Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 354

 

З.Б-, Д.Д- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мижиддорж,

шүүгдэгч З.Б-ын өмгөөлөгч Д.Энхцэцэг,

шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч Б.Онолтуяа,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч Б.Онолтуяагийн гаргасан давж заалдах гомдлоор З.Б-, Д.Д- нарт холбогдох 1710003590070 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. З.Б, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежмент мэргэжилтэй, ам бүл хх, эцэг, эхийн хамт хх дүүргийн хх дугаар хороо, хх дүгээр хорооллын, хх дугаар байрны хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

2. Д.Д, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл системийн аюулгүй байдал мэргэжилтэй, хх ХХК-д шийдлийн инженер ажилтай, ам бүл хх, эцэг, эх, эгч, дүү нарын хамт хх дүүргийн хх дүгээр хороо, хх дугаар гудамжны хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

З.Б-, Д.Д- нар нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өглөөний 05 цагийн орчим хх дүүргийн 15 дугаар хороо, “Минт” баарны зүүн талд хоорондоо маргалдаж, З.Б- нь Д.Д-ын толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Д.Д- нь З.Б-ын нүүр, цээжин хэсэгт нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: З.Б-, Д.Д- нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З.Б, Д.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Б-ыг 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Д.Д-ыг 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З.Б-, Д.Д- нарт оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, З.Б-, Д.Д- нарт оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Д-аас 1,326,000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Б-д, З.Б-аас 120,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-ад тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч Б.Онолтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Д.Д- нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 05 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Минт” баарны зүүн талд гэртээ харих гэж яваад зүс таних, З.Б- /согтууруулах ундаа хэрэглэсэн/ гэгчтэй таарч, улмаар З.Б- нь хэрүүл маргаан өдөж, хоргоож Д.Д-ыг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байдаг. Тухайн үед Д.Д- нь зугтааж, такси барьж гэрлүүгээ явах гэтэл Б нь машины хаалгыг хаалгахгүй, түүнийг машинаас чирч буулгасан ба энэ үед Д нь гар утсаа алдаж, гээсэн байдаг. Тэр даруйдаа Д нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст очиж, болсон үйл явдлаа хэлж өргөдөл гаргасан юм. Энэ үед З.Б- нь зугтаагаад явчихсан байдаг ба түүний оршин суух хаяг, утасны дугаарыг Д нь өөрийн сурч байсан сургуулиасаа лавлаж, сураглаж байж цагдаагийн байгууллагад олж өгснөөр З.Б- нь 10 орчим хоногийн дараагаар дуудсанаар цагдаад хүрч ирдэг.

Д.Д-ыг “Минт” баарны зүүн талд Бд зодуулсан явдлыг гэрч Э.Ө, Э нарын мэдүүлэг, мөн З.Б-, Д нарын мэдүүлэгт “Дыг Б нь өдөж хоргоож, зодож биед нь гэмтэл учруулсан тухайгаа хэлж мэдүүлсэн” байдаг. Гэтэл шүүхээс Дыг гэм буруутай гэж дүгнэж байгаад гомдолтой байна.

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон 10326, 10693 тоот дүгнэлтэд “З.Б-ын биед үүссэн хөнгөн зэргийн гэмтлийг дурдаж, учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэж зөвхөн зааснаараа Д.Д-ыг буруутгаж, гэм буруутай гэж үзэх нь учир дутагдалтай юм.

Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн “Анта бюти” ХХК-ийн гоо сайхны салонд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр З.Б- нь гоо сайхны үйлчилгээ     болох арьсаа татуулсан, чийгшүүлэгч хийлгэсэн, нөхөн сэргээх үйлчилгээ хийлгэснийг анхан шатны шүүх үнэлж, эмчилгээний зардалд тооцсонд гомдолтой байна. Учир нь шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурдсан гэмтэлд “баруун доод зовхинд зулгаралт, зүүн чихний ар хэсэг, доод уруулын дотор салстын язрал үүссэн” байна гэжээ. Гэтэл дээрх учирсан гэмтэл учруулсны улмаас нүүрний арьсандаа батокс цацуулж, чийгшүүлэх үйлчилгээ хийлгэсэн нь ойлгомжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирол, хор уршигаар тооцох зүйлтэй нийцэхгүй байна гэж үзэж байна. Гэтэл Д.Д- нь З.Б-д зодуулж чирүүлсний улмаас “Iphone 7 plus” загварын 2,041,600 төгрөгийн үнэ бүхий гар утсаа алдаж, гээгдүүлж хор уршиг учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Үүнийг шүүх шийтгэх тогтоолдоо дурдаж үнэлээгүйд гомдолтой байна. Мөн З.Б-аас гаргуулах саналтай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд нийцэхгүй, хэт нэг талыг барьж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ашигтай байдлыг бий болгосон шийтгэх тогтоол гарсан гэж үзэж байна. Иймээс миний үйлчлүүлэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон, мөн 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч З.Б-ын өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотолсны үндсэн дээр шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн. Нотлох баримтыг үндэслэж 1,326,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх З.Б-, Д.Д- нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

З.Б-, Д.Д- нар нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өглөөний 05 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Минт” баарны зүүн талд хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож,

З.Б- нь Д.Д-ын эрүүл мэндэд “...тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт...” гэсэн хөнгөн гэмтэл учруулсан,

Д.Д- нь З.Б-ын эрүүл мэндэд “...доод уруулын дотор салстын язрал, баруун доод зовхинд зулгаралт, зүүн чихний ар хэсэгт цус хуралт...” гэсэн хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Д.Д-ын хохирогчоор мэдүүлсэн “...Би 2017 оны 8 дугаар сарын 11-ний шөнийн 00 цагийн орчим найз Ө хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” бааранд орж үйлчлүүлсэн юм. Тэгээд 05 цагийн орчим “Минт” баарнаас гарсан бөгөөд найз Ө хүн галт тэргэнд суулгаж өгнө гээд явсан байсан. Харин би “Минт” баарны замын эсрэг талын “Би салон” гэх нэртэй газрын өмнө өөрийнхөө гар утсаар хүнтэй яриад явж байхад 2014 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан байхад манай доод курсын оюутан байсан Тулгаа гэх залуу мөрлөж өнгөрсөн юм. Тэгээд чи намайг яагаад мөрлөж байгаа юм бэ гэхээр нь би чамайг мөрлөөгүй, харин чи эхэлж намайг мөрлөсөн гэхэд намайг шууд заамдаж, барьж авсан. Тэгээд Тулга намайг “Би салон” гэх газрын үүдэнд заамдаж дээрээс дарж унагаад зодож, цохисон бөгөөд би түүнд зодуулж байхдаа зугтаасан, намайг газарт унахад цүнх болон хэтэвч, гар утас зэрэг газарт унасан байсан ба би бүх зүйлээ газраас хумьж аваад такси барьж суугаад зугтах гэтэл Тулга таксины жолоочийг барьж аваад багалзуурыг нь шахаад машиныг явуулахгүй байж байгаад таксинаас намайг буулгаж, нүүр лүү гараараа цохиж зодсон юм. Энэ үед би өөрийнхөө “Iphone 7 plus” загварын хар өнгийн утсаа таксин дотор хаясан юм. Тулга намайг хажуугаар зөрөхдөө мөрөллөө гэх шалтгаанаар цохиж, зодсон ба цаад санаа нь нэг сургуулийн дээд, доод курсын оюутан байсан, тухайн үед надтай муу харилцаатай байсан тул одоог болтол надад өс хонзон санаж явдаг юм шиг байна. Миний уруул хавдсан, зүүн талын шанаа хэсэг арьс зулгарч хавдсан...” /хх-ийн 8-9-р тал/,

З.Б-ын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр мэдүүлсэн “...Би 2017 оны 8 дугаар сарын 12-ны шөнийн 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Минт” бааранд хоёр найзын хамт орж суугаад виски ууж байгаад үүрийн 04 цаг өнгөрч байхад гарсан. Жаргалан хотхон орж найзтайгаа уулзаад буцаад зам дагуу алхаж явсан чинь танил Д хажуугаар зөрөхдөө мөрлөчихсөн. Тэгэхээр нь би “хөөе замаа харж яваач” гэж хэлсэн чинь Д өөдөөс нэг юм хэлээд байхаар нь “чи нааш ир хөөе” гэж дуудсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж байгаад барилцаж авсан. Д намайг пальтоны захнаас хоёр гараараа боогоод хана руу шахсан. Бид хоёр зууралдаж байгаад хажуу тийш хамт унасан. Хөөе чи тавь гэсэн чинь Д хэвтэж байхдаа миний нүүр лүү хөлөөрөө жийсэн. Тэгээд бид хоёр нилээн ноцолдож, цохилцсон. Д бид хоёр салчихаад холоос хоорондоо хэрэлдэж байгаад такси бариад суух гэхээр нь би хойноос нь гүйж очоод чи хүний хамаг хувцас урчихаад ингэж салж явна гэж юу байдаг юм гэхэд Д машинаас буугаад ирсэн юм...” /хх-ийн 12-15-р тал/, 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Д тааралдаад намайг мөрлөсөн бөгөөд тухай үед би доошоо хараад явж байсан болохоор Дыг хараагүй, урдаас хүн ирэх шиг болохоор нь холдож байсан бөгөөд намайг мөрлөсний дараагаар Дыг харсан юм. Тэгээд бид хоёр муудалцаж байгаад чи яах гээд байгаа юм гэхэд миний өмнөөс юм хэлээд байсан, би юу хэлээд байсныг нь санахгүй байгаа бөгөөд нэг мэдсэн чинь бие биеэ заамдчихсан байсан. Тэгээд Дыг заамдаж байх үед миний хувцас урагдаад товч уначихаар нь би тавь, чи яагаад ингээд байгаа юм, учраа олох юм уу гэж хэлсэн бөгөөд бид хоёр бие биеэ тавихгүй байсаар байгаад хоёулаа унахдаа Д миний доор уначихсан юм. Миний доор хэвтэж байгаад нүүр рүү өшиглөөд бид хоёр хэвтээ зууралдаж байгаад бие биенээ өшиглөсөн юм. Тэгээд танихгүй хоёр эгч ирж, бид хоёрыг болиулаад салгатал Д таксинд сууж явах гэхээр нь нь би таксиг явуулалгүй, чи надтай учраа ол, би чамтай зодолдохгүй энд хүмүүс байна гэж хэлэхэд Д явна гэж байгаад сүүлдээ машинаас бууж ирснээ өөрийнхөө халаасыг үзэж байгаад гар утас алга болчихлоо гэхээр нь би чиний утсыг аваагүй, сая ноцолдож байхад миний утасны дэлгэц хагарсан байна гээд тэр хавиар хайгаад олоогүй, би гар утсаа таксин дотор мартчихсан юм биш үү гэж хэлтэл Д намайг гар утсаа авсан цагдаад өгнө гэхээр нь би хажууд байгаа эгч нарын утсаар залга гэж хэлээд залгуултал утас нь дуудаж байгаад сүүлдээ холбогдохгүй болсон...” /хх-ийн 49-р тал/, хохирогчоор мэдүүлсэн “...2017 оны 9 дүгээр сарын 6-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ хэргийн талаар дэлгэрэнгүй ярьсан бөгөөд нэмж ярих зүйл байхгүй...” /хх-ийн 1-р тал/,

гэрч Б.Э “...2017.08.12-ны үүрээр 06 цагийн орчимд, би Жаргалан хотхноос найзыгаа хүлээгээд зам дагуу зогсож байтал нэг залуу машин явуулахгүй гээд бас нэг найз нь бололтой залуу машинд суучихсан гарч ирэхгүй байх шиг байсан бөгөөд тэр хоёрын хажууд нэг танихгүй эгч байсан. Тэгээд хажууд байсан эгч надад хандаж, энэ хоёрыг болиулаад өгөөч гэж хэлэхээр нь би очиж, машин явуулахгүй гээд байсан залууг чи боль гэж хэлтэл нөгөө залуу би энэ залууг явуулж болохгүй гэж байсан. Тэр машины жолооч нь уурлаад дотор байсан залууг буулгаад явчихсан. Машин явуулахгүй гээд байсан залуу дээгүүрээ нүцгэн бөгөөд хажууд нь байсан эгч хувцсыг нь барьчихсан байсан. Тэгээд тэр хоёр залуу хоорондоо маргалдаад дээгүүрээ нүцгэн залуу нь нөгөө залуугаа чи ямар том болчихсон юм гэж хэлж байсан бөгөөд тэр хоёр миний хажууд зодолдоогүй, хоорондоо бие биенээ түлхэж байсан. ...Тухайн үед машинд сууж байсан залуугийн хамар, амнаас цус гарчихсан байсан, өөр гэмтэл гэх зүйл анзаарагдаагүй, харин машин явуулахгүй гээд байсан залуугийн биед гэмтэл байсан эсэхийг санахгүй байна...” /хх-ийн 19-р тал/

гэрч Э.Ө “...өглөө 05 цаг 30 минутын орчимд Д өөр утасны дугаараас над руу залгаад намайг хүн зодчихлоо. Би хүний утаснаас ярьж байна, хурдан ирмээр байна гэж хэлэхээр нь би “Минт” баар рүү очсон. ...Намайг очиход Дын нүүр нь хавдчихсан, хамар, уруулаас нь цус гарчихсан, хувцас нь цус болчихсон, хажууд нь зодсон гэх залуу нь байж байсан. ...Надад Д хэлэхдээ гэртээ харих гээд явж байхад өмнөөс ирсэн хүнд зам тавьж өгтөл албаар ирж мөргөөд, маргаан үүсгээд зодсон. Зугтах гээд машинд суутал машинаас нь чирч буулгаад дахиад зодсон гэж хэлсэн. Тухайн үед Дын доод талын уруул сэтэрч, зүүн шанаа нь хавдаад хамраас нь цус гарчихсан байсан ба нөгөө залууд гэмтэл харагдаагүй, цамцных нь энгэр задгай байсан...” /хх-ийн 16-17-р тал/,

шинжээч эмч Б.Ариунзулын “...10693 дугаар дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн буюу цохилтын улмаас үүснэ. Уналтаас үүсэх боломжгүй, дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно...” /хх-ийн 28-р тал/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 10326 дугаар “...Д.Д-ын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10693 дугаар “...Бын биед доод уруулын дотор салстын язрал, баруун доод зовхинд зулгаралт, зүүн чихний ар хэсэгт цус хуралт үүсчээ. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1071 дүгээр “...2017.08.21-ний өдрийн 10693 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. З.Б-ын биед доод уруулын дотор салстын язрал, баруун доод зовхинд зулгаралт, зүүн чихний ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-97-р тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

З.Б-, Д.Д- нар нь маргалдаж, харилцан бие биендээ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг учруулсан байх тул тэдний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...” гэсэн гэмт хэргийн шинжтэй байна. 

 

З.Б-, Д.Д- нарын үйлдлийг зүйлчилсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, З.Б-, Д.Д- нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан байх ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хэрэг болсны дараа Д.Д-, З.Б- нарын гадаад төрх байдал, гар утасны талаар ямар зүйл болсон тухай:

хэрэгт хамааралгүй, З.Б-, Д.Д- нарын хэн алиныг танихгүй Б.Э гэрчээр “...Тэр машин явуулахгүй гээд байсан залуу дээгүүрээ нүцгэн байсан бөгөөд хажууд нь байсан эгч хувцсыг нь барьчихсан байсан. Машин дотор байсан залуу надад гар утсаа алга болгочихлоо гэж хэлж байсан бөгөөд нөгөө залууд нь хажууд нь байсан эгч гар утсыг нь өгч байсан. Тухайн үед утас унтарчихсан байна гэж хэлж байсан. ...Тэр хоёр залуугийн цамцнуудынх нь товч уначихсан байсан, хэний хувцас яаж урагдсан талаар хараагүй...” /хх-ийн 20-р тал/,

Д.Д-ын найз Э.Ө гэрчээр “...05 цаг 30 минутын үед Д өөр дугаараас залгаад намайг хүн зодчихлоо, би хүний утаснаас ярьж байгаа болохоор хурдан ирмээр байна гэхээр нь ...би Д дээр очсон юм. Намайг очиход Дын нүүр хавдсан, хамар уруулаас нь цус гарчихсан, хувцас нь цус болчихсон хажууд нь зодсон гэх залуу байж байсан. ...нөгөө залууд гэмтэл байгаагүй, харин цамцны энгэр нь задгай байсан юм. ...Д “iphone 7 plus” маркийн хар өнгийн утастай байсан. Намайг буцаж очиход гар утсаа алдчихсан гэж хэлж байсан...” /хх-ийн 17-р тал/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Дээрх гэрч нарын мэдүүлгүүдээс, З.Б-ын нэхэмжилсэн урагдсан цамц, пиджак /хх-ийн 39-р тал/, нүүрний гэмтэлд хийсэн эмчилгээний төлбөр зэргийн нэхэмжлэлүүдээс гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа 10,000 төгрөгөөр үнэлэгдсэн /хх-ийн 39-р тал/ цамцны төлбөрийг Д.Д-аас гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Харин З.Б-ын гоо сайхны салоноор хийлгэсэн /хх-ийн 79-р тал/ үйлчилгээнүүдийн төлбөрт нэхэмжилж буй 1,326,000 төгрөгийн нэхэмжлэлээ жич энэхүү гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхэд хийлгэсэн гэдэг нотлох баримтаа гарган жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шийтгэх тогтоолын Д.Д-аас гаргуулан З.Б-д олгохоор заасан хохирлын хэсэгт энэ талаарх өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ. Энэ талаар давж заалдах гомдол гаргасан Д.Д-ын өмгөөлөгч Б.Онолтуяагийн гомдол үндэслэлтэй байна.

 

Д.Д-ын нэхэмжлэлээс гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ тогтоолгохоор КТГ-ийн шинжилгээ хийлгэсний төлбөр 120,000 төгрөгийг /хх-ийн 81 тал/ Д.Д-аас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна. З.Б- өөрийг нь машинаас чирж гаргахад машинд утас үлдсэн гэж Д.Д- гар утасны үнэ 2,041,600 төгрөг /хх-ийн 34-р тал/-ийг З.Б-аас нэхэмжилж байх бөгөөд энэ нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх нотлох баримт хэрэгт хангалттай бүрдээгүй байна. Иймд энэ гэмт хэргээс учирсан гэм хор болох талаарх нотлох баримтаа гаргаж нотлон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолын:

           

            тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Д-аас 1,326,000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Б-д, З.Б-аас 120,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-ад тус тус олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Д-аас 10,000 /арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч З.Б--д, З.Б-аас 120,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д-д тус тус олгосугай...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

           

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...З.Б-, Д.Д- нар энэ шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

3. Шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч Б.Онолтуяагийн “...Д.Д-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ