Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 112/2022/0002/З/Т |
Дугаар | 221/МА2022/0740 |
Огноо | 2022-11-28 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2022/0740
Э.Нын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга О.А,
Нэхэмжлэгч: Э.Н,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Б.Б-Э,
Нэхэмжлэлийн шаардлага: “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаартай “Сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Баян-Уул сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах”,
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Э.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,
Хэргийн индекс: 112/2022/0002/З/Т.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Н нь Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаартай “Сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Баян-Уул сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах”-аар маргасан байна.
2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн г, 25 дугаар зүйлийн 25.4, 32 дугаар зүйлийн 32.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаар захирамжийг хүчингүй болгож, Э.Ныг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож”,
2 дахь заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар Э.Нт ажилгүй байсан хугацааны 235 хоногийн олговор болох 15096517 /арван таван сая ерэн зургаан мянга таван зуун арван долоон/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилт хийж олгохыг Говь-Алтай аймгийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга О.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, нотлох баримтыг үнэлэхдээ ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг зөрүүтэй үнэлсэн, хэрхэн үнэлсэн талаар дурдалгүй, хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4, 106.7 дахь хэсгийг тус тус зөрчиж байна. Тодруулбал шүүх дараах үндэслэлээр тус тус дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийг ёсчилсон байна. Шүүх Үндэслэх хэсгийн 11-д “Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд өмнөх тогтоолоо хүчингүй болгож, шүүх энэ талаар шийдвэрлэсэн байх тул 19 дүгээр тогтоол болон түүнийг хүчингүй болгосон 31 дүгээр тогтоолын үндэслэл болон уг тогтоолыг гаргасан хуралдааны ирц, процесс ажиллагааны талаар шүүх шалгах, энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна”, 18-д хурал хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд сумын Засаг даргаа огцруулж, огцруулсан тогтоолоо өөрөө хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна” гэжээ. Тус хэргийн маргаан таслах гол нотлох баримтуудын нэг бол Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоол бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд захиргааны акт гаргахдаа хуулийн хүрээнд бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр гаргах ёстой. Гэвч Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолыг 19 дүгээр хурлын ирц бүрдсэн эсэхийг үл харгалзан тогтоол гаргасан байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасныг тус тус зөрчсөн. Гэтэл шүүх үүнийг шалгах, дүгнэлт хийх шаардлагагүй, хууль зөрчөөгүй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, нотлох баримтыг үнэлэхдээ ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон байгааг харуулж байна. Нөгөө талаас шүүх шийдвэртээ “.... хурал хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд сумын Засаг даргаа огцруулж, огцруулсан тогтоолоо өөрөө хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн нь Хурлын огцруулсан тогтоолыг мөн адил хууль зөрчөөгүй гэж үзсэнийг баталж байна.
3.2. Шүүх Үндэслэх хэсгийн 14-д “... гэж мэдүүлснээс үзэхэд тухайн хонжворт сугалааг нэхэмжлэгч зохион байгуулсан гэсэн хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна”, 19-д “... нэхэмжлэгчийн хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэжээ. Сумын Засаг дарга нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын а-д “хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах” гэсэн эрхтэй байх атал олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болох хонжворт сугалааг зохион байгуулах ажлыг дэмжсэн үйлдэл, эс үйлдэхүй нь улс, аймгийн Онцгой комисс, Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг сумын хэмжээнд зохион байгуулаагүй, биелэлтийг хангаагүй, чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн эс үйлдэхүй юм. Учир нь тухайн үед улс, аймгийн Онцгой комиссын гамшгаас хамгаалах бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед авах арга хэмжээ, хориглолт, хязгаарлалтууд нь хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байсан буюу өмнөх улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр байхгүй. Ийм байхад шүүх Баян-Уул сумын Засаг даргыг хууль тогтоомж зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадахгүй байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-д заасныг тус тус зөрчиж байна. Түүнчлэн тухайн үеийн аймгийн Засаг даргын шийдвэрүүдийг нотлох баримтын шаардлага ханган хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байх атал тэдгээр нотлох баримтыг ач холбогдол өгч үнэлээгүй, сумын Засаг даргын 2021 оны А/61 дүгээр захирамжийг нотлох баримтаар авч үзэн үнэлсэн нь нотлох баримтыг үнэлэхдээ ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьсан гэдгийг харуулж байна.
3.3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим нь захиргааны акт гаргах ажиллагаа бүрт тэгш байдлаар үйлчилдэг. Гэтэл шүүх аймгийн Засаг даргын 2021 оны Б/67 дугаар захирамж, мөн захирамжийн гол эрх зүйн үндэслэл болсон Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 19 дүгээр тогтоол, түүнийг хүчингүй болгосон 31 дүгээр тогтоолын бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах ажиллагаанд ялгаварласан, хэт нэг талыг барьсан байдлаар дүгнэлт хийсэн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй болно.
3.4. Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 19-д “... захирамж хууль зүйн үндэслэлгүй, ажлаас огцруулсан үндэслэл нь тодорхойгүй талаар иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй байх тул уг дүгнэлтийг харгалзан үзэж, аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаар захирамжийг хүчингүй болгож, Э.Ныг сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна” гэжээ. Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 11-д “Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 31 дүгээр тогтоолын үндэслэл болон уг тогтоолыг гаргасан хуралдааны ирц, процесс ажиллагааны талаар шүүх шалгах, энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна” гэж үзсэн хэрнээ шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 19-д иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй байх тул уг дүгнэлтийг харгалзан үзэж, аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаар захирамжийг хүчингүй болгож, Э.Ныг сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна” гэж дүгнэлт хийж, хэтэрхий нэг талыг барин нотлох баримтыг зөрүүтэй үнэлсэн.
3.5. Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2021 дүгээр сарын 31 дүгээр тогтоолыг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчид буюу аймгийн Засаг даргад ирүүлсэн байх бөгөөд захиргааны актыг хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй, хууль зөрчсөн талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Энэ нь мөн л шүүх хэт нэг талыг барьсан нотлох баримтыг зөв үнэлээгүйг харуулж байна.
3.6. Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 112/ШШ2022/0029 дүгээр шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, нотлох баримтыг үнэлэхдээ ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг зөрүүтэй үнэлсэн, хэрхэн үнэлсэн талаар дурдалгүй, хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан байх тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг үгүйсгэж тайлбар гаргасан. Үүнд: “...
4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд давж заалдах журмаар гомдол гаргах хэлбэр агуулгыг тусгасан. Хариуцагч нь давж заалдах гомдлоо тус хуулийн 115.2.1-д зааснаар ямар шүүхэд гомдол гаргаж байгаа нь тодорхой байх ёстой. Гэтэл хариуцагч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан нь гомдлыг хүлээж авахгүй байх үндэслэл тогтоогдож байна.
4.2. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүхээр хэлэлцэгдсэн хавтас хэргийн материалд авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг сэргээж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
4.3. Анхан шатны шүүх нь хариуцагч захиргааны байгууллагын хууль ёсны эрх ашгийг хөндсөн болон хууль зөрчсөн шийдвэр дүгнэлт гаргаагүй. Иймд хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15 ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5. Гуравдагч этгээдээс давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Э.Н нь Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаартай “Сумын Засаг даргыг огцруулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, Баян-Уул сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3.2. Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор “... аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1/937 дугаар албан бичгээр ирүүлсэн “Засаг даргыг огцруулах тухай” саналыг хэлэлцээд Баян-Уул сумын Засаг дарга Э.Ныг огцруулахаар” шийдвэрлэсэн, улмаар Говь-Алтай аймгийн Засаг даргын Б/67 дугаар захирамжаар “... Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг үндэслээд Баян-Уул сумын Засаг дарга Э.Ныг үүрэгт ажлаас нь огцруулсан” байна.
3.3. Э.Н дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч аймгийн Засаг дарга, сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Э.Нын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг тусгаарлаж, мөн өдрийн 02 дугаар захирамжаар “Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон” байна.
Мөн Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, уг тогтоолыг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаартай албан бичгээр аймгийн Засаг даргад хүргүүлжээ.
3.4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах бүрэн эрхтэй. Мөн хуулийн 32 дугаар зүйлд сумын Засаг даргыг чөлөөлөх, огцруулахтай холбоотой харилцааг зохицуулснаас үзвэл аймгийн Засаг дарга сумын Засаг даргыг “хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэх үндэслэлээр огцруулах бол саналаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж, Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгөхөөр, сумын Засаг дарга “хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” бол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлж, аймгийн Засаг дарга саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэхээр байна. Товчхондоо, аймгийн Засаг дарга сумын Засаг даргыг дангаар огцруулж, чөлөөлөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна.
3.5. Уг маргааны хувьд Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 31 дүгээр тогтоолоор 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон, уг тогтоол нь хүчин төгөлдөр байгаагаас үзвэл Э.Ныг сумын Засаг даргын албан тушаалаас огцруулах саналыг Хурлаас гаргаагүй гэж үзэхээр байна.
3.6. Хариуцагчаас “... 31 дүгээр тогтоолыг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, уг тогтоол нь холбогдох хуульд нийцээгүй” гэж тайлбарлан маргах боловч нэхэмжлэгч энэхүү тогтоолтой маргаагүй тул шүүх гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаж буй захиргааны актууд нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэнэ. Иймд 31 дүгээр тогтоол хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.
3.7. Мөн Э.Н аймгийн Засаг дарга, сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Нын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг тусгаарлаж, мөн өдрийн 02 дугаар захирамжаар “Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримтын талаар аймгийн Засаг дарга тухайн хэргийн оролцогчийн хувьд мэдэх боломжгүй байсан гэж үзэхээргүй байна.
3.8. Хариуцагч 937 дугаар албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн “Засаг даргыг огцруулах тухай” саналдаа “... Э.Н нь Ковид-19 цар тахлын тархалт нэмэгдэж буй үеэр иргэдийн дунд бэлэн мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулсан, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй” гэж дурдсан боловч маргаан бүхий актыг гаргахдаа 19 дүгээр тогтоолыг үндэслэж, Э.Ныг чухам ямар үндэслэлээр огцруулсан талаар тодорхой тусгаагүй байна.
3.9. Хэрэгт авагдсан баримтууд, гэрчийн мэдүүлэг болон талуудын тайлбараар Э.Н нь дээр дурдсан зөрчлийг гаргасан болох нь баттай тогтоогдоогүй, хариуцагч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй бөгөөд ийнхүү гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.
3.10. Хэдийгээр тухайн үед Баян-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 19 дүгээр тогтоолоор Э.Ныг огцруулах саналыг гаргаснаар хариуцагч уг тогтоолыг үндэслэн Э.Ныг огцруулсан гэж үзэж болох ч дээрх байдлаар Э.Н нь зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй, мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Э.Ныг огцруулах саналыг баталсан 31 дүгээр тогтоолоо хэлэлцэж, хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосноор одоогийн бодит байдалд хурлаас нэхэмжлэгчийг огцруулах санал гаргаагүй гэж үзэхээр байх тул шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой байх үүднээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
3.11.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1.г-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймгийн Засаг даргад уламжлах бүрэн эрхийнхээ хүрээнд өмнөх тогтоолоо хүчингүй болгож, шүүгчийн дээр дурдсан 02 дугаар захирамжаар “...19 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул энэ талаарх аймгийн Засаг даргын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
3.12. Шүүх дээрх байдлаар маргаан бүхий Б/67 дугаартай захирамжийг хүчингүй болгосон тул Э.Ныг Баян-Уул сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Аын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН