| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 141/2017/00041/и |
| Дугаар | 08 |
| Огноо | 2017-05-09 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 08
Б.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүх
хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч: Ж.Баттогтох
Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр
Бусад оролцогчид:
Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Б.*******ъяа
Нарийн бичгийн дарга: Э.Баасандэмбэрэл нар оролцов.
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзулын даргалж, шийдвэрлэсэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 74 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******ъяагийн давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн Цагаанчулуут сумын 1-р багийн иргэн *******хайрхан овогт *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 1973 онд төрсөн. 2013 оны 01-р сарын 03-наас эхлэн Цагаанчулуут сумын Соёлын төвд музей техникийн ажилтнаар ажиллаж байтал Цагаанчулуут сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2016 оны 11-р сарын 02-ны өдрийн 05 тоот тушаалаар хөдөлмөрийн хуулийн 37-р зүйлийн 37.1.4, 40-р зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Боловсрол соёлын газрын 1/362 албан тоотыг үндэслэн ажлаас халсаныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Содномцэрэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.*******г Цагаанчулуут сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2016 оны 11 сарын 24-ны өдрийн 05 тоот тушаалаар ажлаас нь халсан. Энэ тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4, 40.1.2 дахь заалтыг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалт нь дээд байгууллагаас ирсэн шаардлагын дагуу ажлаас чөлөөлсөн гэж байгаа. Гэтэл дээд байгууллагаас нь ямар бичиг тоот ирсэн юм гэдэг талаар хариуцагч байгууллага ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Б.*******г энэ ажилд тэнцэхгүй болсон талаар хөндлөнгийн байгууллагын дүгнэлт гараагүй байгаа. Ур чадварын талаар тэнцэхгүй болсон ямар нэгэн комиссын дүгнэлт, эрүүл мэндийн байдлаар тэнцэхгүй болсон талаар эрүүл мэндийн дүгнэлт гараагүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Энэ заалт нь хөдөлмөрийн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөх гэж байгаа бол ажилтанд энэ талаар 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. Ингэж мэдэгдээгүй. Энэ талаар хариуцагч байгууллагын зүгээс ямар нэгэн тайлбар өгөөгүй нь энэ асуудлаар хариуцагч байгууллага ямар нэгэн байдлаар маргах сонирхолгүй байна гэж үзэж байна.
Нэгэнт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэгэнт тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тооцохоор заасан байгаа. Б.******* нь Музейн техникчийн ажил үүргийг 2013 оны 01 сарын 03-ны гүйцэтгэж эхэлсэн байдаг юм. Энэ хүнийг дээд боловсролгүй гэдэг үндэслэлээр ажлаас халсан байгаа. Энэ талаарх асуудлыг ажлаас халах үедээ биш ажилд авах үедээ энэ шаардлагаа тавьж ажилд авах ёстой байсан. Б.******* хэдийгээр дээд боловсролгүй ч гэсэн энэ ажлын яаж гүйцэтгэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагдах байх гэж бодож байна. Нэхэмжлэгчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалинд 1,500,000 орчим төгрөг нэхэмжилж байгаа. Ажилгүй байсан хугацааны цалинг нарийвчилж бодоогүй, дунджилж гаргасан болно. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагатай гэв.
Анхан шатны шүүх: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******хайрхан овогт *******ын *******г Завхан аймгийн Цагаанчулуут сумын Соёлын төвийн музейн техникчийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Цагаанчулуут сумын Соёлын төвөөс нэхэмжлэгч Б.*******гийн ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны цалин 1.135.620 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 102,005 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөлөгч Б.*******ъяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 1976 онд төрсөн, 41 настай, ам бүл 4, Завхан аймгийн Цагаанчулуут сумын соёлын төвийн эрхлэгч ажилтай.
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцлаа. Музей техникийн ажилтан Б.*******тэй холбоотой гаргасан миний шийдвэр хуулийн хүрээнд гарсан гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******ъяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анхан шатын шүүх хуралдаанд холоос ирээд 2 минут хоцорчихоод орох гэтэл намайг оруулаагүй. Мөн анхан шатны шүүх надаас тайлбар авахгүйгээр намайг байхгүйд хэргийг шийдвэрлэсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би шүүх хуралдаанд ирэхдээ тайлбараа аваад ирсэн боловч намайг шүүх хуралд оруулаагүй учраас тайлбараа гаргаж чадаагүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5 зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь Завхан аймгийн Цагаанчулуут сумын Соёлын төвийн музейн техникчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстөй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагыг хариуцагч Завхан аймгийн Цагаанчулуут сумын Соёлын төвд холбогдуулан гаргасаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Завхан аймгийн Цагаанчулуут сумын Соёлын төвийн музейн техникчээр ажиллаж байсан Б.*******г тус байгууллагын эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг тус тус баримталжээ.
Шүүх нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.*******ъяад нэхэмжлэлийн нэг хувийг гардуулан өгч хариу тайлбараа 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлэхийг даалгасан байна.
Гэтэл хариуцагч байгууллагын төлөөлөгч нь шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаан товлож, хариуцагчид мэдэгдсэн байтал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 25.2.3, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байсан тул анхан шатны шүүх түүнийг эзгүйд хэргийг цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврэлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 74 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН
Б.АРИУНБАЯР