Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 21/МА2022/0715

 

                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                      захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Ганзориг

Нэхэмжлэлийн шаардлага: Г с ХХК-аас “Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Шижир алт” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрөл бүхий талбайн сэргээгдээгүй үлдсэн усны хамгаалалтын бүстэй давхацсан 36.25 гектар талбайг нэмж олгохыг даалгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 664 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2022/0202/З

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Г с ХХК-аас “Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан “Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Ш а” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрөл бүхий талбайн сэргээгдээгүй үлдсэн усны хамгаалалтын бүстэй давхацсан 36.25 гектар талбайг нэмж олгохыг даалгуулах”-аар маргаж байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 664 дүгээр шийдвэрээр:

2.1.“Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г с ХХК-ийн Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн Шижир алт ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрөл бүхий талбайн сэргээгдээгүй үлдсэн усны хамгаалалтын бүстэй давхацсан 36,25 гектар талбайг нэмж олгохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... Урт нэртэй хуулийн 4.1-д "Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.", 4.3-т "Энэ хуулийн 4.1-д заасан гарзын хилийн заагийг Засгийн газар тогтооно" гэж заасан бөгөөд үүний дагуу манай МV-021972 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайн сэргээгдээгүй үлдсэн 36,75 гектар хэсгийг Засгийн газар хэрхэн яаж урт нэртэй хуулийн үйлчлэлд хамааруулсан байгаа болохыг хариуцагч нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх урт нэртэй хуулийн үйлчлэлтэй давхцаж байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

3.2. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бус тогтооно.", 22.2.1-д "онцгой хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх олборлох ...-ыг хориглоно" гэж ... заасан байгаа ба манай компанийн МV-021972 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газраас 50 метр бус 200 метрийн зайтайгаар үндэслэлгүйгээр хол зайд тогтоогдоод байгаа болно. Түүнчлэн доорх зургаас харахад манай компанийн MV-021972 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайн баруун болон хойд талаар хил залгаа байрлалтай байгаа 21704 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газраас илт 50 метр зайтай байгаа ба мөн түүнтэй адил Туул голын зүүн талд байрлах 7712 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай нь мөн л илт 50 метр зайтай байрлаж байгаа нь харагдаж байна. Эдгээрээс гадна зурган дээрээс харахад 175 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай нь бүр гол дээгүүрээ дамнасан байдалтай байгааг хэрхэн ойлгох вэ гэдэг асуудал үүснэ. Энэхүү тэгш бус байдлыг манай компани хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.3. Урт нэртэй хуулийн 4.6-д "Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх гэсний дагуу нөхөн олговор ч олгоогүй болно. Иймд манай компанийн эрхэнд халдах хуульд заасан үндэслэл огт байгаагүй байхад усны сан бүхий газраас 50 метрээр бус 200 метрийн зайтайгаар тусгай зөвшөөрөл бүхий талбайг хассан байдалтай байгаад байгааг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байгааг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байх тул хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас “Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Шижир алт” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрөл бүхий талбайн сэргээгдээгүй үлдсэн усны хамгаалалтын бүстэй давхацсан 36.25 гектар талбайг нэмж олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор, 52 дугаар зүйлийн 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж тус тус хуульчилсан.

2.2. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгч нь захиргааны хууль бус ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн талаар бусдын өмнөөс төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа эсэх, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй гэж үзэж маргаж байгаа эсэх гэх мэт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжтой эсэхийг тодруулж, шүүх шийдвэрлэх боломжтой нэхэмжлэлийн тухайд хэрэг үүсгэх бөгөөд хэргийн оролцогчдын маргаж буй хүрээнд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, тэдгээрт хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл өмнө нь “Ш а” ХХК-аас Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Ш а” ХХК-д холбогдох хэсэг буюу өөрийн компанийн эзэмших 68 га талбайг цуцалсан шийдвэрийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0551 дугаар шийдвэрээр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хязгаарлалтын бүсэд ороогүй” гэсэн үндэслэлээр 31.75 га талбайд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

2.4. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 370 дугаар[1] “Шүүхийн шийдвэрийг биелүүлж, тусгай зөвшөөрлийн бүртгэл хийх тухай” шийдвэрээр “... “Шижир алт” ХХК-ийн эзэмшиж байсан Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутаг Их тохойрол нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV-001866 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0551 дүгээр шийдвэрээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хориглосон хилийн заагт ороогүй 31.75 гектар талбайн хэсгээр илт хууль бус болохыг тогтоож, хуулийн үйлчлэлээс чөлөөлөгдсөн талбайн хэмжээгээр тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлээр уг шүүхийн шийдвэрийг биелүүлж холбогдох бүртгэлийг хийхээр, мөн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг тооцож” шийдвэрлэсэн, мөн даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаар[2] “Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт нөхөн олгох тухай” шийдвэрээр “Глиймстар” ХХК-д  MV2021972 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2036 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаагаар олгож шийдвэрлэсний дараа “Глиймстар” ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрийн “Шижир алт” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрөл бүхий талбайн сэргээгдээгүй үлдсэн усны хамгаалалтын бүстэй давхацсан 36.25 гектар талбайг нэмж олгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байна.

2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 110 дугаар шүүгчийн захирамжаар “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 551 дүгээр шийдвэрээр ... нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна” гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 57 дугаар тогтоолоор “... 551 дүгээр шийдвэрээр “Шижирт алт” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас хориглосон хилийн заагт ороогүй 31.75 га талбайн хэсгээр илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд үлдэх 36.25 гектар хэмжээтэй хэсгийг сэргээх эсэх асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 110 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна.

2.6. Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 201 дүгээр[3] шийдвэрээр “Г” ХХК-ийн ... ТR-009192 дугаартай өргөдлөөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь Туулын их тохойрол нэртэй 31.75 гектар талбай бүхий MV2021972 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Вайнд Майнд” ХХК-д шилжүүлснийг бүртгэж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч “Глиймстар” ХХК уг тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан маргах эрхтэй эсэх талаар тодруулаагүй, энэ талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэхүү алдааг нөхөн гүйцээж энэ талаарх үйл баримтыг тодруулах ажиллагаа хийх, хэргийн үйл баримтад эцэслэн дүгнэлт өгөх хууль зүйн боломжгүй нь хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нэг үндэслэл болж байна.  

2.7. Түүнчлэн анхан шатны шүүх “... нэхэмжлэгч “Г” ХХК-ийн 1866А дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайн шүүхийн шийдвэрээр сэргээгдээгүй үлдсэн 32.25 гектар талбайтай нь давхцалтай буюу хуулиар ашигт малтмал ашиглахыг хориглосон усны хамгаалалтын бүстэй давхацсан байна ... нэхэмжлэгчийн шаардаж байгаа талбай нь дээрх тогтоолуудын аль алинаар нь усны хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай байгаа тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн байх боловч уг дүгнэлтийн үндэслэл болж буй нотлох баримтыг хэрэгт бүрдүүлээгүйгээс шүүхийн шийдвэр 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасантай тус тус нийцэхгүй байна.

2.8. Хэдийгээр нотлох баримтыг хэрхэн үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэж буй анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах боловч шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тус тус хуульчилсны дагуу хэрэгт хамааралтай нотолгооны ач холбогдол бүхий баримтыг хэрэгт бүрэн дүүрэн цуглуулж бүрдүүлсний үндсэн дээр тэдгээр хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэр гаргах үүрэгтэй, ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтад үндэслэсэн шүүхийн шийдвэр өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ.

2.9. Иймд нэхэмжлэгчийн гаргасан “... Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “... Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бус тогтооно” гэж заасан ба манай компанийн MV-021972 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газраас 50 метр бус 200 метрийн зайтайгаар үндэслэлгүйгээр хол зайд тогтоогдоод байгаа ... манай компанийн эрхэд халдах хуульд заасан үндэслэл огт байгаагүй ... усны сан бүхий газраас 50 метр бус 200 метр зайд байхад тусгай зөвшөөрлийн талбайг хассаныг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан ...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

2.10. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгчийн шаардаж буй талбай Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудын хамгаалалтын бүстэй давхцалтай” гэх дүгнэлтийн үндэслэлийг нотлохуйц эдгээр тогтоолын өргөрөг, уртрагаар хамгаалалтын бүсийн хилийг зааж тогтоосонтой нэхэмжлэгчийн эзэмшиж тусгай зөвшөөрлийн талбайн солбицлууд давхцалтай эсэхийг нарийвчлан тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

2.11. Зүй нь, анхан шатны шүүх нэхэмжлэгчээс MV-021972 дугаартай тусгай зөвшөөрлийн талаар маргах эрхтэй эсэх зэрэг шүүх уг нэхэмжлэлийг шийдвэрлэх хууль зүйн боломжтой эсэх талаар тодруулж, уг нэхэмжлэлээр хэрэг үүсгэн шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн “Засгийн газрын тогтоолуудын хориглолт, хязгаарлалтын бүстэй давхцаагүй” гэж маргаж буй үндэслэлтэй холбогдуулан уг тогтоолуудаар тогтоосон хамгаалалтын бүстэй нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбай хэсэгчлэн эсхүл бүхэлдээ давхцалтай эсэхийг солбицлуудыг нь давхцуулах замаар эргэлзээгүйгээр нарийвчлан тодруулж, тогтоосны үндсэн дээр (шаардлагатай бол хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулах замаар) Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болж буй нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэж байгаа талаар болон маргаж буй захиргааны шийдвэрийн хууль зүйн үндэслэлд өгч буй тайлбар, шүүх уг маргааныг шийдвэрлэхэд үндэслэл болж байгаа хууль эрх зүйн хэм хэмжээ, түүнийг бодит нөхцөлд хэрхэн дүйцүүлж тайлбарлаж хэрэглэж байгааг талаар шийдвэрт тодорхой тусгах замаар маргааны үйл баримтад дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх байжээ.   

2.12. Ийнхүү анхан шатны шүүхийн дээр дурдсан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчлүүдийг давж заалдах шатны шүүх нөхөн засах улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 664 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

[1] 1-р хх-ийн 98-р хуудас

[2] 1-р хх-ийн 100-р хуудас

[3] 1-р хх-ийн 175-р хуудас