Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/01804

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01690 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1611 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Б-т холбогдох,

14 332 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгалийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхмандах, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, Т.Ууганбаяр, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Д.Б-тай аман хэлцлийн дагуу 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл автопомп машинаар ажил хийж гүйцэтгэсэн. Ажлын хөлсийг бартераар төлөхөөр, мөн 1 м.куб талбайг захиалагч талын саналыг харгалзаж 5 000-6 000 төгрөг байхаар тохиролцоод, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хариуцагч ажлаа хийж эхэлсэн.

Хариуцагч ажилдаа хойрго, ажлыг их алдагдуулдаг. Урьдчилаад хийсэн ажлын хөлсөнд 47 257 200 төгрөг олгосон. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “10 502 000 төгрөгийн үлдэгдэл байна шүү” гэж мессеж бичсэн байдаг. 10 дугаар сарын 07-ны өдөр “үлдэгдэл төлбөр төлөхгүй бол хуулийн байгууллагад хандлаа шүү” гэхэд “тэгвэл 150 литр түлш өгөөрэй” гэсэн байдаг. Үүнээс хойш 1 020 000 төгрөгийн ажил хийсэн, 9 508 500 төгрөгийн ажлыг хийгээгүй, алга болсон.

Тооцоо нийлсэн актыг үзүүлэхээр, би сайн дураараа зураагүй гэж ярьдаг нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл байдаггүй тул тооцоо нийлэх акт дээрх үнийн дүн болон алдангийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа. Тооцоо нийлсэн актаа бичгээр үйлдсэн мөн бусад шаардлагыг хангаж байгаа тул тооцоо нийлсэн гэрээ гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээг бичгээр үйлдэх шаардлагагүй, үнийн дүн байхад хангалттай байдаг тул ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Бетон зуурмаг авдаг байгууллагын үнийн дүнг харгалзан тохиролцоод явдаг гэж гэрчүүд мэдүүлсэн. Бетон зуурмаг авсан компанитай автопомпны тооцоо нийлсэн акт болон бусад тооцоо нийлсэн актуудтай шүүхэд нотлох баримтаар өгсөн. Хариуцагч тал татгалзлаа нотолсон баримт гаргаж өгдөггүй, өгсөн нь шаардлага хангадаггүй.

2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар хариуцагчийн авсан бетон зуурмаг, шатахуун, дизель түлшний бэлэн мөнгө болон хийж гүйцэтгэсэн ажлын талаар талууд тооцоо нийлж акт үйлдэхэд, хариуцагчийн тооцооны үлдэгдэл 9 508 500 төгрөг болсон. Хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор автопомп машинаар ажил хийж барагдуулна эсвэл 2016 оны 11 дүгээр сарын 10-ны дотор бэлэн мөнгөөр төлнө гэж тохиролцсон бөгөөд хугацаа хэтэрвэл 0,5 хувийн алданги төлөхөөр тохирч, гарын үсэг зурсан боловч тохирсон хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй, манай байгууллагыг хохироосоор байна.

Иймд үлдэгдэл төлбөр 9 508 500 төгрөг, талуудын тохиролцсоноор 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш алданги 4 753 250 төгрөг, эрэн сурвалжлах нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөг, нийт 14 332 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч талыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

2012 оноос хойш 44,50 метр урттай автопомпоор бетон зуурмаг шахах ажил хийсэн. 2016 оны хавар Сонсголон бетон зуурмагийн менежертэй тохиролцон зах зээлийн үнээр хөлсөндөө бартерын бараа болон бетон зуурмаг авахаар тохиролцон ажилласан. Ажлын хөлсөндөө бетон зуурмагаа авья гэж хүсэх тоолонд цемент байхгүй гэдэг шалтгаанаар биднээс цементийн мөнгөө авдаг байсан.

Тухайн үед хэл ам гаргаагүй. Намар тооцоо нийлэхээр очтол ажлыг маань 50 хувь доогуур үнэлсэн байсан тул дахин тэдний ажилд яваагүй. Тооцож үзэхээр нэхэмжлэгчээс 26 413 100 төгрөгийн авлагатай, үүнийг гаргуулах хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл, анх ажил олж өгөхөд 150 000 төгрөгөөр авья гэж байхад 152 000 төгрөгөөр гээд илүү бичсэн байсан. Миний хийсэн ажил, явсан тээврийн хөлснөөс нэхэмжлэгчийн өгсөн бетон, дизель түлш нийт 47 258 200 төгрөгийг хасч тооцвол манай хийсэн ажил 73 710 300 төгрөг байгаа бөгөөд зөрүү болох 26 413 100 төгрөгийг авах ёстой. “Э” ХХК-ийн өөрсдийн тооцоо нийлсэн актыг тулган шаардаж тооцоо нийлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй гэсэн бичиг байхгүй болохоос биш алдангийг хүлээн зөвшөөрсөн гэж гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01690 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 9 508 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 824 450 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 167 086 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1611 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01690 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 167 086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч “Э” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хуульд нийцсэн баримтаар нотлоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хариуцагч Д.Б нь “Э” ХХК-тай харилцан тохиролцож 2016 оны 05 дугаар сараас эхлэн өөрийн компанийн автопомп машинаар ажил гүйцэтгэхээр, ажлын хөлсийг бартераар буюу бензин түлш, бетон зуурмагаар төлөхөөр тохиролцсон байдаг. Талууд шүүхийн маргааны явцад нийт хийсэн ажлын талаар маргаангүй болох нь тайлбар мэдүүлэг, талуудын өөрсдийн гаргасан тооцооны хуудсаар тогтоогддог. Харин талууд 1 м.куб бетон зуурмагийг ямар ханшаар тооцож нийлүүлсэн тухайд маргадаг. Нэхэмжлэгч “Э” ХХК нь 1 м.куб бетон зуурмагийг 6 000 төгрөгөөр, хариуцагч Д.Б 1 м.куб бетон зуурмагийг 7 700-8 800 төгрөгөөр харилцан тохиролцсон гэж маргаан гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг бичгээр байгуулж хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй, мөн нэхэмжлэгчээс өгсөн тооцоо нийлсэн акт гэх баримтад хариуцагч Д.Б нь харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Харин ч “Хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн бичсэн бичиглэл байдаг. Энэ нь нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хангалттай нотлох үүргээ биелүүлээгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өөрийн гаргаж өгсөн баримтууд болох бусад байгууллага болох “Помп Дүйнхэржав Баясаа гэсэн Тооцоо нийлсэн акт”, “Астра интернэйшнл” ХХК-д гаргасан помп бетон шахагч машины тооцоо, “Үүлэн хан уул” ХХК-ийн тооцоо зэрэг акт, үнийн саналыг үндэслэн маргааны үнэлгээг тодорхойлж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах зарчмын хүрээнд “Э” ХХК нь дээрх байгууллагуудтай бетон зуурмагийг хэдэн төгрөгөөр харилцан тохиролцож худалдан борлуулах нь тэдний өөрсдийн тохиролцооны асуудал. Гэтэл хариуцагч Д.Б-ыг нэхэмжлэгч “Э” ХХК-тай дээрх бусад байгууллагатай тохиролцсон үнээр бетон зуурмагийг тооцсон байх ёстой гэсэн хийсвэр ойлголтоор үнэлж дүгнэж байгаа нь учир дутагдалтай юм.

Хариуцагч Д.Б нь мөн шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Э” ХХК-тай иргэний хувьд харилцан тохиролцож ажил хийгээгүй, өөрийн байгууллагын автомашин механизмаар ажил хийсэн гэсэн тайлбарыг өгдөг. Энэхүү тайлбартай хавсарган өөрийн захирал ажил эрхэлдэг “Эмиралдплес” ХХК-ийн гэрчилгээ, дүрмийн хуулбарыг хавтаст хэрэгт хавсаргасан байдаг. Гэтэл шүүх нэр зааж байгууллагатай эрх зүйн харилцаанд ороогүй, иргэн Д.Б-тай тохиролцсон гэж дүгнэсэн нь мөн учир дутагдалтай гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс тооцоо нийлсэн акт нь хэрэгт авагдсан “Э” ХХК-ийн бетон зуурмаг дагалдах баримтуудаар давхар нотлогдож байх тул үлдэгдэл төлбөрт 9 508 500 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна гэсэн нь хариуцагч Д.Б хүлээн зөвшөөрөөгүй байхад тооцоо нийлсэн акт гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Д.Б-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн алданги, хохиролд 14 332 950 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч Д.Б шаардлагыг эс зөвшөөрч, тооцоо буруу хийгдсэн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хариуцагч Д.Б нь өөрийн автопомп машинаар 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн “Э” ХХК-ний гэрээт газруудад ажил гүйцэтгэх, гүйцэтгэсэн ажлын хөлсийг бетон зуурмаг, шатахууны талон, дизель түлш зэргээр тооцож авахаар нэхэмжлэгч “Э” ХХК-тай тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

Зохигч нь автопомп машинаар бетон зуурмаг шахах 1 м.кубын үнийн талаар маргасан учир шүүх хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг баримтаар няцааж чадаагүй байдлыг харгалзан, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дээрх ажлын үнэлгээг дүйцүүлж тооцсон нь гэрээний нөхцөлийг тайлбарлах Иргэний хуулийн  198 дугаар зүйлийн 198.6.-д заасан зохицуулалтад нийцжээ. Гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол шүүх гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулахын тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх боломжтой байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7.-д зааснаар анз төлөх тухай бичгийн гэрээ байхгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчид анз шаардах эрх үүсдэггүй тул хариуцагчийн зөвшөөрөөгүй тооцоо нийлэх акт гэх баримтад алдангийн талаар тусгасан байх нь алданги гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгчээр хариуцагч Д.Б оролцсон байх тул тэрээр ажлаа захирлаар нь ажилладаг “Эмералдплес” ХХК-ийн машинаар гүйцэтгэсэн байх нь гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Энэ талаар хоёр шатны шүүх шийдвэр, магадлалдаа тодорхой дүгнэсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01690 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1611 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167 086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА

        ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН