараа дуудаж мэдэгдэл өгсөн ба маргаашнаас ажлаа хийхгүй, ажлаа хүлээлгэж өг гэсэн” гэж бичсэн, мэдэгдэл хүргүүлсэн албан тушаалтны жагсаалт бүхий хүснэгтэд тэрээр гарын үсэг зурсан /хх.36/ зэргээс үзэхэд мэдэгдлийг өгсөн өдрөөс хойш 1 сарын дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажилтан Б.Үүрийнцолмонг “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгжийн ажилтны тоог цөөрүүлсэн“ гэх зохицуулалтад хамаарч байна. Ажил олгогч хуульд зааснаар 1 сарын өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа мэдэгдэх үүрэгтэй болно.  

 

Нэхэмжлэгч Б.Үүрийнцолмонгийн мэдэгдэл өгөөд ажиллах нөхцөл боломжоор хангахгүйгээр ажлыг минь хүлээж авсан, программд нэвтрэх эрхийг хаасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна. Мөн гэрч Д.Амарбаясгалангийн “Надад би ажиллах сонирхолгүй байна. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн үдээс хойш 15 цагт ээлжтэй байсан, би тушаалаа авсан ажиллахгүй гэж хэлсэн” гэх мэдүүлгээр дээрх тайлбар няцаагдаж байна.

 

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэл нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэгч Б.Үүрийнцолмонгийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2 604 651 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ. 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00990 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                              ШҮҮГЧИД                               А.ОТГОНЦЭЦЭГ  

                       

                                                                                             Б.НАРМАНДАХ