Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1269

 

 “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00683 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Хаммер Монголиа” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 409 295 305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

  Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгсийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: "Хаммер Монголиа" ХХК-ийн ерөнхий захирал Т.Болор-Эрдэнэ нь 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Төрийн банк” ХХК-тай 20 тоот зээлийн болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулж 300 000 ам.долларыг сарын 1,20 хувь, жилийн 14,40 хувиар тооцон, зээлийн хугацаа 36 сараар хөрөнгө оруулалтын зээлийг моторт тээврийн хэрэгслийн сэлбэг эд ангийн худалдан авах зориулалтаар зээлдэн авсан. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг 4-р хороо, Нүхтийн зам 27/4-2 тоот 260 м.кв 7 өрөө хувийн сууц, Хан-Уул дүүрэг 4-р хороо, Нүхтийн зам 27/4-2 тоот 607 нэгж талбарын дугаартай 630 м.кв талбайтай хувийн сууц барихыг зөвшөөрсөн газар зэргийг тус тус барьцаалсан. Дээрх барьцаат зээлийн гэрээнүүдийг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд хариуцагч "Хаммер Монголиа" ХХК-ийн захирал Т.Болор-Эрдэнэ нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж нотариатчаар баталгаажуулж, харьяа дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ юм.

Зээлдэгч "Хаммер Монголиа" ХХК, ерөнхий захирал Т.Болор-Эрдэнэ нь 2015 оны 03 дугаар сараас эхлэн 2016 оны 06 хүртэл нийт 290 хоног хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 1.3.10 , 1.3.11, 1.3.12, 3.2.4, 3.2.5-р зүйлийг зөрчиж байна. "Хаммер Монголиа" ХХК, ерөнхий Захирал Т.Болор-Эрдэнээс зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл 136 157,88 цент, үндсэн хүү нь 38 698 ам доллар, нийт 409 295 305 төгрөгийг гаргуулах, нотариатын зардал 40 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2 578 568 төгрөгийг тус тус гаргуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг 4-р хороо, Нүхтийн зам 27/4-2 тоот 260 м.кв 7 өрөө хувийн сууц , Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Нүхтийн зам 27/4-2 тоот 607 нэгж талбарын дугаартай 630 м.кв талбайтай хувийн сууц барихыг зөвшөөрсөн газар зэргээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

Хариуцагч зээлийн зарцуулалтыг зориулалтын бусаар ашигласан. Хувиарын дагуу төлж байгаагүй. Эргэн төлөх хувиарт өөрчлөлт оруулахад ямар ч төлөлтгүй байх ёстой. Хариуцагч тал байнга зээлийн үлдэгдэлтэй байсан. Одоо нэхэмжилж байгаа үнийн дүн нийт 409 295 305 төгрөг. Ханшийн зөрүүг өнөөдрийн ханшаар нэхээгүй бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ханшаар нэхэмжилж байгаа учраас үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Хаммер Монголиа" ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Тооцоолол дээр алдаа гарсан учраас маргаж байгаа. Ам.долларын зөрүү, хүүгийн тал дээр маргаан гарсан учраас 30 000 ам.долларын зөрүү гарсан учраас шинжээч томилсон. Үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүүгийн бодолт, валютын ханшийг зөвшөөрөхгүй. 300 000 ам.доллар зээлж 136 842.00 ам долларыг хувиарын дагуу төлж байсан. Тэгээд нийтдээ 196 765.077 ам долларыг төлсөн. Үндсэн зээл 136 157.188 цент, зээлийн хүү 13 920 ам.доллар үлдсэн нь үнэн. 2013 онд ам.доллар 1431 төгрөг байсан. Үүнээс хойш ам.долларын ханш өссөн учир хугацаа өгч боломж олгооч гэж удаа дараа хандаж байсан. Гэрээний 2.4-т 300 000 ам долларыг өөрчилж болно гэж талууд харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацааг сунгах, боломж олгох талаар ямарч хариу өгөөгүй. Бид амаар, бичгээр, мэйл хаягаар хүсэлт тавьж байсан. Хэт өөрийн болзлыг тулгасан гэрээ хийж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч тал ханшийн 130 000 000 төгрөгийн зөрүүг буулгах бүрэн боломжтой. Тиймээс банк энэхүү хөрөнгийг харж үзэж төлүүлэхэд их хохирол гарахгүй. Төлбөр гүйцэтгэх хугацааг 2014 оны ам.долларын ханш болох 1431 төгрөгөөр гаргуулж нийт 295 808 878 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. 2017 ондоо багтаагаад зээлийг төлнө. Хэдий банк байлаа гээд бизнес эрхлэгчийг ингэж хохироож болохгүй. Банк хэтэрхий өөрийн ашиг сонирхлоо тэргүүнд тавьж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан "Хаммер Монголиа" ХХК-иас 206 714 800 ам.доллар буюу 409 295 305 төгрөгийг гаргуулж, Төрийн банкинд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 578 568 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 338 141 төгрөгийг улсын орлогоос, 2 240 427 төгрөгийг хариуцагч "Хаммер Монголиа" ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч "Хаммер Монголиа" ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 17090, Нүхтийн Зам 27/4-2 тоот, 260 м.кв талбайтай, 7 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023883 дугаар бүхий хувийн сууц, Хан-Уул дүүрэг, 4 хороо, 17090, Нүхтийн Зам 27/4-2 тоот 6З0 м.кв, 607 дугаар гэрчилгээтэй газрыг хуульд зааснаар дуудлага худалдаанд оруулж зээлийн гэрээний үүргийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Т.Болор-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэр ИХШХШТХ-ийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.1-т зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Нэг. Хариуцагчийн зүгээс 2013-2016 оныг хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүг хийсэн болон компанийн үйл ажиллагааны ашиг орлогыг хэрхэн буурсан талаар тодорхойлсон нотлох баримт, мөн Монгол банкны 2013 оны зээл авах үеийн ам.долларын ханшийг 2013-2015 оныг хүртэл жагсаалтаар гаргаж нотлох баримтаар хүргүүлсэн, шүүгч солигдох хугацаанд дунд нь нотлох баримт алга болсон асуудал байсаар байхад хариуцагч талыг уг нотлох баримтыг хэрэгт огт аваагүй байна гэж тайлбарласан.

Хоёр. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т зааснаар “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн мөнгөний ханш буюу нэг ам.долларыг 1980.048 ам.доллараар зээл, зээлийн хүүг тооцож гаргуулахаар хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн. Учир нь үүрэг үүсэх үе гэдэг нь талуудын 2013 онд анх зээлийн гэрээ байгуулсан үеийг ойлгох хууль зүйн бүрэн үндэслэлтэй байхад шүүх нэхэмжлэл гаргах үе буюу нэхэмжлэгч нь анх 2016 оны 6 сард нэхэмжлэлээ гаргаснаар буруу бодсон. Харин нэхэмжлэгч нь анх 2016 оны 2 сард нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байдаг. Тухайн зээл авах үед буюу 2013 онд Монгол Улсад нэг ам.долларын ханш 1431 төгрөг байсан бөгөөд түүнээс хойш ам.долларын ханш тогтмол хурдацтай өссөөр 2015 оны 3 дугаар cap гэхэд 1984.44 төгрөг болж 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэг ам.доллар 2131.81 төгрөг болсон байна. Хариуцагч нь үүргийг гүйцэтгэхэд үүссэн хүндрэлийг хамтран шийдвэрлэх талаар хүсэлт гарган удаа дараа албан бичиг болон амаар зээлийн гэрээг тодорхой хугацаагаар сунгах, зээлийн хүүг тодорхой хэмжээгээр багасгах, зээлийн гэрээний хугацааг сунгуулах болон валютын ханшийг тогтвортой барих, ам.долларыг зээл олгосон үеийн ханш 1431 төгрөгөөр тооцох эдийн засгийн нөхцлийг харгалзан шийдвэрлэх болон өөр эд хөрөнгөөр зээлийг төлөх хэлбэрээр хамтран ажиллахыг хүссэн хүсэлтээ илэрхийлсээр байхад "Төрийн банк" ХХК нь ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй байсаар өдий хүрч асуудлыг хүндрүүлсэн байдаг.

Гурав. Зээлийн гэрээний 2.1-д 300 000 ам.долларыг сарын 1,20 хувь, жилийн 14,40 хувийн хүүтэйгээр зээлдэж, мөн гэрээний 2.4-т зээлийн зориулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага гарвал зээлдүүлэгчээс албан ёсны зөвшөөрөл бичгээр авах, уг гэрээний 2.5-д зааснаар гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацаа, бусад нөхцөлд өөрчлөлт оруулж болно гэдгийг хүлээхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан. Гэтэл Төрийн банкнаас олгосон зээлийн гэрээний хүү жилийн 14.40 буюу өндөр байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хүүгийн хэмжээг багасгаагүйд гомдолтой байна.

Дөрөв. Анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг танилцуулаагүй, шүүх хурлын товыг албан ёсоор мэдэгдээгүй, шүүх хуралд оролцуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироосон шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг ноцтой зөрчсөн зэргээс дүгнэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.2-т заасныг ноцтой зөрчсөн. 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа шүүхэд хариуцагч өөрөө тайлбарлах боломж олдоогүй байна.

Тав. Төрийн банкнаас авсан зээлийн гэрээний онцлог нь бизнесийн зориулалттай бөгөөд, уг зээлийн хөрөнгөөр Америк улсаас тоног төхөөрөмж худалдан авч Монголд авчирсан боловч улс орны эдийн засгийн хүнд нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээний эргэн төлөлтийг хожимдуулсан. Энэхүү нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхэд нотлох шаардлагагүй нөхцөл юм. Иймд анхан шатны шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн хүрээнд хянан хэлэлцэхгүйгээр хуульд нийцээгүй шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг ИХШХШТХийн 167 дугаар зүйл, 167.1.5-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэн, хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч "Хаммер Монголиа" ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 409 295 305 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

"Хаммер Монголиа" ХХК нь Төрийн банктай харилцан тохиролцож, 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 300 000 ам долларыг, жилийн 14.40, сарын 1.20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлэхээр 20 тоот зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр иргэн Т.Болор-Эрдэнэтэй түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 17090, Нүхтийн Зам 27/4-2 тоот, 260 м.кв талбайтай, 7 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Y-2206023883 дугаар бүхий хувийн сууц, Хан-Уул дүүрэг, 4 хороо, 17090, Нүхтийн Зам 27/4-2 тоот, 607 дугаар гэрчилгээтэй газар зэргийг барьцаалж, Т.Болор-Эрдэнэтэй барьцааны гэрээг тус тус байгуулсан үйл баримт тогтоогдсон байна.

Талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ болох талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөгдөх хуваарьт заасан хугацаа, хэмжээгээр зээлийг эргүүлэн бүрэн төлөөгүй, зээлийн гэрээний 1.3.10, 1.3.11, 1.3.12, 3.2.4, 3.2.5 дах зүйлийг зөрчсөн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч "Хаммер Монголиа" ХХК-д зээлийн төлбөрийг барагдуулах тухай 2014 оны 08 дугаар сарын 29, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрүүдэд мэдэгдэж байсан, үүргээ гүйцэтгэхийг сануулсан, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардсан болох нь хэрэгт авагдсан /хх-100-102/ баримтаар нотлогдож байна.

 

Шүүх "Хаммер Монголиа" ХХК-иас үндсэн зээл 163.157.188 ам доллар, зээлийн хүү 38.698 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 3.147.45 ам доллар, нийт 206.714.800 ам.доллар буюу үүрэг үүсэх үеийн ханш болох нэг ам.долларыг 1 980 төгрөгөөр тооцож, нийт 409 295 305 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг зөрчөөгүй болно.

 

Зохигчдын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой гэрээ байгуулагдсан тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан мөнгөн хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх зээлийн гэрээтэй адилтган 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэж хүүгийн хэмжээг багасгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбоотой үүргийн хүрээнд хийгдсэн банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний тусгай төрлийн зохицуулалтад мөн хуулийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой үүргийн хүрээнд байгуулагдсан зээлийн гэрээний зохицуулалтыг хэрэглэх нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт нийцэхгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “... төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заажээ. Зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгийг шилжүүлэн өгсөн өдөр хариуцагч буюу зээлдэгчээс зээлдүүлэгчид зээлсэн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэг үүссэн өдөртэй адил байх боломжгүй. Иймд зээлдэгч зээлийг буцааж төлөх үүргээ гүйцэтгэх тэр өдрийн ханшаар ам.долларын ханшийг тодорхойлох нь хуулийн дээрх заалтад нийцнэ. Одоогийн байдлаар талууд зээлдэгчийн төлөх үүргийн талаар маргаж, нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцон үүргийг тодорхойлох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт нийцэх тул шүүх нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар тооцсоныг буруутгах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч шүүхэд мөнгөн хөрөнгө гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн 2 шаардлага гаргасан боловч шүүх иргэний хэрэг үүсгэсэн захирамж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж, бусад бүх эрхийн актуудад  барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн талаар дурдаагүй, хэрэг үүсгээгүй, энэ талаар хариуцагч тайлбар гаргаагүй байхад иргэний хэрэг үүсгээгүй, талууд мэтгэлцээгүй асуудлаар шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлд нийцээгүй болно.

 

Нэхэмжлэгчийн хувьд барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой буюу барьцаалагчийнхаа эрхийг хэрэгжүүлэхээр зохих этгээдэд холбогдуулан хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

"Хаммер Монголиа"  ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан барьцааны зүйлийн өмчлөгч буюу барьцаалуулагч этгээд биш, талуудын хоорондын барьцааны гэрээний барьцаалуулагч тал нь иргэн Т.Болор-Эрдэнэ байх боловч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Болор-Эрдэнэ нь хэрэгт зөвхөн "Хаммер Монголиа" ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой зээлийн төлбөрийн асуудлаар тайлбар өгч оролцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Зохигчид энэ талаар давж заалдах гомдолдоо дурдаагүй ч давж заалдах шатны шүүх бүрэн эрхийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянасан болно.

 

Түүнчлэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талд зохих эрх үүргийг нь тайлбарласан, /хх-24/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээдэг, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дах хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч итгэмжлэл олгосон этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдээгүй, нотлох баримт алга болсон талаар анхан шатны шүүхэд яригдаагүй, алга болсон гэх уг нотлох баримтыг шүүхэд өгсөн болохоо хариуцагч нотлоогүй тул нотлох баримттай танилцах, хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.    

 

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсэгт  өөрчлөлт оруулах, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00683 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг 3 гэж өөрчилж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 200 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Б.НАРМАНДАХ