Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2017/00954

 

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:С.С 

 

Хариуцагч: О.О

 

94.875.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн, хариуцагч Д.О.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Цацралтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

Тодорхойлох нь

 

            Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Д.О.Оаас зээлийн гэрээний үүрэгт 94.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн гэрээгээр Б.С.С Д.О.Од 55.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохирч зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлээ төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон.

Зээлийн гэрээний үндсэн төлбөр 55.000.000 төгрөг хүү 8.250.000 төгрөг алданги 33.685.000 төгрөг нийт 94.875.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

Сөрөг нэхэмлэлийн тухайд  Зээлийн гэрээгээр мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Өнөөдрийн хариуцагчийн тайлбараар 41.000.000 төгрөгийг хүлээж авсан гэдгээ зөвшөөрч байна. Яагаад 55.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бэ гэхээр өмнө нь бэлэн өгсөн мөнгөнүүдээ баримт үйлдэж өгөөгүй байсан тул нийлбэр дүнгээр гэрээ байгуулсан. Нотариатаар орж зээлийн гэрээг баталгаажуулах үед нотариатч дараа нь авсан аваагүй гэж маргаж нотариатын үйлдэлтэй холбоотой маргаан үүсдэг иймээс хаана хэдэн төгрөгийг авсан талаараа бич гэж хэлээд бичүүлсэн байдаг.

Б.С.С Д.О.Отай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй, хариуцагч тайлбартаа ах эгч хоёр гэж дурдсан хүмүүстэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан гэсэн байдаг. Үнэхээр ах эгч хоёртой нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан байгаа. Хэрэв Б.С.Стэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бол хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нэхэмжлэл гаргах ёстой байсан.

Согтуу байсан гэж маргаж байна. Хэрэв тухайн үед согтуу байсан эрх зүйн чадамжгүй болсон байсан гэж үзэж байгаа бол нотариатч гэрээг батлахгүй байх байсан, үнэхээр согтуу байх үед нотариатч гэрээг баталсан гэж байгаа бол нотариатын үйлдэлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргах эрхтэй.

2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 10.000.000 төгрөгийг шилжүүлснээр нийт үнийн дүн 55.000.000 төгрөг болсон. Гэвч нийт шилжүүлсэн үнийн дүнгээс хүү тооцоогүй, тул сүүлд шилжүүлсэн 10.000.000 төгрөгөөс хүү тооцоход маргах зүйлгүй. Приус маркийн автомашиныг шилжүүлж өгсөн баримт хэрэгт авагдсан байгаа. Бусад шилжүүлсэн мөнгийг ямар ч баримтгүй шилжүүлсэн, учир нь цэвэр итгэлцлийн үндсэн дээр мөнгийг шилжүүлж байсан юм. Сөрөг нэхэмжлэлд Б.С.Сд хамтран ажиллах санал хэвээрээ, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй, 20.000.000 төгрөгийг авсан гэдэг нь хоёр приус машинаас гадна 20.000.000 төгрөгийг авсан гэдгийг нотолж байгаа. Өнөөдөр хариуцагчийн тайлбар өөрчлөгдөж, зөвхөн дансаар орж ирсэн мөнгийг авсан гэж маргаж байна. Хариуцагч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, өмнө нь шүүх хуралдаан завсарлаж байхад эвлэрлийн асуудал яригдаж байсан. Тухайн үед мөн 20.000.000 төгрөг авсан гэдгээ зөвшөөрч байсан. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, нотариат баталсан. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр юм” гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.С.С бид нар н.Нямаа гэж хүнээр дамжуулж танилцаад манай зайсангийн газрыг үзэж сонирхоод хөрөнгө оруулахаар тохирсон. 2014 онд 2 приус машиныг хөрөнгө оруулалт хэлбэрээр өгч, түүнээс хойш 2-3 удаа надад дансаар мөнгө өгсөн.

Бид хамтарч ажиллахаар тохирсон боловч газрын эзэн байшинг буулгаж маргаан үүсгэсэн тул энэ талаар Б.С.Сд хэлсэн. Гэтэл Б.С.С газраасаа бага зэргийг тасалж өг эсвэл өгсөн машинаа авъя гэж шаардах болсон. Ингээд манай цэцэрлэгийн барилга эхэлсэн, гэвч оршин суугчид мөнгө нэхсэн тул, 40.890.000 төгрөг буюу миний өгсөн приус машинд газраа өг, эсвэл газраасаа тасалж бидэнд өг гэж Б.С.С дарамтлах болсон. Ингээд Б.С.С зээлийн гэрээ байгуулъя гэж хэлээд, шахаж дарамтлах болсон. Бэлэн мөнгө огт аваагүй атлаа авсан мэтээр зээлийн гэрээг бичүүлж Дабл юу ресторанд гэрээ байгуулж байсан. Бид анхнаасаа газар дээр барилга барих хамтран ажиллахаар холбогдсон ба зээлийн гэрээний харилцаа огт үүсээгүй. Зээлийн гэрээг байгуулах хүсэл зориг байгаагүй. Бид хамтран ажиллаж хөрөнгө оруулж барилга барих зорилготой байсан. Гэтэл приус машин өгснөөр намайг шахаж гэрээ байгуулсан гэв.

 

              Сөрөг нэхэмжлэл тухайд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээгээр нэхэмжлэгч Б.С.С хариуцагч Д.О.Оаас 94.875.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.О.О үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээг Иргэний хуулийн 56.1.3 дах хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Д.О.О нь Б.С.Стэй н.Нямаа гэж хүнээр дамжуулж, өөрийн эзэмших эрхийн газар дээр орон сууцны барилга бариулахаар харилцан тохирч хамтран ажиллахаар болсон байдаг. Б.С.С нь Д.О.Оыг бизнесийн бусад түншүүдтэй танилцуулах, мөн бизнесийн баталгаа болгож Б.С.С өөрийн Япон улсаас оруулж ирдэг приус маркийн автомашиныг хөрөнгө оруулалтад өгөх, бэлэн шаардлагатай байсан 20.000.000 төгрөгийг Д.О.Од өгөхөөр тохирсон байдаг. Гэтэл газрын эзэмших эрхтэй этгээд газар дээрх барилгыг нураалгаж буулгахаар нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээр хянагдаж 2016 оны 12 сарын 02ны өдөр Улсын дээд шүүхийн тогтоож гарч хэрэг маргаан шийдвэрлэгдсэн. Энэ хооронд газар дээрх барилгад хөрөнгө оруулалт хийх боломжгүй, барилгын салбар маргаантай байгаа тул талууд хөрөнгө оруулалтаа зогсоосон байдаг. Ингээд Б.С.С өөрийн оруулсан хөрөнгө болоод автомашины үнийг оруулан тооцож зээлийн гэрээ байгуулахаар шаардаж, зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан байдаг. 55.000.000 төгрөгийг авсан мэтээр гэрээ байгуулсан ба 55.000.000 төгрөгийг Д.О.О хүлээж аваагүй. Иймээс Д.О.О зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргах эрхтэй.

Д.О.О Б.Соёл-Эрдэнийг танихгүй, хамтын ажиллагааны журмаар холбогдсон, Б.С.С таньж мэдэхгүй хүнд мөнгө зээлүүлж, ямар ч барьцаа авахгүй 55.000.000 төгрөгийг зээлүүлэх боломжгүй. Газрын маргаантай холбоотой Улсын дээд шүүхийн тогтоол гарч эцэслэн шийдвэрлэсэн гэдгийг нэхэмжлэгч Б.С.Сд хэлсэн мэдэгдсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.С.С нь хариуцагч Д.О.Од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 94.875.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Д.О.О нь нэхэмжлэгч Б.С.Сд холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

            Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу мөнгө шилжээгүй, урьд өгсөн болон ирээдүйд өгөх мөнгийг нэгтгэж гэрээ байгуулсан тул зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

            Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

            Талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, 55.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай нэг сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон байна.

 

            Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж, хариуцагч нь талуудын хооронд хамтран ажиллах гэрээтэй холбоотой харилцаа үүссэн гэж тус тус тайлбарлаж байна.

 

            2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Зээлийн гэрээнд 55.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн W ресторанд бэлнээр авсан гэж тэмдэглэсэн боловч уг гэрээний дагуу бэлнээр мөнгө шилжээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

           

Хариуцагч нь Зайсанд байрлах газар дээр хамтран ажиллах зорилгоор тохиролцож, 2 ширхэг Приус маркийн авто машиныг 27.000.000 төгрөгт, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 3.200.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 10.000.000 төгрөгийг тус тус авсан ба гэрээ байгуулах үед бэлнээр мөнгө шилжээгүй гэж татгалзлын үндэслэлийг тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч нь бэлнээр мөнгө шилжээгүй, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө нэхэмжлэгчид бэлнээр болон дансаар шилжүүлж байсан мөнгө, 2 ширхэг приус маркийн авто машины үнэ, мөн зээлийн гэрээ байгуулснаас хойш буюу 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн 10.000.000 төгрөг, мөн бэлнээр өгч байсан мөнгө нийлээд 55.000.000 төгрөг зээлсэн гэж тайлбарлаж байна.

 

Талууд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний дагуу  55.000.000 төгрөг шилжээгүй үйл баримт дээр маргаагүй ба 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Зээлийн гэрээний дагуу мөнгө шилжээгүй байх тул уг гэрээнээс үүрэг үүсэхгүй гэж үзэв.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээх бөгөөд зээлийн гэрээний дагуу мөнгө, эд хөрөнгө шилжээгүй, өмнө шилжүүлсэн мөнгө болон эд хөрөнгө дээр нөхөн хэлбэрээр зээлийн харилцаа үүсгэж болох боловч, ирээдүйд шилжүүлэх мөнгө буюу эд хөрөнгөнд зээлийн харилцаа үүсгэж, хүү, анз тооцож байгаа нь үндэслэлгүй төдийгүй зээлийн харилцааны шинжийг агуулахгүй байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.” Гэж заажээ.

 

Талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.С.С хариуцагч Д.О.О нарын хооронд хамтран ажиллах гэрээтэй холбоотой харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь мөнгө өгсөн зорилгыг зээл олгосон гэж тайлбарлаж байгаа боловч, хариуцагч нь хамтран ажиллах зорилгоор мөнгө, болон хөрөнгө шилжүүлсэн гэх тайлбарыг няцааж чадаагүй бөгөөд Зохигчид Хан Уул дүүрэг, Зайсангийн ам, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1250 м.кв талбай бүхий орон сууцны барилга барилгад хөрөнгө оруулах зорилгоор мөнгө болон эд хөрөнгийг шилжүүлсэн, мөн хариуцагчийн Хан-Уул дүүрэг Зайсангийн газартай холбоотой маргааныг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг шүүх үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан баримтад үндэслэн эрх зүйн харилцааг тодорхойлж боломжтой гэж үзсэн болно.

 

Хариуцагч Д.О.Од нэхэмжлэгч Б.С.С нь баримтаар 13.200.000 төгрөгийг нэхэмжлэгч нь шилжүүлсэн болох нь тогтоогдож байх боловч хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд “...надад өгөхөөр тохиролцсон 20.000.000 төгрөг өгөх талаар бид  ярилцаад надад өгсөн болно” гэж дурдсан үйл баримтаас үзвэл 20.000.000 төгрөг шилжүүлсэн гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагч Д.О.Оаас 2 ширхэг приус авто машины мөнгө 27.000.000 төгрөг, бэлнээр өгсөн 20.000.000 төгрөг, нийт 47.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 47.875.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Д.О.О нь нэхэмжлэгч Б.С.Сд холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна.

 

Хариуцагч зээлийн гэрээг нөхөн хэлбэрээр байгуулсан боловч зээлийн гэрээ хүчинтэй, дүр үзүүлж гэрээ хийсэн зүйл байхгүй гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж заажээ.

 

Дүр үзүүлж хийсэн хэлцэл нь талууд хууль зүйн ямар нэг үр дагавар үүсгэхийг хүсээгүй байх ба 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ээс  бэлнээр мөнгө, эд хөрөнгө шилжээгүй тул шүүх уг зээлийн гэрээнээс үүрэг үүсэхгүй гэж дүгнэсэн ба үүрэг үүсгээгүй гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан хариуцагч Д.О.Оаас 47.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.С.Сд олгож, 47.875.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Соёл-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  632.325 төгрөг, болон хариуцагч Д.О.Оын сөрөг нэхэмжлэлд төлсөн 432.950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д.О.Оаас 392.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.С.Сд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

.

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР