Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1253

 

 

“Цоба” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00958 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Цоба” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаар шийдвэрийн дагуу 159 938 555 төгрөгийг “Цоба” ХХК-иас гаргуулж “Самвондриймвок” ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Төлбөр авагч “Самвондриймвок” ХХК нь “Цоба” ХХК-д бетон зуурмаг нийлүүлсэн боловч тухайн нийлүүлсэн бетоноор хийсэн зам нь нэг жилийн хугацаанд эвдэрч ашиглах боломжгүй болсон, тухайн нөхцөл байдлыг шинжлэн үзэхэд тус компанийн нийлүүлсэн бетон зуурмагаас болж эвдэрсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. “Цоба” ХХК нь тус компаниас болж эд хөрөнгө болон эдийн засгийн асуудлаар хохирсон. Тухайн компанийн нийлүүлсэн бетоноор хийсэн зам нь ашиглах боломжгүй эвдэрсэн, мөн шийдвэр гүйцэтгэгч хууль бус ажиллагаа явуулж байгаагаас болж “Цоба” ХХК нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон. Компанийн бүх зүйлийг хааж боож зогсонги байдалд оруулж оруулсны дараа төлбөрөө төл гэсэн шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Цоба” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол үйлдсэн нь хууль бус үйлдэл болсон. Учир нь шийдвэр гүйцэтгэгч нь зөвхөн төлбөр төлөгчийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх, бусад хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулах ёстой байтал түрээсийн эд хөрөнгө болон зарим aжилчдын хувийн хөрөнгө зэргийг битүүмжилсэн нь хуульд нийцэхгүй, тэдгээр хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйлдэл болсон. Иймд үндэслэлгүйгээр бусдын эд хөрөнгө битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул тус тогтоолуудыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Тасгийн дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч хошууч Н.Уранчимэгт гомдол боловч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3/104 дугаар хариу бүхий албан тоотоор үндэслэлгүй хариуг өгснийг “Цоба” ХХК нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны эд хөрөнгийг битүүмжлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр “Цоба” ХХК-иас 159 750 700 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. “Цоба” ХХК-ийн нэр дээр хөрөнгө байхгүй, дансны зарлагын хөдөлгөөн хаагдсан, “Цоба” ХХК-ийн захирлын гадагш гарахыг хориглосон боловч гомдол гаргасан. “Цоба” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай компани. Компанийн дансаар үйл ажиллагаа явуулахгүй, иргэний буюу хувийн дансаар гүйлгээ хийж, шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36, 58 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч компанийн үйл ажиллагаа явуулж буй төв оффист очиж хийсэн ажиллагаанд гомдол гаргасан. Хөдлөх эд хөрөнгөд ажиллагаа хийсэн нь хууль зөрчөөгүй. Ажилчдын эд хөрөнгийг бид битүүмжлээгүй, “Цоба” ХХК-ийн хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн. “Цоба” ХХК нь үндэслэлгүйгээр хугацаа авч, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Цоба” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн бөгөөд ажилчдын хувийн эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа явуулсан байдаг. Мөн шүүх тухайн хөдлөх хөрөнгө нь хэний эзэмшилд байгааг тодруулахгүйгээр шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч “Цоба” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох эд хөрөнгө битүүмжлэх 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 01, 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36, 58 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч компанийн үйл ажиллагаа явуулдаг хаягт хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/00005 дугаар шийдвэрээр “Цоба” ХХК-иас 158 806 550 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 952 000 төгрөгийн хамт гаргуулж “Самвондрийм вок” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.          /хх-36-38 дугаар тал/

 

Уг шийдвэрийн дагуу 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 47 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот тогтоолоор 21 нэр төрлийн хөдлөх хөрөнгө, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот тогтоолоор хүний нөөцийн өрөөнөөс 12 нэр төрлийн хөдлөх хөрөнгө, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 тоот тогтоолоор Ерөнхий захирлын өрөөнөөс 6 нэр төрлийн хөдлөх хөрөнгө тус тус битүүмжлэх ажиллагааг явуулжээ.                                         /хх-12-17, 52-54 дүгээр тал/

 

Дээрх ажиллагааг явуулахад төлбөр төлөгчийг төлөөлж “Цоба” ХХК-ийн захирал Ц.Баасандорж байлцаж тэмдэглэлд гарын үсэг зурсан болох нь хэргийн 56 дугаар талд авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 01, 02, 03 дугаар тогтоолын дагуу төлбөр төлөгч “Цоба” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Төлбөр төлөгчийн хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй учраас эд хөрөнгийг борлуулах зорилгоор дээрх ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 36.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болсон тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь нэхэмжлэгч “Цоба” ХХК-ийн ажилчдын хувийн эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа явуулсан болох хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00958 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Цоба” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ