Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 184

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, түүний өмгөөлөгч Л.Н, татварын улсын байцаагч Б.Б, Б.Ц болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан “М Г”” ХХК-ийн гомдолтой, Чингэлтэй дүүргийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Ц нарт холбогдох зөрчлийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийв.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “М Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х нь шүүхэд бичгээр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б нарын Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, татварын улсын байцаагчийн дүгнэлтийг прокурорын газар хэрэгсэхгүй болгосныг шийдвэрлэх Татварын хяналт шалгалт хийх 35170900400 тоот томилолтын дагуу, манай компанийн 2011-2013 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд, санхүүгийн тайлан, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, татварын улсын байцаагчийн 24/0000237 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 140 дүгээр дүгнэлт зэрэг баримт материалд үндэслэн төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт хийж 8,301,246,008.12 төгрөгийн зөрчилд 814,824,600.81 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Нэг. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б нарын Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, татварын улсын байцаагчийн дүгнэлтийг прокурорын газар хэрэгсэхгүй болгосныг шийдвэрлэх Татварын хяналт шалгалт хийж, тус компани дээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл, 74 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн 8,301,246,008.12 төгрөгийн зөрчил гарсан гэж үзэн №351730071 тоот шийтгэлийн хуудсаар дээрх шийдвэрийг гаргасан.

№351730071 тоот шийдвэр нь дараахь хуулийн заалтуудыг зөрчиж байна. Үүнд: 

1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд: “29.1.8.татвар ногдуулт; төлөлтөд хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх” гэснийг,

2. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно гэснийг тус тус зөрчсөн.

 Хоёр. 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “М П” ХХК-д холбогдох 2014250003995 тоот эрүүгийн хэрэгт шинжилгээ хийсэн тухай, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгээс гаргасан №140 дугаарын шинжээчийн дүгнэлтээр “М П” ХХК-ийн 2011-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 24/0000234 тоот дүгнэлтээр 8.228.484.461,96 төгрөгийн зөрчил илрүүлсэн байна. Шинжилгээгээр “М П” ХХК-ийн 2011-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтөд 2.233.235.100,30 төгрөгийн зөрчил илрүүлснээс 2013 онд МААНОАТ-т 45.169.551,43 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварт 223.323.510,03 төгрөг, нийт 268.493.061,46 төгрөг төсөвт төлөх ёстой байсан. Үүнээс Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний Шүүх Шинжилгээний хүрээлэнд №2414014105 тодорхойлолтоор дотоодын бараа, үйлчилгээний Нэмэгдсэн өртгийн албан татварт 338.136.600 төгрөгийн илүү төлөлттэй гэж тодорхойлолт ирүүлсэн байна.

Гурав. “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” болон “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хууль гарахаас 8 сарын өмнө тус компанид үүсгэсэн эрүүгийн хэргийг хяналтын прокурор хянаж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн  үндэслэлээр “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 4329 дугаартай Прокурорын тогтоол гаргасан”, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан захиргааны хариуцлага хүлээлгэхээр заасан хугацаа өнгөрсөн байх тул тус компани 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн болон тус хуулиар олгогдсон татвар төлөгчийн эрхийнхээ хүрээнд уг хуулийн 2 дугаар зүйлийн 2.1. дэх хэсэгт “Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын хууль...хуулийн дагуу албан татвар,...төлөхөөр, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах... хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт “Татварын...хуулийн хүрээнд 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд...санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих...хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр...тайлагнасан бол,...хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй...хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан...албан татвар,..,орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж, мөн 4,1.1. дэх хэсэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”, 4.1.7. дэх хэсэгт “Захиргааны хариуцлагын тухай хууль”, 5 дугаар зүйлийн 5.3. дах хэсэгт “Энэ хуулийн 5.2-т заасны дагуу чөлөөлөгдөх албан татварт доор дурдсан албан татвар хамаарна: ...5.3.4. нэмэгдсэн өртгийн албан татвар” гэж заасныг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын холбогдох асуудлыг өршөөлийн хуулийн дагуу шийдвэрлэхээр байтал Татварын улсын байцаагч нар нь №351730071 тоот шийдвэрээр нөхөн татвар 1 ногдуулахдаа тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт “Энэ хуулийн 4.1, 5.1-д тус тус заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн байна.

Иймд №351730071 тоот Шийтгэлийн хуудсаар гарсан шийдвэрийг эс зөвшөөрч байгааг маань хүлээн авна уу.” гэжээ. 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч н.Э, н.О нар “М П” ХХК-ийн 2011-2013 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 8 тэрбум 228 сая төгрөгийн зөрчил, татвар төлөхөөс  зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэж 2016 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн 24/0000234 тоот дүгнэлт бичиж хэрэгт бүртгэх, хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж дүүргийн нэгдүгээр прокурорын газрын хяналтын прокурор н.Нямдорж хянаж Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дугаар зүйлийн 24.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслээр 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 4329 дугаартай прокурорын тогтоол гаргаж шийдвэрлэсэн. 

Энэ прокурорын тогтоол гарснаас хойш 3 жилийн дараа 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б нар 2016 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн 24/0000234 тоот дүгнэлтийг үндэслэн 8 тэрбум 301 сая 246 мянга 8 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэж Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 817 сая 824 мянга 600 төгрөгийн  нөхөн татвар ногдуулах тухай 351730071 дугаартай акт тавьсан. 

Монгол Улсын Сангийн яамны дэд сайд н.П Татварын ерөнхий газрын дарга н.А ирүүлсэн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 4-2/5016 тоот албан бичигт Улсын Их Хурлын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд хамаарах зөрчлийн хүрээнд доор дурдсан арга хэмжээг авах боломж байна. Үүнд: Татварын улсын байцаагчийн зүгээс захиргааны акт үйлдээгүй бөгөөд одоо хянагдаж байгаа хяналт шалгалтыг зогсоон, хууль хэрэгжих хугацаанд буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нэмж хяналт шалгалт хийхгүй байх гэж тус тус заасан байна. 

Эдгээр албан бичгүүд нь татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын ажлыг зогсоож акт, дүгнэлтээр албан татварын ногдол, хүү, торгууль, алданги шинээр ногдуулахгүй байж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн болон нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө адилтгах олсон орлого, үзүүлсэн үйлчилгээг сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв шударгаар санхүү, татварын тайланд тусгаж шинээр тайлагнасан тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар ажлын чиг үүрэг холбогдох актууд үйлдэгдэж байсныг нотолж байна. 

Шийтгэлийн хуудсаар “М П " ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй зөрчил гаргасан гэж үзэн нөхөн татвар ногдуулсан нь алдаа болсон. Учир нь " М П " ХХК–ийн үл хөдлөх хөрөнгө гэж үзсэн Баянзүрх дүүгийн 13 дугаар хорооны 70 тоот хаягт оршин үл хөдлөх эд хөрөнгө нь Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 335 дугаар тогтоолоор “Т” ХХК-ийн хөрөнгө болох нь тогтоогдож байна. Гэтэл эдгээр нөхцлийг тооцож, судалж үзэхгүйгээр татвар ногдуулж шийтгэлийн хуудсанд тусгасан нь алдаа болжээ. 

Татварын байцаагчид Татварын ерөнхий хуулинд 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар акт тавьсан гэх боловч “М П” ХХК аль хэсэгт зааснаар буруутай болохыг нотолж чадахгүй байна. Татварын ерөнхий хуулинд 74 дүгээр зүйлийн 74.1-д дараахь үйлдэл эс үйлдэхүйгээ татвар ногдох орлогоос бусад зүйлсийг нуусан татвар төлөгчид торгууль ногдуулна гэжээ. Татварын ерөнхий хуулинд 74 дүгээр зүлийн 74.1.3 гэж татварын улсын байцаагчийн барьж буй заалт нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэтгэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах гэж заасан. Гэтэл “М П “ ХХК бүх орлогоо өөрийн тайлан болон  харилцагч байгууллагын тайланд тусгасан байгаа. Мөн хуулийн 74.1.4 дэх хэсэгт тоо хэмжээ үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэтгэл, татварын тайланд багасгаж тусгасан нь, ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх гэж заасан. " М П " ХХК ийм зөрчил гаргаагүй бөгөөд энэ тухай шинжээчийн дүгнэлтэд аль алиныг дүгнэсэн байгаа. 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр " М П " ХХК-нд холбогдуулан гаргасан татварын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3517300 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б бид, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг прокурорын газар хэрэгсэхгүй болгосныг шийдвэрлэх татварын хяналт шалгалт хийх 35170900400 тоот томилолтын дагуу, 55..... регистрийн дугаартай, Н.У захиралтай, “М П” ХХК-ийн 2011-2013 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд, санхүүгийн тайлан, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, татварын улсын байцаагчийн 24/0000237 дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 140 дүгээр дүгнэлт зэрэг баримт материалд үндэслэн шалгалт хийсэн.

2014 оны 06 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Ж.Э, Т.О нар 8,228,484,461.96 төгрөгийн зөрчилд татварын улсын байцаагчийн 24/0000237 тоот дүгнэлт үйлдсэн байна.

2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын хяналтын прокурор Ш.Н эрүүгийн 2014250003995 дугаартай “М П " ХХК-ийн захирал Н овогтой У холбогдох хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 4329 тоот тогтоол үйлдсэн.

2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.О 140 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан.

Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд  11.1-д “Татвар нөхөн ногдуулах. Алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй". ... 35.3-д “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасныг үндэслэн хяналт шалгалт хийсэн.

“М П” ХХК-д хяналт шалгалтаар, нийт 8,301.246,008.12 төгрөгийн зөрчил илэрч Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д  Татвар төлөгч...үүрэг хүлээнэ”, 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.14-т “хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг дараахь байдлаар зөрчсөн нь тогтоогдсон. Үүнд:

1. 2013 онд харилцах болон кассаар орж ирсэн 2,233,235,100.36 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчилд 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно.”, 8.1.1-д “Үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж зааснаар Монгол Улсын татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Татварын алба, татварын улсын байцаагч татварыг, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.” 74.1.3-д “Нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах.”, 74.3-д “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.” 

2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил үйлчилгээнд албан татвар ногдуулна.” 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй буюу ногдуулсан боловч уг татварыг төлөөгүй нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 17.1-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ.”, 17.1-д Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байсан нь тогтоогдвол эрх бүхий улсын байцаагч уг татварыг нөхөн төлүүлж, дараахь хариуцлага хүлээлгэнэ.”, 17.1.1-д “Нөхөн төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүнгээс 0,3 хувиар тооцож хүү төлүүлэх”, 17.1.2-т “Нөхөн төлбөл зохих албан татварын дүнгийн 50 хувиас илүүгүй хэмжээгээр торгууль ногдуулах” гэх заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэлд 446,647,020,80 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан.

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2013 оны 01 дүгээр сард 12293731 дугаартай падаанаар 2,029,369,640.00 төгрөгийн, 09 дүгээр сард 12293733 дугаартай падаанаар 1,635,406,167.40 төгрөгийн, нийт 3,664,775,807.40 төгрөгийн төлбөр тооцоо шилжүүлсэн үндсэн баримтгүй худалдан авалтыг "Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээс хасч тооцсон нь 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх татвараас хасч тооцно.”, 14.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн...”, 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй”,  Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Татварын алба, Татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.”, 74.1.4-т “Тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”, 74.3-д “Энэ хуулийн 74,1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.” гэх заалтыг зөрчсөн үйлдэлд 366,477,580.74 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан.

3. 2013 онд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 13 хороо, “Мэдээлэл санд нэмэх хаяг" гудамж, .. тоот, 343,61 мкв, Ү-22040...... дугаартай. 100,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй худалдаа үйлчилгээний барилга, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нарны зам /..... тоот 210 м.кв Ү-22040..... дугаартай, 700,000,000.00 төгрөгийн худалдаа, үйлчилгээний барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг татварын бараанд ирүүлээгүй нь Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1-д “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно.”, 6.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна.”, 8.1-д “Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно.”, 8.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны өдрийн дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө.”, 9.1-д”Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор харьяалагдах татварын албанд тушаана.”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 5/16 дугаар тогтоолд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах бүсчлэлийн хил хязгаарыг газрын төлбөрийн үнэлгээний бүсчлэлд үндэслэн хавсралтаар баталсугай.”, Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хэмжээг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд заагдсан үнэлгээнээс тооцон 1 дүгээр бүсэд 1,0 хувь, 2,3 дугаар бүсэд 0,8 хувь, 4,5 дугаар бүсэд 0,6 хувь байхаар тус тус тогтоосугай, 1 дүгээр бүсчлэлд хамрагдах Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 13, 14, 15, 16, 18, 25 дугаар гэж зааснаар Монгол Улсын Татварын Ерөнхий Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид санхүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.”, 74.1.3-д “Нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах.”, 74.3-д “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.” гэх заалтыг зөрчсөн үйлдэлд 1,700,000.00 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан.

Иймд " М П” ХХК-ийн гаргасан нийт 8,301,246,008,12 төгрөгийн зөрчилд Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийн 74.1.3, 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн  17.1, 17.2-т зааснаар 814,824,600.81 төгрөгийн төлбөр ногдуулсан болно.

Татварын улсын байцаагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. " М П " ХХК их хэмжээний татвар нуун дарагдуулсан байж болзошгүйг татварын улсын байцаагч 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 24/0000237 дугаартай дүгнэлтийг гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 24/0000237 дугаартай Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн дүгнэлтэнд шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд үндэслэлтэй байна гэж шинжээчийн дүгнэлтээр тогтооосон.

 Энэ дүгнэлтийг үндэслэн мөн прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийн хариуцлагаас чөлөөлсөн боловч татвар төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. 

Мөн татварын нарийвчилсан хуулиар хөөн хэлэлцэх хугацааг 5 жил гэж заасан бөгөөд энэ хугацаанд хариуцлага тооцсон тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй юм. 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг нэхэмжлэгч дурдаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх  журам гэж гарсан. Энэ журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-д “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг ойлгоно гэжээ. 

Татвар төлөгч " М П " ХХК-ийн шийтгэлийн хуудас болон 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24/000237 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Түүний дараа Эдийн засгийн ил тод байдлын тухай ярьж байгаа нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамааралгүй, захиргааны зөрчлийн шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. 

 

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх “М П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын  тасгийн татварын улсын байцаагч Б.Ц Б.Б нарт холбогдуулан гаргасан “2017 оны 12 дугаар  сарын 06-ны өдрийн №351730071 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлага бүхий гомдолтой зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул татварын улсын байцаагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №351730071 тоот шийтгэлийн хуудсыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэг. Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын  тасгийн татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б /цаашид “татварын улсын байцаагч нар” гэх/ нар нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №351730071 тоот шийтгэлийн хуудсаар “М П” ХХК-ийн нийт 8,301,246,008.12 төгрөгийн зөрчилд 814,824,600.81 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ.

Татварын улсын байцаагч нар “М П” ХХК-ийг 2013 онд харилцах дансаар орж ирсэн 2,233,235,100.36 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын  болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй, 2013 онд нийт 3,664,775,807.40 төгрөгийн төлбөр шилжүүлсэн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүйгээр нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр бараа худалдан авсан гэж тайлагнан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээс хасч тооцсон зөрчилд 366,477,580.74 төгрөгийн нөхөн татвар, 2013 онд эрхийн улсын бүртгэлийн Ү-220404...., Ү-220404..... дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд ногдох үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг татварын албанд ирүүлээгүй зөрчилд 1,700,000.00 төгрөгийн нөхөн татварыг тус тус төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан татварын улсын байцаагч нар нь нийт 8,301,246,008.12 төгрөгийн зөрчилд хамаарах 289,112,082.25 төгрөгийн торгууль, 295,75,545.39 төгрөгийн алданги, 669,970.53 төгрөгийн хүүг өршөөлд хамруулжээ.

 Гомдол гаргагч тал Баянзүрх дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4329 дугаар тогтоолоор “М П” ХХК-ийн захирал Н.У холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд татварын улсын байцаагч нар 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №351730071 тоот шийтгэлийн хуудсаар 814,824,600.81 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан нь Захиргааны хариуцлагын тухай хуулиар захиргааны хариуцлага тооцох хугацаа дууссан гэж маргасан.

Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заасны дагуу татварын улсын байцаагч нар 2017 оны 12 дугаар  сарын 06-ны өдрийн №351730071 тоот шийтгэлийн хуудас гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй болно.

Нөгөөтэйгүүр гомдол гаргагч талын үндэслэл болгож буй Захиргааны хариуцлагын тухай хууль нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Захиргааны хариуцлагын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүй болж Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгааг дурдах нь зүйтэй.

Мөн Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгээгүй, үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь татвар төлөгчийг татвар төлөх үүргээс чөлөөлөхгүй болно.

“М П” ХХК нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын ил тодын тайланг шинээр гаргаж өгсөн тул татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №351730071 тоот шийтгэлийн хуудас хууль бус” гэж мэтгэлцсэн. 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж заасан байна.

Тодруулбал, дээрх хуулийн заалт ёсоор “хариуцлагаас чөлөөлөх” гэх зохицуулалт нь татвар төлөгчийн татвар төлөх үүргээс чөлөөлөөгүй бөгөөд харин төлөх ёстой татвараа бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй зөрчилд нь хуулийн дагуу ногдох ёстой хариуцлагын хэлбэр болох торгууль, алданги, хүүг чөлөөлөхөөр хуульчилжээ.

Иймд шүүх “М П” ХХК-ийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №351730071 дүгээр шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгох нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэлээ.

Хоёр. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлээр аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй болсон”, 2-т “Зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдэгдсэн тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж...” гэж заажээ.

Хуулийн заалтыг маргааны үйл баримттай холбон тайлбарлавал, татвар төлөгч татварын улсын байцаагч нарын хянан шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн, ногдуулж буй шийтгэлийг биелүүлэхээ илэрхийлсэн, зөрчлийн үйл баримттай маргаагүй тохиолдолд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар  сарын 06-ны өдрийн №351730071 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулж буй зөрчлүүдийг холбогдогч хүлээн зөвшөөрөөгүй, зөрчлийг гаргаагүй гэж маргаж байсан нь тогтоогдож байна. Энэхүү үйл баримт нь маргаан бүхий акт болох татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №351730071 тоот шийтгэлийн хуудас, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргээс харагдаж байгаа болно.

Иймээс татварын улсын байцаагч нар “М П” ХХК-ийн татварын зөрчилтэй холбоотой асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.4, 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээнэ” гэж заасны дагуу зөрчлийн хэрэг нээж хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 53 дугаар 53.2-т “Татварын бүртгэлд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, хураалт, өрийг анхан шатны баримтад үндэслэн бүрэн тусгана” гэж заасныг татварын улсын байцаагч нар зөрчин зөвхөн Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Ж.Э, Т.О нарын 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 24/00000237 тоот дүгнэлт, татварын тооцооллын программын татварын өрийн бүртгэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 140 дүгээр дүгнэлтэд үндэслэн шийтгэл ногдуулсан нь хууль бус болно.

Иймд татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлтийг хийх тооцоолол нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул  татварын улсын байцаагч нарын  2017 оны 12 дугаар  сарын 06-ны өдрийн №351730071 тоот актыг 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж энэ хугацаанд татварын улсын байцаагч нар нь зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу гүйцэтгэж шинэ акт гаргах шаардлагатай гэж шүүх дүгнэв.

Гурав. Шүүхээс Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Ц нарын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №351730071 тоот шийтгэлийн хуудсыг шинэ акт гартал 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэнтэй холбогдуулан “М П” ХХК-ийн гаргасан татварын зөрчил гэх аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй үйлдэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүйгээр нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр бараа худалдан авсан гэж тайлагнасан,  үл хөдлөх эд хөрөнгөд ногдох үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй зэрэг асуудалд дүгнэлт хийгээгүй болно.

 

                  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 35 дугаар зүйлийн 35.3, 53 дугаар зүйлийн 53.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 1.1, 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч                  Б.Б, Б.Ц нарын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №351730071 тоот шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд татварын улсын байцаагч нар шинэ акт гаргаагүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №351730071 тоот шийтгэлийн хуудас хүчингүй болгохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Ц тус бүрээс 35.100 төгрөгийг тус тус гаргуулж гомдол гаргагч “М П” ХХК-нд олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ТӨМӨРБАТ