Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2017/00958

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгчС.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Ц ХХК

 

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эд хөрөнгө битүүмжлэх 2017 оны  01 дүгээр сарын 06-ны өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүххуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Н.Цэрэнсодном, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15  тоот шийдвэрийн дагуу 159.938.555 төгрөгийг манай “Ц” ХХК-иас гаргуулж “Самвон дриймвок” ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.

Төлбөр авагч “Самвондриймвок” ХХК нь бидэнд бетон зуурмаг нийлүүлсэн боловч тухайн нийлүүлсэн бетоноор хийсэн зам нь нэг жил хүрээгүй байхад эвдэрч ашиглах  боломжгүй болсон, тухайн нөхцөл байдлыг шинжлэн үзэхэд тус компанийн нийлүүлсэн бетон зуурмагаас болж эвдэрсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Манай “Ц” ХХК нь тус компаниас болж эд хөрөнгө болон бусад эдийн засгийн асуудлаар маш их хохироод байна. Өөрөөр хэлбэл тухайн компанийн нийлүүлсэн бетоноор хийсэн зам нь ашиглах боломжгүй эвдэрсэн, мөн шийдвэр гүйцэтгэгч хууль бус ажиллагаа хийж байгаагаас болж компани үйл ажиллагаагаа хэвийн явуулах ямар ч боломжгүй болсон.

Хэрэв тухайн компаниар төлбөр төлүүлэх гэж байгаа бол үйл ажиллагаагаа хэвийн явуулж эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах боломжоор хангасны дараа төлбөрийг  авах асуудлыг ярих нь зүйд нийцнэ. Гэтэл компанийн бүх зүйлийг хааж боож зогсонги байдалд оруулж хүнд байдалд оруулсны дараа төлбөрөө төл гэсэн шаардлага тавьж байгаа нь загасыг уснаас нь гаргачхаад чи одоо сэл гэж байгаатай агаар нэг байна.

        Мөн шийдвэр гүйцэтгэгч нь ажиллагаагаа хуульд нийцүүлэн явуулах учиртай. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Ц” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол үйлдсэн нь хууль бус үйлдэл болсон.

        Учир нь шийдвэр гүйцэтгэгч нь зөвхөн төлбөр төлөгчийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх, бусад хөрөнгүүдийг битүүмжлэх мөн энэхүү ажиллагаагаа хуулийн хүрээнд ажиллах ёстой байтал хэнээс ч юуг ч тодруулахгүйгээр түрээсийн эд хөрөнгө болон зарим aжилчдын хувийн хөрөнгө зэргийг битүүмжилсэн нь хуульд нийцэхгүй тэдгээр хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйлдэл болоод байна.

Иймд үндэслэлгүйгээр бусдын эд хөрөнгө битүүмжилсэн 2017 оны 01 сарын 06-ны 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул тус тогтоолуудыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Тасгийн дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч хошууч Н.Уранчимэгт гомдол гаргасан.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3/104 дугаар хариу бүхий албан тоотдоо “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36, 58 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч компанийн үйл ажиллагаа явуулдаг хаягт хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн нь хууль зөрчөөгүй тул 2017 оны 01 дугээр сарын 06-ны өдрийн  01, 02,  03 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэсэн үндэслэлгүй хариуг өгсөнийг “Ц” ХХК нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эд хөрөнгийг битүүмжлэх тухай 2017  оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны  05 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр Ц ХХК-иас 159.750.700 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ц ХХК-ийн нэр дээр хөрөнгө байхгүй, дансны зарлагын хөдөлгөөн хаагдсан, Ц ХХК-ийн захирлын гадагш гарахыг хориглосон боловч гомдол гаргасан. Ц ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай компани. Компанийн дансаар үйл ажиллагаа явуулахгүй, иргэний буюу хувийн дансаар гүйлгээ хийж, шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36,58 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч компанийн үйл ажиллагаа явуулж буй төв оффис дээр очиж ажиллагаа хийхээд ажиллагаанд гомдол гаргасан. Хөдлөх эд хөрөнгөд ажиллагаа хийсэн нь хууль зөрчөөгүй. Ажилчдын эд хөрөнгийг бид битүүмжлээгүй, Ц ХХК-ийн хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн. Ц ХХК нь үндэслэлгүйгээр хугацаа авч, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх 2017 оны  01 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/00005 дугаар шийдвэрээр Ц ХХК-иас 158.806.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Самвондрийм вок ХХК-д  олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаар гүйцэтгэх хуудас бичигджээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны  01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нийт 21 төрлийн хөдлөх хөрөнгө, 02 дугаар тогтоолоор 12 нэр төрлийн хөдлөх хөрөнгө, 03 дугаар тогтоолоор 6 нэр төрлийн хөдлөх хөрөнгө битүүмжилж, тэмдэглэл үйлдсэн ба уг ажиллагаанд Ц ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Баасандорж байлцсан байна.

 

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны явцад Ц.Баасандоржтой уулзаж үйлдсэн тэмдэглэлд “Хавраас бусдаас авах өр авлагаа авч байж төлнө” гэж тэмдэглэл үйлдсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т “Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс хассан буюу гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад эд хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулна. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгө хаана, юунд ашиглагдаж байгаа нь үл хамаарна” гэж заажээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1/25603 тоот “Дансны хасалт, хаалт хийх тухай” албан бичгээр төлбөр төлөгч Ц ХХК-ийн арилжааны банканд харилцан дансны мэдээллийн илрүүлж, 159.938.550 төгрөгийн хэмжээнд хасалт хийлгэхийг арилжааны 12 банканд явуулсан байна.

 

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сэрж Экслюсив хаус 4 давхар 401 тоотод байрлах Ц ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа офисст байгаа хөдлөх хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй ба төлбөр төлөгч уг ажиллагаанд биечлэн оролцсон байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны  01 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 01, 02, 03 дугаар тогтоолын дагуу төлбөр төлөгч Ц ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны  01 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР