Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01668

 

Н.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/00592 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1352 дугаар магадлалтай

Н.Тын нэхэмжлэлтэй

“Н” ОНӨААТҮГ-т холбогдох

Ур чадвар, хоол, унаа, удаан жилийн нэмэгдэл, үр дүнгийн шагналт цалин, ажиллах нөхцөлөөр хангуулах, ээлжийн амралтын мөнгө, нийт 30 411 119 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан нарын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оноос хойшхи цалингаа гаргуулж авна. Нийгмийн даатгалаа бичүүлж чадахгүй, сар сард нь цалингаа авж чадахгүй байна. 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 4.2 дахь хэсэгт заасан ур чадварын нэмэгдлийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 800 төгрөгөөр бодож, 1 440 000 төгрөг нэхэмжилж байна. 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 200 000 төгрөгөөр баталж, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 15 хувийн нэмэгдэл 1 200 000 төгрөгийн 15 хувийн нэмэгдлийг тооцож, 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 160 000 төгрөгийг олгуулахыг хүссэн. Мөн хамтын гэрээний 8.1 дэх хэсэгт заасны дагуу хоол унааны нэмэгдэл нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 3 800 төгрөгөөр бодож байсан. Харин 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/70 тушаалаар 100 төгрөгөөр нэмж, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 514 800 төгрөгийг, удаан жилийн нэмэгдэл цалин нь 2005 оны 05 дугаар сарын 26-ны өдөр анх ажилд орсноос хойш 2016 онд олгоогүй ба нэмэгдэл 120 000 төгрөг, 2017 онд 130 000 төгрөг, нийт 250 000 төгрөгийг тус тус олгож өгнө үү. 2017 оны удаан жилийн нэмэгдлийг бүх ажилчид олгосон, харин надад олгоогүй. Хамтын гэрээний 4.5 дахь хэсэгт үр дүнгийн шагнал цалинг зохицуулсан. Хамтын гэрээний 4.7 дахь хэсэгт заасны дагуу сар сард нь дурдаж, цалингаас бууруулахгүйгээр олгоно гэж заасан. Тэгтэл тухайн байгууллага өөрөө дүрэм журмыг гаргахгүй учраас 2014-2017 онуудад үр дүнгийн цалин авч чадаагүй ба 4 476 200 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн тус хамтын гэрээний 9.1 дэх хэсэгт заалтыг биелүүлэхгүй байгаа бөгөөд 2017 оны 09 дүгээр сард өрөө тасалгаанд засвар хийнэ гэж авсан атлаа одоо болтол оруулахгүй байгаа учраас хамтын гэрээнд заасны дагуу ҮЭХ-г өрөө болон ажиллах нөхцөл бололцоогоор хангуулж өгнө үү гэж хүсэж байна. Нийт ажилчид бүгдээрээ миний энэ хүсэлтийг зөвшөөрсөн, гэтэл нэг хүний өрөө байсныг 2 хүний өрөө буюу дамждаг өрөө болгосон. 7 дахь шаардлага нь үндсэн цалингийн 40 хувийг нэхэмжилж байгаа. Цуг ажиллаж байгаа бүх хүмүүс энэ мөнгийг авч, харин надад цалин олгодоггүй. 11 дүгээр сарын шагнал цалин 1 200 000 төгрөгөөс 40 хувийг бодож, 5 280 000 төгрөгийг нэхэмжилж байна. 2017 оны 04 дүгээр сараас эхлэн 2018 оны 03 дугаар сар хүртэл олгох цалингаа авч чадаагүй. Шүүхийн шийдвэрээр цалинг 27 000 000 төгрөгөөр шийдвэрлүүлсэн боловч надад 23 000 000 төгрөг ирсэн. Үүнээс 18 156 258 төгрөгийг би өөрийн цалин болгож авсан байгаа. Түүнээс хойш цалингаа аваагүй. 18 156 258 төгрөгийг авахад нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй ба өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалыг төлөхийг даалгаж өгнө үү. Мөн 2017 оны 04 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл 1 200 000 төгрөгийн цалин, нийт 11 сарын 13 000 200 төгрөгийг хамтын гэрээний 2.7 дахь хэсэгт заасны дагуу үүргээ биелүүлж, татварт татагдаагүйгээс болж Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ямар ч цалингүй байгаа болохоор энэ цалин Зорчигч тээврийн нэгтгэл төлөх ёстой, би хохирсон гэж үзэж нэхэмжилж байгаа. Ээлжийн амралтын мөнгө бол шүүхийн шийдвэр гарах үед мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэж, 1 668 519 төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгоно гэж тохирсон боловч тэр тохиролцоонд хүрээгүй. Нийтдээ энэ байгууллагаас 30 411 119 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд энэ мөнгийг бүрэн олгож, миний цалин болон урамшууллыг сар сард нь олгохыг хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хамтын гэрээний 4.2 дахь хэсэгт ажилчид үндсэн цалин дээр урамшуулал болон хөдөлмөрийн хөлсний нэмэгдлүүдийг сар бүр олгоно, гэхдээ мэргэжлийн зэрэг, ур чадвар, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзан байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм журамд үндэслэж олгоно. Энэ нь үндсэн цалингийн 15 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Ямар дүрмийг мөрдлөг болгож, сарын цалинг 15 хувиар яаж гаргасан гэдгээ нотлоогүй учраас хуулийн үндэслэлгүй байна. Хоол унааны нэмэгдлийн хувьд байгууллагын цалин хөлсний журмын 8.1 дэх хэсэгт зааснаар ажилласан өдрөө тооцож, мөн тус журмын 11.11.1 дэх хэсэгт зааснаар ажлын цагийг хурууны хээ цахим бүртгэлээр бүртгэнэ. Үнэхээр манай байгууллагаас хоол унааны нэмэгдлийг авах ёстой гэж байвал энэ хүн өөрийнхөө ажилтан гэж үзэж байгаа бол бүртгүүлэх ёстой. Гэтэл нүүр хийсэн нэг ч баримт байхгүй. Энэ баримтыг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх ёстой. Мөн хамтын гэрээний 4.7 дахь хэсэгт зааснаар үр дүнгийн цалин олгохдоо нэг сарын дундаж цалингаас бууруулахгүй олгоно гэж заасан. Урьд энэ асуудлыг шүүх шийдсэн. Нэхэмжлэгч ажлын үр дүнгээ хэнд хэрхэн тайлагнасан талаар нотлоогүй, шаардлагынхаа үндэслэл болсон баримтыг өгөөгүй ба ийм баримт байхгүй гэж үзэж байгаа учраас энэ шаардлага нь хуулийн үндэслэлгүй гэсэн тайлбар гаргаж байна. Ажиллах нөхцөлийн тухайд хамтын гэрээний 9.1 дэх хэсэгт өрөө тасалгааны тухай заасан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхлэхэд үндсэн цалин 800 000 төгрөгөөс 15 хувь тооцно гэсэн, гэтэл 6 дахь шаардлага нь үндсэн цалин 1 200 000 төгрөг болж нэмэгдсэн. 11 сар гэдэг нь алинаас аль хүртэлх хугацаа юм бэ, үүнийг тодорхой хэлээгүй байна. Гэхдээ нэмэгдэж байгаа нь хуулийн үндэслэлтэй юм уу, ер нь өөрөө хэдэн гишүүнтэй, хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг нь бас тодорхой харагдахгүй байна. Мөн шагналт цалин нь ур чадварын нэмэгдэлтэй адилхан байгаа. Энэ талаар хэнээр дүгнүүлж, хэрхэн гаргасан нь тодорхой бус болохоор бас хуулийн үндэслэлгүй байна. Үндсэн цалинг яг ямар хуулиар үндэслэж байна вэ. 2017 оны 04 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл 1 200 000 төгрөгийн үндсэн цалин бодсон үндэслэл нь тодорхой бус байна. Ээлжийн амралтын тухайд хариуцагч байгууллагаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн дүгнэлт гарсан. 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн актыг манайх олох ёстой гэсэн. Гэтэл манайхаас энэ актыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандаж, тус актыг хүчингүй болгосон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан. Ээлжийн амралтын мөнгө 1 668 519 төгрөг гэж мөнгөн дүн нь тохирч байгаа. Энэ асуудлыг шийдсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан хамтын гэрээг хэрэгт өгсөн. Энэ хамтын гэрээний дагуу үүргээ биелүүлж, ажилчиддаа татварыг нь гарган өгч байгаа. Тэгэхээр энэ хамтын гэрээ нь одоо болтол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Өмнөх хамтын гэрээг бид нар хүчингүй гэж үзэж байгаа. Учир нь өмнөх хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн хэсэгт дараагийн хамтын гэрээ байгуулах хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасны дагуу шинэ хамтын гэрээ байгуулагдаж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учраас эхний гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд бүгд хүчингүй болж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/00592 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдох 30 411 119 төгрөг гаргуулах, ажиллах нөхцөлөөр хангах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэгч Н.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56 1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 480 200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1352 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/00592 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н” ОНӨААТҮГ-аас 2 416 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Тад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Үйлдвэрчний эвлэлийг орон байраар хангуулах, ур чадварын 2 160 000 төгрөг, хоол унааны мөнгө 960 000 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 250 000 төгрөг, үр дүн шагналт цалин 4 476 600 төгрөг, үндсэн цалин 13 200 000 төгрөг, шагналт цалин 5 280 000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1 668 519 төгрөг, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагчаас 53 615 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480 020 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1352 дугаар магадлалд дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Шүүхээс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр хамтын гэрээ хүчин төгөлдөр байна” гэж уг хамтын гэрээний дагуу шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль зөрчиж байгуулагдсан хамтын гэрээг дагаж мөрдөх ёстой гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шүүх гэрээний хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлтийг хийгээгүй.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ажилтны нэгдсэн үйлдвэрчний эвлэлийн хороо, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын автобусны 1-р баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын автобусны 2-р баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын автобусны 3-р баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо зэрэг 4 үйлдвэрчний эвлэлийн хороо үйл ажиллагаа явуулж байдаг. Түүний нэг нь манай Автобусны 3 дугаар баазын үйлдвэрчний эвлэлийн хороо юм. 2015 оны 08 сард Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 132 тоот тогтоолоор автобусны 1, 3 мөн цахилгаан тээвэр гэсэн 3-н баазыг нэгтгэн нийлүүлж байгуулсан цагаас хойш 4 үйлдвэрчний эвлэлийн хороотой болсон. Эдгээр үйлдвэрчний эвлэлийн хороод тус тусдаа хамтын гэрээтэй, уг хамтын гэрээг мөрдөн ажиллаж байгаа.

Гэтэл 4 үйлдвэрчний эвлэлийн хороодод мэдэгдэлгүй захиргааны санаачилгаар Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороог шинээр байгуулж, 2017 оны 04 сарын 28-ны өдөр Хамтын гэрээ байгуулж, 2017 оны 07 сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т “...түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагад хэд хэдэн үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь гишүүдийнхээ тооны харьцааг үндэслэн нэгдсэн төлөөлөгчид томилж хэлэлцээ хийх болон хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцоно”, Үйлдвэрчний эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Тухайн байгууллагад хоёр, түүнээс дээш үйлдвэрчний эвлэл байвал гэдгээр нь тохиролцож, хамтарсан төлөөлөгчид томилон захиргаа, эзэдтэй хамтын нэг гэрээ байгуулна” гэж тус тус заасныг зөрчин 4 үйлдвэрчний эвлэлийн хороодод мэдэгдэлгүй, хууль зөрчиж байгуулсан байна. Ингэхдээ тус бүрийн хамтын гэрээнд заасан нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангасан байсан асуудлуудыг дордуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийг хуулаад тавьсан байсан. Нийт ажилчид энэхүү хамтын гэрээг байгуулагдсаныг огт мэдэгдээгүй байдаг.

Дээрх 4 үйлдвэрчний эвлэлийн хороодтой ажил олгогчийн зүгээс хамтын гэрээг шинээр байгуулахаар хэлэлцээрийн шатанд явж байсан. Дээрх үндэслэлүүдээр хууль зөрчсөн хамтын гэрээг дагаж мөрдөхөөр шийдвэрлэснийг огт зөвшөөрөхгүй байна.

Мөн дээрх маргаан бүхий хамтын гэрээг хүчин төгөлдөр бус гэх маргааныг шүүхээр шийдвэрлэж буй байдлыг харгалзаж үзээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1352 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1352 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийнхээ дагуу дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг анхаарч дүгнээгүй.

Учир нь нэхэмжлэгч 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны буюу 12 сарын ажлын 257 хоног цалингийн урамшуулал 1 440 000 төгрөг, ажлын 257 хоногийн хоол унааны мөнгө өдрийн 3800 төгрөгөөр тооцож 976 000 төгрөг,  нийт 30 411 119 төгрөгийн нэмэгдэл цалин урамшууллыг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр харьяа дүүргийн шүүхэд хандан нэхэмжилсэн байдаг.

Манай байгууллага дээр хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул  нэхэмжлэгч хуульд заасан харьяаллын дагуу өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шууд шүүхэд хандах ёстой байсан. Мөн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацаандаа нэхэмжлэлээ гаргаагүй талаарх баримт, хугацаа сэргээлэх хүсэлт өгөөгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Н.Т Н ОНӨААТҮГ-т холбогдуулан 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ур чадварын нэмэгдэл 3 600 000 төгрөг, энэ хугацааны хоол унааны нэмэгдэл 1 936 000 төгрөг, 2015-2017 оны удаан жилийн нэмэгдэл 250 000 төгрөг, үр дүнгийн шагналт цалин 4 476 600 төгрөг, шагналт цалин 5 280 000 төгрөг гаргуулж, сар бүр 480 000 төгрөг олгуулах, 2017 оны 04 дүгээр сараас бодож үндсэн цалинд 13 200 000 төгрөг гаргуулж, сар бүр 1 200 000 төгрөг олгуулах, ээлжийн амралтын мөнгө 1 668 519 төгрөгийг гаргуулж, нийт 30 411 119 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, Үйлдвэрчний эвлэлийн хороог үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай өрөө тасалгаагаар хангуулахыг хүссэнд хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн зарим шаардлагыг өмнө шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, зарим шаардлагыг нотлосон баримтгүй, шинэ хамтын гэрээ батлагдаж, бүртгэгдсэн тул өмнөх Хамтын гэрээг мөрдөх боломжгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2 416 600 төгрөгийг хангаж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 Н.Т нь  Автобус-1 ОНӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 2013 оноос ажилласан, тэрээр үндсэн ажлаасаа чөлөөлөгдөн Үйлдвэрчний Эвлэлийн даргын ажил эрхэлж байгаа бөгөөд 2013 онд батлагдсан Хамтын гэрээнд зааснаар байгууллагын ажилтны нэг адил шагнал, урамшуулалд хамрагдан, хөнгөлөлт эдлэх байтал дээрх хөнгөлөлт, урамшуулалд хамруулаагүй, Хамтын гэрээг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

  Автобус-1 ОНӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэл үйлдвэрийн захиргаатай 2013 онд Хамтын гэрээ байгуулсан, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчийн №132 дугаар тогтоолоор Автобус-1 ОНӨҮГ татан буугдаж, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т нэгдсэн,  тус үйлдвэрийн газрын ажилтны “Эв нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн хороо 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захиргаатай Хамтын гэрээ байгуулж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

2013 оны Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн Ерөнхий зүйлд “Энэхүү хамтын гэрээ нь ...гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах буюу шинээр батлагдах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасан тул 2017 оны Хамтын гэрээ байгуулагдсанаар өмнөх гэрээний үйлчлэл дуусгавар болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлон, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, 2013 оны Хамтын гэрээ үйлчлэх хугацаанд нэхэмжлэгчид олгогдох байсан урамшуулал, хоол унааны мөнгөнд нийт 2 416 600 төгрөгийг хариуцагчаас гаргаж, нэхэмжлэгчид олгуулахаар, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар эрх бүхий байгууллагад удаа дараа хүсэлт гарган, шийдвэрлүүлж байсан нь тогтоогдсон, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

З ОНӨААТҮГ, Эв нэгдэл Үйлдвэрчний Эвлэлийн хороотой байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Хамтын гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдоогүй тул дээрх гэрээг хууль зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1352 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 297 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 53 620 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Г.ЦАГААНЦООЖ

                           ШҮҮГЧ                                        Х.ЭРДЭНЭСУВД