Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 356

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Д.С-, Б.Т-, Б.А-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Бямбадагва,

хохирогч Ц.Э-,

шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Д.Галсанпунцаг,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Э-, шүүгдэгч Д.С-, өмгөөлөгч Б.Долгорсүрэн, шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Д.Галсанпунцаг, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.С-, Б.Т-, Б.А- нарт холбогдох 2014260005591 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Д.С, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл х, эх, дүү нарын хамт хх дүүргийн хх дугаар хороо, хх дугаар гудамжны хх тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

2. Б.Т, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл хх, эцэг, эгчийн хамт хх дүүргийн хх дугаар хороо, хх дугаар гудамжны хх тоотод оршин суух бүртгэлтэй,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ялын зарим болох 1  жил 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоосон,

 

3. Б.А, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл хх, эцэг, эх, дүүгийн хамт хх дүүргийн хх дугаар хороо,  оршин суух,

Д.С-, Б.Т-, Б.А- нар бүлэглэж, 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, хохирогч Ц.Э-ийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, 950,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, бэлэн 236,000 төгрөгийг дээрэмдсэн, уг гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Ц.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Д.С- нь 2017 оны 3 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах “Өргөө” кинотеатрын баруун талд хохирогч Ц.Өлзийжаргалын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 580,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Д.С-эд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

Б.Т-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

Б.А-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С, Б.Т, Б.А нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,

хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Доржготовын Сийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.С-ийг 3 жил хорих ялаар, Б.Т-ыг 3 жил хорих ялаар, Б.А-ыг 3 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.С-ийг 5 жил хорих ялаар, Б.Т-ыг 5 жил хорих ялаар, Б.А-ыг 5 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С-ийг 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Д.С-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хугацааг 9 жилээр,

Б.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хугацааг 8 жилээр,

Б.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хугацааг 8 жилээр тус тус тогтоож, Д.С-, Б.Т-, Б.А- нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Д.С-ийн цагдан хоригдсон 370 хоногийг, Б.Т-ын цагдан хоригдсон 129 хоногийг, Б.А-ын цагдан хоригдсон 132 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.С-ээс 1,992,729 төгрөг, Б.Т-аас 1,992,729 төгрөг, Б.А-аас 1,992,729 төгрөг тус тус гаргуулж, нийт 5,978,187 төгрөгийг хохирогч Ц.Э-д олгож, Д.С-эд холбогдох хэргийн хохирогч Ц.Өлзийжаргал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, Д.С- нарт холбогдох эрүүгийн 2014260005591 тоот хэргээс шүүгдэгч Ц.Батзоригт холбогдох хэргийг тус шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор тусгаарласан болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ц.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.С-, Б.А-, Б.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарт хуулийн дагуу ял оногдуулсан нь шударга шийдвэр гэж хохирогч миний бие үзэж байна. Миний бие дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөнө” гэснийг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж шийтгэх тогтоолд 2 дахь удаагаа алдаатай бичигдлээ. Энэ алдааг засаж залруулна уу. Шүүгдэгч нар нь хохирлыг бүрэн барагдуулна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, уучлалт гуйж байна гэж шүүх хуралд мэдэгдэж байсан тул миний бие шүүгдэгч нарт нас залуу, хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна гэж үзээд шүүх хурлуудад шүүгдэгч нарыг уучилж, аль болох бага ял оноогоосой гэж шүүгч нар хүсэлт тавьж байсан. Гэтэл 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралд оролцохдоо мэдүүлэг өгөхгүй, эсвэл худал мэдүүлэг өгөх, хохирлыг бүрэн барагдуулахгүй гэж мэдүүлж байсанд гомдолтой байгаа төдийгүй шүүгдэгч нар нь хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь худал юм байна гэж миний бие үзэж байна. Шүүгдэгч нар нь намайг зэрлэгээр зодож, доромжилж дээрэмдэхдээ санаатайгаар бүлэглэж, хүний биед хүнд гэмтэл учруулж, нэг эрхтэнгүй, тахир дутуу болгож, хохирогч надад эдийн засгийн болон эрүүл мэндийн үлэмж хохирол учруулсан. Шүүгдэгч нар нь шүүхийн шийтгэх тогтоолыг хүндэтгэхгүй, хохирогч надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулах талаар санаа тавихгүй байгаад гомдолтой байгаа төдийгүй оногдуулсан ял нь хөнгөдөж байна...” гэв.

 

Шүүгдэгч Д.С- давж заалдах гомдолдоо: “...Миний бие хэрэгт шалгагдан батлан даалтад байх хугацаандаа засрал хүмүүжил, нийгэмд ухамсарлах үүрэг хариуцлагаа ухамсарлаж, өөрийн учруулсан хохирол гомдлыг барагдуулахын тулд ажил хөдөлмөр хийж, тогооч мэргэжлээрээ ажиллаж хохирогч Ц.Э-д дээрмийн бодит хохирол болох 1,200,000 төгрөгийн хохирлоос өөрт ногдох 400,000 төгрөгийг төлж, мөн хохирогч Ц.Э-ийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч Өлзийжаргалд нэхэмжилсэн хохирол болох гар утсыг хүлээлгэн өгч хохирлыг барагдуулсан. Хохирогч Ц.Э- нь гомдол санал байхгүй, дахиж мөнгө нэхэмжлэхгүй гэж бичиг бүрдүүлж нотариатаар баталгаажуулж өгсөн. Анхан шатны шүүх хурал болоход 7,478,187 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүх өмгөөлөгч авсан зардал 1,500,000 төгрөгийг хасч, 1,992,729 төгрөгийг төлүүлэхээр болсонд гомдолтой байна. Миний бие цагдан хоригдож, мөрдөн шалгагдаагүй бол ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн хийж нэхэмжилсэн хохирлыг төлөх боломжтой байсан. Би 9 жилийн хорих ял шийтгүүлж, хохирлоо барагдуулах боломжгүй болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирлыг төлж барагдуулсан болохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглүүлэх хүсэлттэй байна. Миний эх бие муутай, тэтгэвэрт байдаг. Иймд хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 9 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байгааг хүлээн авч, хянан шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхийн эхний хэлэлцүүлэгт, хохирогч Ц.Э- “Б.Т-, Б.А- хоёрт гомдол санал байхгүй. Энэ залуусаас иргэний журмаар хохирол нэхэмжлэхгүй, хоорондоо төлбөр барагдуулсан тухай гэрээ байгуулж хэлцэл хийсэн” гэж мэдүүлэн баримтаар тогтоогдсон хохирлын өөрт оногдох 2,400,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Гэтэл хохирогч Ц.Э- дараагийн шүүх хурлын хэлэлцүүлгийн үед дахин 7,478,187 төгрөг нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэргийн материал дээр мөнгөний талаар тодорхой баримт байхгүй ба анхан шатны шүүх хохирогч Ц.Э- нь дээрх гэмт хэргийн хохирогч болоогүй бол ийм хохирол учрахгүй байсан ба энэ нэхэмжилж буй хохирлыг төлүүлэх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг эсэргүүцэж байна. Ийм шийдвэр гарснаар шүүгдэгч бидэнд ашигтай зүйл, заалт болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломж хаагдаж байгаа юм.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд “дээрэмдэх явцдаа хохирогчийн биед хүнд хохирол санаатай учруулсан бол” гэсэн заалт байхгүй. Мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэж” гэсэн заалт байгаа болохоос “дээрэмдэх явцдаа” гэсэн заалт байхгүй байна. Ийм учраас Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх заалт зөрчигдөн бид үйлдсэн нэг гэмт хэрэгтээ хуулийн хүнд хэсгээр хоёр өөр зүйлчлэлээр хоёр дахин яллагдаж эрх зүйн байдал дордоод байна.

Өөрөөр хэлбэл, нэг гэмт хэрэгт нэг удаа шийтгэгдэх зарчим алдагдан хуулийн хоёр өөр зүйл, хэсгээр шийтгэгдсэн учир нотлох баримтаар тогтоогдсон бодит хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд ямар ч саад учруулаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг ял оногдуулсан зүйл, анги тус бүрээр тус тусад нь хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ бүх байдлыг харгалзан үзэж, үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тухайн зүйл, заалтуудыг хүлээн зөвшөөрч байгаа. 2014 оны 11 дүгээр сарын 4-нд уг хэргийг хийхэд насанд хүрээгүй байсан. Хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Уг хэргээс хойш өөртөө маш их дүгнэлт хийж, дахин ямар нэг хэрэг зөрчил гаргаагүй, цаашид ямар нэг гэмт хэрэг хийхгүй. Хохирогчийг зодож танхайрсандаа туйлын их харамсаж, хохирогчоос уучлалт гуйсан. Одоо ч уучлалт гуйж байна. Энэ байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 8 жилийн хорих ялаас хасаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Д.С-ын өмгөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр гаргалаа.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Ц.Э- нь нотлох баримтаар 14,678,187 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг үгүйсгэх үндэслэлгүй гэж дүгнэсэн, гэтэл дээрмийн гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд хохирол учирч эмчилгээ сувилгаа хийлгэсэн мөнгөн дүнг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас судалж үзэхэд нийт 10,025,537 төгрөг /өмгөөлөгчийн зардал ороогүй/. Дээрмийн гэмт хэргийн хохирол 1,186,000 төгрөг, эмчилгээний зардал 10,025,537 төгрөг /өмгөөлөгчийн зардал  ороогүй/ нийт хохирол 11,211,537 төгрөг байна. Дашрамд дурдахад хохирогч Ц.Э- 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр төлбөр барагдуулах тухай хэлцэл хийж, Д.С-ийн ар гэрээс эмчилгээний зардалд 2,000,000 төгрөгийг хүлээн авч, хохирлын тооцоог дуусгасанд тооцов, нэмж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо үүгээр баталж байна хэмээн гарын үсгээ зурж, нотариатаар баталгаажуулсан байдаг. Хохирогч Ц.Э-д Д.С- нь нийт 2,400,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн. Миний   үйлчлүүлэгч   Д.С- нь дээрмийн гэмт хэргийн бодит хохирол болох өөрт оногдох 400,000 төгрөгийг хохирогч Ц.Э-д төлж барагдуулсан, зүйлчлэл дээр маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, дээрмийн гэмт хэрэгт оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж, хохирогч Ц.Э-д учирсан хохирлын төлбөр нийт 14,678,187 төгрөг Д.С-, Б.Т-, Б.А- нарын төлсөн нийт 7,200,000 төгрөг болон өмгөөлөгчийн зардал гэх 1,500,000 төгрөгийг хасч тооцоход үлдэгдэл төлбөр 5,978,187 төгрөг /нэг хүнд ногдох мөнгөний хэмжээ 1,992,729 төгрөг/ биш нийт хохирол 11,211,537 төгрөг /өмгөөлөгчийн зардал ороогүй/, үүнээс нэр бүхий хүмүүсийн төлсөн 7,200,000 төгрөгийг хасч тооцоход үлдэгдэл 4,011,537 төгрөг /нэг хүнд ногдох мөнгөний хэмжээ 1,337,179 төгрөг/ байх тул хохирлын дүнг зөвтгөж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Д.Галсанпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Т- нь Д.С-, Б.А- нартай бүлэглэн хохирогч Ц.Э-ийн эрх чөлөөнд халдаж, эд зүйлийг нь дээрэмдэж 14,678,187 төгрөгийн хохирол учирсан гэж анх нэхэмжилснийг шүүх анхны удаа хэлэлцээд 7,200,000 төгрөгийг 3 хувааж төлүүлсэн.

Хохирогч тухайн үед шүүгдэгч нараас мөнгө нэхэмжлэхгүй гэж бичиг хийж, нотариатаар гэрчлүүлэн шүүхэд өгч байсан. Тухайн хэргийн материалд 7,400,000 төгрөгийн баримт бий. /эмчилгээ, эм тарианы/ Хохирогчийн нэхэмжилж байгаа 14,600,000 төгрөгийн баримт байхгүй. Шүүх хохирол төлбөрийн хувьд цаашид хүнд гэмтлийн улмаас тодорхой хугацаагаар ажилгүй байна. Энэ хугацаанд олох ёстой байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд уялдуулан тодорхойлсныг буруутгах аргагүй гэжээ. Хуульд учирсан бодит хохирлыг шүүхэд цугларсан баримтыг үндэслэн тогтоодог бус уу. Нэгэнт ямар нэгэн баримтгүй бол эмчилгээний зардал, бусад хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй. Шүүх үүнийг зааж өгөөгүй байна.

Шүүгдэгч Б.Т- нь өөрт ногдох төлбөрийг төлсөн. Одоо баримтаар тогтоогдсон, хэлэлцүүлгийн явцад судлагдсан баримттай хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй болно. Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэсэн болно. Энэ нь сүүлд нэхэмжилсэн 14,000,000 төгрөгийн хувьд өрөөсгөл дүгнэлт болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.4-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах”, мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах эсхүл хэрэгсэхгүй болгоно”, мөн хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана”, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг тогтоолд тусгаагүй байна. Иймд нотлох баримтгүй төлбөр гаргуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, ял оногдуулахад нөлөөлж болох зарим нөхцөл байдлыг авч үзэлгүй орхигдуулсан гэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Ялтан Б.А- нь 2014 онд хохирогч Ц.Э-д хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн билээ. Уг гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж байсан. Улсын яллагч 2015 онд батлагдан 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болон 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн. 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгож хүндрүүлсэн нөхцөл байдал нь бүлэглэж үйлдсэн хэмээн үзэж оруулж ирсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зүйлчлэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн хэмээн зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байна хэмээн үзэж байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт, зөвхөн бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан бол хэмээн заасан байдаг бөгөөд бүлэглэж үйлдсэн хэмээх шинж байхгүй болно. Хуульд байхгүй үйлдэл, эс үйлдэхүйг шинээр тооцож эрх зүйн байдлыг дордуулан эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5-12 жил хорих ялтай, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2-8 жил хорих ялтай гэмт хэргүүд болно. Дээрх ялын санкцийг харахад үндсэн гэмт хэрэг буюу дээрэмдэх гэмт хэргийн нэг хүндрүүлэх нөхцөл байдал болох бусдын бие махбодид хүнд хохирол учруулсан гэмт хэрэг нь үндсэн гэмт хэрэг болох дээрэмдэх гэмт хэргээсээ илүү ялтай болчихоод байгаа зэргийг харахад илт Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өмгөөлөгч миний зүгээс Б.А-ыг 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан хэсгийг шүүх шийдвэр гаргахдаа зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь, өмгөөлөгч миний бие дээр дурдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байгаа талаар шүүх хурлын явцад хандан хууль зүйн дүгнэлтээ гаргасан бөгөөд энэ талаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй, мөн хууль зүйн хувьд няцаах талаар хуульчилсан хуулийн шаардлагыг хангаагүй шүүхийн шийтгэх тогтоолд бичигдээгүй буюу хуулийн энэ заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол тогтоогдсон талаар, тогтоогдоогүй бол тогтоогдоогүй талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бичигдэх талаар хуульчилсан, хуулийн заалт зөрчигдсөн байна. Хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бичигдсэн зүйл байхгүй байгаа зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Ял оногдуулахад нөлөөлж болох зарим нөхцөл байдлыг авч үзэлгүй орхигдуулсан талаар:

Хохирогч Ц.Э- 14,678,187 төгрөг нэхэмжилдэг. Шүүгдэгч тус бүр хохирогчид 2,400,000 төгрөг, нийт 7,200,000 төгрөгийн хохирол барагдуулсан байдаг. Анхан шатны шүүхээс хохирогчийн нэхэмжилсэн нийт хохирлын мөнгөнөөс өмгөөлөгчийн зардал болох 1,500,000 төгрөгийг хасч, үлдэгдэл болох 5,978,187 төгрөгийн буюу нэг хүний 1,992,729 төгрөг тус тус бусдад төлөх төлбөртэй гэж шийдвэрлэсэн байдаг. Өмгөөлөгч миний зүгээс хохирогчийн хохирлын баримтыг тулган шүүж харахад “Гранд мед” эмнэлэгт эмчлүүлсэн гэх курс эмчилгээний зардалд зарцуулсан гэх 6,780,000 төгрөгийн баримт хавтаст хэргээс олдоогүй бөгөөд шүүх баримтгүй дээрх хохирлыг нийт хохиролд оруулан шийтгэх тогтоолоо гаргасан болно. Хохирлын баримтгүй дээрх хохирлыг нийт хохирлоос хасаж тооцсон бол шүүгдэгчид оноосон ялын хэмжээг багасгах нөхцөл байдал үүсэх боломжтой бөгөөд шүүх ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлыг орхигдуулан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, ял оногдуулахдаа нөлөөлж болох зарим нөхцөл байдлыг авч үзэлгүй орхигдуулсан зэрэг бодитой нөхцөл байдлууд тогтоогдож байгаа гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

 

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт хохирлоо төлсөн байхыг шаардаж байгаа. Шийтгэх тогтоолоор 1,900,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн учраас хохирлоо бүрэн төлөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт арваас хорин жилийн хорих ял оногдуулахаар байгаа. Гэтэл шүүгдэгч нарт нэмж нэгтгээд найман жилийн хорих ял оногдуулсан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн бол хамгийн багадаа арван жилийн хорих ял оногдуулахаар байгаа. Тийм учраас эрх зүйн байдал нь дордсон гэж үзэхгүй байна. Хэргийн зүйлчлэл тохирсон. Анхан шатны шүүх 14,000,000 төгрөгийн хохирлыг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Д.С-, Б.Т-, Б.А- нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

1. Д.С-, Б.Т-, Б.А- нар нь бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, хохирогч Ц.Э-ийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж, 950,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, бэлэн 236,000 төгрөгийг дээрэмдсэн, уг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Ц.Э-ийн биед “...тархи доргилт, зүүн 7, 8, 10, 12-р хавирганы далд хугарал, зүүн уушигны бүрэн бус уналт, цээжний хөндий, арьсан доорх хий хуралдалт, бүсэлхийн 2, 3, 4-р нугалмын хажуу сэртэнгийн далд хугарал...” гэсэн хүнд гэмтлийг учруулсан болох нь:

 

хохирогч Ц.Э-ийн “...2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Завхан аймгийн нутгийн зөвлөлийн гишүүд хөдөөнөөс ирээд ингээд уулзахаар болж, Модны 2 солонгос ресторанд орж уулзсан. Би гэртээ харихаар гарсан ба төв зам руу гарч такси барих гээд алхаж байтал Грийн караоке гэсэн бичиг харагдаж байсан. Тэгтэл өөдөөс үл таних гурван банди ирж байсан. Хажуугаар зөрж өнгөрөх үедээ гэнэт нэг нь шанаа руу цохиод авсан. Ингээд тал талаас зуураад намайг газарт унагаж, дээрээс өшиглөж байгаад хоёр залуу нь нэг, нэг гар бариад нүүрэн дээр ороолтоо хаяад нэг нь хувцас нэгжиж халаасанд байсан 17,000 төгрөг, нүдний шил, Нокиа маркийн гар утас зэргийг аваад явчихсан. Би босоод явах гэтэл араас дахин ирээд харанхуй булан руу чирээд орсон ба “болоогүй байна” гэж хэлж байсан. Нэг нь л тэд нарыг удирдаж байсан ба дахин харанхуйд оруулан Хаан банкны карт, өмсөж явсан гутал, бугуйн цаг зэргийг тайлж аваад явсан. Би арай ядан босоод зам дээрээс бараан өнгийн такси бариад гэр рүүгээ очиж болсон зүйлийг хэлж амраад, маргааш нь Гэмтлийн эмнэлэгт үзүүлэн цагдаад мэдэгдсэн. Маргааш өглөө нь Хаан банкны картаа хаалгах гээд банк руу очсон чинь миний картаар гурван удаа гүйлгээ хийсэн байсан. Хуулгыг нь авчихсан байгаа. Миний нүдний шил 80,000 төгрөг, бугуйн цаг орос Слава 150,000 төгрөг, гутал 90,000 төгрөг, хагас түрийтэй, урдаа үдээстэй хар өнгөтэй гутал байсан, гар утас Нокиа 55,000 төгрөг, Хаан банкны алтан карт 50,000 төгрөг, картанд 225,000 төгрөг, бэлэн мөнгө 17,000 төгрөг, одоо эмчилгээний зардал зэргийг нэхэмжилнэ. Би гомдолтой байна. Эдгээр залуусыг олж, хуулийн дагуу арга хэмжээ авахуулах хүсэлтэй байгаа ба эмчилгээний зардал, мөнгөө гаргуулж авмаар байна...” /1-р хх-ийн 250-р тал/,

Б.А-ын яллагдагчаар өгсөн “...би тухайн өдөр Отгонтуяа, Хүсэлбаяр, Мөнхбаатар, Ган-Очир, Анужин, Баярцэцэг, Мижиддорж, Тэгшжаргал, С нарын хамт Модны хоёрын буудалд орж, хоёр өрөө авсан. Шөнө 01 цаг болж байхад Тэгшжаргал, С хоёр манай өрөөнд орж ирээд намайг араас өрөөнд ороод ир гэж дуудсан. Би хэсэг хугацааны дараа араас нь тэдний байрлаж байсан өрөөнд орсон. С гарч хүн зодъё гэсэн. Тэгээд Тэгшжаргал, С бид гурав буудлаас гарч 3, 4 дүгээр хорооллоор явсан. Шөнө 01 цаг өнгөрч байхад Парадоксийн орчим 30 орчим насны эрэгтэй хүн утсаар яриад зогсож байсан. Түүний хажуугаар зөрж өнгөрөхдөө С шанаанд нь цохиод газар унагаачихсан. Тэр ахыг газар унасны дараа бид гурав хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед хүн гараад ирэхээр нь бид гурав зугтаагаад байрны харанхуй буланд очиж нуугдсан. Гарч ирсэн хүн яваад өнгөрсний дараа бид нөгөө зодож байсан ах дээр дахиж очоод С нөгөө ахыг дахиад хавираад унагаачихсан. Тэгээд С, Тэгшжаргал бид гурав дахин хэсэг өшиглөж байснаа С  халааснаас нь виза карт, гар утас, хагас түрийтэй ботинк гутал, бугуйнаас нь цаг зэргийг тайлаад авсан. Би тухайн үед нөгөө ахын гарыг барьж байсан юм. Тэгшжаргал бугуйнд байсан цагийг нь хамт тайлаад авсан. Тэгээд бид гурав 3 дугаар хорооллоос Модны 2 руу зугтаасан. Зугтааж явах замд Тэгшжаргал бугуйн цагийг хагарчихсан байна гээд чулуудчихсан. Тэгээд бид өөрсдийн байрлаж байсан буудалдаа ороод чимээгүй амарцгаасан. Харин маргааш өглөө унтаад сэрэхэд ширээн дээр архи, хоол, хүүхдийн памперс, чихэр, жимс зэрэг байсан. С Отгонтуяаг дагуулж гараад нөгөө ахын виза картыг  уншуулаад энэ бүгдийг авсан байсан...” /2-р хх-ийн 105-р тал/,

Б.Т-ын яллагдагчаар өгсөн “...Бид нар буудалд архи ууж байгаад дууссан. Гэтэл С дахин архи олж уух уу гээд мөнгө олох санаа гаргаж, гарч дээрэм хийж мөнгө олж, архи авах санаа гаргаж Анхбаяр бид хоёр хамт явсан. Би хохирогчийг газар унасан байхад нь өшиглөсөн. С хохирогчийн түрийвчийг халааснаас нь ухаж авсан. Цагийг нь бугуйнаас нь тайлж аваад цааш явсан ба цаашаа явж байгаад эргээд С дахин очоод гутлыг нь авах гээд дахин зодож, гутлыг нь тайлж авсан. Өөр эд зүйл аваагүй байх аа. Миний мэдэхээр ийм зүйлүүдийг авсан. Эргээд буудалд очоод байж байхад С намайг юу авах вэ гэхээр нь цагийг нь авах гэсэн чинь оосор нь тасарчихсан байхаар нь аваагүй...” /5-р хх-ийн 192-р тал/,

Д.С-ийн яллагдагчаар өгсөн “...Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутагт 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө 01 цагийн үед Б.Т-, Б.А- нартай бүлэглэж хохирогч Ц.Э-ийн эд зүйлийг авах зорилготой амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож, биед нь хүнд гэмтэл учруулан эд зүйлийг нь дээрэмдэн авсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” /7-р хх-ийн 245-р тал/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16806 дугаар “...Ц.Э-ийн биед тархи доргилт, зүүн 7, 8, 10, 12-р хавирганы далд хугарал, зүүн уушигны бүрэн бус уналт, цээжний хөндий, арьсан доорх хий хуралдалт, бүсэлхийн 2, 3, 4-р нугалмын хажуу сэртэнгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийнн 10-р тал/,

 

хохирогч Ц.Э-ийн Хаан банкны 5020138632 дугаартай дансны 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн гүйлгээний хуулга /2-р хх-ийн 11-р тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2. Д.С- нь 2017 оны 3 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Өргөө” кинотеатрын баруун талд хохирогч Ц.Өлзийжаргалын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 580,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ц.Өлзийжаргалын “...2017 оны 3 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед Өргөө кинотеатрын баруун талд ганцаараа гэрээсээ гараад АТМ орох гээд явж байсан. Тэр үед миний ард талд цагаан өнгийн малгайтай цамцтай залуу ганцаараа яваад байсан. Тэгээд Өргөө кинотеатрын хойд талын 4 дүгээр байрны хажууд гар утсаараа яриад явж байх үед миний ард явж байсан залуу хажуугаар гүйгээд гарахдаа миний гар утсыг булаагаад зугтаасан. Би тэр залуугийн араас хөөж гүйсэн боловч гүйцэж чадаагүй алдсан. Би булаалгасан гар утсаа 2016 оны 7 сард 580,000 төгрөгөөр худалдаж авч байсан...” /7-р хх-ийн 225-р тал/,

гэрч Ш.Батсайханы “...Би Модны 2-ын доошоо урууддаг чиглэлийн автобусны буудал дээрх “Туяа цэн” гэдэг нэртэй ломбарданд сууж байсан. Харанхуй болсон байсан, цагийг нь сайн санахгүй байна, нэг танихгүй залуу орж ирээд утас тавья гэхээр нь ямар утас гэсэн чинь “Самсунг жи 7” загварын гар утас гэж хэлсэн. Хэдэд тавих юм гэхэд 200,000 төгрөгт тавья гэхээр нь шалгаж аваад 200,000 төгрөг өгсөн. 7 хоногийн хугацаатай Доржготовын С гээд өөрийнхөө бичиг баримтыг үзүүлж тавьсан...” /7-р хх-ийн 226-р тал/,

Д.С-ийн сэжигтнээр өгсөн “...шатаар уруудаад бууж байхад нэг эмэгтэй утсаар яриад зөрсөн. Зөрөөд эргэж харахад нь утсыг нь шүүрээд зугтаагаад, байр тойрч гүйгээд таксинд суусан. Тэр такситайгаа очоод Модны 2-ын нэг ломбарданд 200,000 төгрөгөөр тавьсан. “Самсунг жи 7” загварын, хар өнгийн, гадуураа бор өнгийн гэртэй байсан байх...” /7-р хх-ийн 228-р тал/ гэх мэдүүлгүүд,

 

2017 оны 3 дугаар сарын 22-нд Д.С-ийн “Самсунг жи 7” загварын гар утсыг ломбарданд барьцаанд тавьсан баримт /7-р хх-ийн 235-р тал/ ,

 

“Самсунг жи 7” загварын гар утсыг 580,000 төгрөгөөр үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ” /7-р хх-ийн 218-р тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Д.С-, Б.Т-, Б.А- нарын “...2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, хохирогч Ц.Э-ийн эд хөрөнгийг авах зорилгоор бүлэглэн зодож, 950,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө, бэлэн 236,000 төгрөгийг авсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг  нь хүч хэрэглэж ...авахаар довтолсон...” гэсэн гэмт хэргийн шинжийг, эд хөрөнгийг нь авахаар зодсоноос хохирогч Ц.Э-ийн биед Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т заасан учрах үедээ амь насанд аюултай “...тархи доргилт, зүүн 7, 8, 10, 12-р хавирганы далд хугарал, зүүн уушигны бүрэн бус уналт, цээжний хөндий, арьсан доорх хий хуралдалт, бүсэлхийн 2, 3, 4-р нугалмын хажуу сэртэнгийн далд хугарал...” гэсэн гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал /бүлэглэж/-тайгаар үйлдсэн...” гэсэн шинжийг,

Д.С-ийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах “Өргөө” кинотеатрын баруун талд хохирогч Ц.Өлзийжаргалыг гар утсаараа ярьж явахад нь гар утсыг нь булаан зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулжээ.

 

Анхан шатны шүүх  Д.С-, Б.Т-, Б.А- нарын дээрэмдэх, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж буй арга, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний гэм буруу, хувийн байдалд тохирсон хэмжээгээр хорих ялыг оногдуулсан байх тул шүүгдэгч Д.С-ийн “...анхан шатны шүүхээс оногдуулсан 9 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү...”, шүүгдэгч Б.А-ын “...шүүхээс оногдуулсан 8 жилийн хорих ялаас хасаж өгнө үү...”, шүүгдэгч Б.Т-ын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг ял оногдуулсан зүйл тус бүрээр хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна...” гэх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон...” гэсэн дээрэмдэх гэмт хэргийн “...энэ хэргийг ...бүлэглэж буюу урьдчилсан үгсэн тохиролцсон бүлэг ...үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжийг 147.2 дахь хэсэгт, “...энэ гэмт хэргийн улмаас ...бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол...” гэсэн онц хүндрүүлэх шинжийг 147.3 дахь хэсэгт заасан. Иймд 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт заасан онц хүндрүүлэх шинжтэй үйлдсэн “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж” гэсэн хүндрүүлэх шинж байгаа гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн Д.С-, Б.Т-, Б.А- нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ багассан гэж үзэж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хохирогч Ц.Э- “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “...хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан.Цаашид хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлнө...” гэснийг шийтгэх тогтоолд нөлөөлөхгүй гэж алдаатай бичсэн талаар давж заалдах гомдол гаргажээ. Шүүгдэгч Д.С-, Б.Т-, Б.А- нарт холбогдох 20142600005591 дугаартай эрүүгийн хэргийн хохирогч Ц.Э-ийн бие махбодид учирсан гэмтлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16806 дугаар шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 10-р талд бэхжүүлэгдсэн/ байх ба уг дүгнэлтэд “...Ц.Э-ийн биед тархи доргилт, зүүн 7, 8, 10, 12-р хавирганы далд хугарал, зүүн уушигны бүрэн бус уналт, цээжний хөндий, арьсан доорх хий хуралдалт, бүсэлхийн 2, 3, 4-р нугалмын хажуу сэртэнгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн байх тул анхан шатны шүүхийг буруу бичсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Харин хохирогч Ц.Э- нь шүүгдэгч Д.С-, Б.Т-, Б.А- нарын учруулсан гэмтлийг эмчлүүлсний төлбөрт 14,678,187 төгрөгийг нэхэмжилж, шүүгдэгч Д.С- 2,400,000 төгрөг /8-р хх-ийн 169-р тал, 9-р хх-ийн 13-р тал/, Б.Т- 2,400,000 төгрөг /8-р хх-ийн 167, 231-р тал/, Б.А- 2,400,000 төгрөг /8-р хх-ийн 168, 233-р тал/-ийг, нийт 7,200,000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг хохирогч Ц.Э-д төлжээ. 

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...Шүүгдэгч Д.С-, Б.Т-, Б.А- нарын бүлэглэж үйлдсэн дээрмийн гэмт хэргийн хохирогч Ц.Э- нь нотлох баримтаар 14,678,187 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг үгүйсгэх үндэслэлгүй юм. Учир нь, дээрмийн гэмт хэрэг үйлдэгдэх явцад хохирогчийн бие махбодид хүнд хохирол /гэмтэл/ учирч, үүнээс улбаатайгаар эмчилгээ, сувилгаа хийлгэсэн баримтуудыг, дээрэмдэх явцдаа эд хөрөнгөндөө учруулсан хохирлыг, цаашлаад хүнд гэмтлийн улмаас тодорхой хугацаагаар ажилгүй байж, энэ хугацаанд олох ёстой байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тодорхойлсныг буруутгах аргагүй. Өөрөөр хэлбэл, иргэн Ц.Э- дээрмийн гэмт хэргийн хохирогч болоогүй байсан бол түүний эрүүл мэндэд хүнд хохирол учрахгүй байсан, тийм хэмжээний зардлыг эмчилгээндээ зарцуулахгүй байсан...” гэж дүгнээд хохирогчийн нэхэмжлэлээс шүүгдэгч нараас төлсөн 7,200,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөр 5,978,187 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэрэгт байгаа баримтаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь эргэлзээтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Учир нь, хэрэгт нэхэмжилсэн төлбөрийн үндэслэл болгон хохирогч Ц.Э-ээс гарган өгсөн өвчтөний түүх дээр “...УНТЭ-ийн урологийн тасагт ...аденома простаты, камень мочевого пузыря оноштойгоор хэвтсэн. ...төлөвлөгөөт журмаар 1/9-нд операция:Цистолитотомия+аденомэктомия мэс засал хийгдсэн.  ...түрүү булчирхай авах, шээлтүүрийн чулуу авах мэс засалд орсон...” /2-р хх-ийн 93-р тал, 7-р хх-ийн 34, 35-р тал/ гэсэн нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэл болох “...тархи доргилт, зүүн 7, 8, 10, 12-р хавирганы далд хугарал, зүүн уушигны бүрэн бус уналт, цээжний хөндий, арьсан доорх хий хуралдалт, бүсэлхийн 2, 3, 4-р нугалмын хажуу сэртэнгийн далд хугарал...” гэсэн гэмтлээс зөрүүтэй байх ба энэ нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын төлбөрийн нэхэмжлэлийн үндэслэлийг эргэлзээтэй болгож байна.

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16806 дугаар шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Д.С-, Б.Т-, Б.А- нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э-ийн биед учирсан гэмтлүүд нь “Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч нараас хохирогч Ц.Э-ийн гэм хорын хохиролд гэж нэхэмжилж байгаа төлбөрүүдийг эрүүгийн хэрэгтэй хамтатган эцэслэн тогтоож, гаргуулан шийдвэрлэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд анхан шатны шүүхийн шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн 5,978,185 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон бусад гэм хорын хохирлын нэхэмжлэлээ Ц.Э- иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хохирогчийн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэх 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй талаар анхан шатны шүүх дүгнэсэн атлаа хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохиролтой холбогдолтой хэсэгт зохих өөрчлөлтийг  давж заалдах шатны шүүхээс оруулав.

 

Шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, хохирлын дүнг зөвтгөх...” талаарх, шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч Д.Галсанпунцагийн “...ямар нэг нотлох баримтгүй төлбөр хариуцуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч А.Очбадралын “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаах...” талаарх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.С-ээс 1,992,729 төгрөг, Б.Т-аас 1,992,729 төгрөг, Б.А-аас 1,992,729 төгрөг тус тус гаргуулж, нийт 5,978,187 төгрөгийг хохирогч Ц.Э-д олгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Э-ийн нэхэмжлэлээс 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Ц.Э- нь энэ шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг, Д.С- 2,400,000 төгрөгийг, Б.Т- 2,400,000 төгрөгийг, Б.А- 2,400,000 төгрөгийг хохирогч Ц.Э-д төлсөн болохыг дурдсугай...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн, шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Д.Галсанпунцаг, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ