Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01774

 

“Т Ш Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01623 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1646 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Т Ш Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “С” ХХК-д холбогдох,

СӨХ-ны төлбөрт 3 813 384 төгрөг, 24, 25 дугаар зогсоолын дулааны төлбөр 462 000 төгрөг, нийт 4 275 384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Отгонбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Отгонбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай ОСНАА-н “Т Ш Е” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт орших Сэлбэ хотхоны 97/3, 97/4-р байруудын орон сууцны ашиглалт засвар үйлчилгээ болон дундын эзэмшлийн эд хөрөнгөнд үйлчилгээ үзүүлэх гэрээг тухайн байруудыг барьж ашиглалтад оруулсан “Сүмт Өргөө” ХХК-тай орон сууцны СӨХ болон ОСНААК-ын эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Тус 2 байр нь шинээр орсон цөөхөн айлтай СӨХ нь байгуулагдаагүй байсан тул СӨХ-ны үйл ажиллагаа болон нийтийн эзэмшлийн засвар үйлчилгээ, харуул цэвэрлэгээг түр хугацаагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тухайн байрны СӨХ байгуулагдсан тул нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг тухайн “СЭЛБЭ-180” СӨХ-д албан ёсоор нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн.

Манай байгууллага нь УБДТС ТӨХК, ЦТС ТӨХК, УСУГ, Нийтлэг үйлчилгээний газар, лифтний “Сигма Отис” ХХК зэрэг газруудад гэрээтэй ажилладаг ба заасан хугацаанд гэрээний дагуу нэхэмжлэлээр ирүүлсэн төлбөрүүдийг төлөх үүрэгтэй ба энэ нь нийтийн эзэмшлийн эд хөрөнгөнд гарч буй зардал хамааралтай тул cap бүрийн 15-ны дотор төлдөг. Энэ өдрөөс хойш алданги хүлээдэг тул хэрэглэгч оршин суугчид нь төлбөрөө цаг хугацаанд нь төлөх талаар утсаар болон албан мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан.

Хариуцагч “С” ХХК нь 2015 оны 05 дугаар сараас 2016 оны 10 дугаар саруудад сууц өмчлөгчдөд үйлчилгээ үзүүлсний хөлс болох 3 486 384 төгрөг, нотариатын төлбөрт 27 000 төгрөг, өмгөөллийн хөлс 300 000 төгрөг, нийт 3 813 384 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “С” ХХК-ийн эзэмшлийн 24, 25 дугаар зогсоолын төлбөр 462 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч “Т Ш Е” ХХК нь Сэлбэ хотхоны 97/03, 97/4 дүгээр байрны оршин суугчдад СӨХ-ны үйлчилгээ үзүүлдэг байсан гэх боловч бодит байдал дээр үйлчилгээг маш муу үзүүлдэг буюу цэвэрлэгээг огт хийдэггүй, харуул хамгаалалт ажиллуулдаггүй, мөн цахилгаан лифт ихэнхдээ гацаатай ажилладаггүй гэх зэргээр үйлчилгээг үзүүлсэн зүйл байхгүй байж оршин суугчдаас СӨХ-ны мөнгө авч байгаа нь буруу гэж үзэж байна. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч “С” ХХК нь Орон сууц Нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох нэхэмжлэгч “Т Ш Е” ХХК-д 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 12 дугаар cap хүртэлх хугацааны ашиглалтын зардлын төлбөр 4 279 368.13 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн зардал буюу СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хамгаалалт, засвар үйлчилгээ зэргийн зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг албан ёсны СӨХ-ны үйл ажиллагаа явуулах гэрчилгээ авч эрх нь нээгдсэн СӨХ-д олгосон заалттай. Мөн Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь хуульд заасан үүргээ буюу төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд орон сууц өмчлөгчдийн холбоо нь өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй талаар тусгайлсан зохицуулалтыг хууль тогтоогчийн зүгээс хуульчилж өгсөн байна.

Нэхэмжлэгч “Т Ш Е” ХХК нь Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлж албан ёсны гэрчилгээ аваагүй буюу СӨХ-ны үйл ажиллагаа явуулах эрхгүй байгууллага буюу тус шүүхэд СӨХ-ны төлбөрийг нэхэмжлэхээр хандах эрхгүй этгээд тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01623 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 14.5-д заасныг тус тус үндэслэн хариуцагч “С” ХХК-иас 3 656 384 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш Т Е” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 619 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т Ш Е” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90 474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-аас 73 612 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т Ш Е” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1646 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01623 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “Т Ш Е” ХХК-ийн хариуцагч “С” ХХК-иас СӨХ-ны төлбөрт 4 275 384 гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 452 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Оршин суугчид ОСНАА-н “Т Ш Е” ХХК-ийг СӨХ-гоор хүлээн зөвшөөрч үйл ажиллагаа болон үнэ тарифыг тогтоож протокол хөтөлсөн. Хурлын дараа Баянзүрх дүүргийн Тамгын газрын СӨХ-нуудыг хариуцсан даргад оршин суугчдын хурлын протоколтой танилцуулахад СӨХ байгуулагдах хүртэл түр хугацаанд тамга тэмдэг гаргах боломжгүй. Орон сууцны контор нь албан ёсоор нийтийн эзэмшлийн хэрэглээний ус, дулаан, хог, цахилгааны төлбөрийг хураан авч холбогдох байгууллагад тушаадаг тул үйл ажиллагааг авч явж болно гэсэн. УСУГ-т дундын өмчлөлийн хэрэглээний цэвэр ус, бохир усны төлбөр cap бүр төлсөн баримт, “УБДС” ТӨХК-д дундын өмчлөлийн, орц хонгилын дулаан, хэрэглээний халуун усны төлбөр cap бүр төлсөн баримт, “УБЦТС” ТӨХК-д дундын өмчлөлийн цахилгааны төлбөр cap бүр төлсөн баримт, Нийтлэг Үйлчилгээний хэлтэст хогны төлбөрийг cap бүр төлсөн баримт, “С” ХХК нь өөрийн өмчлөлийн автомашины 24, 25 дугаарт зогсоолтой нь тогтоогдсон атал дулаан гараашид бүтэн 1 жил 6 cap нэг ч төгрөг төлөхгүй ашигласан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцэж байгаа учир давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь дэмжиж байгааг дахин хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Т Ш Е” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын зардал, өмгөөлөгч, нотариатын үйлчилгээний хөлс, гараашийн дулааны төлбөрт нийт 4 275 384 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “С” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийг СӨХ-ны үйл ажиллагаа явуулах эрхгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1., Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2., Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3., 14.5.-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны төрөл,  нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг зөв тодорхойлоогүйгээр хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй, улмаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр, магадлал гаргаж чадаагүй байна.

Нэхэмжлэгч  “Т Ш Е” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гурван төрлийн шаардлага гаргасан байна. Үүнд: дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтад гаргасан зардал буюу дундын өмчлөлийн талбайн цэвэрлэгээ, хог ачилт, харуул хамгаалалт, дулаан, цахилгааны төлбөр, хариуцагчийн өмчлөлийн авто зогсоолын дулааны төлбөр, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол оржээ.

Анхан шатны шүүх Эрчим хүчний тухай хууль болон Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг шийдвэртээ баримталснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буруу ойлгосон гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч “Т Ш Е” ХХК нь хариуцагчийн өмнөөс дулаан, цахилгаан г. м төлбөрийг төлсөн тул өөрийн гаргасан зардлыг төлүүлэхээр шаардсан байхад шүүх эрчим хүч, ус, дулаанаар хангагч хэрэглэгч хоёрын харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалт баримталсан байна.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д заасан сууц өмчлөгчийн төлбөр төлөх үүргийг тодорхойлсон заалтыг баримталж, нэхэмжлэлийн шаардлагын анхан шатны шүүх хангаж, давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын талаар дүгнэлт хийсэн нь зөв боловч хариуцагчийн эрх зүйн байдлыг анхаараагүй нь алдаатай болжээ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д сууц өмчлөгчийн төлбөр төлөх үүргийг тусгасан байгаа тул хариуцагч “С” ХХК нь нийтийн орон сууцны барилгын орон сууцны зориулалттай талбайг өмчилж, түүнийг үйлчилгээний зориулалтаар өөрчлөн эзэмшиж, ашиглаж байгаа, эсхүл тухайн талбай анхнаасаа орон сууцны бус харин үйлчилгээний зориулалттай баригдсан эсэхийг тодорхой болгож, хариуцагчийг сууц өмчлөгч гэж үзэх эсэх талаар дүгнэх байжээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.-т зааснаар “сууц өмчлөгч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг  захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлдэг байна.

Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлөх үүрэгтэй. Нийтийн орон сууцны барилгын үйлчилгээний зориулалт бүхий хэсгийн өмчлөгч нь дээрх зардлыг эрх бүхий байгууллага болон сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан гэрээний үндсэн дээр төлнө. Ийнхүү гэрээ байгуулагдаагүй байх нь ашигласан хангамж, хүртсэн үйлчилгээний зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй ба хэрэглэгчийн өмнөөс төлбөр төлж, зардал гаргасан тал Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1., 496.2.-т зааснаар шаардлага гаргах эрхтэй.

Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр, хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөнд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг тус тус шаардах эрхтэй юм.

Гагцхүү бусдын өмнөөс төлсөн төлбөр, хөрөнгөнд нь оруулсан ашигтай үйлчилгээний хэмжээ, төрөл нь тодорхой тогтоогдсон байх учиртай.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн гурав дахь хэсэг буюу үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлын талаарх шаардлагыг аль нэг хуулийн зүйл, заалтыг баримтлалгүй хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр, магадлалын хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар хангалттай бүрэн дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01623 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1646 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 83 356.14 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН