Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1099

 

М.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2017/00296 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч З.Баттогтоход холбогдох        

Гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол, зардал, олох байсан орлого, сэтгэл санааны хохирол нийт 12 561 900 төгрөг гаргуулах тухай,

Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Алтанцэцэг  

Хариуцагч З.Баттогтох

Хариуцагчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч М.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага 6 500 000 төгрөгөөр өөрчилж, 12 561 900 төгрөг болгон нэмэгдүүлсэн. З.Баттогтоход өгсөн 10 000 000 төгрөгийг бүрдүүлэх гэж би үнэт эдлэлээ ломбарданд тавьж, эхээрээ тэтгэврийн зээл авахуулсан зэрэг дандаа хүүтэй мөнгө авч З.Баттогтоход өгсөн. З.Баттогтох миний 10 000 000 төгрөгийг 6 сарын турш хэрэглэсэн тул 10 000 000 төгрөгийг 8 хувийн хүүг 6 сараар тооцоход 4 800 000 төгрөгийн хүү олох байсныг гаргуулахаар нэхэмжилсэн нь холбогдох гэрээүүдээр нотлогдож байгаа. Мөн Сансар кабелийн телевиз тавиулсан зардалд 40 250 төгрөг, орон сууцанд нүүж ороод гал тогооны тавилгагүй, нойлд аяга тавгаа угаах хэцүү байсан учир “Китчин Ол” /kitchen all/ компанитай гэрээ байгуулан гал тогооны тавилгын загвар дизайн гаргуулсны хөлс 30 000 төгрөг, хэлцэл хийх болон бусад бичиг баримтууд гэрчлүүлсэн нотариатын зардал 95 200 төгрөг, хашаа байшин үнэлүүлэхэд 93 500 төгрөг, З.Баттогтохын хүсэлтээр орон сууцны метр квадратыг хэмжүүлсэн ажлын хөлс 40 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 212 950 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл байр түрээсэлж н.Аюушжавтай сарын 470 000 төгрөгөөр гэрээ байгуулж 2 350 000 төгрөг төлсөн, 2 удаагийн нүүлгэлтийн зардал 500 000 төгрөг, З.Баттогтохын байранд орохдоо гэрлийн бүрхүүл, хөшиг тогтоогчийн нүх цоолуулсан, нэг нүх 3 000 төгрөгөөр тооцож ажлын хөлс 100 000 төгрөг, байрны засварын материал, ажлын хөлс 300 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 4 000 000 төгрөг нийт 12 561 900 төгрөгийг нэхэмжилж байна.

З.Баттогтох надтай 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн М.Алтанцэцэгээс З.Баттогтоход 66 800 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлж дуусгана гэж гарын үсэг зуруулж хуурч мэхэлсэн хэлцэл хийсэн тул хүчингүйд тооцуулна. Би дэлгүүрээ 400 000 төгрөгөөр түрээслүүлээд 270 000 төгрөгийг 10 000 000 төгрөг дээр нэмж З.Баттогтоход өгсөн. З.Баттогтох 10 270 000 төгрөг буцааж өгсөн. Би 5 дугаар сарын 15-нд нүүж ороод, 8 дугаар сарын 15-нд гарч орон сууцанд 3 сар амьдарсан. Би 6 дугаар сарын 23-ны өдөр З.Баттогтохтой уулзахад наадмын дараа 13 000 000 төгрөг болгож өгнө гэсэн. Би дахиад 8 дугаар сард сургууль, цэцэрлэг орох цаг дөхөөд ярихад нэг ажил гүйцэтгэж байгаа мөнгө орж ирэхээр өгнө гэж хэлж байсан. Орон сууц захиалгаар бариулах гэрээ 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, надад байгаа захиалгын гэрээ 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөр байгаа. Нэг байранд 2 захиалгын гэрээ байдаг. Байрны ордер гарсан 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр мөнгөө ав гэхээр нь дансанд хийчих гэж хэлсэн. Надаас захиалгын гэрээгээ авъя гэхэд би өгөхгүй гэсэн чинь “наад захиалгын гэрээ чинь хүчингүй” гэж хэлээд утсаа тасалсан. Би 9 дүгээр сарын 13-ны өдөр Ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар улсын комисс томилуулж ажиллуулсан. Тухайн компанийн захирал З.Баттогтоход “чи энэ айлаас 10 000 000 төгрөгийг нь аваад оруулсан байна” гээд загнаж  байсан. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр буюу ордер гарсан өдөр болон зээл гарсан өдөр 2 давхцаж байгаа гэжээ.

Хариуцагч З.Баттогтох шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Алтанцэцэгт ажил гүйцэтгэх гэрээний дагуу 7а байрны 2 өрөө байрыг худалдахаар тохирсон. 2016 оны 3 дугаар сарын эхээр уулзаж тохиролцоод М.Алтанцэцэг өөрөө захиалгын гэрээг миний нэр дээр хийж өг гэсний дагуу түүний нэр дээр хийж өгсөн бөгөөд гэрээг өгч явуулсны дараа 3 дугаар сарын 18-ны өдөр надад 10 000 000 төгрөг өгөхдөө олон хувааж өгсөн. Надад өөрийнхөө хашаа байшинг зөрүү төлбөрт өгөх санал тавьсны дагуу манай 2 дүү 1 хоноход байшингийн хананаас шороо буугаад байна гэхээр очиж үзэхэд банзаар бариад дунд нь шороо хийж барьсан байсан. Тэгээд би больё та мөнгөөрөө байраа ав, харин хашаа байшингаа буцаая гэхэд би хашаа байшингаа зараад мөнгө өгье гэсэн. Улаанбаатар банкинд байдаг нотариат орж энэ гэрээг байгуулсан бөгөөд би хүчилж хийлгээгүй өөрөө ирж 2016 оны 6 дугаар сарын 30-ны дотор мөнгө өгье гэж хэлцэл хийгээд салсан. Түүнээс хойш 8 дугаар сарын эхээр над руу гэнэт залгаад би байрнаас чинь гарлаа, миний 10 000 000 төгрөгийг авчирч өг гэсэн. Тэрнээс хойш асуудал үүссэн. 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1 500 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 8 770 000 төгрөг хийсэн. Дэлгүүрийн түрээс шилжүүлсэн гэж байгаач энэ талаар надад хэлээгүй АТМ-ээс шилжүүлсэн байсан тул хэн мөнгө хийсэн гэдгийг мэдээгүй. М.Алтанцэцэг миний байранд 3 сар үнэ төлбөргүй суусан, хана цоолсон, орсон цагаасаа байрны мөнгө төлөөгүй, ядарсан эмэгтэй хүн гээд сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Би бусдад хохирол учруулаагүй, бусдын хашаа байшинг авна гэж хэлцэл хийгээгүй бэлэн мөнгөөр буюу 2016 оны 8 дугаар сарын 30-ны дотор 66 800 000 төгрөг төлнө гэж хэлцэл хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар М.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй З.Баттогтоход холбогдох орон сууц захиалгын гэрээний үүрэгт 12 561 900 төгрөг гаргуулах, М.Алтанцэцэгээс З.Баттогтоход 66 800 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлж дуусгана гэсэн агуулгатай нотариатаар баталгаажуулсан хэлцлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаас 388 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган нэхэмжлэгч М.Алтанцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 173 400 төгрөгийн шаардлагыг болон М.Алтанцэцэгээс З.Баттогтоход 66 800 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлж дуусгана гэсэн агуулгатай нотариатаар баталгаажуулсан хэлцлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч З.Батболдоос 20 105 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Алтанцэцэгт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Орон сууц захиалгын гэрээний үүрэгтэй холбоотой 12 561 900 төгрөг гаргуулах, З.Баттогтоход М.Алтанцэцэгээс 66 800 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлж дуусгах агуулгатай хэлцлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. З.Баттогтох, М.Алтанцэцэг нарын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах болон арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзсэн атлаа З.Баттогтох, М.Алтанцэцэг нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт тус тус зааснаар дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан байх тул зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцэхгүй байхад шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. М.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ З.Баттогтохтой үл хөдлөх эд хөрөнгө арилжиж, зөрүү 10 000 000 төгрөг шилжүүлснийг эргэлдүүлж байгаад наймаанаасаа буцаж 6 сарын турш намайг хохироосон. З.Баттогтох надаас 10 000 000 төгрөг авч өөрийн хувийн “Трубелант” ХХК-д барилгын дотор агааржуулалтын системийн ажил гүйцэтгэхдээ ашиглаж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байгаа тул 1. ХондаСевик машины зээл 1 800 000 төгрөгийн хүү нь 4,5%-иар тооцож 1 cap 81 000 төгрөг х6 сар = 486 000 төгрөг, 2. Сайн ломбарданд үнэт эдлэл 1 500 000 төгрөгийн хүү нь 7% -иар тооцож 105 000 төгрөгийг х 6 сар = 630 000 төгрөг, 3. Эдомон ломбарданд 2 800 000 төгрөгийн хүү  х 8%-иар тооцож 1 cap 224 000 төгрөгөөр х 6 cap = 1 344 400 төгрөг, 4. Тэтгэврийн зээл 2 926 800 төгрөгийн хүү нь 1.5%-иар тооцож 1 cap 43 920 төгрөг х6 cap=263 412 төгрөг нийт 10 000 000 төгрөгийн хүүд 6 сарын турш 2 723 812 төгрөг төлсөн байна. Эвдэж сүйттэсэн байшингийн заслын ажлын хөлсөнд н.Уранчимэгт 300 000 төгрөг хэлцлийг хийлгүүлэхэд нотариатын хөлсөнд 51 200 төгрөг З.Баттотгох надаар төлүүлсэн. Орон сууцны метр квадрат нь “Гандирс-Од” ХХК-иар хийлгүүлсний хөлс 40 000 төгрөг төлсөн зэрэг нийт 3 115 000 төгрөгийг З.Баттогтохоос гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав. 

Нэхэмжлэгч М.Алтанцэцэгээс хариуцагч З.Баттогтоход холбогдуулан учирсан хохиролд 12 681 000 төгрөг гаргуулах, хуурч мэхлэн байгуулсан 66 800 000 төгрөгийн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчид 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 35 дугаар гудамжны 43 тоот хаягт байрлах хашаа, байшинг, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 7 дугаар байрны 46 тоот 2 өрөө орон сууцаар солихоор тохиролцон, нэхэмжлэгч М.Алтанцэцэг үнийн зөрүүнд 10 000 000 төгрөг төлсөн боловч эд хөрөнгийн доголдлын улмаас маргаан үүсч, 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч хашаа байшингаа буцаан авснаар эхний гэрээний харилцаа дуусгавар болжээ.

Үүний дараа талууд дээрхи 2 өрөө орон сууцыг худалдах худалдан авахаар тохиролцож, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчээс хариуцагч З.Баттогтоход 66 800 000 төгрөг төлөхөөр бичгийн хэлцэл байгуулсан ба зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгч 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс худалдаж авсан орон сууцандаа амьдарсан бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр орон сууцыг хариуцагчид, 2016 оны 9 дүгээр сарын 13-нд хариуцагчаас нэхэмжлэгчид 10 000 000 төгрөгийг буцаан өгсөн нь хэргийн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгуулагдсан гэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй,  хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг болгон хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.          

Талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан 66 800 000 төгрөг төлөх агуулга бүхий хэлцлийг хуурч мэхэлж хийсэн тул  хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай  шаардлагыг нэхэмжлэгч гаргасан байна.

Нэхэмжлэгч дээрх хэлцлийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа нотлоогүй, хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Хариуцагч З.Баттогтох худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч гэрээнээс татгалзан, хохиролд нийт 12 561 900 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнээс анхан шатны шүүх 2 удаа машин хөлсөлж нүүсэн зардал, орон сууцанд гэрлийн бүрхүүл, хөшиг тогтоох болон “Хөрөнгийн үнэлгээний төв“ ХХК-ийн ажлын хөлсөнд нийт 388 500 төгрөгийг гаргуулж, үлдэх 12 173 400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээс 10 000 000 төгрөгийн хүү 2 723 812 төгрөг, байшингийн засварын ажлын хөлс 300 000 төгрөг, нотариатын хөлс 51 200 төгрөг, орон сууцны талбайн хэмжилт хийлгэсний хөлс 40 000 төгрөг, нийт 3 115 000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаас үзэхэд үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгүүлэгчийн зайлшгүй олох ёстой байсан орлогыг нөхөн төлөхийг зохицуулсан тул бусдаас зээлсан зээлийн хүүг уг хохиролд тооцох боломжгүй юм.

Анхан шатны шүүх байшингийн засварын ажлын хөлс 300 000 төгрөг, нотариатын зардал болон орон сууцны талбайн хэмжилтийн хөлсийг хэргийн үйл баримт, нотлох баримтад үндэслэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, энэ талаарх хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2017/00296 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг үндэслэн З.Баттогтохоос 388 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Алтанцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 173 400 төгрөгт холбогдох хэсэг болон Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж найруулж, 2 дахь заалтад “З.Батболд” гэснийг “З.Баттогтох” гэж, “4” гэж “3” гэж “5” гэснийг “4 “ гэж дугаарлан тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Алтанцэцэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

                                                                               ШҮҮГЧИД                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                                        Д.БАЙГАЛМАА