| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 105/2017/0363/Э |
| Дугаар | 360 |
| Огноо | 2018-04-12 |
| Зүйл хэсэг | 215.3., 216.2., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 360
Д.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Оюун-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,
шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Б.Чинбат, Б.Энхбаяр,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н-н өмгөөлөгч Ц.Тунгалаг, Ц.Майбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Б-д холбогдох 201724000163 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
У овгийн Д-ийн Б, 19.. оны .. дугаар сарын 4-ний өдөр ..... аймгийн ............ суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .............. дүүргийн .. дүгээр хороо, ....... дугаар гудамжны, .... тоотод оршин суух,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 390 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял дээр 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 209 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 7 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ..../;
Д.Б нь 2017 оны 3 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө 02 цагийн орчим, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, .......... .. дүгээр гудамжид “Хьюндэй Старекс” загварын, 58-49 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч П.Б-ыг дайрч, амь насыг нь хохироосон, улмаар зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Д.Б-н үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокуророос Д.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, прокуророос Д.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт болгон өөрчилж, Д.Б-г согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар Д.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-н урьд цагдан хоригдсон нийт 126 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Д.Б-н эзэмшлийн “Хьюндэй Старекс” загварын, 58-49 УНЭ дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, өөрт нь тээврийн хэрэгслийн 0218824 дугаартай гэрчилгээний хамт буцаан олгож, Д.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын 438804 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Лицензийн төвд хүргүүлж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н-н өмгөөлөгч Ц.Тунгалаг, Ц.Майбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
1. Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн талаар,
Шүүгдэгч Д.Б-н согтуурсан үедээ тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай журам зөрчиж, П.Б-г дайрч амь насыг нь хохироосон үйлдэл нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжтэй дүйцэж байгаа боловч согтуурсан гэх шинжийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш буюу 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад гэмт хэргийг гэмт хэрэгт шинээр тооцсон, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэхгүй гэж хуульчилсан байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
2. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн.
Хавтаст хэрэгт тусгагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н, гэрч М.Н, Я.Т, Н.С, Ч.Ө нарын болон шүүгдэгч Д.Б-н өөрийнх нь мэдүүлгээр тэрээр осол гарсан газарт байгаагүй. Тээврийн хэрэгслээ хөдөлгөсөн, ослын талаар цагдаагийн байгууллага, түргэн тусламжийн төвд дуудлага өгөөгүй, ослын газрын орхиж явсан болох нь нотлогддог. Хэдийгээр тэрээр осол гарсан болохыг мэдээгүй гэж мэдүүлдэг боловч үүнийг нь өөрийнх нь мэдүүлгээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн тэрээр осол гарсныг ямар учраас мэдээгүй талаараа тайлбарлаж чадаагүй. Хэрэв тээврийн хэрэгслийн үзлэг, шинжилгээгээр түүний машины доод хэсгээс талийгаачийн цус илрээгүй бол тэрээр мөн л би дайраагүй гэх байсан. Д.Б нь өөрөө энэ талаараа ч мөн мэдүүлдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилсан байхад шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй, гагцхүү шүүгдэгч Д.Б-н мэдүүлэгт үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
3. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг буюу эрдэнэт хүний амь нас хохирсныг, шүүгдэгч Д.Б-н үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй, маргаж байгаа зэргийг харгалзан үзэлгүй түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н-н өмгөөлөгч Ц.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн. 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийг шинээр гэмт хэрэгт тооцсон, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэхгүй гэж хуульчилсан байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч нь ослын газрыг орхиж явсан нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилсан байхад шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй, гагцхүү шүүгдэгч Д.Б-н мэдүүлэгт үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг буюу эрдэнэт хүний амь нас хохирсныг болон шүүгдэгч Д.Б-н үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй, маргаж байгаа зэргийг харгалзан үзэлгүй түүнд хөнгөн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маш их гомдолтой байна. Энэ хэргийг санаатайгаар үйлдсэн гэж бодож байна. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү..” гэв.
Шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Б.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгчөөс “шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн давж заалдах гомдол гаргасан. Зарим гэмт хэрэгтэн согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдээд “юу хийснээ санахгүй, мэдэхгүй байна” гэж мэдүүлдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектив тал нь хэргийн газрыг зориуд орхиж явсан гэм буруугийн санаатай хэлбэртэй байдаг. Д.Б-н нь осол гаргаснаа мэдээгүй тул түүнд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Д.Б-г осол болсны дараа драйгер үлээлгээгүй. Маргааш нь түүний цуснаас дээж авахад спиртийн агууламж илрээгүй. Тухайн үед согтолтын зэрэг хэд гарах байсныг тогтоох боломжгүй. Тэгэхээр түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг нь эргэлзээтэй байна. Энэ талаар Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н “...Д.Б талийгаачийг архиар шахаад байсан. Д.Б өөрөө архи уугаагүй” гэж мэдүүлсэн. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Г.Н-н удаа дараа тогтвортой өгч байгаа мэдүүлгийг тэмдэглэлд тусгаарай гэж хэлсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхэд ирж шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад тэр талаар огт тусгаагүй байсан. Дээрх байдлуудаас үзэхэд миний үйлчлүүлэгчийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг нотлох баримт байхгүй байна. Иймд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг баримтлан, Д.Б-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэв шүүхээс зүйл, хэсгийг өөрчилсөн тохиолдолд миний үйлчлүүлэгчийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хэрэв давж заалдах шатны шүүх Д.Б-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдсон гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ялыг оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Б.Энхбаяр тус шүүх хуралдаанд нэмж хэлэх тайлбаргүй гэв.
Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хохирогч нь уг хэргийг хүн амины хэрэг гэж ярьдаг. Амь хохирогч, шүүгдэгч нар нь олон жилийн өмнөөс бие биеэ мэддэг хүмүүс байсан. Мөн бие биеэ санаатайгаар амь насыг хөнөөх, хохироох санаа зорилго байгаагүй нь тогтоогдсон. Зам тээврийн осол нь жолооч Д.Б-н ухрах үйлдэл хийхэд үйлдэгдсэн болох нь нотлогдсон. Мөн энэ зам тээврийн ослыг согтуугаар үйлдсэн гэж үзсэн. Амь хохирогчийн гэрт золголт хийх гэж очсон хүмүүсийн нэг нь Д.Б байсан. Д.Б-г хүмүүстэй хамт архи уусан болох нь энэ үед ирсэн байсан гэрч Алтантуяа, Бямбадорж нарын мэдүүлгээр нотлогддог. Тийм учраас Д.Б-г согтуугаар зам тээврийн осол гаргасан гэж үзсэн. Прокурор яллах дүгнэлтдээ осол болсон газрыг орхиж зугтаасан гэж үзсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд “санаатайгаар” гэсэн санаа зорилгыг зааж өгсөн. Тэгэхээр зам тээврийн осол гараад санаатайгаар зугтаасан гэх нөхцөл байдал нь эргэлзээтэй байсан тул эсэргүүцэл бичээгүй. Ялын хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэг нь 3-5 жилийн хорих ялтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт нь 2-8 жилийн хорих ялтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд эрх зүйн байдлын дээрдүүлсэн хуулийг хэрэглэхээр заасан бөгөөд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсгийн хорих ялын доод хэмжээ нь 2 жил болж, Д.Б-н эрх зүйн байдал нь дээрдэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Д.Б нь 2017 оны 3 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө 02 цагийн орчим, согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, ........... дүгээр гудамжид “Хьюндэй Старекс” загварын, 58-49 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч П.Б-ыг автомашинаар дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н-н “...2017 оны 3 дугаар сарын 5-ны орой 20 цагийн орчим манай найз Бямбаа эхнэр хүүхдийн хамт манайд ирсэн... Тэгсэн Д.Б “би ахтай золгох гэж ирлээ” гэсээр халамцуу орж ирсэн. 22 цагийн үед Бямбаа эхнэр, хүүхдүүдтэйгээр харихаар гарцгаасан ...П.Б, Д.Б хоёр дундаа 0,5 граммын архи тавьчихсан уугаад сууж байсан. Шөнө 02 цагийн үед Д.Б-г хадам ээжийндээ орж унт гэж хэлээд Д.Б, П.Б бид гурав гарсан. Гараад хашааны үүдэнд байсан Д.Б-н автомашинд орж суусан ба жолооны хүрдний ард Д.Б суугаад хажуугийн суудалд талийгаач нөхөр маань суусан. Би арын суудалд сууж байсан... Тэгтэл Д.Б машин дотроосоо том савтай 2 литрийн пиво гаргаж ирээд түүнийг нь манай гэрт ороод талийгаач болон Д.Б нар хувааж уусан. Тэгээд “архи байвал өгөөч” гэхээр нь би “байхгүй” гэсэн чинь тэр хоёр Шархад орж авъя гэж хоорондоо яриад гэрээс гарахаар нь би араас нь дагаад гарсан. Гэтэл талийгаач нөхөр маань “би өөрийнхөө машиныг асааж явна” гээд гэрээс аккумлятор бариад гараад ирэхээр нь “чи юу яриад байгаа юм” гээд аккумляторыг нь аваад гэр лүүгээ оруулж тавьчихаад зуухныхаа үнсийг асгахаар эргээд гараад иртэл талийгаач хашааны хаалганы баруун талын нойлийн гадаа бие засаж байгаа харагдсан. Энэ үед хашааны гадаа байсан Д.Б-н машин асаж байх шиг байсан. Би гэр лүүгээ ороод зуухныхаа үнсний тосгуурыг хийчихээд гараад иртэл Д.Б машинтайгаа манай хашааны урд талын үхрийн байрны урдуур баруун тийш явж байгаа харагдсан ба манай нөхөр байхгүй байхаар нь энэ хоёр нийлээд архи уухаар явчихлаа гэж бодоод хашааны хаалгаа цоожлоод хоёр нохойгоо сул тавиад гэртээ орсон. Тэр хоёрыг удахгүй хүрээд ирэх байх гэж бодоод хэвтэж байтал унтчихсан байсан. Ингээд өглөө босоод гэрийн ажлаа хийж байгаад үхрээ услах гээд байж байтал манай гэрт хоносон Ука “би усалчихъя” гээд үхрийн байрны зүүн талаар урагшаа явснаа “Н эгч ээ, П.Б ах энд уначихсан байна” гээд орилоод ирсэн. Намайг яваад очтол нөхөр маань баруун талаараа хагас доошоо харсан байдалтай, нүүр ам нь цус болчихсон, толгой тархи нь хагарчихсан, цээжин бие нь хөх эрээн болчихсон, гар хөл нь хөлдчихсөн, зүүн хөлийнх нь гутал болон малгай нь тайлагчихсан байдалтай хэвтэж байсан...” /хх 1-н 44-45/,
гэрч Н.С-н “...2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр гэртээ байж байтал манай ээж Нэргүй над руу залгаад “П.Б ах сүйд болсон байна, Н нь Д.Б-г ирсэн гэж хэлж байна, та нар яаралтай ир” гэсэн. Тэгээд би Д.Б-г сэргээд “...чи өчигдөр хаачсан бэ” гэж асуухад “П.Б ахын гэрт очсон, П.Б ах, Н эгч хоёр намайг гаргаж өгөөд би гэртээ 03 цагийн орчим ирсэн” гэж хэлсэн. Шөнө 03 цагийн орчим өөрийнхөө 58-49 УНЭ улсын дугаартай “Старекс” загварын машинтайгаа ирээд машинаа тавиад л тусдаа унтаад өгсөн. Би Д.Б-г архи уусан талаар мэдээгүй... Цагдаа нар ирээд манай нөхрийн машинд бас үзлэг хийсэн...” /хх 1-н 63/,
гэрч С.А-н “...2017 оны 3 дугаар сарын 5-ны орой 19 цагийн орчим П.Б ахын гэрт нөхөр Бямбадорж, хүргэн болон охиныхоо хамт золголт хийгээр очсон. Тэднийд бууз жигнүүлээд 0,75 грамм архийг талийгаач болон манай нөхөр хоёр хувааж уугаад орой 22 цагийн орчим явахаар гартал Д.Б ганцаараа ирсэн. Тэгээд бид талийгаачийн гэр лүү буцаж ортол талийгаач бүтэн шил 0,75 граммын архи задалсан. Тэр архийг талийгаач, Д.Б, манай нөхөр бид дөрөв хувааж уусан. Архи дуусах үед Д.Б гараад машинаасаа дахин 0,5 граммын архи авчирсан. Тэр архинаас нь манай нөхөр бид хоёр ёс болгож амсаад гараад явсан. Тэднийд талийгаач П.Б, түүний эхнэр Н, Д.Б, дүү нь гээд нэг залуутай дөрвүүлээ үлдсэн. Бид нарыг гарахад Д.Б халамцуу байсан...” /хх 1-н 64/,
гэрч Х.Б-н “... Тухайн өдөр танил ах П.Б-н гэрт эхнэр А, хүргэн, охины хамт золголт хийхээр очсон... Д.Б нь бор саарал өнгийн “Старекс” загварын автомашинтай ганцаараа ирсэн...” /хх 1-н 66/,
гэрч Ч.Ө-н “... Би аавын талын хамаатан болох П.Б-ын гэрт шинийн гурванд очсон. П.Б ах надад “ах нь золголт ихтэй байна, хэд хоног хонь харж өгөөч” гэхээр нь тэдний хонийг нь харж байсан. Тухайн өдрийн орой Бямбаа гэх хүн эхнэр, хүүхдүүдийн хамт ирээд талийгаачтай тал шил архи хувааж уугаад 21 цаг өнгөрч байхад эхнэр, хүүхдүүдийн хамт гарч явтал Д.Б машинтайгаа урд хаалган дээр ирсэн. Тэгтэл Бямбаа явахаа болиод буцаж ороод талийгаач П.Б ах, Бямбаа, Д.Б нар 0,75 грамм архи хувааж уугаад дуусгасан. П.Б гараад машинаасаа 0,5 граммын архи авчирсан ба уг архинаас Бямбаа уугаагүй, эхнэр хүүхдийн хамтаар явсан. Удалгүй талийгаач, Н эгч, Д.Б гурав гарч яваад нэлээд удаж байгаад орж ирэхдээ 2 литрийн тал пиво бариад орж ирсэн байсан. Тэгтэл П.Б явна гэсэн ба талийгаач “миний дүү согтуу машинтай явж болохгүй” гэж хэлж байсан. Тэгээд л би унтсан. Өглөө сэргэхэд гэрт хэнч байгаагүй, малын хашаа ороход Н эгч үнээгээ саагаад дуусч байсан. Талийгаачийг асуухад “ах нь шөнө ирээгүй, Д.Б-тэй хамт явсан” гэж хэлсэн. Би морь услах гээд хашаанаас гараад талийгаачийн урд хашааны зүүн булан тойртол хашааны хажууд талийгаач хэвтэж байсан...” /хх 1-н 68-69/,
шинжээч М.Э-ны “...Талийгаач П.Б-д учирсан гэмтлүүдийг нэгтгэж дүгнэж үзэхэд хэвтээ байрлалд дайрагдах, шүргэгдэх, чирэгдэх үед үүсэх боломжтой, босоо байрлалд үүсэх боломжгүй гэмтлүүд байна. Энэ гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд учраас гэмтлүүдийн дарааллыг тогтоох боломжгүй...” /хх 1-н 110/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: Авто осол: Хавсарсан хүнд гэмтэл: Талийгаачийн цогцост тархины 2 тал бөмбөлгийн дагз суурь хэсгийг хамарсан зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины гүүрийн хэсэгт эдийн няцрал, суурь ясны нийлмэл хугарал, эрүү ясны хугарал, баруун өвчүүний хажуугийн шугамаар 6,7,8-р хавирга, эгэмний дунд шугамаар 1,2,3 хавирга, зүүн өвчүүний хажуугийн шугамаар 1,2,4,5,6,7,8-р хавирга, эгэмний дунд шугамаар 4-р хавирга, суганы дунд шугамаар 1,2,3,4,5,6-р хавирга, далны шугамаар 6-р хавирганы хугарал, зүүн эгэм ясны хугарал, 2 уушгины бүрэн авчилт, нүүрний 2 тал, цээж, зүүн мөр, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн сарвуунд зулгаралт, дух, баруун шанаа, баруун чихний дэлбэн, доод эрүүнд шарх, хуйх, баруун сарвуу, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хүний хүчнээс давсан үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой /авто осол гэх мэт/ бөгөөд мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Нэг цаг хугацаанд үүссэн учир гэмтлийн дараалал тогтоох боломжгүй, талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ...” гэх 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 556 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 1-н 75-78/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 58-49 УНЭ улсын дугаартай автомашины хойд гупер дээр цус илэрсэн, урд гупер, дугуй болон доод эд ангиуд дээр ус, цус илрээгүй. Хойд гупер дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо эрэгтэй хүний цус байна. Уг цус нь П.Б-н цус байна...” гэх 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 3302 дугаартай дүгнэлт /хх 1-н 83-84/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн малгайнд цооролт, сэмрэлт, цэнхэр оруулгатай саарал хүрмэнд товчны бэхэлгээний тасралт, урагдалт, хар өнгийн зураасан мөр, ногоон эрээн өнгийн саарал цамцанд товчны бэхэлгээний тасралт, “Г” хэлбэртэй гогодолт, саарал майканд “Л” хэлбэрийн гогодолт, бор өнгийн өмдөнд урагдалт, саар дотуур өмдөнд урагдалт, саарал өвдгөвчинд урагдалт шинээр гарсан байна. Цооролт, сэмрэлт, товчны бэхэлгээний тасралт, урагдалт, гогодолт нь хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлээр гарсан байх тул автомашины мөргөгдөх, дайрагдах үед гарсан байж болно...” гэх 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1704 дугаартай дүгнэлт /хх 1-н 86-90/,
Замын цагдаагийн албаны шинжээчийн “...58-49 УНЭ улсын дугаартай, “Хьюндай Старекс” загварын автомашины жолооч Д.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч П.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 188 дугаартай дүгнэлт /хх 1-н 71-72/,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “...1. Уг автомашиныг тэнхлэг шалгагч тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд ...хойд тэнхлэгийн ажлын тоормос зогсоогүй, зүүн гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд эвдрэл гэмтэлтэй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 3. ...Хойд буферын бэхэлгээ сэнжнүүд нь мултарч дунд хэсгээрээ хагарч цуурсан, хойд буферын баруун гар талын дээд хэсэгт цохигдож хонхойсон сэвтэй, хойд тэнхлэгийн ажлын тоормос зогсохгүй, зүүн гар талын холын гэрлийн тусгал тохиргоогүй эвдрэл гэмтлүүд нь зам тээврийн ослын өмнө болон дараа үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй. 4. Ослын өмнө болон ослын дараах эвдрэл гэмтлүүдийг осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй...” гэх 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 50 дугаартай дүгнэлт /хх 1-н 102-107/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх 1-н 3-5/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 6-12/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх 13/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 14-18/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 19/, хэрэг учралын газар давтан үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 22-24/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Д.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Прокуророос Д.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байх ба анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх явцад буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Түүнчлэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг журамлан, Д.Б-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг анхан шатны шүүх Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад нийцүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн байх ба Д.Б-д тухайн зүйл, хэсэгт заасан төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг, Ц.Майбаяр нараас “...Д.Б-н үйлдлээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт “Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол...” гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй ба зориудаар зугтаасан байхыг шаарддаг.
Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Б нь осол болсныг мэдээд зориудаар зугтаасан хэргийн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н-н өмгөөлөгч Ц.Тунгалаг нь “...”согтуурсан” гэсэн шинжийг 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх ёстой байсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” гэх давж заалдах гомдлын үндэслэлээсээ шүүх хуралдааны явцад татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэр томъёог буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөв.