Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2017/01004

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.У

 

Хариуцагч:  Р.М ХХК

 

Р.М ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 120 тоот тушаалыг хүчингүй болгуулах, С.с.уийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, Р.М ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 6.582.391 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, Э.Хулан, хариуцагчийн төлөөлөгч Д.Байгалмаа,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.с.у нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан. С.с.у “Р.М” ХХК-д 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн ба, сарын 1.500.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 10 дугаар сард “Р.М” ХХК-ийн хөрөнгө оруулагч Гиллер гэж хүн компанийн менежер Т.Саруулаар дамжуулан цалингаа багасгаж 200.000 төгрөгөөр бууруулж авахаар санал тавьсныг С.с.у зөвшөөрөөгүй.

Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар ажил олгогчийн санаачлагаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тушаалыг Гиллер гаргасан ба, Гиллер гэж хүн Ресурс компанийн гүйцэтгэх захирлаар 2014 оны 10 дугаар сараас эхлэн 2016 оны 10 дугаар сар хүртэл ажилласан байдаг. Тушаал гарах үед буюу 2016  оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар компанийн гүйцэтгэх захирал Т.Саруул гэж хүн ажиллаж байсан ба ажлаас чөлөөлөх тушаалыг эрх бүхий албан тушаалтан гаргаагүй, Гиллер гүйцэтгэх захирлын эрх хэмжээтэй байсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан сахилгын зөрчил гаргасан тохиолдолд эхний удаа сануулж, дараагийн удаа цалингийн 20 хувь хүртэл хэмжээгээр бууруулах, үүний дараа ажлаас чөлөөлөх шат дараалсан хариуцлага бий. Гэтэл тушаал Хөдөлмөрийн гэрээнд заасан ямар сахилгын зөрчил гаргасан талаар тодорхой дурдаагүй, Хөдөлмөрийн гэрээг ажилтан С.с.утэй огт байгуулаагүй, буюу хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй байдаг.

С.с.у нь бага насны хүүхэдтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Ажил олгогч тушаалаа хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэж байгаа боловч хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ямар зөрчил удаа дараа гаргасныг сахилгын зөрчил гэж үзэж байгаа нь тодорхойгүй, Хөдөлмөрийн гэрээгээр сахилгын зөрчил гэж ямар зөрчил болох талаар талууд тохиролцоогүй тул 2016 оны 11 сарын 30-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны цалин 6.582.091 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Захирал Гиллер нь утсаар С.с.уийг хална гэж хэлсэн гэж байна. Энэ тайлбар үндэслэлгүй, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Т.Саруул гүйцэтгэх захирлаар томилогдсон. Уг тушаалыг биднээс шаардаагүй шаардлагатай бол авч болно. С.с.уийн хэд хэдэн удаагийн давтан зөрчил гаргасан сахилгын зөрчил гаргасан тушаал түүнийг танилцуулсан тухай бүрт өөрөө зөвшөөрч байсан үйл баримтууд бий. Хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцоогүй гэрээ байгуулаагүй гэж байна.  Гэтэл Хөдөлмөрийн дотоод журмын дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулсан. С.с.у нь Татварын албанд өгөх ёстой тайлан баримтуудаа өгөлгүй, манай захирал гадаад улс руу ажлаар явсан гэж өөрөө хуурамчаар албан бичиг үйлдэж өгсөн байдаг. С.с.ут захирлаас амаар хэд хэдэн удаа сануулсан байдаг. 2 жилийн хугацаанд С.с.у нь 5-6 удаагийн сахилгын зөрчил гаргасан ба, энэ талаар баримтууд хэрэгт авагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч С.с.у нь хариуцагч Р.М ХХК-д холбогдуулан Р.М ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 120 тоот тушаалыг хүчингүй болгуулах, С.с.уийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, Р.М ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 6.582.391 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь С.с.у нь сахилгын зөрчил удаа дараа гаргасан ажлаас халсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Р.М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 120 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дэх заалтаар “Тус компанийн нягтлан бодогч С.с.у нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан тул мөн өдрөөс ажлаас чөлөөлсүгэй” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 100 дугаар зүйлийн 100.1-т заалтыг үндэслэн нэхэмжлэгч С.с.уийг ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч С.с.у хариуцагч Р.М ХХК нь Хөдөлмөрийн гэрээг байгуулж байгаагүй гэж, Шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 3281 дүгээр захирамжаар хариуцагч хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх тодорхойлолтыг гаргуулахаа шийдвэрлэсэн боловч хариуцагч нь С.с.уийн хөдөлмөрийн гэрээг хулгайд алдсан гэх гаргаж өгөх боломжгүй гэх тайлбарласан, түүнчлэн уг баримт бичиг алдсан талаар хуулийн байгууллагад шалгуулаагүй гэх тайлбаруудаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй ба байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заажээ.

 

Талууд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул ажилтны гаргасан ямар үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцох, зөрчлийн давтан гаргасан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч С.с.ут 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр үүрэгт ажилдаа хайнга хандсан гэж сануулга өгсөн, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12/10 дугаар тушаалаар захирлын өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй гэж үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тушаалыг шүүхэд ирүүлсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дууссан байна.

 

2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 55-л тушаалаар оффисын байрны цахилгааны төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй зөрчилд үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ба тушаалыг нэхэмжлэгч С.с.ут танилцуулсан атлаа уг сахилгын шийтгэлийг бодитоор аваагүй болох нь 0262749 дугаар нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаагаар тогтоогдож байна.  Түүнчлэн Р.М ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч нь цахилгааны төлбөрийг төлөх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч талын хүсэлтээр Б.Гиллер, болон Ю.Цеценко нарын майл хаягт үзлэг хийхэд 2016 оын 11 дүгээр сарын 01-ний өдөр сануулах сахилгын шийтгэл, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр сануулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байна. Уг сахилгын шийтгэл авсан тушаалыг нэхэмжлэгчид танилцуулсан , хамт олны хурлаар  сахилгын шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлэсэн байдал тодорхойгүй байна. 

 

Иймд нэхэмжлэгч С.с.уийг Р.М ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 6.582.391 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар түүний сүүлийн 3 сарын дундаж цалин 1.499.990 төгрөгийг ажилгүй байсан хугацааг ажлын 82 хоногоор тооцоход  5.720.884 төгрөгийн хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 861.407 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч С.с.уийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Р.М ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 120 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.с.уийг Р.М ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5.720.884 төгрөгийг хариуцагч Р.М ХХК-иас  гаргуулж, нэхэмжлэгч С.с.ут олгож, 861.407 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.с.уийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Р.М ХХК-д даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Р.М ХХК-иас 106.484 төгрөгийг нөхөн гаргуулж, Улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР