Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 550

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийж, “Ц Ш” ХК-ийн нэхэмжлэлтэй, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаар шийдвэрийн “Г Х” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-гийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Б, нарийн бичгийн дарга Э.Ннар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д түүний өмгөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Тус компани нь  Хөтөл-1 ордоо ашиглан үйлдвэрлэлээ явуулж ирсэн ба шохойн чулууны Хөтөл-2 ордод хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу авч гүйцээх хайгуулыг өөрийн хөрөнгөөр хийж нөөцийг нь тогтоон ашигт малтмалын нөөцийн улсын бүртгэлд бүртгүүлж MV-015249 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу ашиглаж байна. 

Хөтөл-2 шохойн чулууны ордын хайгуулаар үндсэн болон өмнөд гэсэн 2 биет байгааг илрүүлж нөөц болон чанарын үнэлгээг өгч Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөс 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ХХ-11-03 дүгнэлтийг гаргаж, дүгнэлт хэсгийн 1,2,3,4 дэх заалтуудаар эрх бүхий байгууллагуудад холбогдох зөвшөөрөл, даалгавруудыг өгсөн. 

“... Манай компанийн хувьд МV-015249 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайн гүний нөөцийг ашиглахын тулд урагш тэлэх зайлшгүй шаардлага гарсаны дагуу өргөдөл хүсэлтээ удаа дараа Ашигт малтмалын газарт гаргасан байдаг. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Г Х” ХХК-иас ОН0925/1 дугаартай албан тоот ирснээр Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний 530 дугаартай шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийг уг компанид олгосон болохыг мэдсэн. 

Ашигт малтмал, газрын тосны газар болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст “Г Х” ХХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/1064, 01/1065 дугаартай албан бичгээр гаргасан  ба уг газраас 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 7/7527 дугаартай албан бичгээр манай компаниас гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн тул захиргааны хэргийн шүүхэд хандах болсон. 

Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаартай шийдвэрээр “Г Х” ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.2.4, 19.12 дахь заалтуудыг зөрчсөн.

Иймд “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаар шийдвэрийн “Г Х” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“ ... Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн/-аар тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх бүрэн эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосон. Хуулиар олгогдсон дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2014 онд 239, 2015 онд 511, 2017 онд 106 дугаар тогтоолыг тус тус баталж, хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдөл болон сонгон шалгаруулалтын журмаар  олгох боломжтой талбайн солбицлыг нийтэд тухай бүр нь мэдээлсэн.

Төрөөс тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрын хуралдаанд Уул уурхайн сайдын 2015 оны 1/85 тоот албан бичгээр танилцуулга хүргүүлсний үндсэн дээр шийдвэрлүүлсэн бөгөөд тэдгээрээс хэлэлцэж зөвшөөрсний дагуу Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох бодлогын хүрээнд 2015 онд нутаг дэвсгэрийн баруун, зүүн хэсэгт хуваан хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлд геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам/-ын бүрэн эрхийг тодорхойлсон бөгөөд 10 дугаар зүйлийн 10.1.4-д “тусгай зөвшөөрөл авах, хугацааг нь сунгах, шилжүүлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлүүлэх, хайгуулын ажлын төлөвлөгөө, мэдээ, тайланг хянуулах ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээг тогтох”, мөн зүйлийн 10.1.10-д “ашигт малтмал хайх, ашиглах, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх” гэж тус тус заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, зохих журмын дагуу хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн аж ахуйн нэгжид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор хуульчилсан байдаг. 

“Ц Ш” ХК нь дээрх хууль, холбогдох журамд заасан шаардлагын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаагүй байна. Хэрвээ хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан бол Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хүлээн авч дарааллын дагуу бүртгэн, хянан шийдвэрлэх ёстой бөгөөд нэхэмжлэлд дурдсан өргөдөл нь бичгээр гаргаж байгаа өргөдөл байхад 19 дүгээр зүйлд заасан ажиллагааг Кадастрын хэлтэс явуулаагүй гэсэн нь үндэслэлгүй байна. 

“Г Х” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөдлийн бүртгэлийн NE-026565 дугаарт бүртгэгдсэн Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутагт орших “Шохойт” нэртэй 37.88 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. “Г Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн материалыг Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3 дахь хэсгүүдэд заасны дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргаас санал авахаар 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 7/3470 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. 

“Г Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-026565 дугаарт бүртгэгдсэн өргөдөл Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасны дагуу хуулийн хугацаанд саналыг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлээгүй тул Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаар шийдвэрээр “Г Х” ХХК-нд ашигт малтмалын хайгуулын XV-019565 тоот тусгай зөвшөөрлийг олгосныг Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 7/6308 тоот албан бичгээр мэдэгдсэн байна. 

Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд, хуулийн нөхцөл шаардлагын дагуу дээрх шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Г Х” ХХК-ийн захирал Ш.П болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: 

“Манай компани 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд мөн оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ашигт малтмалын хэлтэст хуулийн дагуу Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутагт орших “Шохойт” нэртэй 37.88 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. 

2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн боловч хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй тул мөн оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаар шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын XV-019565 тоот тусгай зөвшөөрлийг олгосон болохыг албан тоотоор мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдаж буй 1978 оноос хойш нөөцийг нь тогтоон 2015 оноос тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг гаргаж байсан гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. 

“...нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт орж холбогдох журмууд батлагдсан улс орон даяар дагаж мөрдөгдөн хэрэгжиж байхад маргаан бүхий талбайд хуулийн дагуу цахим хэлбэрээр өргөдөл гаргаж шийдвэрлүүлээгүй байж өнөөдөр бичгээр хүсэлт гаргасан хариу өгөөгүй гэсэн үндэслэл дурьдаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөлгүй талбайд нөөц тогтоон нөөцөд бүртгүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх “Ц Ш” ХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаар шийдвэрийн “Г Х” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Гуравдагч этгээд “Г Х” ХХК Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэст 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр “Шохойт” нэртэй газарт 38 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар зохих журмын дагуу өргөдөл гаргаж, өргөдлийн бүртгэлийн NE026565 дугаарт бүртгэгджээ.

“Д Б” ХХК,  “Г Т”  ХХК, “М э Д” ХХК,  “Н В” ХХК-иас “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах дугаарыг цахимаар олгож аж ахуйн нэгж байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхийг Ашигт малтмалын тухай хуульд байхгүй үндэслэлээр хязгаарлаж, хуульд байхгүй үүрэг болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдлийг илт хууль болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаатай холбогдуулан хариуцагч  “Г Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэхийг түдгэлзүүлсэн байна.

Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсээс хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоор 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зарласан талбайгаас “Г Х” ХХК-ийн өргөдөл гаргасан талбай гарсантай холбогдуулан “Г Х” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар  албан бичгээр өргөдөлд заагдсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг хянан шалгах, Сэлэнгэ аймгийн Засаг дарга руу санал авахаар мэдэгдэл хүргүүлэх хүсэлтийг гаргасан байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 7/3470 дугаар албан бичгээр  Сэлэнгэ аймгийн Засаг даргад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн  19.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэл хүргүүлсэн боловч хуульд заасан 30 хоногийн хугацаанд хариу ирүүлээгүй тул хариуцагч 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаар шийдвэрээр “Г Х” ХХК-д Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Шохойт” нэртэй 37,88 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ.

Хоёр. Нэхэмжлэгч “Ц Ш” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон өмгөөлөгч нь маргаан бүхий захиргааны актаар эзэмшүүлсэн ашигт малтмалын хайгуулын талбайд улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон тул “Г Х” ХХК-д уг талбайг олгосон нь хууль бус гэж мэтгэлцсэн. 

Нэхэмжлэгч “Ц  Ш” ХК нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутагт орших Хөтөл-2 нэртэй орд газрыг МҮ-015249 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.

Анх Хөтөлийн районы барилгын материал, шохойн чулууны ордын геологийн судалгааны ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсний үндсэн дээр тухайн үеийн Засгийн газраас судлагдсан ордуудыг түшиглүүлэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг байгуулсан болох нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн 1974 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Барилгын материал-техникийн баазыг бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай” 232 дугаар тогтоол , 1978 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Цементийн шинэ завод барихтай холбогдсон зарим арга хэмжээний тухай” 10 дугаар тогтоол , 1978 оны 01 дүгээр сарын ”Цементийн заводын техник-эдийн засгийн үндэслэлийг батлах тухай” 67 тогтоол  зэргээр нотлогдож байна.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Геологи, уул уурхай, үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн 1978 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 142 дугаар  хурлын шийдвэрээр  Хөтөл-2 шохойн чулууны ордын нөөцийг С1 зэргээр 10,327.0 мянган тонн, С2 зэргээр 6208.0 мянган тонноор түүхий эдийн нөөцөд хүлээн авсан байна. Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 260 дугаар  тушаалаар 1978 онд хүлээн авсан нөөцийг ашигт  малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлээс хасч, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2009 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 07-01 дүгээр дүгнэлтээр Хөтөл-2 ордын шохойн чулууны бодитой /В/ нөөцийг 12,331,315.7 тонн, боломжтой /С/ нөөцийг 3,365,483.6 тонн, нийт 15,696,799.3 тонноор хүлээн авч ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэжээ. 

Харин Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн х/134 дүгээр тушаалаар  Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 11-03 дугаар дүгнэлтээр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг орших Хөтөл-2 шохойн чулууны орд буюу  “Ц Ш” ХК-ийн МҮ-015249 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй талбайд хамаарагдах геологийн бодитой /В/ нөөцийг 23,281,905.6 тонн, боломжтой /С/ нөөцийг 7,897,284.0 тонн, нийт 31,179,189.6 тонноор шинэчлэн баталсан байна.

Нэхэмжлэгч “Ц Ш” ХК нь анх улсын төсвийн зардлаар 1978 онд тогтоогдсон шохойн чулууны нөөцийг Хөтөл-2 нэртэй MV-015249 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа тул “Г Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-019565 дугаар тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа талбайд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоож, эрдсийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байна.

 Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “Г Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон” гэх мэтгэлцээн үндэслэлгүй байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаар шийдвэрээр “Г Х” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр “Шохойт” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12-т “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Нөгөөтэйгүүр, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар ёсоор гуравдагч этгээд “Г Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-019565 дугаар тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа талбай болон нэхэмжлэгч “Ц Ш” ХК-ийн  MV-015249 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа талбайтай давхцалгүй болох нь тогтоогдсон, давхцалтай эсэх талаар хэргийн оролцогчид маргаагүй.

 Гурав. Нэхэмжлэгч “Ц Ш” ХК нь “ашигт малтмалын MV-015249 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг урагш тэлэх өргөдлийг удаа дараа Ашигт малтмалын газарт гаргаж байсан” гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж маргасан.

“Ц Ш” ХК нь 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/507 дугаар  албан бичгээр Уул уурхайн яаманд, мөн өдрийн 01/508 дугаар  албан бичгээр Ашигт малтмалын газарт, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/1403 дугаар  албан бичгээр Ашигт малтмалын газрын даргад “тусгай зөвшөөрлийн талбайг тэлэх” хүсэлтүүдийг гаргаж байсан байна.

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон Ашигт  малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна” гэж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргаж буй аж ахуйн нэгж нь Ашигт малтмалын хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан баримтуудыг өргөдөлдөө хавсаргах ёстой байна.

Үүнд: тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, үйлчилгээний хөлс төлсөн баримт, мэргэжлийн боловсон хүчин болон техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан талаархи мэдээлэл, тухайн талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төрөл, хэмжээ, хугацаа, өртөг болон байгаль орчныг хамгаалах ажилд зарцуулах зардал бүхий төсөл, төсөв болон холбогдох бусад баримт бичгийг нэгтгэсэн техникийн санал, Монгол Улсад татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай татварын албаны тодорхойлолт зэрэг.

Гэтэл нэхэмжлэгч “Ц Ш” ХК нь маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээдэд олгосон ашигт малтмалын хайгуулын талбайд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж  байсан хуулийн дагуу өргөдөл гаргасан гэж үзэх нотлох баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, тусгай зөвшөөрөл бүхий талбайг “тэлэх”, “томсгох” гэх ойлголт Ашигт малтмалын тухай хуульд байхгүй тул нэхэмжлэгч нь зохих журмын дагуу өргөдөл гаргасан гэж үзэхгүй.

Нэгтгэн дүгнэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-т “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагч маргаан бүхий шийдвэрийг гаргасан, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.12 дахь хэсгийг баримтлан  “Ц  Ш” ХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаар шийдвэрийн “Г Х” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ТӨМӨРБАТ