Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 00592

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 14 өдөр                  Дугаар 183/ШШ2018/00592                             Улаанбаатар хот

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т /РД: /-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:, “ЗТН” ОНӨААТҮГ-т холбогдох,

           урамшуулал, удаан жилийн нэмэгдэл, ээлжийн амралтын мөнгө 7 715 019 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:  

 

           Нэхэмжлэгч Н.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Тус шүүхэд цалингаа авахаар нэхэмжлэл гаргасан байгаа. 2013 оноос хойшхи цалингаа гаргуулж авна. Нийгмийн даатгалаа бичүүлж чадахгүй, сар сард нь цалингаа авж чадахгүй байна. 2013.02.05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 4.2 дахь хэсэгт заасан ур чадварын нэмэгдлийг 2016.04.01-ний өдрөөс 2017.04.01-ний өдөр хүртэл 800 төгрөгөөр бодож, 1.440.000 төгрөг нэхэмжилж байгаа. 2017.04.01-ны өдрөөс 1.200.000 төгрөгөөр баталж, 2017.04.01-ний өдрөөс 15 хувийн нэмэгдэл 1.200.000 төгрөгийн 15 хувийн нэмэгдлийг тооцож, 2018.04.01-ний өдөр хүртэл 2.160.000 төгрөгийг олгуулахыг хүссэн. Мөн хамтын гэрээний 8.1 дэх хэсэгт заасны дагуу хоол унааны нэмэгдэл нь 2016.04.01-ний өдрөөс 2017.09.01-ний өдөр хүртэл 3800 төгрөгөөр бодож байсан. Харин 2017.09.01-ний өдрийн А/70 тушаалаар 100 төгрөгөөр нэмж, 2017.09.01-ний өдрөөс 2018.03.01-ний өдөр хүртэл 514.800 төгрөгийг гаргуулж өгнө үү. Удаан жилийн нэмэгдэл цалин нь 2005.05.26-ны өдөр анх ажилд орсоноос хойш 2016 онд олгоогүй ба нэмэгдэл 120.000 төгрөг, 2017 онд 130.000 төгрөг, нийт 250.000 төгрөгийг олгож өгнө үү. 2017 оны удаан жилийн нэмэгдлийг бүх ажилчид олгосон, харин надад олгоогүй. Хамтын гэрээний 4.5 дахь хэсэгт үр дүнгийн шагнал цалинг зохицуулсан байгаа. Хамтын гэрээний 4.7 дахь хэсэгт заасны дагуу сар сард нь дурдаж, цалингаас бууруулахгүйгээр олгоно гэж заасан байдаг. Тэгтэл тухайн байгууллага өөрөө дүрэм журмыг гаргахгүй учраас 2014, 2015, 2016, 2017 онуудад үр дүнгийн цалин авч чадаагүй ба 4.476.200 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн тус хамтын гэрээний 9.1 дэх хэсэгт заалтыг биелүүлэхгүй байгаа бөгөөд 2017 оны 09 дүгээр сард өрөө тасалгаанд засвар хийнэ гэж авсан мөртлөө одоо болтол оруулахгүй байгаа учраас хамтын гэрээнд заасны дагуу ҮЭХ-г өрөө болон ажиллах нөхцөл бололцоогоор хангуулж өгнө үү гэж хүсэж байна. Нийт ажилчид бүгдээрээ миний энэ хүсэлтийг зөвшөөрсөн, гэтэл нэг хүний өрөө байсныг 2 хүний өрөө буюу дамждаг өрөө болгосон. 7 дахь шаардлага нь үндсэн цалингийн 40 хувийг нэхэмжилж байгаа. Цуг ажиллаж байгаа бүх хүмүүс энэ мөнгийг авч, харин ганцхан надад цалин олгодоггүй. 11 дүгээр сарын шагнал цалин 1.200.000 төгрөгөөс 40 хувийг бодож, 5.280.000 төгрөгийг нэхэмжилж байна. 2017 оны 04 дүгээр сараас эхлэн 2018 оны 03 дугаар сар хүртэл олгох цалингаа авч чадаагүй. Шүүхийн шийдвэрээр цалинг 27.000.000 төгрөгөөр шийдвэрлүүлсэн боловч надад 23.000.000 төгрөг ирсэн. Үүнээс 18.156.258 төгрөгийг би өөрийн цалин болгож авсан байгаа. Түүнээс хойш цалингаа аваагүй. 18.156.258 төгрөгийг авахад нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй ба өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалыг төлөхийг даалгаж өгнө үү. Мөн 2017 оны 04 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл 1.200.000 төгрөгийн цалин, нийт 11 сарын 13.000.200 төгрөгийг хамтын гэрээний 2.7 дахь хэсэгт заасны дагуу  үүргээ биелүүлж, татварт татагдаагүйгээс болж Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ямар ч цалингүй байгаа болохоор энэ цалин Зорчигч тээврийн нэгтгэл төлөх ёстой, би хохирсон гэж үзэж нэхэмжилж байгаа. Ээлжийн амралтын мөнгө бол шүүхийн шийдвэр гарах үед мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэж, 1.668.519 төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгоно гэж тохирсон боловч тэр тохиролцоонд хүрээгүй. Нийтдээ энэ байгууллагаас 30.411.119 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд энэ мөнгийг бүрэн олгож,  миний цалин болон урамшууллыг сар сард нь олгохыг хүсэж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Тус дүүргийн шүүхэд Н.Т нэхэмжлэгч 30.411.119 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээж авахгүй, бүхэлд нь эс зөвшөөрч байгаа. Нийтдээ 9  шаардлага гаргасны дагуу тайлбар хэлье. 1-рт хамтын гэрээний 4.2 дахь хэсэгт заасны дагуу ур чадварын нэмэгдлийн тухайд хамтын гэрээний 4.2 дахь хэсэгт ажилчид үндсэн цалин дээр урамшуулал болон хөдөлмөрийн хөлсний нэмэгдлүүдийг сар бүр олгоно, гэхдээ мэргэжлийн зэрэг, ур чадвар, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзан байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм журамд үндэслэж олгоно. Энэ нь үндсэн цалингийн 15 хувиас хэтрэхгүй байхаар заасан байгаа. Ямар дүрмийг мөрдлөг болгож, сарын цалинг 15 хувиар яаж гаргасан бэ гэдгээ нотлоогүй учраас хуулийн үндэслэлгүй байна. Хоол унааны нэмэгдлийн хувьд байгууллагын цалин хөлсний журмын 8.1 дэх хэсэгт зааснаар ажилласан өдрөө тооцож, мөн тус журмын 11.11.1 дэх хэсэгт зааснаар ажлын цагийг хурууны хээ цахим бүртгэлээр бүртгэнэ. Үнэхээр манай байгууллагаас хоол унааны нэмэгдлийг авах ёстой гэж байвал энэ хүн өөрийнхөө ажилтан гэж үзэж байгаа бол нүүрээ хийх ёстой, бүртгүүлэх ёстой. Үүнээс эхэлж бүх нэхэж байгаа шаардлагуудын эхлэл гарч ирж байгаа юм. Гэтэл нүүр хийсэн нэг ч баримт байхгүй. Энэ баримтыг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх ёстой. Мөн хамтын гэрээний 4.7 дахь хэсэгт зааснаар үр дүнгийн цалин олгохдоо нэг сарын дундаж цалингаас бууруулахгүй олгоно гэж заасан. Урьд энэ асуудлыг шүүх шийдсэн байдаг. Нэхэмжлэгч ажлын үр дүнгээ хэнд хэрхэн тайлагнасан талаар нотлоогүй, шаардлагынхаа үндэслэл болсон баримтыг өгөөгүй ба ийм баримт байхгүй гэж үзэж байгаа учраас энэ шаардлага нь хуулийн үндэслэлгүй гэсэн тайлбар гаргаж байна. Ажиллах нөхцөлийн тухайд  хамтын гэрээний 9.1 дэх хэсэгт өрөө тасалгааны тухай заасан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхлэхэд үндсэн цалин 800.000 төгрөгөөс 15 хувь тооцно гэсэн, гэтэл 6 дахь шаардлага нь үндсэн цалин 1.200.000 төгрөг болж нэмэгдсэн. 11 сар гэдэг нь алинаас аль хүртэлх хугацаа юм бэ, үүнийг тодорхой хэлээгүй байна. Гэхдээ нэмэгдэж байгаа нь хуулийн үндэслэлтэй юм уу, ер нь өөрөө хэдэн гишүүнтэй, хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг нь бас тодорхой харагдахгүй байна. Мөн шагналт цалин нь ур чадварын нэмэгдэлтэй адилхан байгаа. Энэ талаар хэнээр дүгнүүлж, хэрхэн гаргасан нь тодорхой бус болохоор бас хуулийн үндэслэлгүй байна. Үндсэн цалинг яг ямар хуулиар үндэслэж байна вэ. 2017 оны 04 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл 1.200.000 төгрөгийн үндсэн цалин бодсон үндэслэл нь тодорхой бус байна. Ээлжийн амралтын тухайд хариуцагч байгууллагаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн дүгнэлт гарсан. 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн актыг манайх олох ёстой гэсэн. Гэтэл манайхаас энэ актыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандаж, тус актыг хүчингүй болгосон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байгаа. Ээлжийн амралтын мөнгө 1.668.519 төгрөг гэж мөнгөн дүн нь тохирч байгаа. Энэ асуудлыг шийдсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан хамтын гэрээг хэрэгт өгсөн байгаа. Энэ хамтын гэрээний дагуу үүргээ биелүүлж, ажилчиддаа татварыг нь гарган өгч байгаа. Тэгэхээр энэ хамтын гэрээ нь одоо болтол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тэгэхээр өмнөх хамтын гэрээг бид нар хүчингүй гэж үзэж байгаа. Учир нь өмнөх хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн хэсэгт дараагийн хамтын гэрээ байгуулах хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасны дагуу шинэ хамтын гэрээ байгуулагдаж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учраас эхний гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд бүгд хүчингүй болж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

   Шүүх Н.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Н.Т нь хамтын гэрээний 4.2-т зааснаар  2016.04.01-ний өдрөөс 2017.04.01-нийг хүртэл 12 сарын ажлын 257 хоног урамшуулал, нэмэгдэл 1,440,000 төгрөг, 2017.04.01-нээс 2018.04.01-нийг хүртэл ажлын 275 хоногийн урамшуулал, нэмэгдэл 2,334,900 төгрөгийг сар бүр, хамтын гэрээний 8.1-д зааснаар 2016.04.01-нээс 2017.04.01-нийг хүртэл ажлын 257 хоногийн нэмэгдэл 976,600 төгрөг, 2017.04.01-нээс 2018.04.01-нийг хүртэл ажлын 275 хоногийн 1,045,000 төгрөгийг сар бүр, 2015-2017 оны удаан жилийн нэмэгдэл 250,000 төгрөг, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, ээлжийн амралтын мөнгийг олгох хэлэлцээрийн дагуу 1,668,519 төгрөг нийтдээ 7,715,019 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017.11.28-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хамтын гэрээний 9.1, нэмэлт өөрчлөлтийн 2.9-д зааснаар ҮЭХ-г ажиллах нөхцөлөөр /өрөө тасалгаа, техник хэрэгсэл, унаа, шуурхай хурал зөвлөгөөнд оролцох зэрэг/ хангахыг хариуцагчид даалгахыг хүссэн, мөн 2018.03.12-нд ур чадвар, хоол унааны мөнгө, удаан жилийн нэмэгдэл, үр дүн шагналт цалин, үндсэн цалин, ээлжийн амралтын мөнгийг тооцон нэхэмжлэлийн шаардлагыг 22,696,100 төгрөгөөр нэмэгдүүлж нийтдээ 30,411,119 төгрөг нэхэмжилсэн байна.

   Хариуцагч тал Н.Тын нэхэмжлэлийн шаардлагыг заримыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан, зарим шаардлагыг нотолсон баримтгүй, өмнөх хамтын гэрээг мөрдөхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй байна.

  Хэрэгт авагдсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Автобус-1” ОНӨҮГ, “Автобус-3” ОНӨҮГ, “Цахилгаан тээвэр” ОНӨҮГ-уудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийг эх үүсвэрийн хамтаар шинээр байгуулагдсан Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 Дээрх шийдвэрийн дагуу “Автобус-1” ОНӨҮГ-ийн эд хөрөнгө, эрхийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ шилжүүлэн авсан гэдэгт талууд маргаагүй бөгөөд  өөрчлөгдөн зохион байгуулагдсан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь  Эв нэгдэл ҮЭХ-той 2017.04.26-ны өдөр 2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулж, 2017.07.20-ний өдөр Хан-Уул дүүргийн ЗДТГ-т бүртгүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт  заасны дагуу энэ хамтын гэрээ хүчин төгөлдөр байна.    

 2014.01.22-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд “энэхүү хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасан байх тул уг хамтын гэрээг мөрдөхгүй, дуусгавар болсон гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болно. 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Т нь 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс Автобус-1 ОНӨҮ Газарт жолоочоор ажиллаж байгаад Автобус -1 ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлын 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн ¹ 01 тогтоолоор Н. Тыг тус газрын ҮЭ-ийн хорооны даргаар сонгосон, 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр түүнийг Хайлааст бригадын жолоочийн ажлаас чөлөөлөгдсөн байна.

Хэрэгт авагдсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.05.29-ний өдрийн 03583 дугаар шийдвэр, мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.05-ны өдрийн 02763 дугаар шийдвэр, уг шийдвэрүүдийг хянасан давж заалдах болон хяналтын шатны шүүхийн тогтоолуудаас үзэхэд Н.Тын гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар дүгнэж шийдвэрлэсэн байна.

Тухайлбал ээлжийн амралтын олговрын зөрүү мөнгө 1,668,519 төгрөг, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, урамшуулал болон нэмэгдэлийг сар бүр олгож байх, шагналт цалингийн талаар өмнөх шүүхийн шийдвэрүүдэд дүгнэгдсэн үйл баримтууд байна.  

         Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Үйлдвэрчний эвлэлүүд нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон үйл ажиллагаа явуулахдаа дор дурдсан үндсэн эрх эдэлнэ, 1.1-д  захиргаа, эзэдтэй хэлэлцээ хийж хамтын болон бусад гэрээ байгуулах, түүний биелэлтэд хяналт тавих” эрхтэй болохыг заажээ.

         Н.Т даргатай нэр бүхий үйлдвэрчний эвлэлүүд нь  Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захиргаатай хэлэлцээ хийгээгүй, хамтын гэрээ байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 186  дугаар зүйлийн 186.1-д заасан үүргийн харилцаа  талуудын хооронд үүсээгүй гэж үзнэ.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                             ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдох 30,411,119 төгрөг гаргуулах, ажиллах нөхцөлөөр хангах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэгч Н.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 480,020 төгрөг/138,390+271,430+70,200/-ийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                                               Д.ЭНХЦЭЦЭГ