Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 378

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А, Р.А, В.Б,

С.Т нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ч.Алтансүх,

шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч М.А, П.Итгэл,

шүүгдэгч Р.А, түүний өмгөөлөгч А.Нацагдорж,

шүүгдэгч В.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

хохирогч Д.А, түүний өмгөөлөгч Н.Ариунболд,

нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, иргэний нэхэмжлэгч Д.Аийн өмгөөлөгч Н.Ариунболд, шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, шүүгдэгч Р.А, түүний өмгөөлөгч А.Нацагдорж нарын давж заалдах гомдлуудаар Б.А, Р.А, С.Т, В.Б нарт холбогдох эрүүгийн 201625012456 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овогт Б.А, 1968 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 25 дугаар байрны, ..... оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:....../,

Х овогт Р.А, 1961 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ам бүл 1, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар байрны, 74 тоотод оршин суух бүртгэлтэй, .... тоотод түр оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, /РД:ФА61030461/,

Б овогт С.Т, 1955 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 63 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../,

Г овогт В.Б, 1954 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../,

Шүүгдэгч Б.А, Р.А, С.Т нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны Зүүн 4 замын тооцооны төвөөс хууль бус итгэмжлэл ашиглаж иргэн Д.Аийн эзэмшлийн банкны хадгаламжийг барьцаалан 60 сая төгрөгийн зээл авч их хэмжээний хохирол учруулсан,

В.Б нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б.А, С.Т нарт иргэн Д.Аийн хадгаламжийг барьцаалан зээл авах залилангийн гэмт хэрэгт ашигласан өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатаар гэрчилсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан,

Б.А нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны орчимд иргэн Д.О Төв аймгийн хөшигтийн хөндийд 5000 метр квадрат талбай бүхий гэр бүлийн зориулалттай газрыг хямд үнээр авч өгнө гэж итгүүлэн урьдчилгаа 500 000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.А, Р.А, С.Т нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

В.Б нь нотариатчаар ажиллаж байх хугацаандаа өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.А нь бусдад газар авч өгнө гэж итгүүлэн хуурч мэхлэн залилах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, Р.А, С.Т нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Б.Агийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Р.Аийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, С.Тийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон тус тус өөрчилж, Б.Аг “зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгө залилах, мөн бусдын итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон, Р.Аийг “бусдын итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон, С.Тийг “бусдын итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон, В.Бг “нотариатч өмчлөгчийн эрхийг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Р.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, С.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, В.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд нотариатчийн үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Б.Ад оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Р.Ат оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, С.Тт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг В.Бд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Агийн урьд нь цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Р.А, С.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч Р.А, С.Т, В.Б нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, В.Б нь хохирогч Д.Ат 2 000 000 төгрөг буцаан төлсөн, В.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар, Б.Агаас 10 000 000 төгрөг, Р.Аээс 33 400 000 төгрөг, С.Түмэндэлгээрээс 14 600 000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Д.Ат, Б.Агаас 500 000 төгрөг гаргуулж хохирогч Д.Оюунгэрэлд тус тус олгож, хохирогч Д.А нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Аийн өмгөөлөгч Н.Ариунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...шүүгдэгч Б.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч Д.А нь “Д.Аээс Б.Ад” олгосон гэх итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах иргэний нэхэмжлэл гаргасан боловч хэлэлцээгүй орхисонд гомдолтой байна. Д.Аээс Б.Ад олгосон гэх итгэмжлэлийн хэлцлийг Д.А хийгээгүй, түүнд гарын үсэг зураагүй гэдэг нь хэргийг хянан хэлэлцэх явцад нотлогдож, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон. Ийм байтал уг итгэмжлэлийн хэлцлийг огтоос хийгдээгүй тул хүчин төгөлдөр бусад тооцох шаардлагагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болно. Д.Аээс Б.Ад олгосон гэх хүчин төгөлдөр бус итгэмжлэл нь эрх зүйн үр дагавар үүсгэж уг итгэмжлэлийг үндэслэн “ХААН” банк нь Б.Атай барьцаат, зээлийн гэрээ байгуулж, улмаар зээл олгосон байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтад “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”, 64 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “бичгээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино”, 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх” гэж тус тус заасан бөгөөд уг шаардлагыг хангаагүй хэлцэл нь хүчин төгөлдөр бус байдаг болно. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж заасан ба Д.Аээс Б.Ад олгосон итгэмжлэлийн хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор Б.А “Хаан банк” нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтад заасны дагуу мөн хүчин төгөлдөр бусад тооцогдох юм. Улмаар “Хаан банк”-нд хадгалуулсан 60 сая төгрөгийн шударга эзэмшигч уг хөрөнгөө Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу уг хөрөнгийг барьцаанд хураан авсан “Хаан банк”-наас шаардах эрх үүсэх юм.

Иргэний нэхэмжлэгч Д.А нь шүүгдэгч нараас зохих мөнгөн хөрөнгийг нэхэмжлээгүй байхад тэдгээрээс мөнгө гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь иргэний нэхэмжлэгчийн шаардаагүй зүйлийг шийдвэрлэсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дах заалтад “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн...иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ”, 36 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтад “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэж заасантай нийцэхгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 165 шийтгэх тогтоолоор Д.Аээс Б.Ад олгосон гэх итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах иргэний нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсныг хангаж шийдвэрлэх, түүнчлэн шүүгдэгч нараас Д.А тодорхой хэмжээний 58 сая төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож энэ асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй гэж өөрчилж өгнө үү...” гэв.

Хохирогч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хаан банк анхнаасаа иргэний үнэмлэхний минь хугацаа дууссан байсныг анзаарсан бол эдгээр хүмүүст мөнгийг минь өгөхгүй байсан гэж бодож байна. Хаан банкны ажилтан хүртэл алдаа гарсан байна гэдгээ мэдүүлсэн мэдүүлгийг бичлэг болгон хавтас хэрэгт хавсаргасан байна. Иймд намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч В.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж мөн хугацаанд нотариатын үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлагыг оногдуулсан.

В.Б нь нотариатын үйл ажиллагааг эрхлэн явуулж байхад Б.А, С.Т нар нь бүтэн өдөржин уйлаад гуйгаад байхаар нь хууль бус итгэмжлэлийг хийж өгсөн болох тухайгаа буюу мөрдөн байцаалтын шатнаас бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлж, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн В.Б нь бүхий насаараа хууль зүйн салбарт удирдах болон гүйцэтгэх албан тушаалыг гүйцэтгэж ирсэн ба тэрээр одоо 64 настай эхнэр, 04 сараас 15 насны гурван хүүхэд, хадам эх нарын хамтаар амьдарч байна. Өөрөөр хэлбэл тэрээр насны хувьд өөр ажил эрхлэн гэр бүлээ тэжээн тэтгэх боломжгүй байдалд хүрсэн буюу нотариатын үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарласан нь зөвхөн түүнд оногдуулсан албадлагын арга хэмжээ мэт харагдах боловч түүний гэр бүлийнхний эрх ашигт нөлөөлсөн хор уршгийг учруулах болсон буюу шүүгдэгчийн хувийн байдалд үл нийцсэн шийдвэрийг шүүхээс гаргасан.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 165 тоот шийтгэх тогтоолын В.Бд хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд нотариатын үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн хэсгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял болгон өөрчлөлтийг оруулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч В.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийн улмаас нотариатын үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихсон. Хохирол мөнгийг төлөхийн тулд төлбөрийн чадвартай байх хэрэгтэй байна. Иймд торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Р.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...намайг Б.А, С.Т нартай бүлэглэн бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэж буруутган хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Би Б.Атай хамт ажиллаж байгаагүй бөгөөд мөнгөн туслалцаа буюу хөрөнгө оруулалт, зээлийн тухай ярьж түүнээс ямар нэг мөнгөний тусламж гуйж байгаагүй. Мөн түүнд хадгаламжийн дэвтэр байсан эсэхийг мэдээгүй.

Намайг С.Т, Б.А нартай үгсэн хуйвалдаж нотариатч В.Бд санал тавьж итгэмжлэл хийлгэсэн мэт мөн “Хаан банк”-ны салбараас хамт очиж мөнгө авсан, Б.Ад мөнгө өгөхгүй доромжилж загнадаг байсан, өөрийгөө давтан хэрэгтэй тул цагдаад мэдэгдэхгүй байхыг гуйсан гэх мэт худал мэдүүлгийг Б.А өгч тэр мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. С.Тийг таньдаг байсан ч хэргийг үйлдэхэд нөлөөлж Агийн хадгаламжийн дэвтрийг барьцаалж мөнгө зээлээд өөрөө авах тухай санал огт хэлж байгаагүй мөн нотариатч Бгээр итгэмжлэл хийлгэх тухай яриагүй. Би нотариатч Бг урьд нь огт таньдаг байгаагүй. Түүнийг мөрдөн байцаалтын явцад өөрөө танихгүй гэдгээ мэдүүлсэн байдаг. С.Т нь хэрэг болохоос өмнө над руу дахин дахин утасдаж “таньдаг нотариатч байна уу” гэж асуугаад байсан боловч би “байхгүй” гэж хэлж байсан болно. Би С руу залгахдаа С.Тийн надад хэлж ойлгуулснаар хүүхэд визэнд орох гэж байгаа талаар хэлсэн, удалгүй бүгд уулзаж энэ хэргийг үйлдсэн болно. С би Т уулзуулсан болно. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр С.Т над руу яриад “мөнгө оллоо” , “чи надаас мөнгө зээлэх үү” гэж асууж байсан ба тэр үед Улаанбаатар хотод байгаагүй тул Хуягт гарын үсэг зуруулаад өгчих гэж хэлсэн. Тухайн мөнгөний талыг 12 сарын 31-ний өдөр дансаар авсан ба үлдсэнийг Х гарын үсэг зурж авсан. С.Т намайг АНУ-аас эрүүл мэндийн бүтээгдэхүүн оруулж ирнэ гэж хэлсэн мэтээр худал мэдүүлж А би мөнгө саатаад байгааг учирлан хэлж хохирогч болох Атэй би өөрийн биеэр уулзъя гэхэд уулзуулахгүй дунд нь худал ярьж асуудлыг хүндрүүлсэн байна. С.Т анхнаасаа энэ хэргийг зохион байгуулсан гэж үзэж байна. Залилан мэхлэх гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэх санаатай байдаг. Гэтэл би анхнаасаа Түмэндэлгэрийн надад мөнгө олж өгөхийг хүсэж шаардаагүй юм.Тус хэргийг мөрдөн шалгах явцад Б.А, С.Т бид гуравын мэдүүлэг илтэд зөрүүтэй байсаар байхад мөрдөн шалгах байгууллага, хэрэгт хяналт тавьж буй прокурор хэргийг бүрэн шалгаагүй. Би Ад нийт 9 сая төгрөгийг төлсөн. Хохирогч Аийн мөнгийг иргэний журмаар шийдвэрлэж хохирол барагдуулах хүсэлтэй байгаа. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож дахин нягталж шалгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Р.Аийн өмгөөлөгч А.Нацагдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А нь НҮБ-ын чиглэлээр Гана улсаас хөрөнгө оруулалт оруулж Монголд эмнэлэг байгуулахаар Олон улсын байгууллагуудтай холбоо тогтоож шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх болон татвар хураамж төлж ирсэн. Энэ талаар өөрийн танил Т гэх эмэгтэйд хэлж ярьж байсан бөгөөд Түмэндэлгэр  нь энэ ажиллагаанд хөрөнгө оруулж, ашиг олох сонирхолтойгоо илэрхийлж байжээ. Энэ хөрөнгө оруулалт болох мөнгийг Түмэндэлгэр хаанаас, хэнээс, хэзээ олж  оруулах талаар Ат тодорхой зүйл яриагүй байж байгаад 35 500 000 төгрөг олж өгсөн. Үүний өмнө Т нь Ат “таньдаг нотариатч байна уу” гэхэд “надад таньдаг хүн байхгүй” гээд урьд нь цуг ажиллаж байсан С энэхүү байдлаа хэлсэн. С нь өөрийн танил нотариатч Б утсаар яриад Т, Аг дагуулж уулзуулжээ.

Түмэндэлгэр нь нотариатч Бд хандан Агийн хугацаа хэтэрсэн итгэмжлэлтэй холбоотой асуудлаар хандахад нотариатч татгалзсан. Энэ байдлыг А сонсоод нотариатч дээр орж дүү Аээс өмнө нь олгож байсан мөнгө авах гэж засварласан итгэмжлэлийг үзүүлж өөрийн охин АНУ руу явах болсон. Иймд банкин дахь Аийн хадгаламж дахь мөнгийг баталгаа болгох шаардлагатай хэмээн ятгаж мөнгө амлан, хууль бус итгэмжлэл хийлгэж банкин дахь дүүгийнхээ мөнгөнөөс А 60 сая төгрөгийг авч 50 сая төгрөгийг нь Түмэндэлгэрт өгсөн. Энэ мөнгөнөөс 33.4 сая төгрөгийг бэлнээр хүлээн авч, Ат бэлэн болон бэлэн бусаар шилжүүлж өгсөн байдаг. Энэ нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт А, Р.А, С.Т нарын мэдүүлгээр Р.А нь Аийн хадгаламж дахь мөнгийг авах санаачилга гаргаагүй. Энэ мөнгийг авахаар үйлдэл хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг үндэслэн Ат холбогдох хэрэг үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч М.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэргийн шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн субьектив санаа зорилгогүй юм. Гэхдээ үйлдэл хийсэн нь нотлогдож байна. Хүний мөс чанар гаргасан гэж үзэж байна. Анхнаасаа хаан банкийг давхар татсан бол А бол иргэний хариуцагч болох боломжтой юм. Оюунгэрэл гэх хүнд газар зарна гэж 500 000 төгрөг урьдчилгаанд аваад өгөөгүй зайлсхийсэн гэж үзэн 6 сарын хорих ял нэмж өгсөн байгаа. Үүнийг би хууль хэрэглээний хувьд буруу шийдсэн гэж үзэж байна. Оюунгэрэл гэх хүн яаж залилуулсан талаар Оюунсанаа болон Амарбаясгалан нарын мэдүүлэгт ерөөсөө залилуулсан гэж байгаа газрыг шүүгдэгч Б.А ч оройтож очоод газраа зааж өгч чадаагүй гэдгийг гэрчүүд нотолдог. Хохирогчид өөрсдөө очоогүй гэдгийг мэдэж байсан. Иймд нэмж оноосон ялыг хасч өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч М.Атэй адил байна. Нэмж хэлэх зүйлгүй байна...” гэв.

Прокурор Ч.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Р.А энэ хэргийг зохион байгуулж хамжигчаар оролцсон. Хэргийн гол зорилго нь Гана улсаас их хэмжээний мөнгө орж ирнэ хүмүүст итгүүлж залилах эх үүсвэрийг бий болгосон байна. Удаа дараагийн хүсэлтээр хаан банкийг хариуцагчаар татах гэсэн боловч иргэнтэй байгуулсан гэрээ байгаа тул мөн шүүхээс гэм буруутай этгээдээс мөнгө гаргуулах болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Энэ хэргийн хохирогч гэх Д.А нь “Хаан банк”-тай хадгаламжийн гэрээтэй болох нь тогтоогдож байх бөгөөд “Хаан банк” иргэн Д.А нарын хооронд байгуулсан хадгаламжийн гэрээг хэрэгт  бэхжүүлэн авч, энэ гэмт хэргийн улмаас хэн хохирсон, хохирогч нь хэн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” нотолбол зохино гэж зааснаар хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, хэрэгт нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн

Шүүгдэгч Р.А, түүний өмгөөлөгч А.Нацагдорж, иргэний нэхэмжлэгч Д.Аийн өмгөөлөгч Н.Ариунболд, шүүгдэгч В.Бгийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын давж заалдах гомдлуудыг энэ удаа хэлэлцээгүй орхисон болохыг дурдаж байна.

Б.А, Р.А, С.Т, В.Б нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.А, С.А, В.Б, С.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ