Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2020/0329

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2019/0493

Улаанбаатар хот

“М г” ХХК-ийн гомдолтой

 захиргааны хэргийн тухай

                                      

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 89 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “М г” ХХК-ийн гомдолтой, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 89 дүгээр шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “М г” ХХК-ийн гомдлын шаардлагаас зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 351730071 тоот шийтгэлийн хуудсын тогтоох хэсгээр ногдуулсан нөхөн татварыг 178,153,958.74 төгрөгөөр бууруулж, 636,670,642.07 төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээж, гомдлын үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь гомдол гаргагч “М г” ХХК-ийн 2011-2013 оны татвар ногдуулалт, төлөлтөд “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 351730071 дүгээр шийтгэлийн хуудсаар 814,824,600.81 төгрөгийн төлбөр ногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 0089 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах үндэслэлээр гаргаж байна. Үүнд:

Нэг. Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн:

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13-14 дэх талд “Татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалтыг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн томилолтоор хийж 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсгийг баримталсныг гомдол гаргагчийн “... татварын хяналт шалгалт хийх ажиллагаа нь татварын хууль тогтоомжоор тусгайлан зохицуулагддаг, татварын улсын байцаагч татварын хуулиар олгогдсон эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд татварын хяналт шалгалтад хамаарах тайлант хугацааны баримт материалыг шаардсан ч ирүүлээгүй тул тухайн үед хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн давхардсан зохицуулалтын дагуу зөрчлийн хэрэг үүсгээгүй шийдвэрлэсэн нь шийтгэлийн хуудсаар тогтоогдсон зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй” гэжээ.

Маргаан бүхий 351730071 дүгээр шийтгэлийн хуудаснаас үзвэл, уг шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсэгт шийтгэл бус дан ганц төлбөр ногдуулсан байх бөгөөд төлбөр нь шийтгэл оногдуулж буй хэлбэр биш. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас шийтгэл бус татвар нөхөн төлүүлэх тухай шийдвэр гаргаж байгаа тохиолдолд шийтгэлийн хуудас гарах үндэслэлтэй эсэх, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал зөрчсөн ажиллагаа явуулж шийтгэлийн хуудас оногдуулах бус, харин төлбөр тогтоосон захиргааны акт гаргах байсан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байтал анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүй байна.

Тус 35170031 дүгээр шийтгэлийн хуудас нь 841,824,600 төгрөгийн албан татвар нөхөн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Тус шийтгэлийн хуудас нь дээр агуулга, үр дагавраараа тухайн шийтгэлийн хуудас гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 47 дугаар зүйлийн 47.1-д “Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана” гэж заасан, мөн хуулийн 47.3.3-д “нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор хөтлөөгүй, эсхүл татварын тайлангаа тушаагаагүй бол татварын ногдлыг тодорхойлон төлүүлэх” гэж заасны дагуу татвар нөхөн төлүүлэх акт байна.

Тус шийдвэрийг Татварын улсын байцаагчид Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 29.1-д Татварын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 29.1.1-д заасан “татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх” гэж заасан мөн хуулийн 34.1. Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж заасан эрхийн хүрээнд татварын ерөнхий байцаагчийн хувьд гаргасан “Захиргааны акт” байна.

Харин татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгч Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 18.1.4. татварын хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх: 18.1.13. татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шаглалтад хамрагдах” үүргээ биелүүлээгүй бол “зөрчилд нь” Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 29—р зүйлийн 29.1.6-д “татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулах” гэж заасан эрхийн хүрээнд “Зөрчлийн тухай хуульд” заасан хүрээнд шийтгэлийн хуудас гаргаж хариуцлага хүлээлгэх эрхтэй байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж заасан бөгөөд мөн хуулиар гарсан зөрчил бүрийг нэрлэх зааж түүнд оногдуулах хариуцлагыг тодорхойлжээ.

Гэтэл Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 351730071 дүгээр шийтгэлийн хуудас нь “шийтгэл оногдуулах” арга хэмжээ авагдаагүй бөгөөд мөн Зөрчлийн тухай хуулийн 2.1.1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил” гэж заасан байхад Зөрчлийн тухай хуулийн “тусгай ангид” заасан ямар зөрчил гаргасан болохыг тогтоож нэрлэн заагаагүй байгаа тул “зөрчлийн шийтгэл оногдуулах” арга хэмжээ биш байна.

Харин агуулгаараа Зөрчлийн тухай хуулийн 4.3.1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж заасан арга хэмжээ байж болох ч Зөрчлийн шийтгэлгүйгээр дээрх арга хэмжээ авагдах боломжгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч 2011-2013 оны татвар нөхөн төлөлтөд Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад зааснаар татварын акт тогтоосон байна.

Иймд хуулийн дээрх заалтын дагуу зөрчил гарсан гэх цаг хугацаанд үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлд /2015 оны Зөрчлийн хууль батлан гарахтай холбогдуулан орсон өөрчлөлтөөр өмнөх/ заасан хариуцлагыг хүлээлгэх ёстой байсан.

Харин Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад заасан хяналт шалгалтаар “албан татварын төлбөр ногдуулсан” нь Зөрчлийн хуульд заасан шийтгэл оногдуулах зөрчил биш харин “татвар төлүүлэх үйл ажиллагааны нэг хэсэг” байна.

Иймд Зөрчлийн хэрэг хэмээн үзэж Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх шийтгэлийн хуудас гаргасан улсын байцаагчийн шийдвэр хууль бус бөгөөд түүнийг дээрх байдлаар тайлбарлан зөвтгөсөн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Энэ талаар тус хэргийг өмнө шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 258 дугаар тогтоолын 18-д “... хариуцагчийн нэрлэн зааж буй нөхөн төлбөрийн асуудал нь захиргааны зөрчилд хамаарах эсэх, тухайлбал, 2017 оны Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх эсэх ... ” талаар тодруулах нь зүйтэй гэж тогтоосоор атал энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Мөн хариуцагч татварын улсын байцаагч нар нь зөрчлийн хэрэг үүсгэж шалгаж буй талаар холбогдогчид мэдэгдээгүй атлаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” явуулж, улмаар Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ” ... гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн шийдвэр юм.

“Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа” нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар нэгэн адил зохицуулагдаж буй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ажиллагааны нэг хэлбэр бөгөөд зөрчлийн хариуцлага нь хуулийн дагуу хийгдсэн ажиллагаагаар тогтоогдсон тохиолдолд л шийтгэлийн хуудсыг хууль ёсны гэж үзнэ. Дээрээс үзвэл, хариуцагчийн маргаан бүхий 351730071 дүгээр шийтгэлийн хуудас, түүгээр тогтоогдсон төлбөр, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Хоёр. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг бүрдүүлэх, үнэлэх зарчмыг зөрчсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “... Эрүүгийн 2014250003995 дугаартай хэрэгт шинжээчээр томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 140 дугаартай дүгнэлт гаргасан, шинжээч эрүүгийн хэрэгт дүгнэлт гаргахдаа эрүүгийн хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан тус компанийн .... санхүүгийн анхан шатны баримтуудыг үнэлсэн гэх тул шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон тэдгээр баримтуудыг үнэлсэн болно” гэжээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 –д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Тодруулбал, эрүүгийн хэрэгт авагдсан, шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон гэх тэдгээр баримтууд нь хариуцагчийн маргаан бүхий шийтгэлийн хуудаст шууд хамааралгүй бөгөөд хариуцагчаас шийтгэлийн хуудсыг гаргахдаа “Прокурорын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4329 дүгээр дүгнэлтээр хэрэгсэхгүй болгосон эрүүгийн 2014250003995 дугаартай хэрэгт авагдсан баримт, шинжээчийн дүгнэлт”-ийг үндэслэж, түүнийг анхан шатны шүүх нэгэн адил үнэлсэн нь хууль бус байна.

Мөн тус баримтуудыг үнэлж шүүх дүгнэлт хийн шийдвэрээ 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон уг баримтууд нь шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нотлох баримтаар ирсэн байгаа нь туйлын хачирхал төрүүлж байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасан ба хэрэв энэ шаардлагыг хангаагүй бол тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ёстой байна.

Харин Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон” 4329 тоот тогтоолыг зохих ёсоор үнэлээгүй. /хавтаст хэргийн- 95 хуудас/

Учир нь прокурорын тогтоолд “М г” ХХК-ийн 2011-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтөд 2.223.235.100 төгрөгийн зөрчил илрүүлснээс 2013 онд татварын ногдуулалт, төлөлтөд 45.169.551 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварт 223.323.510 төгрөг нийт 268.493.061 төгрөг төсөвт төлөх ёстой байсан байна. Үүнээс Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр №2414014105 тоот тодорхойлолтоор дотоодын бараа үйлчилгээний Нэмэгдсэн өртгийн албан татварт 338.136.600 төгрөгийн илү төлөлттэй гэж тодорхойлолт ирүүлсэн байна” гэж тогтоосон тус прокурорын дүгнэлтийг үнэлээгүй.

Тус дүгнэлтийг зохих ёсоор үнэлсэн бол НӨАТ-ын татварын тухайд 114.813.090 төгрөгөөр илүү төлөлттэй буюу өр төлбөртэй бус хрин албанаас авлагатай компани болох нь тодорхой байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллагаас “М г” ХХК-д холбогдуулж 2017 онд татварын хяналт шалгалт хийхдээ 2014 онд хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэрэгт авагдсан баримтыг (шинжээчийн дүгнэлтийг) үндэслэн шийдвэр гаргасан нь зөрчлийг хөдөлбөргүй нотлох баримт биш бөгөөд үүнийгээ “... зөрчилд хамааралтай баримтуудыг “М г” ХХК-иас гаргаж өгөөгүй учраас ... ” гэж тайлбарласан нь хэрэгт шууд хамааралгүй нотлох баримтад үндэслэн гарсан шийтгэлийн хуудсыг зөвтгөх үндэслэл биш. Мөн хариуцагчаас татварын хяналт шалгалтад шаардлагатай баримтыг хуульд заасан арга замаар гомдол гаргагчаас гаргуулан авах боломж нээлттэй байсан ч энэ үүүргээ хэрэгжүүлээгүй.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 17-р хуудаст “М г” ХХК-ийн нэр дээрх Ү-2204046680 дугаарт бүртгэгдсэн 210 м.кв “эрхийн гэрчилгээг холбогдох шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүчингүй болгосон байна. Иймд энэ хугацаанд татвар төлөх ёстой” гэжээ.

Нэгэнт Улсын дээд шүүхийн 2016 оны 10 дгаар сарын 26-ны өдрийн 335 тоот тогтоолоор 2012 онд “М г” ХХК-ийн нэр дээрх дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэсэн Улсын бүртгэгчийн үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчаас хяналт шалгалт хийх үед дээрх шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон байтал шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон бүртгэл бүхий эд хөрөнгөнд татвар ногдуулсанг дээрх байдлаар зөвтгөж байгаа нь үндэслэлгүй.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан цагаасаа хойш бус анх бүртгэсэн үйлдлийг хүчингүй болгож тогтоосон тул шүүхийн шийдвэрийг хэзээ хэн хэрхэн биелүүлсэн нь хамааралгүй “М г” ХХК-ийн эд хөрөнгө анхнаасаа биш болох нь тогтоогдсон.

Нөгөөтээгүүр, “М г” ХХК нь зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй байхад хариуцагч татварын улсын байцаагч нараас зөрчил нь нэгэнт тогтоогдсон гэж үзээд хэрэгт шууд хамааралгүй нотлох баримтад үндэслэж “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан” нь бүхэлдээ хууль бус, үүнийг анхан шатны шүүх үйлдэгдсэн зөрчил нь тогтоогдсон гэж үзэж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Үүнээс гадна, шүүхийн шийдвэр Татварын улсын байцаагч нарын гаргасан маргаан бүхий шийтгэлийн хуудсаар тогтоосон татвар ногдох орлого буюу 8,301,246,008.12 төгрөгийн зөрчилд 814,824,600.81 төгрөгийн төлбөр ногдсонг зөвтгөн үүнээс 178,153,958.74 төгрөгөөр бууруулж 636,670,642.07 төгрөг хангаж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл хамгийн хачирхалтай нь уг 24/0000237 тоот дүгнэлтийг шинжээчийн дүгнэлтийн 1-т НӨАТ-ын 2,330,473,554,30 төгрөгийг зөрчил гэж үзэхгүй, 2-т 2013 оны 3.664.775.807,40 төгрөгийн худалдан авалтыг машины төлбөрт гэж зарлагдсан нь тогтоогдож байгаа тул зөрчил гэж үзэхээргүй байна. Харин уг шинжээчийн дүгнэлтийн 3-т буй 2.233.235.100,36 төгрөгийн орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй зөрчил нь үндэслэлтэй гэж буюу нийт 8,301,246,008.12 төгрөгийн зөрчлөөс 2,233,235.100.36 төгрөгийн зөрчлийг нь үндэслэлтэй хэмээн дүгнэж, үүнийх нь дагуу ч Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

Гэтэл шүүх дээрх бүгдийг үнэлж, зөв дүгнэлт хийлгүй татварын улсын байцаагчдын хууль бусаар буюу шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй, эрүүгийн хэрэгт хэрэгсэхгүй болсон төлбөрөөс тооцож шүүхийн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа нь илт байна.

Гурав. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

Зөрчлийн тухай хуулийн 2.4.1. Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9.1. Дараахь тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй: 1.2. Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн 1.5-д заасан зөрчлийн хамгийн урт хугацаа нь зөрчил гарснаас хойш 2 жил байна.

Гэтэл 2013 онд үйлдэгдсэн гэх зөрчилд хариуцагчаас 2017 онд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэлийн хуудас бичих үндэслэлгүй байсан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сраын 04-ний өдрийн 0089 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, үнэлэх журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б нар нь Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж[1], татварын улсын байцаагчийн дүгнэлтийг прокурорын газар хэрэгсэхгүй болгосныг шийдвэрлэх “Татварын хяналт шалгалт хийх 35170900400 дугаар томилолт[2]-ын дагуу “М г” ХХК-ийн 2011-2013 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд санхүүгийн тайлан, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, татварын улсын байцаагчийн 24/0000237 дугаар дүгнэлт[3], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 140 дүгээр дүгнэлт[4] зэрэг баримт материалд үндэслэн төлөвлөгөөт бус, хэсэгчилсэн шалгалт хийжээ.

Татварын улсын байцаагч нар хяналт шалгалтыг хийгээд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 351730071 дүгээр шийтгэлийн хуудас[5]-аар, 2013 онд харилцах болон кассаар орж ирсэн 2,233,235,100.36 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй, 2013 онд харилцах болон кассаар орж  ирсэн 2,233,235,100.36 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2013 оны 01 дүгээр сард 12293731 дугаартай падаанаар 2,029,369,640.00 төгрөгийн, 9 дүгээр сард 12293733 дугаартай падаанаар 1,635,406,167.40 төгрөгийн, нийт 3,664,775,807.40 төгрөгийн төлбөр тооцоо шилжүүлсэн үндсэн баримтгүй худалдан авалтыг “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээс хасч тооцсон, 2013 онд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Мэдээлэл санд нэмэх хаяг” гудамж, 70 тоот, 343,61 м.кв Ү-2204046688 дугаартай, 100,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй худалдаа үйлчилгээний барилга, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Нарны зам /13332/ гудамж, 70/1 тоот, 210 м.кв, Ү-2204046689 дугаартай, 70,000,000.00 төгрөгийн худалдаа үйлчилгээний барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг татварын албанд ирүүлээгүй, нийт 8,301,246,008.12 төгрөгийн зөрчил үйлдсэн гэж үзэж 814,824,600 төгрөгийн нөхөн татвар тогтоосон байх бөгөөд зөрчилд оногдуулсан 289,112,082.25 төгрөгийн торгууль, 295, 750, 454.39 төгрөгийн алданги, 669,970.53 төгрөгийн хүүг өршөөлд хамруулан чөлөөлсөн байна.

Гомдол гаргагч “М г” ХХК нь “... зөрчлийн хэрэг бүртгэлт үүсгэх ёстой ... шинжээчийн дүгнэлтийг тоолгүй дүгнэлтийн нийт дүнгээр акт тавьсан ... татвар ногдох орлогоос хасагдах зардлыг хасаагүй ...” гэсэн  үндэслэлээр дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж, хариуцагчаас “... эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч захиргааны хариуцлага ногдуулахгүй байх үндэслэл болохгүй ... дүгнэлтэд заасан зөрчлийг шууд акт руу буулгаж, нөхөн татвар, торгуулийг тавьсан ... зардал хасах боломж байгаагүй ... зөрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдох нотлох баримт нь тодорхой байсан тул ... зөрчлийн хэрэг нээх шаардлага байгаагүй ...” гэсэн үндэслэлээр маргасан байна.

Анхан шатны шүүх гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн өмгөөлөгч нарын “шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх, үнэлэх зарчмыг зөрчсөн” гэх агуулга бүхий гомдол үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус нотлох баримт цуглуулах журмыг, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж нотлох баримт үнэлэх зарчмыг зааж хуульчилжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасантай нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Шүүх уг хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн 2014250003995 дугаартай хэрэгт шинжээчээр томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 140 дугаар дүгнэлтийг гаргахад үндэслэл болгосон гэх эрүүгийн хэрэгт авагдсан байсан “Техник форум” ХХК-ийн санхүүгийн анхан шатны нийт 114 хуудас баримтуудыг (хэргийн 2 дугаар хавтас 58-172 дугаар талд авагдсан) үнэлж дүгнэсэн буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон талаар шийдвэрийн 14 дэх талд тодорхой дүгнэсэн байна.

Гэтэл уг 114 хуудас баримт шүүх хуралдаан болох өдөр хэрэгт авагдаагүй,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэргийн 2-р хавтасны  58-172 дугаар талд авагдсан “М г” ХХК-ийн 2013 оны 4-р улирлын санхүүгийн тайлан, кассын зарлагын ордер, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, орлогын тайлан зэрэг санхүүгийн анхан шатны баримтуудыг шүүх хэргийг шийдвэрлэж шийдвэр гаргасан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1 сар гаруй хугацааны дараа хэрэгт бүрдүүлэхээр ажиллагаа хийсэн болох нь анхан шатны шүүхээс Нийслэлийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийн салбар архивт  2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн “Нотлох баримт гаргуулах тухай” 1/2134[6], 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн “Тодруулга, баримт хүргүүлэх тухай” 1/2239 дугаар[7] бүхий албан бичгүүдээр тогтоогдож байх бөгөөд уг баримтуудад 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хуулбар үнэн тэмдэг дарагдсанаас үзвэл уг баримтууд шүүхийн шийдвэр гарсны дараа хэрэгт авагдсан болох нь тодорхой байна.

Түүнчлэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 140 дүгээр дүгнэлт[8]-тэй холбоотойгоор тус хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Ц.О-ыг гэрчээр асуусан байх бөгөөд тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл[9]-ээс үзвэл “... Даргалагч “Таны шинжээчийн дүгнэлтэд үндэслэл болгосон баримтууд эрүүгийн хэрэгт байгаа юу?” гэхэд Шинжээч “М г” ХХК татварын хяналт шалгалт орж, эрүүгийн хэрэг дээр хөрөнгийн маргаанаар орж ирдэг” гэж, Даргалагч “Таны шинжээчийн дүгнэлт эрүүгийн хэрэгт байгаа юу?” гэхэд шинжээч “Байгаа байх” гэж, Шүүгч “Танд санхүүгийн анхан шатны баримтыг эх хувиар нь өгсөн юм уу?” гэхэд Шинжээч “Эх хувьтай нь тулгаж авсан” гэх зэрэг байдлаар шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болгосон гэх баримтуудын талаар тодруулсан нь тэмдэглэгдсэн байна. Харин тухайн өдрийн шүүх хуралдаанд шийдвэрийн үндэслэл болсон хэргийн 2-р хавтасны 58-172 дахь талд авагдсан гомдол гаргагч компанийн 2013 оны санхүүгийн анхан шатны баримтуудыг шинжлэн судалсан, хэлэлцсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд огт тусгагдаагүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийгээгүй буюу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь тогтоогдож байх тул давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад эцэслэн дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй.

Иймд шүүх бүрэлдэхүүн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121  дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 89 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гомдол гаргагч “М г” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                         Д.БААТАРХҮҮ

                              

                               ШҮҮГЧ                                                  О.НОМУУЛИН

                              

                        ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ  

 


[1] 2-р хавтаст хэргийн 54-56 дахь тал

[2] 2-р хавтаст хэргийн 39 дэх тал

[3] 1-р хавтаст хэргийн 33-35 дахь тал

[4] 1-р хавтаст хэргийн 37-39 дэх тал

[5] 1-р хавтаст хэргийн 49-53 дахь тал

[6] 2-р хавтаст хэргийн 208 дахь тал

[7] 2-р хавтаст хэргийн 211-212 дахь тал

[8] 1-р хавтаст хэргийн 37-39 дэх тал

[9] 2-р хавтаст хэргийн 177-187 дахь тал