Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/00990

 

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ү.Ц

 

Хариуцагч:С ХХК

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2.604.651 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саранцацрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Самал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, Ө.Жамбалсүрэн, М.Солонго, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, гэрч Д.Амарбаясгалан,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ү.Ц нь 2006 онд тус байгууллагад ажилд орсон. Хариуцагч компанийн удирдлага солигдож, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орой дуудаж мэдэгдэл өгсөн ба мэдэгдэлд орон тооны бүтэц зохион байгуулалт хасагдсан гэж байгаа. Гэвч борлуулалтын ажилтан гэх албан тушаалд 53 хүн ажиллаж байсан ба хоёр хүнийг нь ажлаас чөлөөлсөн байдаг. Үүнээс харахад орон тоо хасагдсан биш цөөрсөн гэж харагдаж байгаа. Удирдлагаас маргаашнаас ажлаа хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн байдаг ба нэхэмжлэгч өөрөө ажлаа хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч ажлаа хүлээлгэж өгсөн тул, өөрийгөө ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа. Хариуцагч талаас ажлаас чөлөөлсөн тушаал нэхэхээр өгдөггүй, ажил олгогчоос ажилтны ажлыг хүлээж авч ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн атлаа тушаалыг гаргахгүй хугацаа хойшлуулж байгаа тул энэ үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэж байгаа.

Б.Ү.Цгийн 1 сарын дундаж цалин 633.636 төгрөг тул нэг өдрийн цалин 29.471 төгрөгөөр тооцож, 56 хоногийн ажилгүй байсан хугацааны мөнгө 2.670.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтны эрхийг хангах үүрэгтэй. Б.Ү.Цгийн эрхийг зөрчиж 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш ажиллуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар ажилтныг бөөнөөр халсан тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй байсан ба, энэ үүргээ биелүүлэлгүй хууль зөрчсөн. Ажил олгогч буюу хариуцагч талаас 7 хүнийг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байсан. 7 хүн буюу 2  түүнээс дээш хүнийг ажлаас чөлөөлөх нь бөөнөөр халах ойлголт юм.

Мөн компанийн дүрэмд заахдаа Дотоод журмыг ТУЗ батална гэж заасан боловч, Хөдөлмөрийн дотоод журмыг гүйцэтгэх захирал баталсан байх ба хүчин төгөлдөр бус дотоод журмыг баримталж тушаал шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн агуулга дээр ажил хүлээлцэж авсан гэдэг дээр маргаж байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажил тараагүй байсан ба 14 цагаас 16 цагийн хооронд болсон процесс. Мэдэгдэх хуудсыг өгөхөд надтай хамт Хувь үйлчилгээний борлуулалтын албаны дарга н.Солонго, хүний нөөцийн мэрэгжилтэн М.Солонго, Борлуулалт үйлчилгээний албаны захирал н.Амартүвшин нар хамт байсан ба бид хурлын зааланд Б.Ү.Цд мэдэгдэх хуудсыг өгч, 1 сарын дараа тушаал шийдвэр гарна, тэтгэмж олгоно, энэ хугацаанд цалинг саадгүй өгнө гэж хэлсэн. Нэхэмжлэлийн утга дээр ажлаа хүлээлгэж өг гэж тулгасан албадсан мэт зүйл бичсэн байсан. Ийм зүйл огт байхгүй гэдгийг хэлье, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тушаал гарсан ба 1 сарын хөдөлмөрийн хөлс тэтгэмжийг олгох, ажил хүлээлгэж өгөх албаны комиссыг зааж өгсөн. Бид үндсэн ажлын байрны тоог цөөрүүлээд тодорхой хэд хэдэн албан тушаалыг гэрээгээр гүйцэтгүүлье гэсэн санал гаргасан байсан ба рэсэйпшны албан тушаалд 2 орон тоо байсан. Бид Б.Ү.Цд уг ажлын байрыг санал болгох зорилгоор Б.Ү.Цтой уулзсан ба, бидний саналыг сонсоод би Юнител компанид ажиллах болсон баярлалаа гэж хэлээд гарсан. Бид маргалдах хүсэл сонирхол байхгүй байна гэж ойлгож байсан. Удалгүй гэнэт бидэнд шүүхээс мэдэгдэх хуудас ирсэн. Мэдэгдэх хуудас ирсний дараа бид Б.Ү.Цг дуудаж уулзсан ба жирэмсний амралтаа авсан З.Сэлэнгэ гэж хүний орон тоон дээр үндсэн ажилтнаар ажиллуулж болох юм байна гэж хэлээд уулзалдаад ярилцаад шийдэлд хүрэхээр болоод өмгөөлөгчтэй уулзана гэж хэлээд явсан. Бид ажил хүлээж авсан, гарын үсэг зурсан зүйл байхгүй энэ талаар манай ажилтан Д.Амарбаясгалан нотолно.

Скайтел ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.7.1.2 дах хэсэгт захиргааны ажилтнаар хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудлыг хүний нөөцийн алба хариуцах ба гүйцэтгэх захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулна, хүний нөөцийн хэлтсийн менежер тушаалыг гардуулж ажлыг хүлээж авах ба хүний нөөцийн мэрэгжилтэн, захиргаа хуулийн хэлтсийн мэрэгжилтэний хамт ажлаас чөлөөлөх уулзалт хийнэ, ингээд тойрох хуудсанд гарын үсэг зурна гэсэн дараалалтай.

Б.Ү.Ц ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээж аваад 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурж авсан, уг баримтыг шүүхэд өгсөн. Бид ажилтны ажлыг хийлгэхгүй, цалинг тасалдуулсан зүйл огт байхгүй. Яагаад орон тоо цөөрүүлэх, цомхотгол хийх болсон бэ гэхээр 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоорС компанийн орон тоо, бүтцийн өөрчлөлт хийсэн. Товчхондоо эдийн засгийн хямралаас улбаатай. Эдийн засгийн хямралтай байсан нь харагдана. Энэ нь эдийн засгийн хамгийн том хүчин зүйл гадаад орчны нөлөөлөх нөлөөлөл байсан.

Хоёр дах хүчин зүйл ньС ХХК-ийн санхүү эдийн засгийн байдал байсан. Компани 2.5 тэр бум төгрөгийн валютын ханшны алдагдал хүлээсэн байдаг. Мөн хэд хэдэн банкнаас валютын зээл авсан байдаг. 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар компани 50 орчим тэрбум төгрөгийн алдагдалд орсон байсан ба маш хүнд байдалд орсон. Санхүүгийн тоо баримт нь компанийн нууцтай холбоотой тул нэхэмжлэгч нарыг гадагш задруулахгүй байхыг хүсье.

Шинэ бүтцээр Хэрэглэгчийн үйлчилгээний алба, Хувь хэрэглэгчийн борлуулалтын алба гэж хоёр хуваагдсан. Хувь хэрэглэгчийн борлуулалтын алба 130 хүнтэй, Хэрэглэгчийн үйлчилгээний албан 90 хүнтэй, орон нутагт 58 хүнтэй болсон.

Хуучин бүтцээр орон тоо 65 хүнтэй байсан. ТУЗ-ын тогтоолоор 53 хүний орон тоог баталсан. ТУЗ тушаал батлахад 10 ажилтны ажлын байрыг цөөрүүлсэн ба 7 хүнд бид мэдэгдэл өгсөн. 3 хүн нь өөрсдөө санал санаачлагаараа ажлаас гарсан. Улаанбаатарт 9 үйлчилгээний газар байдаг ба  9 үйлчилгээний газрын том салбараас , дунд үйлчилгээний газраас  ажлын байрны орон тоог цөөрүүлсэн. Б.Ү.Ц нь 3 хороолол Нарлаг салбарт ажиллаж байсан. Ажлын байрыг цөөрүүлэхдээ ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг үнэлж, орон тоо цөөрүүлэх ажилчдыг сонгосон. Б.Ү.Цгийн ажиллаж байсан салбарт 5 ажилтан байсан ба хамгийн бага үнэлгээтэй нь Б.Ү.Ц байсан” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орон тоо цөөрсөн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэдгийг тайлбарлалаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр халж байгаа тул 30 хоногийн өмнө мэдэгдэл гардуулна гэсэн байр суурьтай байгаа. 45 хоног гэсэн тайлбар дээр ажил олгогч татан буугдсан тохиолдолд бөөнөөр халах асуудал яригдана. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу ажилтны тэтгэмжийг олгосон байгаа тул хууль зөрчөөгүй. Аж ахуй нэгж ямар бүтэц зохион байгуулалтаар хэдэн ажилтантай орон тоотой ажиллах нь ажил олгогч буюу байгууллагын эрхийн асуудал юм. Ажил олгогчийн зүгээс ажилтнуудын ажлын гүйцэтгэлийг үнэлж үнэлгээ гаргасан байдаг ба, ажилтан Б.Ү.Ц нь сахилгын шийтгэлтэй байсан, ажлын гүйцэтгэл нь муу байсан тул ажил олгогч сонгох эрхийн хүрээнд ажлаас чөлөөлжээ.

2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдэл өгөөд, тушаалаа гаргаж халахгүй яасан юм гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан. Бид хуулийн дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэл гардуулсан” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.Ү.Ц нь хариуцагчС ХХК-д холбогдуулан Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2.604.651  төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ньС ХХК-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотой хуульд заасан журмын дагуу ажлаас халсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийнС ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн Б-132 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах, тэтгэлэг олгох тухай тушаалын 1 дэх заалтаар “Компанийн дотоод бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Борлуулалт үйлчилгээний газрын Хувь хэрэглэгчийн бизнесийн албаны Борлуулалт, үйлчилгээний ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр Батсүх овогтой Ү.Цтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг түүнд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн мэдэгдлийн дагуу 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 9 дүгээр тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Ү.Цг ажлаас нь чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”, 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.” гэж заажээ.

 

ХариуцагчС ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолоорС ХХК нь нийт 5 газар, 13 алба, 33 хэлтэс, 1 хэсэгтэй, нийт 425 ажилтантай байхаар бүтэц зохион байгуулалтын шинэчлэн баталсан байна.

 

ХариуцагчС ХХК-иас 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Б.Ү.Цд мэдэгдэх хуудас гардуулан өгч, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Ү.Цд нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан хуулийн зохицуулалттай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдэл олгосон цагаас ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд хүлээн авсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тайлбарласан.

 

Гэрч Д.Амарбаясгалан “...2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б.Ү.Ц нь мэдэгдэл хүлээн аваад нэгж зэрэг бусад зүйлийн надад өгөөд ажилдаа ирээгүй” гэх мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч нь ажлын байрыг орхиж явсан атлаа ажил хийлгэх нөхцөл боломжоор хангаагүй гэж тайлбар нь үндэслэлгүй юм.

 

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үздэг ба нэхэмжлэгч Б.Ү.Ц нь өөрийн санаачлагаар ажлын байраа орхиж явсан хэдий ч хариуцагчС ХХК-иас цалин олгож байсан үйл баримтаас үзвэл ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байсан нь тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Ү.Цгоос шүүхэд гаргаж өгсөнС ХХК-ийн ажлаас гарч буй ажилтны тойрох хуудас /ЗХНА-АШБ-111-2013/-ын хүснэгтийн 22-25, 27 дахь хүснэгтэд заасан эрх бүхий албан тушаалтан бичилт хийгээгүй /ХХ-ийн 9 дэх тал/ байх ба хариуцагч талаас шүүхэд баримтаар гаргаж өгсөнС ХХК-ийн ажлаас гарч буй ажилтны тойрох хуудас /ЗХНА-АШБ-111-2013/-ын хүснэгтэд бүрэн бичилт хийсэн өдрөөр буюу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлыг эцэслэн хүлээн авсан гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагчС ХХК нь Борлуулалт үйлчилгээний газрын Хувь хэрэглэгчийн бизнесийн албаны Борлуулалт, үйлчилгээний ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр Батсүх овогтой Ү.Цг ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Б.Ү.Цгийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2.604.651 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Ү.Цгийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2.604.651 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР