Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 1241

 

“Сеожүүн ложистикс монголиа” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00519 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК,

Хариуцагч “Касс таун” ХХК, Д.Энхбатад холбогдох,

 

Гэрээний үүрэгт 2 857 382 342 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Базарсад, Д.Ууганбаяр, М.Цэдэнпунцаг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК, түүнийг төлөөлж захирал Ким Тэ Ху нөгөө талаас хариуцагч “Касс таун” ХХК, захирал Д.Энхбат нартай 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээл болон хамтран ажиллах тухай гэрээг байгуулсан. Энэхүү зээл болон хамтран ажиллах гэрээний 1.2-д заасны дагуу Д.Байгалмаагийн эзэмшлийн газар дээр 15 давхар барилга угсралтын ажилд шаардлагатай хөрөнгийг зээлэхээр харилцан тохиролцож, тус гэрээний 2.2, 2.3-т заасны дагуу “Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь 2014 оны 11  дүгээр сарын 27-ны өдөр 1 000 000 ам.долларыг хариуцагч “Касс таун” ХХК-ийн харилцах Голомт банкны 1102114792 тоот дансанд шилжүүлж гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн.

Хоёр талын байгуулсан зээл болон хамтран ажиллах гэрээний 7.5-д заасны дагуу хариуцагч тал нь тус гэрээний 1.2-т заасан барилгын ажлыг 2015 оны 05 дугаар сар хүртэл эхлүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-аас зээлсэн 1 000 000 ам.долларыг тус гэрээний 2.1-д заасны дагуу сарын 1 хувийн хүүгийн хамт 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлөх үүрэгтэй байсан боловч хариуцагч тал өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч талаас зээлсэн 1 000 000 ам.доллараас нэг ч төгрөг төлөөгүй, мөн тус гэрээний 2.1, 3.4-т заасны дагуу хүү төлж байгаагүй. Хоёр талын байгуулсан гэрээний 1.2-т заасан барилгын ажил өнөөдрийг хүртэл эхлээгүй. 

2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Сеожүүн ложистикс монголиа” ХХК түүнийг төлөөлж захирал Ким Тэ Ху нөгөө талаас буюу хариуцагч талаас “Касс таун” ХХК, захирал Д.Энхбат нар нь 02 тоот хэлцэл буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээний нэмэлт гэрээг хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан. Хоёр талын байгуулсан 02 тоот гэрээний 1.1, 2.1, 2.2-д заасны дагуу хариуцагч “Касс таун” ХХК нь нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-аас зээлсэн 1 000 000 ам.долларыг зээл олгосон өдрөөс тус хэлцэл байгуулсан өдөр хүртэлх 14 сарын хүү болох 140 000 ам.долларын хамт нийт 1 140 000 ам.долларыг 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үл маргах журмаар бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон боловч гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон хүүний төлбөр болох нийт 1 140 000 ам.доллараас өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөлгүй нэхэмжлэгчийг хохироож байна.

Хариуцагч тал нь нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-аас зээлсэн 1 000 000 ам.доллар, хүү 140 000 ам.доллар нийт 1 140 000 ам.долларыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах өдрийн Монголбанкны албан ёсны нэг ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш болох 2 388.45 төгрөгөөр тооцож 2 722 833 000 төгрөгийг хариуцагч тал нь нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-д төлөх нь хууль зүйн үндэслэлтэй болно. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, хоёр талын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээл болон хамтран ажиллах гэрээний 2.1, 2.2, 3.4, 3.5, 6.1, 7.5, хоёр талын байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хэлцлийн 1.1, 2.1, заасны дагуу үндсэн зээл 1 000 000 ам.доллар, хүү 140.000 ам.доллар нийт 1 140 000 ам.доллар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцож нийт 2 722 833 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох “Касс таун” ХХК, захирал Д.Энхбат нараас гаргуулж өгнө үү.

Мөн манайх нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр нэмэгдүүлсэн. “Сеожүүн ложистикс монголиа" ХХК нь хариуцагч "Касс таун” ХХК, захирал Д.Энхбат нартай 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээл болон хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу нэхэмжлэгч тал нь 1 000 000 ам.долларыг хариуцагч талд шилжүүлж гэрээний үүргээ биөлүүлсэн. Хоёр талын байгуулсан зээл болон хамтран ажиллах гэрээний 7.5-д заасны дагуу хариуцагч тал нь тус гэрээний 1.2-т заасан барилгын ажлыг 2015 оны 05 дугаар сар хүртэл эхлүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа" ХХК-аас зээлсэн 1 000 000 ам.долларыг тус гэрээнд заасан хүүгийн хамт 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн боловч хариуцагч тал өнөөдрийг хүртэл зээл болон хүүг төлөөгүй. Тиймээс нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь хариуцагч талтай 02 тоот хэлцэл буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээл болон хамтран ажиллах тухай гэрээний нэмэлт гэрээг байгуулсан. Тус 02 тоот гэрээний 2.1, 2.2-д заасны дагуу хариуцагч “Касс таун” ХХК нь нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-аас зээлсэн 1 000 000 ам.долларыг зээл олгосон өдрөөс тус хэлцэл байгуулсан өдөр хүртэлх 14 сарын хүү болох 140 000 ам.долларын хамт нийт 1 140 000 ам.долларыг 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үл маргах журмаар бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч тал нь 02 тоот гэрээнд заасан хугацаанд 1 140 000 ам.долларыг төлөөгүй байна.

Тиймээс мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацаа буюу 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нийт 5 сар, 19 хоногийн хугацаанд тохирсон хүү болох /5 сарын хүү 50 000 ам.доллар, 19 хоногийн хүү 6 333.33 “нэг хоногийн хүү 10 000:30=333.33”/ 56 333.33 ам.долларыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу анх шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн Монголбанкны албан ёсны нэг ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш болох 2 388.45 төгрөгөөр тооцож 134 549 342 төгрөгийг хариуцагч талаас шаардах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, хоёр талын байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээл болон хамтран ажиллах тухай гэрээний 2.1, 3.4. 3.5-д заасны дагуу 134 549 342 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох “Касс таун” ХХК, захирал Д.Энхбатаас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь хоёр талын байгуулсан 02 тоот гэрээний дагуу үндсэн зээлийг хүүгийн хамт төлж барагдуулахыг хариуцагч “Касс таун” ХХК болон захирал Д.Энхбат нар удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээлийг төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Талуудын байгуулсан гэрээний 2.1, 2.2, 2.3-т зээлийг үл маргах журмаар төлөх үүрэгтэй. Үнийн дүн дээр талууд харилцан тохиролцсон учир гомдол гаргах эрхгүй. Урьд байгуулсан 4-н хэлцлийг ярьж байгаад цуцалсан байдаг. Хариуцагч тал нийтдээ 130 000 ам.долларыг төлөөгүй байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргахад уг тооцоо төлөгдөөгүй байсан. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ тус хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэл гаргах өдрийн Монголбанкны ам.долларын ханшаар 2 722 833 000 төгрөгийг  нэхэмжлэгчид төлөх нь хууль зүйн үндэслэлтэй.

Явцын дунд хариуцагч тал хариу тайлбартаа 110 000 ам.доллар төлсөн гэдэг. Нэхэмжлэгч тал үүнийг судалж үзээд төлсөн эсэх тал дээр нь маргаагүй. Тиймээс 110 000 ам.доллар хасаж байгаа.  2 талын байгуулсан зээл болон хамтран ажиллах гэрээний 7.5-д заасны дагуу зээлсэн 1 сая ам.долларыг 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн боловч одоо хариуцагч тал зээл болон хүүг төлөөгүй тиймээс нэхэмжлэгч тал хариуцагч талтай 02 тоот хэлцэл буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээл болон хамтран ажиллах тухай гэрээний нэмэлт гэрээг байгуулсан байдаг. Тус 02 тоот гэрээний 2.1-т 1 сая ам.долларын зээл олгосон, үүнд бас хүү заасан байдаг. Гэрээний 3.4-т сар бүрийн 25-ны өдөр хүүг төлнө гэдэг үүнээс түрүүлж авсан мөнгийг зээлийн хамт бүрэн төлж дуусах хүртэл хүүг төлнө гэж заасан байдаг. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хүүг төлөөгүй байгаа тул бид нэхэмжилж байгаа юм. Тиймээс 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 5 сар, 19 хоногийн дотор заасан хүүг төлөхөөр тохиролцсон. “Касс таун” ХХК нь 7 тэрбум төгрөгийн өртэй бөгөөд ихэнхдээ Б.Энхбатын мөнгө өгсөн байдаг. “Касс таун” ХХК-ийн хөрөнгө хүрэлцэхгүй байвал Б.Энхбатаас гаргуулж өгнө үү.

Талууд зээлийн гэрээгээр харилцан тохиролцож гэрээ хийсэн 1 сая ам.доллараар барилгын ажлыг явуулахад хангалттай байсан. Гэтэл уг мөнгийг уурхай руу хөрөнгө оруулалт хийгээд дууссан байдаг. Уг мөнгийг хариуцагч тал зориулалтын зүйлд зарцуулаагүй байна. Барилга төлөвлөлт биднээс хамаараагүй гэж байна. Талуудын гэрээгээр 1 сая ам.долларын урьдчилгаагаар барилга барина гэж байгаа. Барилгын ажлыг 2014 оны 11 дүгээр сараас эхлэн төлөвлөж, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр эхэлсэн гэх атлаа уг өдөр нь барилгын ажил эхлээгүй байсан. Тэгээд талууд гурвалсан гэрээ байгуулсан.  Уг ажлыг зориулалтын зүйлд зарцуулаагүй тул “Касс таун” ХХК нь санал тавьж болох талаас нь үзсэн. “Касс таун” ХХК нь өөрөө Солонгос Улсаас бараагаа татдаг. Гэрээг тооцоод үзэхээр 11 сар гэж хариуцагч тал тайлбарлаж байна. Бодит байдал дээр 17 сар байдаг. Гэрээний 3.1-д гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний дагуу хүүгээ төлж байсан нь харагдаж байдаг. Мөн “Касс таун” ХХК нь өөр компанийн нэр дээр хамаг үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн байдаг.

Энэхүү гэрээний 2.9-д төлбөр бүрэн төлж дуусах хүртэл хүчинтэй байна гэж, 02 тоот гэрээний 2.7-д энэхүү гэрээ нь 01 тоот гэрээний салшгүй хэсэг байна гэж заасан байдаг. Мөн ачааны төлбөрийг төлнө гэсэн байдаг. Энэ нь өмнөх тээврийн зардалтай холбоотой асуудал. Эхлээд ачаагаа ачаад дараа нь тооцоогоо хийдэг байсан, одоо 1 сая ам.долларыг төлбөрийн чадваргүй компанид шилжүүлсэн байна. Үл хөдлөх хөрөнгө шилжсэн зүйл байхгүй. Талуудын гэрээний 7.1, 6.1, 7.5-д зааснаар барилгын ажлыг эхлүүлээгүй. Б.Энхбат нь бүх хөрөнгөө өөрийн нэр дээр шилжүүлсэн гэж харагдаад байдаг. Компанийн дүрмийн 1.4, 5.3, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу эд хөрөнгө нь  хүрэлцэхгүй байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигч Б.Энхбатаас гаргуулах талаар шийдвэрийн тогтоох хэсэгт нь зааж өгнө үү.

Талуудын байгуулсан гэрээний нэршил нь зээл болон хамтран ажиллах гэрээ гэсэн нэршилтэй байгаа. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлах гэдэг дээр түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байдаг. Тиймээс бид зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа юм. Хамтран ажиллах гэрээнд заасан боловч зээлийн гэрээний шинжийг тодорхойлсон байдаг. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан. Үүний дагуу зээлийг шилжүүлсэн, гэтэл хариуцагч дээрх зээлийн гэрээнд буцаан төлөх талаар заасан учраас дахин нэмэлт гэрээ байгуулсан. Нэгэнт төлөгдөөгүй 1 сая ам.долларын зээлийг хүүгийн хамт тодорхой хугацаа олгож хэлцэл байгуулсан боловч үүргээ биелүүлээгүй. Уг хэлцлийг зээлийн гэрээний дагуу байгуусан. Одоо “Касс таун” ХХК нь их хэмжээний зээлтэй байгаа “Касс таун” ХХК-ийн эд хөрөнгө болон борлуулалтаар нь авч үзэхээр манай мөнгийг төлж чадах эсэх талаар эргэлзээ төрж байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3, 477 дугаар зүйлд оролцогчийн хувь хэмжээ гэж байдаг. Энэ зээлийн гэрээ гэдэг нь “Касс таун” ХХК нь төлбөр төлөх тухай амлалт бичиг хийсэн байдгаар нотлогдож байна. Хариуцагчийн ярьж байгаа нь үүгээр няцаагдаж байгаа. Гэрээнд 3 сая ам.доллар зээлнэ гэж тохиролцоод 1 сая ам.доллар зээлсэн, уг зээлсэн шаардлага биелэгдээгүй учир үлдсэн 2 сая ам.доллар зээлэх нөхцөл бүрдээгүй. Гэрээний 3.4, 3.5-д гэрээг бүрэн дуусах хүртэл хүү төлнө гэж заасан байдаг. Зээлийн гэрээг амааар байгуулсан гэх боловч энэ тайлбараа нотлох баримт хариуцагч талд байхгүй. Б.Энхбат нь Компанийн тухай хуулиар компанийнхаа өр төлбөрийг хариуцах ёстой. Шүүхийн шийдвэрт Б.Энхбатыг оролцуулахгүй бол “Касс таун” ХХК 7 тэрбум төгрөгийн зээлийг төлөх боломжгүй байгаа.

Гэрээний хугацаа дуусгавар болсноос гэрээний үүрэг дуусахгүй. Хамтран ажиллах гэрээг ашиг хувиарлах зарчмаар тайлбарладаг. Энэ нь 1 сая ам.доллараас давсан ашиг хүртэх ёстой. Энэ гэрээний 3 дугаар зүйлтэй холбож тайлбарлаж байгаа нь зөрчилдөж байна. Буцааж шилжүүлэх мөнгөнөөс бага ашиг байхгүй гэрээний 3.3-т А тал нь Б талд бэлнээр олгоно гэсэн байдаг. Үүгээрээ зээлийн гэрээ гэдэг нь харагдаж байдаг. Гэрээний хугацаа дууссанаар хүү төлөхгүй гэдэг ч хүүг гэрээнд зааснаас гадна хуульд заасны дагуу хүү үүсэж байгаа. Тиймээс хугацаа хэтэрсэн үү гэдэгт дүгнэлт өгөх нь зүйтэй. Мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах зорилгоор Д.Энхбатын хувь хөрөнгөөс гаргуулах тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, өмгөөлөгч М.Бадрал нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-тай хамтран ажиллахаар хамгийн анх 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №1 тоот “Зээл болон хамтран ажиллах тухай гэрээ”-г байгуулж улмаар 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №01 тоот “Хөрөнгө  оруулалт хийж хамтран ажиллах гэрээ"-г байгуулсан. Ингээд эдгээр гэрээний хүрээнд барилгын угсралтын ажлын хөрөнгө оруулалтын зорилгоор “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-аас 1 000 000 ам.доллар авсан болно. Нэхэмжлэлд дурдсанаар манай компанийг хөрөнгө оруулалтын төлбөрийг огт төлөлт хийгээгүй мэтээр дурджээ. Харин манай компани гэрээний төлбөрт “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-ийн Голомт банк дахь 1905010899 тоот дансанд дараах байдлаар төлбөрийг хийсэн байдаг. Үүнд: 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 10 000 ам.доллар, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 10 000 ам.доллар, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 10 000 ам.доллар, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 10 000 ам.доллар, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 10 000 ам.доллар, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 10 000 ам.доллар, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 10 000 ам.доллар, 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 10 085,73 ам.доллар, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 9 915 ам.доллар, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь 499001197 тоот дансанд 20 000 ам.доллар, нийт 110.000.73 ам.долларыг төлсөн байдаг.

Эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг манай компани зориулалтын дагуу зарцуулж 2015 оны 11 дүгээр сард газрын доорх шугам сүлжээний байршлыг солих, суурийн нүх ухах, түүнчлэн барилга барих газрынхаа хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор уг газрын залгаа орших зэргэлдээх газрын эзэмшигч болох “Майнголиа” ХХК-тай мөн хамтран ажиллах гэрээ байгуулан тус компанийн эзэмшлийн нэгж талбарын 148004/0040 дугаар бүхий 213 м.кв газрыг нэмэгдүүлэн авсан зэрэг ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн билээ. Түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагуудаас барилгын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл гаргуулах зэргээр манай компаниас шалтгаалахгүй хүчин зүйлийн улмаас барилгын ажил эхлэх хугацаа тэр хэрээр хойшлогдож байсныг энд дурдах нь зүйтэй.

Харин дараагийн ээлжийн санхүүжилтыг хөрөнгө оруулагч тал нь тохиролцсон ёсоор хугацаандаа хийгээгүй болно. Тодруулбал, хамтран ажиллах гэрээний баталгаа болгон уг гэрээний 2.2-т заасны дагуу “Касс таун” ХХК-ийн оффис, агуулахын байр, гарааш зэрэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хөрөнгө оруулагч талд худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэхээр болж 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан байдаг. Гэтэл уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-аас хоёрдахь ээлжийн төлбөрийг төлөх боломжгүй байгаа хөрөнгө оруулалт хийх хугацааг хойшлуулах тухай болон гэрээнд тусгагдаагүй олон нэмэлт шаардлагыг бидэнд тавьсан. Тухайлбал, барилга барих газрын 413 м.кв талбай бүхий газар, хамтран ажиллахаар гэрээ байгуулсан байсан “Майнголиа” ХХК-ийн 213 м.кв газрын эзэмших эрхийг тус тус өөртөө шилжүүлэх, мөн “Майнголиа” ХХК-ийн дийлэнх олонхийн хувьцаа эзэмших эрхийг өөртөө шилжүүлэх зэрэг олон шаардлагыг бидэнд тулгасаар олон сарыг өнгөрөөсөн.

Манай компани болон “Майнголиа” ХХК-ийн хувьд аль болох барилгаа эртхэн эхлүүлэх нь бидний зорилго байсан тул аргагүйн эрхэнд буюу 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж Нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгүүлсэн. Гэтэл энэ бүхний сүүлд нь хамтран ажиллах боломжгүй гэдгийг бидэнд мэдэгдсэн. Үүнтэй нь холбогдуулан манай компаниас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/30 албан тоотоор хөрөнгө оруулалтын төлбөрийг төлөх тухай санал хүргүүлсэн.

2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр талууд хамтран ажиллахаар тохиролцсон байсан дээрх гэрээнүүдийг бүгдийг цуцалж, энэ тухай бүрт акт үйлдэж нотариатаар баталгаажуулсан. Харин тэгтэл хөрөнгө оруулагчаас 2016 оны 9 дүгээр сард дахин хүсэлт тавьж барилга ажлын төслөө үргэлжлүүлэхээр болсон. 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр А талаас “Сеожүүн ложистикс монголиа” ХХК, Б талаас 'Касс таун” ХХК, В талаас барилга барих газрын эзэмших эрхтэй манай компанийн ажилтан Д.Байгалмаа бидний хооронд гурвалсан гэрээ байгуулагдсан. Уг гэрээний 1.1-д “Энэхүү гэрээний зорилго нь Д.Байгалмаа нь өөрийн нэр дээр эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн 5-р хороо Аерофлотын зүүн талд байршилтай 413 м.кв талбайтай газар болон тус газар дээр баригдах барилгын зураг төсөл, техникийн нөхцөл зэргийг “А талын охин компани болох “Майнголиа” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино.” гэснээр дахин хамтран ажиллах харилцаа үргэлжилсэн.

Дээрх гэрээний урьдчилгаа нөхцөл болгож, “Майнголиа” ХХК-ийн 85 хувийн хувьцааг “Сеожүүн ложистикс монголиа” ХХК, 10 хувийн хувьцааг нь “Касс таун” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбатын нэр дээр шилжүүлэхээр 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №1 “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, №2 “Эрх шилжүүлэх гэрээ”, №3 “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, №4 “Эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, Хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг тус тус улсын бүртгэлд хүргүүлсэн. Гэтэл “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-аас “хөрөнгө оруулалтыг 2016 онд хийхгүй бөгөөд ирэх жилээс хийнэ” гэж мэдэгдсэнийг “Майнголиа” ХХК-ийн урдирдлага эс зөвшөөрч улсын бүртгэлд гаргасан хүсэлтээ буцаан авсан. Үүнтэй холбогдуулан газар эзэмшигч “Майнголиа” ХХК-аас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг “Сеожүүн ложистикс монголиа” ХХК болон манай компанид ирүүлснээр зохигчдын хооронд хамтын ажиллагаа дуусгавар болсон.

Энэ бүх үйл явдал, ажил хэргийн дараагаар ямар нэгэн шалтгаангүйгээр хөрөнгө оруулагч нь дээр дурдсан гэрээ, тэдгээрийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэн, төсөл хэрэгжүүлэх цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн үргүй зардлыг манай компанид хохирол болгон учруулсан төдийгүй, төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан бусад оролцогчдын өмнө хүлээсэн манай компанийн ажил хэргийн нэр хүндийг унагасан хэрэг болсон. Тодруулбал, нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдох асуудлыг ганцхан гэрээний хүрээнд авч үзэж, шийдвэрлэх боломжгүй юм. Энэхүү хохиролтой холбогдох асуудлаа бид жич нэхэмжлэх болно.

Гэрээнд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө оруулагч талд шилжүүлнэ гэж заасан.  Үүний дагуу худалдагч талд шилжүүлнэ гэж заасан байж Д.Байгалмаагийн нэр дээр байсан газрыг шилжүүлэхээр 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл улсын комисст бүртгүүлсэн байдаг. Удаа дараа хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээнүүд байгуулагдсан. Талуудын гэрээний үргэлжлэх хугацаанд холбогдох бүх зүйлийг “Касс таун” ХХК нь өөрөө гүйцэтгэж байсан. Гэрээний үргэлжлэх хугацаанд урьдчилгаа төлбөрөөр шугамыг зайлуулаад үлдэх төлбөрөө шилжүүлэх байсан боловч янз янзын нэмэлт шаардлага тавьдаг байсан. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хэлцэл хийгээд өмнөх гэрээнүүдийг бүгдийг нь цуцалсан байгаа. Барилгын үйл ажиллагаа эхэлсэн байхад өмнөх гэрээнүүдээ цуцлаад зөвхөн зээлтэй холбоотой гэрээгээ үлдээсэн.

Анхнаасаа барилгын үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон байхад хөрөнгө оруулалтаа хийхгүй цаг авч байгаад зээлийн гэрээ болгож, хүү тооцож авах гэсэн үйл ажиллагаа бас харагддаг. Үнэхээр гэрээгээ цуцлаад больсон бол “Тэнгэр сод түшээ” гэж компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж цаашаа үйл ажиллагаа явуулсан байдаг. Гэрээний зорилго нь анхнаасаа болих байсан бол болихгүй, тэгээд ямар нэг үйл ажиллагаа хийхгүй удаарширсан байдаг. Тиймээс цаад харилцаа нь хамтран ажиллах гэрээ байсан нь анхны гэрээнээс тодорхой харагддаг.

Бидний нэг татгалзал бол анх хэлцэл байгуулах хүсэл зориг шалтгаан үндэслэлээ хүсэлтдээ дурдсан,  энэ нь тээвэрлэгч компани буюу “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-ийн захиралтай анх тохиролцож байсан. “Касс таун” ХХК-аас Солонгос улс руу очиж уулзаж байсан талаар маргахгүй байна. Нэг үйл баримтын талаар 2 этгээдтэй тохиролцсон талаар яриад байна. Энэ нь талууд хоорондоо тохиролцсон нь нэг асуудал. Үйл баримтыг нотлох зорилгоор фото зураг авсан, өөрөөр нотлох зүйл одоогоор байхгүй байна. Мөн компанийн хоорондын асуудлыг Б.Энхбаттай холбож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэрээний 2 тал бол 2 компани байдаг. Компанийн хөрөнгийг хувьцаа эзэмшигч хариуцахгүй 2 компанийн хоорондын асуудлыг иргэнээс нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв хариуцагчаар татсан бол хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй байна. Гэрээний оролцогчийн аль нэг нь хариуцах ёстой. Компанийн тухай хуульд компанийн хөрөнгийг хувьцаа эзэмшигч хариуцахгүй гэдэг.

Мөн анхны гэрээний 3.2-д заасан А тал барилгын ажлыг дууссаны дараа Б талд барилгын нэг давхарыг өгнө гэсэн байдаг. Мөн гэрээнд рекламны самбарыг 5 жилийн турш үнэгүй байрлуулах, түнээс хойш талууд харилцан тохиролцож шийдвэрлэх талаар ярьсан. Энэ нь хамтран ажиллах гэрээний ашиг. Гэрээнд оффисийн талбай авахгүй мөнгө авч болно гэсэн зохицуулалт байдаг. Талуудын 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээг цуцалсан зүйл болон дуусгавар болгосон харилцаа байхгүй уг гэрээ нь одоо болтол хүчин төгөлдөр байгаа. Тиймээс зөвхөн 01 тоот гэрээний дагуу шийдвэрлэх боломжгүй. Бүх боломжийг хангаж гэрээг үргэлжлүүлэх саналтай байхад зээлийн гэрээ болгох гэдэг анхнаасаа хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлээгүй байсан бол гэрээнээсээ татгалзах боломжтой байсан. 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээ, хувьцаа худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдийг дахин байгуулсан.

Барилга баригдаагүй байсан ч харилцаа үргэлжлээд явагдаж байсан нь дараа дараагийн гэрээнүүдээс харагдаж байна. Тиймээс энэ нь зөвхөн зээлийн гэрээ биш гэдэг нь харагдаж байна. 2016 оны 11 дүгээр сард барилгын суурийн нүхээ ухаж дуусгасан. Мөн 9 дүгээр сард гэрээгээ байгуулаад улсын бүртгэлд танилцуулсны дараа хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд ажил гүйцэтгэгч хугацаандаа бариагүй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Урьдчилгаа төлбөрийг зориулалтын бусаар ашиглаж уул уурхайд хөрөнгө оруулалт хийж зарцуулсан гэж байна. Энэ нь нэхэмжлэлд дурдагдаагүй бөгөөд энэ тухай Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт тодорхой зааж өгсөн. Солонгос компаниас ирсэн мөнгөний баримт нь анхны хэлцэл хэнтэй байгуулагдсан талаар тодорхой харуулах байсан, тиймээс хүсэлтийг хангаагүй учир уг татгалзалаа нотлох боломжгүй болоод байна.

Талууд харилцан тохиролцож хэлцлийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болгохоор тохиролцсон байгаа. Хэлцлийг тохиролцоод дуусгавар болгосон байхад дахин хүү тооцох боломж байхгүй. Үндсэн гэрээнд заасан хүү тооцох ёстой гэж үзэж байгаа бол хэлцэл дуусгавар болох хүртэл хугацаа хамаарах ёстой.  Хэрэв зээлийн гэрээ гэж байгаа бол хугацаандаа хүүгээ авах ёстой хугацаанд нь хүүг нь өгсөн тийм учраас нэмэгдүүлсэн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй.

Зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хүү тооцох байгууллага нь банк, эсхүл зээлийн эрх бүхий этгээд байдаг атал нэхэмжлэгч тал аль аль нь биш. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн хүүг зөвхөн зээлийн гэрээнд заасан хугацаагаар нэхэмжлэх эрхтэй байдаг. Зээлийн гэрээгээр харахаар 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүү бодох хугацаа дууссан гэж харагддаг. Гэрээний 7.5-д зааснаар 2015 оны 05 дугаар сар хүртэл барилгын ажил эхлээгүй гэх үндэслэлээр 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1 сая ам.долларыг хүүгийн хамт төлөх үүрэг үүсээд гэрээний хугацаа дуусгавар болсон. 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр энэ зээлийг буцаан төлөх хугацааг сунгалаа гэх тохиролцоо талуудын хооронд хийгдээгүй, харин 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр буюу 11 сарын дараа 1 сая ам.доллараа төл, хүүгээ төл гэдэг шаардага тавиад “Касс таун” ХХК-иар гарын үсэг зуруулсан.

2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хэлцэл гэж байгаа талуудын тоохиролцоог анхны гэрээг сунгасан гэж харагдахгүй байна. Дууссан гэрээний дагуу хүү үргэлжлүүлэн тооцоод төлөх хугацааг нь сунгаж байгаа юм шиг тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Эхний гэрээний 7.5 дахь заалтыг харахад хүүнд 60 000 000 ам.доллар шаардах эрх байсан. Гэтэл төлсөн мөнгө 110 000 000 ам.доллар гэж яригдаж байгаа. Тиймээс анхны гэрээний дагуу 1 сая ам.доллараас хүү төлсөн гэж харагдаж байгаа. Илүү төлсөн 50 000 000 ам.доллар бол үндсэн төлбөрөөсөө хасагдах ёстой. Хариуцагч талаас “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж мөнгө авъя гэх хүсэл зориг байгаагүй.  “Сеожүүн ложистикс” гэдэг Солонгос компанитай мөнгө өгч авах гэсэн боловч мөнгөө өгөхдөө Монгол Улсад байгаа охин компанийнхаа дансаар мөнгө шилжүүлсэн. Түүнээс бол “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-ийн захиралтай уулзаад тохиролцсон зүйл байхгүй.

Б.Энхбатад холбогдуулсан шаардлага нь батлан даагч гэсэн агуулгаар нь гараагүй гэж ойлгож байна. Шаардлагын үндэслэл нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан хувьцаа эзэмшигч компанийнхаа өрийг хариуцах тухай байгаа, үүнийг шүүх хэрэглэж шүүхийн шийдвэрт “Касс таун” ХХК төлөхгүй бол Б.Энхбатаас гаргуулъя гэсэн шаардлага нь бие даасан шаардлага биш байна. Хариуцагчаар татаж байгаа бол хариуцагчид холбогдуулж үндэслэл бүхий шаардлага гаргах ёстой. Гэтэл нэг нь төлөхгүй бол нөгөө нь төлнө гэсэн зүйл одоо уг маргаан дээр шийдэгдэх асуудал биш байна. Энэ нь бие даасан шаардлагаар шийдэгдэх маргаан бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг нэхэмжлэгч тал өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн гэрээний 2.2-д бичсэн хөрөнгүүдийг “Роүд” ХХК эзэмшиж байгаа нь тодорхой харагдана. Гэрээ байгуулагдах үед энэ хөрөнгүүд “Касс таун” ХХК-ийн хөрөнгө биш “Роүд” ХХК-ийн хөрөнгө байсан нь гэрээндээ тодорхой харагдаж байна.

 Харин зээлийн баталгаа болгоод “Роүд” ХХК нь “Касс таун” ХХК-д ашиглуулж байгаа хөрөнгүүдийг “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-д шилжүүлж дараа нь мөнгө төлсөн хойно буцааж авах талаар гэрээний 6.4-т заасан байдаг. Гэрээний 7.4-т 2 тохиолдолд гэрээ аяндаа цуцлагдана гэж байдаг. “Роүд” ХХК нь эзэмшилдээ байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг “Сеожүн ложистикс монголиа”  ХХК-д 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор шилжүүлж өгөхгүй бол уг гэрээ цуцлагдана гэж заасан байдаг. Энэ өмч хөрөнгүүд шилжээгүй учир цуцлагдсан болж харагдаж байна. Мөн 2015 оны 5 дугаар сард барилгын ажлаа эхлээгүй бол гэрээ цуцлагдана гэсэн байдаг. Тиймээс 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр талуудын хүү тооцох хугацаа дуусаж байгаа нь тодорхой харагдаж байна.

Нэхэмжлэгч тал үндсэн гэрээгээ хүүтэй зээлийн гэрээ гэж тайлбарлаж байдаг. Гэтэл хүүгээ авсан байж одоо үргэлжлүүлээд авах банктай адил эрхтэй болох гээд байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэг нь энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй. Үүнийг зээлээс бусад харилцаанд хэрэглэдэг. Б.Энхбатад холбогдуулж гаргасан шаардлага нь Компанийн тухай хуулийг барьж гаргасан гэж байна, “Касс таун” ХХК-ийн бланс дээр тодорхой харагдаж байгаа гэх боловч энэ нь үүнийг нотлохгүй. Компанийн тухай хуульд блансын тухай огт яриагүй. Блансаар хувийн эд хөрөнгө нь шилжсэн гэж нотлох гэж байгаа энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.2, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Касс таун” ХХК-аас 2 459 640 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-д  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Д.Энхбатад холбогдох шаардлага, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 397 742 342 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 602 812 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12 456 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ли Жэ Кёнг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээл болон хамтран ажиллах тухай гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон боловч талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 02 дугаартай хэлцлээр зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгасан байх тул 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 5 cap, 19 хоногийн хүү нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч тал өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч талаас зээлсэн үндсэн зээл 1 000 000 ам.доллараас нэг ч төгрөг төлөөгүй, 110 000 ам.долларын хүү төлсөн бөгөөд дээрх үнийн дүнд зохигчид маргаагүй болохыг анхаарч үзнэ үү.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг анхаарч үзэлгүй талуудын хооронд байгуулсан зээл болон хамтран ажиллах гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр 134 549 342 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүх үндсэн зээл, зээлийн хүүг үүрэг үүсэх үеийн ам.долларын ханшаар нэг ам.долларыг 2 388 төгрөгөөр тооцож үндсэн 1 000 000 ам.доллар буюу 2 388 000 000 төгрөг, хүүнд 30 000 ам.доллар буюу 71 640 000 төгрөг, нийт 2 459 640 000 төгрөгийг хариуцагч “Касс таун” ХХК-иас гаргуулж...” гэж тооцооллын болон техникийн алдаа гаргасан байна.

Мөн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгийг Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэг гэж андууран техникийн алдаа гаргасан, мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар Монголбанкны нэг ам.долларын төгрөгтэй харьцах албан ёсны ханш 2 388.45 төгрөг байхад шүүх 2 388 төгрөгөөр тооцож тооцооллын алдаа гаргасан байгааг анхаарч үзнэ үү.

Хариуцагч “Касс таун” ХХК нь Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/СС151130010-1 тоот зээлийн гэрээний 3.1-д заасны дагуу 1 800 000 000 төгрөгийн зээл авсан, мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 06/811 дугаартай албан бичгээр анхан шатны шүүхэд нотлох баримтаар ирсэн хариуцагч “Касс таун” ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдсанаар тус компани нь 1 973 018 700 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй боловч нийт өр төлбөр 7 129 087 600 төгрөг болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл хариуцагч “Касс таун” ХХК нь өөрийн үндсэн хөрөнгөөс давсан өр төлбөртэй бөгөөд нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-иас зээлсэн 1 000 000 ам.долларын өр төлбөрийг төлөх эдийн засгийн чадваргүйгээс шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу “Касс таун” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Энхбатын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр өр төлбөрийг барагдуулж, шүүхийн шийдвэрийг биелэгдэх боломж олгож, уг шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүссэн боловч анхан шатны шүүх дээрх байдлыг анхаарч үзсэнгүй. Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг бодитойгоор тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бусад баримттай харьцуулан үнэлж дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 134 549 342 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д хариуцагч “Касс таун” ХХК-иас 2 594 652 842 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Сеожүүн ложистикс монголиа” ХХК-д олгож....” гэж өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн харилцаа, түүний үндэслэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоож чадаагүй гэж үзэж байна. Гэрээг хэнтэй байгуулахаар тохиролцож байгуулсан болох, түүнчлэн зээлийг хэнээс олгосон зэргээс хамаарч талуудын хүсэл зориг нэгдсэн эсэх хийгээд шаардах эрхийн үндэслэл хамаарах учир энэхүү нөхцөл байдлыг тодруулах нь хүсэл зоригийн илэрхийллийн бодит байдлыг ил гаргах ач холбогдолтой байсан. Түүнчлэн “Сеожүүн ложистикс монголиа” ХХК нь 1 000 000 ам.долларын зээл олгох хэмжээний хөрөнгөгүй болох нь улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээ, дүрэмд заасан хөрөнгийн хэмжээнээс нь тодорхой харагдах бөгөөд тээвэр зуучийн компани гэсэн атлаа дүрэмдээ заагаагүй үйл ажиллагаагаар ашиг олж буй зэрэг нь хуульд үл нийцнэ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн харилцаа, түүний үндэслэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоож чадаагүй гэж үзэж байна. Учир нь, талуудын хооронд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн №1 зээл болон хамтран ажиллах гэрээнээс гадна маргаан бүхий харилцаанд хамаарах 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №01 “Хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ”, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №01 “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Майнголиа” ХХК-ийн мэдэгдэл зэрэг баримтууд нь маргааны бүхий харилцааг зөв тодорхойлоход ач холбогдолтой юм. Тодруулбал, дээрх гэрээнүүд нь маргаан бүхий гэрээнээс улбаатай бөгөөд тэдгээрт дурдагдсан агуулга нь зөвхөн нэг газар дээр барилга барих ажлыг гүйцэтгэхтэй холбогдсон байдаг ба уг үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой учир салангид авч үзэх, тусад нь дүгнэлт хийх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, эдгээр гэрээний агуулга нь талуудыг яг ямар хүсэл зоригтой, ямар байр суурьтайгаар өнөөдрийг хүрсэн болохыг харуулна. Тодотговол анхны гэрээнээс гадна хамтран ажиллах зорилгыг хэрэгжүүлэхээр байгуулсан бусад гэрээнүүдийг удаа дараа байгуулж ирсэн үйл явдал зэрэг нь нэхэмжлэгчийн хүсэлт зоригт үндэслэгдэн хийгдсэн үйл явдлууд ба талуудын хооронд өөр хүсэл зориг байсан болохыг нотлоно. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх гэрээний заримыг нь дурдаад “... Зохигчид маргаагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэлээ” гээд ямар нэгэн дүгнэлт өгөлгүй орхигдуулсан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасанд нийцэхгүй байна.

Ийнхүү талуудын хооорондын эрх зүйн харилцааг оновчтой тодорхойлж чадаагүй нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны зүйл зэргийг буруу тодорхойлох үндэслэл болж байна. Хэрэв бусад гэрээг үл хайхраад, анхны гэрээнд ч хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр зээлийн гэрээ гэж үзвэл хариуцагчаас зээлийн гэрээг дүгнэх, эсхүл хугацаанд нь ямар нэгэн өөрчлөлт оруулах ямар ч шаардлагагүй байсан болно. Өөрөөр хэлбэл, хариуцагч хамтран ажиллаж байна гэж ойлгоогүй бол зээлийн төлөлтийг зохих ёсоор гүйцэтгээд явах нь илүү амар бөгөөд хамтран ажиллахаар өөр бусад ямар нэг гэрээ байгуулах шаардлагагүй байхгүй юм.

Хариуцагчаас үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагын татгалзлын үндэслэлээ дэмжин нотолж, нийт 14 хуудас материалыг шүүхэд өгсөн боловч нотлох баримтаас хассан бөгөөд ийнхүү хасахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасныг зөрчиж захирамжаа амаар танилцуулахдаа гомдол гаргах эрхгүйгээр гаргасан нь хэргийн оролцогчийн нотлох баримт гаргаж өгөх, улмаар түүнийгээ үндэслэн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжийг хязгаарлаж шийдвэрлэсэн нь илтэд буруу бөгөөд хууль зүйн үндэслэлгүй болсон.

Түүнчлэн хариуцагчаас мөн татгалзал буюу маргааны зүйлтэй холбогдуулан хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар бидэнд байхгүй нотлох баримт болох нэхэмжлэгчийн дансны хуулгыг банкнаас гаргуулахаар хүсэлт гаргасан боловч мөн л үндэслэл бүхий тайлбаргүйгээр уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хариуцагчийн нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх улмаар түүнийгээ шүүхээр үнэлүүлэх эрхэд халдсан гэж үзэж байна.

Шүүхийн иргэний хэрэг үүсгэх тухай захирамжид “Касс таун” ХХК болон Д.Энхбат нарт холбогдуулан зээлийн гэрээний төлбөр гаргуулах агуулгаар иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс зөвхөн “Касс таун” ХХК-аас төлбөрийг гаргуулах ба хөрөнгө нь хүрэхгүй бол хамтран хариуцагч, хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөс төлбөрийг гаргуулахаар тусгуулах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Үүнтэй холбогдуулан шүүхээс ямар нэгэн ажиллагаа хийгээгүй бөгөөд уг шаардлагад хариуцагчаас үндэслэл бүхий тайлбар өгөх боломжийг шүүхээс олгоогүй болно.

Мөн үүнээс гадна нэхэмжлэгчээс нэхэмжлэлд дурдагдаагүй үндэслэл буюу “хөрөнгө оруулалтыг зориулалтын дагуу ашиглаагүй уул уурхайд хөрөнгө оруулж шатсан” гэх үндэслэлийг гаргасан ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасанд нийцэхгүй бөгөөд шүүх нэхэмжлэлд дурдагдаагүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон. Иймд хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй бөгөөд тогтоохоос зайлсхийж, хэргийн оролцогчийн адил тэгш байх болон хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг зөрчсөн, хэт нэг талыг барьж маргааныг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч ам.доллараар тодорхойлогдсон нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг монгол төгрөгт шилжүүлэн тооцохдоо тооцооллын зөрүү гаргасан талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Сеожүүн ложистик монголиа” ХХК нь “Касс таун” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээл болон хамтран ажиллах гэрээний 2.1, 2.2, 3.4, 3.5, 6.1, 7.5 дахь заалт, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан “Хэлцэл” “2”-ын 1.1, 2.1, 2.2 дахь заалтыг үндэслэн “Касс таун” ХХК болон тус компанийн захирал Д.Энхбатаас үндсэн зээл 1 000 000 ам.доллар, зээлийн хүү 196 333 ам.доллар, нийт 1 196 333 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн төгрөгтэй харьцах ханш 2 388,45 төгрөгөөр  тооцож 2 857 382 342 төгрөгийг зээлийн төлбөрт гаргуулахаар шаардсан ба эдгээр гэрээ, хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй, харин “Сеожүүн ложистик монголиа” ХХК хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг эхлүүлж чадаагүй тул урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрхгүй гэх үндэслэлээр хариуцагч татгалзлаа гаргасан байна.

            Нэхэмжлэгч  “Сеожүүн ложистик монголиа” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Зээл болон хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хариуцагч “Касс таун” ХХК-д 1 000 000 ам.долларыг 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн, хариуцагч “Касс таун” ХХК нь тус гэрээний 1.2-т заасан барилгын ажлыг 2015 оны 5 дугаар сард эхлүүлээгүй тохиолдолд 1 000 000 ам.долларыг сарын 1 /нэг/ хувийн хүүгийн хамт 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөрт багтаан буцаан төлөх үүргийг гэрээний 2.1 дэх заалтаар хүлээжээ. 

            Хариуцагч “Касс таун” ХХК нь 1 000 000 ам.долларыг буцаан төлөөгүй болохоо үгүйсгээгүй, харин хүүд 110 000 ам.доллар төлсөн, энэ талаарх баримтыг шүүхэд гаргасан, нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй байна.

            Түүнчлэн “Зээл болон хамтран ажиллах гэрээ”-нд заасан барилгын ажлыг гэрээнд заасан хугацаанд эхлүүлээгүй, ийнхүү эхэлж чадаагүй нь “Сеожүүн ложистик монголиа” ХХК-ийн гэрээний үүргээ зөрчсөнөөс шалтгаалсан гэх тайлбар, татгалзлаа нотолж, барилгын ажлыг эхлүүлсэн талаарх баримтыг хариуцагчаас гаргаагүй.

Харин гэрээний үүргээ биелүүлээгүйгээ хүлээн зөвшөөрч 1 000 000 ам.долларын зээлийг 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар амлалт баталгааг  2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр бичгээр гаргасан байна. /хх-195/

            Мөн дурдсан хугацаанд 1 000 000 ам.долларын зээлийг төлөөгүй нөхцөлд барилга барихаар төлөвлөгдсөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 413 м.кв 148001/0030 нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг Д.Байгалмаагаас “Сеожүүн ложистик монголиа” ХХК руу шилжүүлэх болзлыг тавьж, уг болзол биелэгдэх хүртэлх хугацаанд зээлийн хүүг жилийн 23 хувиар тооцон сар бүрийн эцэст төлөх нөхцөлийг  талууд харилцан зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулжээ. 

            Дээрх зээл болон хамтран ажиллах гэрээтэй холбоотой, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Ийстерн Роуд” ХХК болон “Сеожүүн ложистик монголиа” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, мөн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Интерсале” ХХК-ийг төлөөлж Д.Энхбатын “Сеожүүн ложистик монголиа” ХХК-тай байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ”, Д.Байгалмаа, “Сеожүүн ложистик монголиа” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тухай бүрт нь гэрээ тус бүрээр цуцалсан баримт хэрэгт авагдсан, үр дагаваргүй байна. /хх2-25, 30, 34/

            Үүний дараа 1 000 000 ам.долларыг төлөх үүргээ “Касс таун” ХХК биелүүлээгүй тул дээрх хугацаанаас хойш буюу 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зээл болон хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 2 тоот хэлцлээр талууд 1 000 000 ам.доллар болон түүний хүүг төлөх хугацааг шинэчлэн тогтоож, “2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэг хувийн хүү болох 10 000 ам.долларыг гэрээний 3.5-д заасны дагуу зээл олгосон өдрөөс төлөх хүртэл нийт 14 сарын хүү 140 000 ам.долларын хамт 1 140 000 ам.долларыг “Б” талд үл маргах журмаар төлж дуусгана” гэж харилцан тохиролцжээ. /хх-19/

            Хариуцагч талын татгалзлын үндэслэлдээ дурдсан 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”/хх2-10/, “Эрх шилжүүлэх гэрээ”/хх2-6/, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Гэрээ” /хх1-244/-нд “Майнголиа” ХХК оролцож, хувьцаа худалдах, эрх шилжүүлэх, барилга барихтай холбоотой газрын эзэмших эрх болон уг газар дээр баригдах 15 давхар офиссын барилгын батлагдсан зураг, холбогдох баримт бичгийг өөрийн нэр дээр авах үүргийг хүлээсэн боловч дээрх гэрээнүүдээс татгалзаж байгаагаа “Сеожүүн ложистик монголиа” ХХК болон “Касс таун” ХХК-ийн захирал Д.Энхбат нарт 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр мэдэгдсэн нь хэрэгт авагджээ.  /хх1-242/

            Дээрх 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “гэрээ”-ний 3.1-т уг гэрээгээр хүлээсэн үүргээ талууд биелүүлээгүй нөхцөлд зээл хэлбэрээр шилжүүлсэн 1 000 000 ам.долларыг үл маргах журмаар төлөхийг заасан ба гэрээ хэрэгжээгүй нөхцөлд зээл төлөх үүрэг хэвээр үлдсэн гэж үзэх ба гэрээний тал болох “Майнголиа” ХХК нь гэрээнээс татгалзсанаас хамтын ажиллагааны хүрээнд харилцан тохиролцоо цуцлагдаж, үр дагаваргүй болсон байх тул хамтын ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу үйл явдлууд өрнөж байсан, ийнхүү нэхэмжлэгч талын үйл ажиллагаатай холбоотойгоор 1 000 000 ам.долларыг төлөөгүй байгааг шүүх анхаараагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

            Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзвэл 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Зээл болон хамтран ажиллах гэрээ”-нд заасан барилга барихтай холбоотой хамтын ажиллагаа хэрэгжээгүй байх тул хөрөнгө оруулалтын зорилгоор урьдчилгаа гэж шилжүүлсэн 1 000 000 ам.долларыг мөн гэрээний нөхцөлийн дагуу хүүтэйгээр буцаан төлөх үүрэг хариуцагч талд үүссэн, уг гэрээгээр хүлээсэн зээлийн үүргээ хүлээн зөвшөөрч, зээлийг хүүгийн хамт төлөх амлалт баталгаа гаргасан ч биелүүлээгүй, гэрээний үүрэг зөрчсөн үйл баримт тогтоогдсон байна.

            Иймд нэхэмжлэгч тал зээлийн үүрэг шаардах эрхтэй бөгөөд шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн үндсэн зээлийн төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны хүүгийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт нийцсэн байна.

Мөн хүү тогтоосон бол бичгээр хийх шаардлагад нийцүүлэн гэрээг бичгээр сунгасан баримтгүй байх тул 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс  шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү шаардаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно. 

Хариуцагч талаас 110 000,73 ам.долларын хүүг төлсөн баримтыг үндэслэн уг дүнг  хасч хүүд 29 999,27 ам.доллар /140 000-110 000,73/ гаргуулах  үндэслэлтэй ба үндсэн зээл 1 000 000 ам.доллар, нийт 1 029 999,27 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн албан ёсны ханш 2 388.45 төгрөгөөр тооцоход 2 460 101 756,43 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 397 280 586 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсэх үеийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2388,45 /хх1-6/ байхад шүүх 2388 төгрөгөөр тооцсоноос тооцооллын зөрүү гарсан, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрт дээрх байдлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Мөн нэхэмжлэгч тал нь “Касс таун” ХХК-тай байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул шүүх гэрээний үүргийг “Касс таун” ХХК компанид хариуцуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт нийцэх ба компанийн хөрөнгийн чадвараас хамааран түүний захирлын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс төлбөрийг гаргуулахаар шийдвэрт тусгуулахыг шаардсаныг хангах үндэслэлгүй байна. 

Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад иргэнийх нь болон захирлынх нь хувьд Д.Энхбатаас төлбөр гаргуулахаар шаардаагүй харин компаниас гаргуулах төлбөрийг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн хариуцах ёстойг шүүхийн шийдвэрт тусгуулна гэж нэхэмжлэгч тайлбарласан ба мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасан “хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд  хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцах хуульд заасан үндэслэлгүй байх тул Д.Энхбатад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв, энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаанд хамтын ажиллагааны хэлэлцээрийг “Сеожүүн ложистик Монголиа” ХХК-тай биш Солонгос улс дахь ““Сеожүүн ложистик” ХХК-тай хийсэн, энэ байдлыг нотлоно гэж 14 хуудас баримтыг гаргасныг шүүх нотлох баримтаас үндэслэлгүйгээр хассан гэх боловч уг баримтыг 1 000 000 ам.долларын зээлийн үүрэг шаардсан маргаж буй үндэслэлд хамааралтай гэж үзэхээргүй,  мөн 1 000 000 ам.долларыг нэхэмжлэгч талаас хариуцагч талын дансанд шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан, үүнийг үгүйсгэж маргаагүй тул нэхэмжлэгч талын банкан дахь дансны хуулгыг гаргуулах нь ач холбогдолгүй гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд шийдвэрлэхдээ түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг хязгаарлаж, зөрчсөн гэж үзэхээргүй байна. 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн хамтран ажиллах гэрээний үүргээ нэхэмжлэгч зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан татгалзал, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/00519 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “2 459 640 000 /хоёр тэр бум дөрвөн зуун тавин есөн сая зургаан зуун дөчин мянган/ төгрөг ” гэснийг “2 460 101 756 /хоёр тэр бум дөрвөн зуун жаран сая нэг зуун нэгэн мянга долоон зуун тавин зургаан/ төгрөг” гэж, “үлдэх 397 742 342 /гурван зуун ерэн долоо сая долоон зуун дөчин хоёр мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөг” гэснийг “397 280 586 /гурван зуун ерэн долоон сая хоёр зуун наян мянга таван зуун наян зургаан төгрөг” гэж,

Тогтоох хэсгийн хоёр дахь заалтын “12 456 150 төгрөгийг” гэснийг “12 458 458 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 456 150 /арван хоёр сая дөрвөн зуун тавин зургаан мянга нэг зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 833 050 /найман зуун гучин гурван мянга тавин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

А.ОТГОНЦЭЦЭГ