Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2023

 

      2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2017/02023

             Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байр, 70 тоотод оршин суух, Бүргэд овогт Очирын Бадрал /РД:ХП60060475/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн цогцолбор 104 дүгээр байр, 28 тоотод оршин суух, Олонхууд овогт Батмөнхийн  Ариунболд /РД:ГЮ84112455/-д холбогдох,

80 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Бадрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Бадрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Ариунболдтой анх 2015 онд Баянголын амны замын баруун талд байрлалтай 1.5 га газрын газар эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцсон юм. Үүний дараа Б.Ариунболд төлбөрөө төлөхгүй байсан тул газрын хэмжээг 5 000 м.кв болгон багасгаж, 5 000 м.кв талбай бүхий газрыг 80 000 000 төгрөгөөр үнэлэн шилжүүлэхээр тохиролцож, төлбөрийг 3 сарын дараа төлөхөөр болж, Б.Ариунболд уг газар дээр 2 ширхэг амины орон сууцыг барьж эхэлсэн. Үүнээс хойш тохиролцсон хугацаандаа төлбөрийг төлөөгүй. Энэ хугацаанд 80 000 000 төгрөгийг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан боловч мөн л төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүргэсэн. Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар хариуцагч хариу тайлбараа 14 хоногт өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч тал хариу тайлбараа өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Иймд худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрхээ худалдсан учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Б.Ариунболдоос газар эзэмших эрх шилжүүлсний төлбөр болох 80.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Храиуцагч төлбөрөө төлсний дараа бид газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Ариунболдын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд төлбөрөө төлөөд дуусгачихвал би гэрчилгээгээ шилжүүлэх үүргээ биелүүлнэ. Энэ талаар маргаан байхгүй, үүнийгээ ойлгож байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Бадрал газар эзэмших эрх бусдад шилжүүлэх гэрээний төлбөрт 80 000 000 төгрөг гаргуулахаар хариуцагч Б.Ариунболдоос шаарджээ.

Хариуцагч Б.Ариунболд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан аливаа тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 5 000 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, газар эзэмших эрх шилжүүлсэн төлбөрт Б.Ариунболд О.Бадралд 80 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон эвлэрлийн гэрээ байгуулсан байна. /хх-8 дугаар тал/

Мөн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 5 000 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг О.Бадрал эзэмшиж байгаа нь хэрэгт авагдсан 000676401 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-н 6 дугаар тал/

Дээрх үйл баримтыг үндэслээд шүүх, талуудын хооронд газар эзэмшүүлэх эрхийг бусдад шилжүүлэх гэрээний харилцаа үүссэн гэж үзээд эрх зүйн харилцааны төрлийн хувьд дээрх харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-д заасан эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд хамаарахаар байх тул нэхэмжлэгч хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.  Тодруулбал,

Талуудын хооронд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх гэрээ байгуулагдсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зохигчийн тайлбар хэргийн нотлох баримтад хамаарах тул нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хариуцагч өөрийн амины орон сууцыг барьж эхлүүлсэн гэх тайлбарыг үндэслэн зохигчийг газар эзэмших эрх шилжүүлэх  гэрээний талаар маргаангүй гэж үзсэн. Иймд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцлийн хэлбэрийг агуулсан, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр гэж үзэх тул  хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ. 

Нөгөө талаас хариуцагч Б.Ариунболд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй нь хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор зохицуулсан, хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй боловч хариуцагч энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зохих журмын дагуу хүргэсэн боловч тэрээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх аливаа шалтгааныг нотолсон баримтыг ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр, хэрэгт авагдсан баримтын хүрээнд, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-д заасныг баримтлан хариуцагч Олонхууд овогт Батмөнхийн Ариунболд /РД:ГЮ84112455/-оос 80 000 000 /наян сая/ төгрөг гаргуулж, Бүргэд овогт Очирын Бадрал /РД:ХП60060475/-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б.Ариунболдоос 557 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Бадралд олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.