Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/01645

 

 Б.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01147 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1450 дугаар магадлалтай

Б.Сын нэхэмжлэлтэй

“Ч” ХХК, Д.Ц, У.Г нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 798 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч” ХХК-ийн захирал У.Г нь 2015 онд өөрийн тоосгоны үйлдвэрийг ажиллуулж эхлэх гэтэл мөнгөгүй болчихоод байна, ажилчдынхаа цалинг тавих гэсэн юм мөнгө зээлээч гэхээр нь 7 000 000 төгрөгийг бэлнээр нягтлан Н.Бямбадаваад нь өөрийн нөхөр н.Болдоор дамжуулан өгсөн. Мөн 2015 оны 5 дугаар сарын 29-нд мөнгө хэрэгтэй байна гээд бэлнээр 300 000 төгрөг У.Г захиралд өөрт нь, мөн У.Г захирлын эхнэр Цэрэндуламын данс болох 5099993756 дугаарын дансаар нийт 4 530 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Мөн тоосго хэрэгтэй байна нийлүүлээч гэж 55000 ширхэг тоосго авсан, тоосгоны үнэ болох 6 250 000 төгрөгөөс 5 282 000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 968 000 төгрөг, мөнгөн хэлбэрээр авсан 11 830 000 төгрөг, нийт 12 798 000 төгрөгийг одоо болтол өгөөгүй байна. Иймд хариуцагч У.Гөөс 8 268 000 төгрөг, Цэрэндуламаас 4 530 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ц, У.Г нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ч” ХХК нь Нийслэлийн Налайх дүүрэгт байрлаж олон жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд барилгын тоосгоны үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг юм. Хариуцагч компани Налайх дүүрэгт байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа олон компани, аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй байнга хамтран ажилладаг ба тоосго хэрэг болсон байгууллага, хувь хүмүүст тоосго нийлүүлэх, тэдний гаргасан хүсэлтийн дагуу урьдчилан тоосгоны нийлүүлэлт ч хийдэг. Б.Стой олон жил хамтран ажиллаж байгаа бөгөөд Б.С нь “Ч” ХХК-ийн тоосгоны үйлдвэрээс тоосго авч, худалдах үйл ажиллагаа эрхэлж байсан, тоосгоны нэг бүрийн үнийг 100.00 төгрөгөөр тооцон урьд жил нь мөнгөө өгч дараа жил нь тоосгоо авах байдлаар ч хамтран ажиллаж байсан юм. Б.С нэхэмжлэлээ иргэн Д.Ц, У.Г нарт хамаатуулан гаргасан нь үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байна. Нэхэмжлэгч 7 000 000 төгрөг өгсөн гэж тайлбарладаг, баримт дээр У.Г зөвшөөрсөн гэж байгаа боловч энэ нь мөнгө өгсөн болохыг нотлохгүй байна. Нягтлан бодогч Н.Бямбадаваа нь мөнгө авсан гэдэг боловч захиралд өгөөгүй байдаг. Н.Бямбадаваа нь уг мөнгийг ямар үндэслэлээр авсан нь тодорхойгүй. Иймд Бямбадавааг гэрчээр асуулгах хүсэлтэй байна. Мөн хариуцагч компани нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаггүй, Баянгол дүүрэгт байдаг. Иймд хэргийн зарим хэсгийг тусгаарлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Н.Бямбадаваа нь одоо хариуцагч байгууллагад ажиллахаа больсон бөгөөд тоосго нууцаар авч байгаад баригдаад ажлаас халагдсан.  Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШЗ2018/01147 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Цаас зээлийн гэрээний үүрэгт 4 530 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Сд олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт хариуцагч “Ч” ХХК-д холбогдох 7 000 000 төгрөг, хариуцагч У.Гт холбогдох 300 000 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч “Ч” ХХК-д холбогдох 968 000 төгрөг, нийт 8 268 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Сын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 219 718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цаас 87 430 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1450 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШЗ2018/01147 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Д.Цаас 4 530 000 төгрөг, хариуцагч “Ч” ХХК-иас 7 000 000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Сд олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлгүй байх тул хариуцагч У.Гт холбогдох 300 000 төгрөг, хариуцагч “Ч” ХХК-д холбогдох 968 000 төгрөг, нийт 1 268 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Сын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

2 дахь заалтад “хариуцагч Д.Цаас 87 430 төгрөг” гэсний дараа “... хариуцагч “Ч” ХХК-иас 126 950 төгрөг” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Сын давж заалдах гомдлыг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1450 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд зааснаар энэхүү хяналтын гомдол гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дугаар зүйлд: “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж хуульчилсныг буруу тайлбарлан хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргасан ба хэрэгт авагдсан нотлох баримтыг өрөөсгөл байдлаар, нотлох баримтан дахь мэдээллийг хэрэгт шууд хамаатуулан дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

Тухайлбал, хэрэгт авагдсан гэрч Д.Болдын мэдүүлгийг илэрхий дэмжин дүгнэсэн нь нотлох баримтын шинж чанарын хувьд гэрчийн мэдүүлэг нь субьетив шинж чанартай, хувь хүний үзэл бодол, байр суурь илэрхий тусгагддаг гэдэг нотолгооны үндсэн зарчмыг умартсан байна. Гэрч Д.Болдын мэдүүлэгт: “...“Ч ”ХХК-ийн захирал Ганхөлөг цалин тавих мөнгөгүй гэж манай хүнтэй ярьж байсан” гэх мэт хэрэгт ач холбогдолгүй зүйлийг шүүх үнэлсэн нь гэрч өөрөө ярьж, сонсоогүй, хараагүй, нүдээр үзээгүй, зөвхөн гэрчийн сонссон гэх дам яриаг нотлогооны нэг эх сурвалж болгосон нь үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр гэрч Д.Болд нь нэхэмжлэгч Содномын гэр бүлийн хүн гэдэг хэрэгт ач холбогдолтой байдлыг авч үзэлгүйгээр нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн эрх ашгийг хангасан нь хууль зөрчсөн.

Д.Болд гэдэг хувь хүн эрх зүйн этгээд, Н.Бямбадаваа гэдэг хувь хүн эрх зүйн этгээдэд өгсөн 7 000 000 төгрөг ямар учир шалтгааны холбоогоор хариуцагч компанид холбогдолтой болсон бэ гэдгийг нотлох бичгийн хэлбэртэй шууд нотлох баримт байхгүй байхад уг төлбөрийг “Ч” ХХК-д хариуцуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзнэ. Учир нь хариуцагч компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох хувьцаа эзэмшигч Д.Ц, гүйцэтгэх захирал У.Г нар байсаар байтал яагаад эдгээр этгээдүүдтэй энэ 7 сая төгрөгийн асуудлаар нэг ч удаа холбогдоогүй, харилцаагүй, үгүй ядахдаа нэхэмжлэгч Содном олон жил бизнес эрхэлсэн хүн юм бол нэг удаа хоорондын тооцоо хийгээгүй, тус компани, эрх бүхий этгээдүүдэд нь албан мэдэгдэл, нэхэмжлэх өгөөгүй юм бэ гэдэг зүй ёсны асуулт гарахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч юу ч хариулж чадаагүй.

“Ч” ХХК-ийн нягтлан бодогч гэдэг Н.Бямбадаваа гэдэг хүн тус компанийн тоосгоны үйлдвэрээс 2 сая төгрөгийн тоосго хулгайлсан нь мэдэгдэж, ажлаасаа халагдсан, тэр хүнд компанийг төлөөлөх эрх олгогдоогүй байхад, төлөөлөх эрхийг нотлох баримт байхгүй байхад түүнд 7 сая төгрөг өгсөн гэдэг нь эргэлзээтэйгээс гадна учир шалтгааны холбоогүй байна.

Гэтэл нэхэмжлэгч Содном урьд нь 4 530 000 төгрөгийг “Ч” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Дэрэндуламын Хаан банкин дахь дансанд удаа дараа шилжүүлж байсан үйл баримт тогтоогдсон атал үүнээс их хэмжээний 7 сая төгрөгийг яагаад компанийн харилцах данс руу, үгүй ядаж л Д.Цын данс руу шилжүүлэхгүй, хаа хамаагүй нягтлан бодогч гэх Н.Бямбадаваад Д.Болд бэлэн мөнгөөр өгсөн юм бэ.

Эдгээр хүмүүсийн хоорондын төлбөр тооцоог “Ч” ХХК-д хариуцуулах нууц шалтгаан байгаа нь тус компанийн тоосгоны үйлдвэр нь жинхэнэ материаллаг эд баялаг бүтээж, үйлдвэрлэдэг тул барьцтай гэж үзсэнээс гадна Д.Болд, Н.Бямбадаваа нарын хоорондын тооцоог энэ үйлдвэрт хамаатуулаад төлүүлчихэж болно гэж нэхэмжлэгч үзсэн байх бүрэн магадлалтай.

Д.Болд өөрийнхөө 7 сая төгрөгийг “Ч” ХХК-ийн нягтлан бодогч Н.Бямбадаваа гэгчид өгсөн гэж үзэхэд хүрвэл, Д.Болд энэ мөнгийг нэхэмжлэх эрхийг Д.Содномд олгосон итгэмжлэл байхгүй, нэхэмжлэгч Д.Болдыг төлөөлөх эрх байхгүй байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна.

 

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1450 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.С нь “Ч” ХХК, Д.Ц, У.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 798 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Б.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...хариуцагч У.Г нь өөрсдийн тоосгоны үйлдвэрийг ажиллуулж эхлэх гэтэл мөнгөгүй болчихоод байна, ажилчдын цалин тавих мөнгө зээлээч гэхээр нь 7 000 000 төгрөгийг бэлнээр нягтлан Бямбадаваад нөхөр Болдоор дамжуулж өгсөн, эхнэр Д.Цын дансаар цувуулж нийт 4 530 000 төгрөгийг шилжүүлсэн, “Ч” ХХК-д өгсөн 55 000 тоосгоны үнэ 6 250 000 төгрөгөөс 5 282 000 төгрөгийг авсан тул үлдэгдэл 968 000 төгрөг дутуу байгаа, мөн У.Г захиралд өөрт нь 300 000 төгрөгийг бэлнээр, түүний хүсэлтээр зээлдүүлсэн. Хариуцагчтай удаа дараа холбогдсон, аргаа бараад эрэн сурвалжлуулсан, эвлэрэн хэлэлцэх талаар ярьж байсан боловч одоо болтол өгөхгүй байна...” гэж тайлбар гаргажээ.

Хариуцагч нар “...талуудын хооронд байгуулсан гэрээ байхгүй, тооцоо нийлсэн падаан, санхүүгийн ямар нэг анхан шатны баримт байхгүй, нэхэмжлэл тодорхойгүй тул зөвшөөрөхгүй...” гэж маргасан байна.

Шүүх талуудын хооронд зээлийн гэрээний болон худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх хариуцагч Д.Цаас 4 530 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн бусад хариуцагчид холбогдох болон үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагч “Ч” ХХК-иас 7 000 000 төгрөгийг нэмж гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Нэхэмжлэгч Б.С нь Хаан банк дахь өөрийн данснаас хариуцагч Д.Цын дансанд 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 13-ны хооронд 5 удаа нийт 4 530 000 төгрөгийг шилжүүлсэн нь хэргийн 10-12 дугаар талд авагдсан Хаан банкны дипозит дансны хуулгаар тогтоогдсон, хариуцагч Д.Цд холбогдох энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй байна.

Хэргийн 137 дугаар талд “Ч” ХХК-ийн нягтлан бодогч Н.Бямбадаваа нь “...ажилчдын цалин тавих зорилгоор иргэн Д.Болдоос 7 000 000 төгрөгийг хүлээн авсан, энэ өрийг тоосго худалдаж барагдуулахаар тохиролцсон, дээрх тохиролцоог захирал У.Г зөвшөөрсөн...” тухай тодорхойлолт бичиж, компанийн санхүүгийн тэмдэг дарсан баримт авагджээ.

Тухайн үед тус компанийн нягтлан бодогчоор Н.Бямбадаваа ажиллаж байсан ба дээрх баримтын талаар хариуцагч маргаагүй, уг шаардлагыг үгүйсгэсэн тайлбар, татгалзал, үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр тус төлбөрийг хариуцагч “Ч” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Мөн тодорхойлолтод дурдсан мөнгө өгсөн гэх Д.Болд нь нэхэмжлэгч Б.Сын гэр бүл, хамтран амьдардаг бөгөөд “Ч” ХХК-ийн захирал У.Гийн хүсэлтээр Б.Сын мөнгийг дамжуулж өгсөн гэх гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул тухайн 7 000 000 төгрөгийг Б.С нэхэмжлэх эрхгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлсны үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт цугларсан баримтыг үндэслэж,  Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн, 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1450 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД