Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/01642

 

Г.Мгийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00420 дугаар шийдвэр

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 74 дүгээр магадлалтай

Г.Мгийн нэхэмжлэлтэй

Б.Өт холбогдох

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

 Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.М миний үеэл ах Б.Батдээж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тооцоолон бодох цехэд ажилладаг байсан бөгөөд 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох Цагаанчулуут багийн 50 дугаар гудамж 01 тоот хашаа газрыг маань өөрийн төрсөн хүү Б.Өтөө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлүүлээд оронд нь миний бага хүү одоо 28 настай Б.Шинэбаярыг Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажилд оруулж өгнө гээд авсан. Гэтэл Б.Батдээж ах, хүүг маань ажилд оруулахгүй байсаар тэтгэвэртээ гараад өөрийн хүүгээ үйлдвэрт ажилд оруулсан боловч намайг хүлээж бай гэсээр өнөөдрийг хүрлээ. Би саяхан ажил бүтэхгүй бол хашаа газраа авьяа гэсэн чинь 2 өрөө байрны үнэтэй газраа чамд өгөхгүй чи оронд нь 8*10 хэмжээтэй өвөл зуны палкаар барьж тоосгоор өнгөлсөн 3 өрөө сууцыг ав гэж намайг доромжиллоо. Би дээрх хашаа газраа хүнд алдаад арай гэж шүүхээр явж байж авсан. Энэ үедээ би надаас хашаа газрыг авсан гээд шүүхдэж байсан хүнд 1 500 000 төгрөгийн өрийг миний өмнөөс төлсөн учир би хүүгээ ажилтай болгож байвал яасан ч яах вэ гээд Б.Батдээж ахын үгэнд итгээд хашаа газраа түүний хүүгийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн юм. Бэлэг хүлээн авагч Б.Өтэй уулзсан чинь намайг хэл амаар доромжилж хашаандаа байгаа байшинг буулгаж аваад зайл гэх мэтээр доромжиллоо. Тэгээд ч бэлэглэлийн гэрээ хариу төлбөргүй байхад надад хашаа газрын үнэ гэж хэдэн төгрөг өгсөн бөгөөд хашаан дотор байгаа байшингаа намайг ав гэж байна. Иймд 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б.Ө, Г.М бид хоёрын хооронд хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Өийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдээж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.М нь миний хүү Б.Өт холбогдуулж өргөдөл гаргажээ. Энэ нь намайг хүүхдийг нь ажилд оруулж өгөөд хашаа газрыг хүүхдэдээ бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэжээ. Бид уг нь үеэлүүд юм. Би Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарахдаа орондоо өөрийн хүү Өгөөмөрийг ажилд оруулсан. Энэ бол Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын гэрээнд заасны дагуу зөвхөн өөрийн хүүхдийг ажилд оруулах зохицуулалтаар болсон явдал. Өөр хүний хүүхдийг оруулах боломжгүй тул Мягмарсүрэнгийн хүүхдийг ажилд оруулж өгнө гэж хэлээд хашаа газрыг авсан гэдэг нь худлаа. Г.М нь хэдэн жилийн өмнө энэ хашаа газраа Мөнхбаяр гэдэг хүнд зарчхаад шүүхээр заргалдаж байгаад газраа буцааж аваад тэр хүнээс авсан мөнгөө буцааж өгөх гэсэн боловч мөнгийг нь үрчихсэн гээд өгч чадахгүй надаас мөнгө гуйгаад би түүнд тусалж 1 500 000 төгрөг өгч өрнөөс гаргасан юм. Өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэгээд шүүхээр заргалдаад хашаа газраа авахаар шийдвэр гарсан ч нөгөө худалдаж авсан хүнд хашаан дотор барьсан байшингийнх нь үнэ бил үү нүүлгэх зардал ч бил үү хэдэн төгрөг өгөхөөр болсон гээд л яваад байдаг байсан. Тэгээд та энэ хүний байшинг авчих. Надад мөнгө байхгүй. Би таньд хашаа газраа өгье гэхээр нь ярьж байгаад дутуу барьсан байшинг нь 7 700 000 төгрөгөөр Мөнхбаяраас худалдаж авсан юм. Ингээд Мягмарсүрэн нь өр ширнээс гаргалаа гэж баярласан сэтгэлээр хашаа газраа миний хүү Өгөөмөрийг ав гэсэн. Тэгж хэлчхээд Мягмарсүрэн нэг хэсэг манайхаар орж гарахаа больсон. Бид нар ч хашаа газрыг нэр дээрээ яаж шилжүүлж авах ёстойг ч мэдэхгүй, юу ч бодсон юмгүй, нөгөө дутуу байшингаа нөхөж гүйцээж байтал 2 сар гаран болсны дараа гэнэт хүрч ирээд байшингаа сайхан болгочхож, одоо хашаа, газраа шилжүүлж өгөхөөс өөр аргагүй боллоо доо гээд инээж хөхрөөд л нотариат орж бэлэглэлээр шилжүүлдэг юм гээд хүүг дагуулж яваад бэлэглэлийн гэрээ хийсэн. Энэ бэлэглэлийн гэрээг яагаад хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгааг ойлгохгүй байна. Хууль номын дагуу Мягмарсүрэнгийн өөрийнх нь хүслээр хийгдсэн гэрээ шүү дээ. Тийм учраас энэ өргөдлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00420 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасныг тус тус баримтлан Г.М Б.Ө нарын хооронд байгуулагдсан 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 50 дугаар гудамжны 01 тоот нэгж талбарын 18429432044795 дугаартай, улсын бүртгэлийн Г-2101009088 дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 626 м2 газрын бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах Г.Мгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 143 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 74 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00420 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Г.Мгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 143.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00420 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 74 дүгээр магадлалыг Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэснээр, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй үндэслэлээр шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулахаар дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: Хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д: “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т: “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн байхад хоёр шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад бодит дүгнэлт хийсэнгүй.

Маргаан үүссэн гол асуудлууд болон цаг хугацаа гэвэл 2008 онд нэхэмжлэгч Г.Мгийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 50 дугаар гудамж 1 тоот хашаа газрыг Орхон аймгаас хувьчлахгүй гээд байсан учир 2008 оны 4 дүгээр сард иргэн Ж.Мөнхбаярт 3 500 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэдэг боловч 1 500 000 төгрөг өгчхөөд 2001 онд Г.Мд хашаа газраа зарсан иргэн Ц.Болортулгаас бичиг авч газрыг нь хувьчлаад авсан байсан учир Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 866 дугаар шийдвэрээр бие даасан шаардлагаа хангуулж Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн танхимын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 917 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээснээр Г.М хашаа газрынхаа өмчлөгч болсон байна.

2008 онд Г.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөрийн өмгөөлөгчөөрөө Д.Оюунчимэгийг авч тухайн үед нэхэмжлэгч байсан Ж.Мөнхбаяраас авсан 1 500 000 төгрөгийг өмгөөлөгч Д.Оюунчимэгт 2008 оны 09 дүгээр сарын 23-нд Ж.Мөнхбаярт өгнө гэхээр нь өгсөн байдаг бөгөөд энэ 1 500 000 төгрөгийг үеэл ах Б.Батдээж нь өөрийн гараар тоолж өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагчийн төлөөлөгч Б.Батдээжийн тайлбараар давхар нотлогдож байхад давж заалдах шатны шүүх бэлэглэлийн гэрээ хийснээс хойш 1 500 000 төгрөг өгч авалцсан байна гэсэн дүгнэлтийг хийжээ. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч Б.Батдээж шүүхэд ирүүлсэн тайлбартаа шүүхийн шийдвэр гарснаас хойш 2008 оноос хойших Ж.Мөнхбаярын байшинг нүүлгэхтэй холбоотой зардал болох 3 250 000 төгрөгийг хэлж байгаа болно. Г.Мг өрнөөс гаргахын тулд сайхан сэтгэл гарган 1 500 000 төгрөгийг Ж.Мөнхбаярт өгсөн 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Д.Оюунчимэгт 1 500 000 төгрөг өгсөн болох нь түүний Г.Мгээс мөнгө авсан баримт, шүүхийн шийдвэр зэргүүдээр нотлогдоно.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Батдээж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Мгийн хүсэлтээр Ж.Мөнхбаяраас байшинг нь худалдаж авсан, байшинг буулгах зардлыг төлсөн гэжээ. Б.Батдээж анх 1 500 000 төгрөг зээлдүүлсэн цагаасаа хойш газрыг нь өөрийн болгохын тулд өөрөө л уг байшинг худалдаж аваад өнөөдрийг хүртэл бусдад түрээслүүлж ашиг олж байгаа юм байна.

Хариуцагчийн төрсөн эцэг Б.Батдээж Г.Мгийн бага хүү Б.Шинэбаяр ажилгүй байсан учир хүүг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д талбайн үйлчлэгчээр оруулж өгнө гээд мөнгө их хэрэг болно хашаа газраа надад шилжүүлээд өгчих гээд үглэсээр байгаад Ж.Мөнхбаяр Г.М хоёрын маргаантай асуудал шийдэгдсэнээс хойш 2 сарын дараа хашаа газраа сайн дураараа шилжүүлсэн гэж тайлбарласан нь худлаа бөгөөд шийдвэр гарснаас хойш нэг жил 9 сарын дараа шилжүүлж авсан болох нь нотлогдож байгаа бөгөөд хариуцагчийн хариу тайлбарт Ж.Мөнхбаяраас байшин авснаас хойш Г.М 2 сар гаруй алга болчихсон газраа яаж авах вэ гэж бодож байтал өөрөө ирээд хүүгийн нэр дээр бэлэглэлийн гэрээ хийсэн гэжээ. Хариуцагчийн энэ тайлбараас харахад хашаа газрыг худалдаж авсан болох нь нотлогдож байхад шүүх үүнд бодит дүгнэлт хийсэнгүй.

Нэхэмжлэгч Г.Мгий хүүг ажилд оруулж өгөхгүй болохоор нь 2004 оноос хойш Б.Батдээжтэй уулзаж хашаа газраа буцааж авах тухай саналаа хэлэхээр байж бай хүүд чинь машин авч өгнө, ажилд ортлоо таксинд яв, одоохон ажил бүтэх гэж байна гэсээр 2014 оны 04 дүгээр сарын 23-нд 300 000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 24-нд 100 000 төгрөг, нийт 400 000 төгрөг өгөөд хүүг нь ажилд оруулж өгөөч үгүй, машин ч авч өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Эцэст нь хэл амаар доромжлон наад байшингаа ачаад яв өөр өгөх юм байхгүй гээд байхаар нь аргаа бараад шүүхэд хандсан юм байна.

Б.Батдээж Г.Мгийн хүүг ажилд оруулж өгч чадахгүй удаад байхаар нь өөрийн хамаатан болох У.Энхбаярт 2004 онд хүүгээ мөн л эрдэнэт үйлдвэрт ажилд оруулахаар 6 260 000 өгөөд хуурагдсан болохоо мэдэж шүүхээр явж байж мөнгөө 2016 онд буцааж авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа юм.

Хариуцагч Б.Батдээжийнх 3 хүүхэдтэй, хүүхдүүд нь бүгд ажил албатай, 6-5-97 тоот 2 өрөө тохилог орон сууцанд амьдардаг. Бага хүү Б.Өийгөө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 2016 онд Холбоо мэдээллийн цехэд цахилгаанчнаар оруулсан, тэнд ажиллаж өндөр цалин орлоготой, том хүү нь Солонгос улсад ажиллаж амьдардаг мөн орон сууц авсан. Хашаа газрыг нь хувьчилж эхэлснээр газарт нь шунаж Г.Мд тусалсан дүр эсгэн явсаар 4 жилийн дараа түүний эмзэг асуудал болох ажилгүй хүүг нь ажилд оруулах нэрээр хашаа газрыг залилан авсан байж нохой зан гаргаж нохойтлоо гээд бичиж байгаагаас харахад ядарсан хүнтэй яаж харьцаж байгаа нь ойлгомжтой байна.

Бэлэглэлийн гэрээ хариу төлбөргүй байх учиртай байтал 2008 оны 09 дүгээр сарын 23-нд 1 500 000 төгрөг, 2014 онд 400 000 төгрөг, 7 700 000 төгрөг, Ж.Мөнхбаярын байшинг нүүлгэхэд гарах зардал болох 3 250 000 төгрөгийг Г.Мгээс гаргуулж Ж.Мөнхбаярт олгохоор шийдвэрлэсэн зэргүүдийг маргаан бүхий газрын үнэ төлбөр болгон өгч байсан учраас дээрх мөнгөнүүдээ Г.Мгээс Б.Батдээж одоо болтол буцааж аваагүй, огтхонч нэхэж байгаагүй зэргээр дээрх бүх мөнгөнүүд газрын үнэ гэж тооцож өгсөн болох нь нотлогдох юм.

Г.М өрх толгойлсон хэдэн хүүхдээ амьдралд нь хүрэлцэх цалин орлоготой болгох гэж хамаатан садангууддаа итгэн нэхсэн мөнгө болон үл хөдлөх хөрөнгөө өгч өөрийгөө хохироосоор яваа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа юм.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нэхэмжлэгчийн газрыг худалдаж авсан болох нь нотлогдох юм. Бэлэглэлийн гэрээ хариу төлбөргүй байдаг байхад газрыг худалдаж авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдох юм. Тухайлбал 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1 500 000 төгрөг, Ж.Мөнхбаярын байшинг нүүлгэхэд гарах зардал 3 250 000 төгрөг, 3 шатны шүүхийн шийдвэрээс харагдана. 2014 онд Г.Мгийн дансанд хийсэн 400 000 төгрөг нийт 5 150 000 төгрөгийн тооцоо хийгдсэн байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00420 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 74 дүгээр магадлалтай хэргүүдийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г.М нь Б.Өт холбогдуулан талуудын хооронд 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Эрдэнэт үйлдвэрт ажилладаг үеэл ах Б.Батдээж нь нэхэмжлэгч Г.Мгийн хүү Б.Шинэбаярыг Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж Цагаанчулуут багийн 50 дугаар гудамжны 1 тоот хашаа, газрыг өөрийн хүү Б.Өт шилжүүлж авсан боловч хүү Б.Шинэбаярыг ажилд оруулж өгөөгүй..” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, “...өөрөө хүсэж, бэлэглэлийн гэрээ хийсэн, хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зохигчид Бэлэглэлийн гэрээ байгуулж, бэлэглэгч Г.М нь өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 50-01 тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 626мкв, 7 500 000 төгрөгийн үнэ бүхий газрыг Б.Өт үнэ төлбөргүй бэлэглэж, бэлэг хүлээн авагч Б.Ө бэлгийг хүлээн авч, гэрээнд гарын үсэг зурж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн, улмаар улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийг бэлэг хүлээн авагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

Талуудын хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1., 276.2. дахь заалтад нийцсэн байна.

Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 297.1.-д “ямар нэг болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцож болно” гэж, 279.3.-т “бэлэг хүлээн авах эрх бүхий этгээд нь гэрээнд заасан болзол буюу зорилгыг биелүүлээгүй бол бэлэглэгч гэрээнээс татгалзаж болно” гэж тус тус зохицуулжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь бэлэг хүлээн авагч бэлэглэгчийн зорилгыг биелүүлээгүй гэх агуулгаар, өөрөөр хэлбэл түүний хүүхдийг ажилд оруулж өгөөгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхтэй болохоос гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан Бэлэглэлийн гэрээнд дээрх тусгайлсан нөхцлийн талаар тухайлан тусгаагүй, энэ талаар харилцан тохиролцсон гэх үндэслэлээ нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул бэлэг хүлээн авагчийг бэлэглэгчийн өмнө үүрэг хүлээсэн гэж үзэхгүй тул бэлэглэгчид гэрээнээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Б.Өийн эцэг Батдээж нь өөрийн үеэл дүү Г.Мд туслах, түүний амьдралыг дэмжих зорилгоор бусдад төлөх төлбөрийг төлж, мөнгө зээлдүүлж, зохих хэмжээгээр дэмжлэг үзүүлж байсанд нь Г.М баярлаж, өөрийн хашааг түүний хүүд бэлэглэсэн гэх хариуцагчийн тайлбараас үзвэл тэрээр нэхэмжлэгчид санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлж байсны хариуд түүний хүүд хашаа байшингаа бэлэглэсэн нь дан ганц бэлэглэгчийн хүсэл зоригийн дагуу үйлдэгдсэн байх бөгөөд тэдний хооронд тус хашаа байшинг тодорхой үнээр, эсхүл нөхцлөөр тохиролцож худалдаж, худалдан авсан, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор бэлэглэлийн гэрээ үйлдсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн “...Батдээж нь тодорхой амлалт өгч, нэхэмжлэгчийн хашаа, байшинг өөрийн хүү Өгөөмөрийн нэр дээр шилжүүлж авсан...” гэх шаардлага үндэслэлээ нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасныг үндэслэн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Талууд гэрээ байгуулснаас хойш 6 жилийн хугацаа өнгөрсөн байх тул гэрээний үүрэгтэй холбогдуулан нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн, шүүх хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2018/00420 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 74 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД