Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01938

 

Ц.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/01554 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1772 дугаар магадлалтай,

Ц.Д-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,                    

Орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ц.Д-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.Дагиймаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01212 дугаар "Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шүүгчийн захирамжаар хариуцагч "Карголэнд" ХХК-аас 120.215.875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүгчийн захирамжид хариуцагч "Карголэнд" ХХК нь 120.215.875 төгрөгийг төлөхөөр байхад иргэн Ц.Дагиймаа миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо 24 дүгээр байр 54 тоот 65.7 м.кв 3 өрөө байрыг хураан авч, битүүмжилж, үнэлгээ тогтоож, албадан дуудлага худалдаанд 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр оруулахаар болсныг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр интернетээр мэдлээ. Хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг хүргүүлээгүй байж, 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулж буй нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зарласан 2 дахь албадан дуудлага худалдаанд миний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг оруулах гэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-уул,Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны 01212 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгө болох "Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Оюутны гудамж , 24 дүгээр байрны , 54 тоот, 65.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 16/26 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16/26 тоот тогтоолоор хураан авсан. Нэхэмжлэгч Ц.Дагиймаа нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гарган уг асуудлаар мөн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1396 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 452 тоот магадлалаар тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөн Ц.Дагиймаа нь барьцааны хөрөнгийг битүүмжилсэн, хураасан, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг дахин гарган Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1546 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 1642 тоот магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1553 тоот тогтоолоор тус тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/01554 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1,122.3, 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Д-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох "Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутаны гудамжны 24 дүгээр байрны 54 тоотод байрлах 65.7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1772 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/01554 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Дагиймаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 14-ны өдрийн 184/ШШ2018/01554 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 сарын 03-ны өдрийн 1772 тоот магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/01212 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар хариуцагч “Карголэнд” ХХК-аас 120.215.875 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүгчийн тус захирамжид хариуцагч 1 “Карголэнд” ХХК нь 120.215.875 төгрөгийг төлөхөөр байхад иргэн Ц.Дагиймаа миний өмчлөлийн Сүхбаатар. дүүргийн 8-р хороо, 24-р байр, 54 тоот 65.7 мкв 3 өрөө байрыг хураан авч, битүүмжилж, үнэлгээ тогтоож, албадан дуудлага худалдаанд 2018 оны 02 сарын 06-ны өдөр I оруулахаар болсныг 2018 оны 01 сарын 04-ны өдөр интернетээр мэдсэн. Энэ нь одоогийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 хэсэгт зааснаар төлбөр төлөгч, авагч болон өмчлөгч надад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүргүүлэх байсан. Өмчлөгч миний Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, миний өмчлөлийн хөрөнгийг миний зөвшөөрөлгүйгээр, надад мэдэгдэлгүйгээр худалдан борлуулах гэж буйд гомдолтой байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 14-ны өдрийн 184/ШШ2018/01554 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 сарын 03-ны өдрийн 1772 тоот магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Ц.Дагиймаа нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2 дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28380 дугаар захирамжаар “Карголэнд” ХХК нь Улаанбаатар хотын банкинд 120.218.875 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 20-ний дотор төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирч эвлэрснийг баталж шийдвэрлэжээ /хэргийн 24-25 дугаар тал/.

Төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах болон эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал авах ажиллагааг явуулсан байна.

Ц.Дагиймаа үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргасан, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 01396 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна /хэргийн 31-35 дугаар тал/.

Түүнчлэн Ц.Д-ийн “...барьцааны хөрөнгийг хураасан, битүүмжилсэн, үнэлгээ тогтоосон, анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоол зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн 1546 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгожээ /хэргийн 42-51 дүгээр тал/.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 1 дүгээр сарын 2-ний өдрийн 1/6 дугаар тогтоолоор шинжээчийн тогтоосон 106.646.500 төгрөгийн  50 хувь буюу 53.323.250 төгрөгөөр 2 дах дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2018 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн 10.00 цагт дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, төлбөр төлөгчид мэдэгдсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.          

Шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017/ 66 дугаар зүйлийн 66.3., 70 дугаар зүйлийн 70.1., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3., 177.4.-т заасан журмыг зөрчөөгүй талаарх шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/28380 дугаар шүүгчийн захирамжаар тус шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 01212 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрчлөлт оруулсан нь хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэгчийн “...орон сууцнаас төлбөр гаргуулах ажиллагаа хууль бус” гэх гомдлыг хангах боломжгүй.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2018/01554 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1772 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Д-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.           

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                             Г.ЦАГААНЦООЖ