Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 10

 

Д.Мөнх-Эрдэний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.Содномцэрэн

Нарийн бичгийн дарга: Э.Баасандэмбэрэл нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шийдвэрлэсэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 66 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэний давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Мөнх-Эрдэнэ би 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус сумын сургуульд галчаар ажиллаж эхэлсэн. 2015 оны 10 дугаар сараас эхлэн Нөмрөг сумын төвийн төсвийн байгууллагууд нэгдсэн халаалтад шилжиж сургууль тус нэгдсэн халаалтад багтсан тул галчийн орон тоонд ажиллаж байсан 6 галч орон тооны цомхтголоор ажлаас халагдсан. Гэвч би галч З.Товуусүрэнгийн хамт сургуульд слесарь гэх шинэ орон тоонд ажиллахаар болж 2015 оны 10 сараас эхлэн слесариар ажиллаж эхэлсэн боловч энэ тухай ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй. Би тус сургуульд ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг зөрчиж, ажилдаа ямар нэгэн байдлаар алдаа дутагдал гаргаж, ажлын хариуцлага алдаж байгаагүй. Гэтэл сургуулийн захирал Ц.Ганзориг 2016 оны 12 сарын 09-ний өдөр Б/59 дугаартай Д.Мөнх-Эрдэнийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргаж уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дахь заалтыг үндэслэн ажлаас халсан ба тушаалыг 2016 оны 12 сарын 09-ний өдөр гардаж авсан. Намайг галчийн ажлаас чөлөөлж, слесарийн албан тушаалд албан ёсоор томилсон тухай тушаал шийдвэр байхгүй боловч бодит байдал дээр 2015 оны 10 сараас 2016 оны 9 сар хүртэл слесариар ажиллаж байснаас гадна тус орон тоо одоо ч байсаар байгаа төдийгүй 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлд слесарийн эрх, үүргийн тухай заалт байдаг. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг ойлгоно гэж заасан байгаагаас гадна тус сургуультай байгуулсан хүчин төгөлдөр Хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан. Би уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 2016 оны 12 сарын 07-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргахад 2016 оны 12 сарын 13-ны өдөр №1110 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарсан ба дахин нэхэмжлэл гаргатал 2017 оны 01 сарын 04-ний өдөр №40 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарсан тул хариуцагчийн хаяг болон нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгон бичиж дахин гаргаж байна. Иймд 2016 оны 12 сарын 09-ний өдрийн Б/59 дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул уг тушаалыг хүчингүй болгуулж, слесарийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгэж, ажилгүй байсан хугацааны цалин болох 2016 оны 10, 11, 12 сар, 2017 оны 01 саруудын нийт цалин болох 1.724.760 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Ганзориг анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Мөнх-Эрдэний нэхэмжлэлтэй 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрийн биеэр очиж танилцлаа. Нөмрөг сумын төсөвт албан газрууд 2015 оны 10 дугаар сараас төвлөрсөн халаалтад холбогдож галч нар орон тооны цомхтголоор ажлаас халагдсан. Д.Мөнх-Эрдэнэ, З.Товуусүрэн нарын 2016 оны хөдөлмөрийн гэрээнд албан тушаалыг галчаар заасан. Төвлөрсөн халаалтад холбогдсон байхад галчийн орон тоо байх ёсгүй. Галчийн цалин ТҮ-1-4 /396798 төгрөг/ шатлалаар цалинжих ёстой байтал Д.Мөнх-эрдэнийг ТҮ-3-4 шатлал /431190 төгрөг/-өөр тогтоож слесариар жилийн турш цалинжуулж байсан. 2016-2017 оны хичээлийн жилд биологийн багш Б.Мөнхбаатарын чөлөөний хугацаа дуусч ажилдаа эргэн орсон. Мөн сургууль заавал эмчтэй байх ёстой гэсэн шийдвэр ирсэн учраас эмч авч ажиллуулсан. Өмнөх захирал Ц.Дуламжав нь Д.Мөнх-Эрдэнийг слесариар ажиллуулах тушаал гаргаагүй байтал шууд слесарийн орон тоогоор ажиллуулж цалинжуулсан. 2016, 2017 оны сургуулийн төсөвт галчийн болон слесарийн орон тоо огт батлагдаагүй. 2016 оны 6 сарын 10-ны өдрийн Б/21 Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хавсралтад Д.Мөнх-Эрдэнийн ээлжийн амралт дуусах хугацааг тусгаагүй байгаа нь ажилдаа хэзээнээс орох нь тодорхойгүй байна. Д.Мөнх-Эрдэнийн 2016 оны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлсөн бөгөөд иргэн Д.Мөнх-Эрдэнэ нь нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авах бүрэн боломжтой гэжээ.

Анхан шатны шүүх: Доржсүрэнгийн Мөнх-Эрдэний нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуульд холбогдох Завхан аймгийн Нөмрөг сумын Бүрэн дунд сургуулийн слесарийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 1.724.760 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Д.Мөнх-Эрдэнэ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн доторЗавхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 66 тоот шийдвэрийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад уг шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй гэж байна. Давж заалдах шатны шүүх хуралд биеэр оролцно гэжээ.

Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэний өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасаныг дэмжиж байна. Д.Мөнх-Эрдэнийг 2015 онд тухайн байгууллага орон тооны цомхотгол хийсэн үндэслэлээр ажлаас халсан байдаг. Тухайн үед Д.Мөнх-Эрдэнэ слесарийн орон тоонд ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа юм. Тухайн байгууллагын гаргасан 2016 оны 12 дугаар сарын 9-ний Б/59 тоот тушаалдаа Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан.

Тушаалыг орон тоо цөөрүүлсэн, цомхотгосон гэсэн үндэслэлээр гаргасан боловч энэ нь хэргийн бодит байдалтай бүрэн дүрэн нийцэхгүй байна. Ажлаас халах болсон нөхцөл байдал үүссэнээс хойш 2 жилийн дараа орон тооны цомхотгол гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Тухайн сургуулийн захиргаа Д.Мөнх-Эрдэнийг халахдаа Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг баримталж заасан хугацаанд урьдчилан мэдэгдэх ёстой байсан. Гэтэл энэ заалтыг зөрчиж 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдэл гаргаж хүргүүлсэн байсан.

Эдгээр нөхцөл байдлыг анхан шатны шүүх дутуу дүгнэж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчээс тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр тооцож 2 сая 1 зуун мянган төгрөгний цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага тавьсан. Нэхэмжлэлийн шаардлагыг харгалзан үзэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйл харагдаж байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх эсхүл хүчингүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх зохигчдийн хооронд хөдөлмөрийн эрхийн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ нь Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуулийн слессерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстөй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагыг хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуульд холбогдуулан гаргасаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургууль нь Д.Мөнх-Эрдэнийг галчийн ажлаас тус сургуулийн захиралын 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Б/59 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг тус тус баримталжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэ нь 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарыг хүртэл Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуулийн галчаар ажиллаж байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сараас эхлэн Нөмрөг сумын төсвийн байгууллагууд нэгдсэн халаалтанд шилжиж, сургууль нэгдсэн халаалтанд холбогдсноор тус сургуулийн 8 галчийн орон тоо хасагдсан болох нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч байгууллага нь галчийн орон тоо хасагдсанаар Д.Мөнх-Эрдэнийг өөр ажил буюу слессэрээр ажиллуулж байсан гэх боловч түүнийг галчийн ажлаас чөлөөлсөн, слессэрийн ажилд шилжүүлсэн, томилсон, албан ёсны тушаал шийдвэр гараагүй байна.

Нөгөө талаар талуудын хооронд байгуулсан 2016 оны хөдөлмөрийн гэрээнд Д.Мөнх-Эрдэнэ галчаар ажиллахаар тохиролцсон байх бөгөөд энэ хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцлаагүй, шинэчлээгүй, гэрээнд өөрчлөлт оруулаагүй байх тул Д.Мөнх-Эрдэнийг слессэрээр ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар тус байгууллагын 2016, 2017 оны төсөвт слессэрийн байнгын орон тоо батлагдсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд Д.Мөнх-Эрдэнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасанаар галчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 66 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэний давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР