Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
Хэргийн индекс | 128/2018/0413/З |
Дугаар | 718 |
Огноо | 2018-11-15 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 718
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд шүүх хуралдааныг зарим ажиллагааг хаалттай явуулж, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулах, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд илүү төлсөн 2,851,472,953.00 төгрөгийн шимтгэлийг дараа төлөх шимтгэлд тооцон суутгахыг даалгах” шаардлага бүхий Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж, нэхэмжлэлд заасан асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад хандсан ба Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаас 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр “Х” ХХК-ийн хууль ёсны хүсэлтийг хангахгүй татгалзсан хариу өгсөн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтын дагуу 30 хоногийн дотор тус шүүхэд энэхүү нэхэмжлэл гаргаж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 тушаалаар /цаашид “А/84 тушаал” гэх/ батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын (цаашид “Заавар” гэх) 3.9-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар мөрдөж эхэлнэ. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээтэй адил байна” гэж заасан.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан Зааврын 3.9 дэх заалтыг баримтлан тооцсон Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч, баталгаажуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлага бүхий Захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шийдвэрлэсэн 796 дугаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг тус тус ... баримтлан 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн А/84 дүгээр тушаалд нийцүүлэн гаргасан 2015 оны 07 дугаар сараас хойших хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авч баталгаажуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангахын зэрэгцээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар тушаалын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсон” хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Шүүхээс нэгэнт А/84 дүгээр тушаалаар батлагдсан “... Зааврыг бүрэн хэрэгжүүлэн уг зааварт нийцүүлэн гаргасан 2015 оны 07 дугаар сараас хойших хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авч баталгаажуулах” нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүрэг байх тул ажил олгогч нь хэн байхаас үл хамааран A/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврыг заасан хугацаанд нь хэрэгжүүлэх үүрэгтэй. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний 1/499 дүгээр албан бичиг тус шүүхийн 796 дугаар шийдвэрийг “Б к ТМЗ” ХХК-ийн асуудлыг шийдвэрлэсэн нь “Х” ХХК-д хамааралгүй гэж хандахгүй харин хариу өгсөн нь Захиргааны үйл ажиллагааг хууль дээдлэх, тэгш байдлыг хангах зарчимд нийцүүлэх үүрэгтэй гэж үзэж байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар тушаалын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсон хэсгийг илт хууль бус болохыг түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 07 дугаар сарын 29-ний 1/1635 дугаар чиглэлийг илт хууль бус болохыг тогтоосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон.
Дээрх үйл баримтууд нэгэнтээ шүүхийн шийдвэрээр тогтоогдож, шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн “Х” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Х” ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан Зааврын 3.9 дэх заалтыг хэрэгжүүлж, уг зааварт нийцүүлэн гаргасан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “ажил олгогчоос 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах” гэж нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа болон нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодруулж дор дурдъя. Үүнд:
1. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын /цаашид А/84 дүгээр тушаалаар батлагдсан заавар/-ын 3.9-д 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ нь ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар мөрдөж эхэлнэ гэсэн. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүх тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээтэй адил байна” гэж заасны дагуу “Х” ХХК нь ажил олгогчийн хувьд даатгуулагчтай адил хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх эрхтэй ба үүрэгтэй болсон. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг тус зааврын дагуу гаргаж өгөх техник, программын нөхцөлийг хангаагүй, цаасаар хүлээн авахгүй байсан тул ажил олгогч “Х” ХХК нь Зааврын 3.9 дэх заалтад зааснаар шимтгэл төлж чадаагүй, харин нийт цалин хөлсний сангаас тооцон төлсөн тул нийгмийн даатгалын шимтгэлийг 2.851.472,953 төгрөгөөр илүү төлсөн байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Ажил олгогч нь илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг эгүүлэх авах буюу дараа төлөх шимтгэлд суутгуулах эрхтэй” тул 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01 хүртэлх хугацааны “Х” ХХК-ийн илүү төлсөн 2,851,472,953 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг цаашид төлөх нийгмийн даатгалын шимтгэлд суутган төлөх эрхийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.
2. “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9 дэх заалтыг хэрэгжүүлж 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулж байгаа нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйл болон 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу Нийгмийн даатгалын байгууллага нь нэгдсэн удирдлагатай босоо тогтолцоо бүхий байгууллага байх бөгөөд Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3.1.1-д зааснаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан чиг үүргийг буюу нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг чиг үүргийг, 3.1.3-т зааснаар нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, түүний хэрэгжилтийг хангах журам, аргачлал, чиглэл, зөвлөмж, гаргах нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын хуулиар хүлээсэн чиг үүрэг тул Нийгмийн даатгалын ерөнхий газар хариуцна гэж үзэж байгаа болно.” гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд хянагдаж байгаа “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох “2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:
Нэг. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах харилцаа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/99 дүгээр тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах журам”-аар зохицуулагдаж байна.
Энэхүү журмын 2.1-д “Ажил олгогч нь тайланг хуулиар тогтоосон хугацаанд энэ журмын 2.2-т заасан шаардлагад нийцүүлэн гаргаж, 2.4-т заасан хэлбэрээр харьяалах Нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.”, 3.2-т “... ажил олгогч тайланг цахимаар илгээсний дараа хэвлэмэл хэлбэрээр хүлээн авах ба хариуцсан байцаагч хянаж, баталгаажуулсан огноогоор тайлан ирүүлсэн /хүлээн авсан/ хугацааг тооцно.” гэж тус тус заасан байна.
Дээрх заалтуудын дагуу нэхэмжлэгч “Х” ХХК нь оршин байгаа харьяаллынхаа дагуу Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа хүлээлгэн өгч дурдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа хүлээлгэн өгч тус хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч НД7, НД8 тайлангуудыг хянаж, баталгаажуулсан байна.
“Х” ХХК-ийн НД7, НД8 тайлангуудыг хүлээн авч хянаж, баталгаажуулах эрх бүхий субъект болох орлого, шимтгэлийн байцаагч нь дээрх журмын 3.3, 3.3.8 дахь хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын тухай хууль болон Засгийн газрын тогтоолд зааснаар ажил олгогчийн болон даатгуулагчийн төлбөл зохих шимтгэлийн хувь хэмжээг зөв тооцсон эсэхэд хяналт тавих үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа болно. Мөн дээрх журмын 3.3 дахь хэсэгт “Хэвлэмэл хэлбэрээр ирүүлсэн тайлан дараах байдлаар хянан баталгаажуулна. Үүнд:
3.3.1 Хэвлэмэл тайлан цахимаар илгээсэн тайлангууд зөрүүтэй эсэх;
3.3.8 Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос ажил олгогчийн болон даатгуулагчийн төлбөл зохих шимтгэлийн хувь хэмжээг холбогдох хууль болон Засгийн газрын тогтоолд зааснаар зөв тооцсон эсэх ...” гэж тус тус журамлан үүрэг болгожээ.
Хоёр. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж хуульчилсан байна.
Энэхүү хуулийн дагуу зөвхөн Засгийн газар л нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох эрхтэй юм.
Засгийн газраас 1996 онд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тогтоох тухай” 80 дугаар тогтоол, 1998 онд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 92 дугаар тогтоол, 2017 онд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” 251 дүгээр тогтоолыг тус тус гаргасан байдаг.
Дээрх Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоол, 1998 оны 92 дугаар тогтоолууд нь Засгийн газрын 2017 оны 251 дүгээр тогтоол гарах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд аймаг /нийслэл/, дүүргийн нийгмийн даатгалын /газар/ хэлтсүүд нь энэхүү 1996 оны 80 дугаар тогтоол, 1998 оны 92 дугаар тогтоолуудыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байсан болно.
Тодруулбал, Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтад даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1996 онд баримтлах дээд хэмжээг 80.000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд уг тогтоолын 2 дахь заалтад ажил олгогчийн хувьд энэ хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосон.
Үүний дараа Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүйд тооцож 2 дахь заалтыг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн байна.
Өөрөөр хэлбэл ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахдаа даатгуулагчийн хувьд баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогийн дээд хэмжээг хамааруулахгүй байхаар байхаар тогтоосон байна.
Иймээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД7,НД8 тайлангуудыг хүлээн авч, хянаж, баталгаажуулах эрх бүхий субъект болох аймаг /нийслэл/, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүд нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Засгийн газрын дээрх тогтоолуудыг хэрэгжүүлж тайланг авч байгаа болно.
Гурав. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь заалт нь Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжих асуудал бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаал нь өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар тушаал гаргасан хуульд нийцэхгүй шийдвэр байсан.
Дээрх хуульд нийцэхгүй шийдвэрийг аймаг /нийслэл/, дүүргийн /газар/ хэлтсүүд нь тухайн цаг хугацаанд хэрэгжүүлэн ажиллах хууль зүйн үндэслэлгүй байсан учраас Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, гэж заасныг баримтлан Засгийн газраас баталсан 1996 оны 80 дугаар тогтоол, 1998 оны 92 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэн ажилласан байна.
Нийгмийн даатгалын байгууллага нь төрийн захиргааны байгууллага болохын хувьд үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасныг мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “хуульд үндэслэх” зарчмыг тус тус баримтлан ажиллаж байна.
Мөн Улсын дээд шүүхийн 2017 оны дэлгэрэнгүй тайлбарт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсгийг дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд: “... Эрх зүйт төрийн зарчмын дагуу хууль дээдлэх ёсыг төрийн бүх байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим болохыг Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан билээ. Энэ зарчмын хүрээнд захиргааны байгууллагын тухайд дараах шаардлага тавигддаг байна. Үүнд:
- Захиргаанаас хуулийг зөрчсөн ямарваа нэг үйлдэл хийхийг хориглоно.
- Захиргаанаас хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхийг хориглоно ... гэж тайлбарлажээ.
Дээрх зарчим болон Төрийн албаны тухай хуулийн 13.1.4 дэх заалтыг тус тус үндэслээд дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэлд дурдсан хугацааны “Х б” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг Засгийн газрын 80 дугаар тогтоол, 92 дугаар тогтоолуудын хүрээнд хүлээн авч хянаж, баталгаажуулсан байгаа.
Мөн нэхэмжлэгч “Х” ХХК нь Засгийн газрын дээрх 80 дугаар тогтоол, 92 дугаар тогтоолуудыг өөрсдөө ч мөн хэрэгжүүлэн ажиллаж НД7, НД8 тайлангаа гаргаж өгчхөөд одоо хуульд нийцэхгүй шийдвэр болох 2015 оны А/84 дугаартай эрх зүйн чадамжгүй тушаалд нийцүүлж тайлан авахыг шаардаж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хууль бус үйлдэл хийхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Х” ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулах” гэж тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд “2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд илүү төлсөн 2,851,472,953 төгрөгийн шимтгэлийг дараа төлөх шимтгэлд тооцон суутгахыг даалгах” гэж ихэсгэсний дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ыг баталсан байна. Энэхүү зааврын 3.9-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар мөрдөж эхэлнэ. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүх тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээтэй адил байна” гэж журамласан нь нэхэмжлэгчийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэл буюу маргааны зүйл болсон байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7-д “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж заажээ.
“Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах цаг хугацаа буюу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авахад Засгийн газрын 1996 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тогтоох тухай” 80 дугаар тогтоолын 2-т “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахад энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосугай”, Засгийн газрын 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 92 дугаар тогтоолын 1-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухай сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар...” гэх хэм хэмжээний акт үйлчилж байжээ. Засгийн газраас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хэмжээг тогтоосон зохицуулалтыг тодруулбал, ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэмжээг ялгавартай тогтоосон бөгөөд ажил олгогч нь даатгуулагчийн авч байгаа нийт цалингийн хэмжээгээр, харин даатгуулагчийн хувьд тухай үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин үржүүлсэн хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэмжээг хязгаарласан байна.
Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын 3.9 дэх хэсэгт нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэмжээг ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар зохицуулсан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэг болон Засгийн газрын 1996 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 80 дугаар, 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй тул шүүх энэхүү хууль бус зааврыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “нийгмийн даатгалын төв байгууллага нь орон нутгийн байгууллагаа мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга харъяа аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэст зааварчилгаа, чиглэл өгөх эрхтэй боловч энэ нь хуулийн хүрээнд, Засгийн газрын тогтоол, шийдвэрт нийцсэн байх ёстой.
Иймээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын харъяа аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсүүд нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын 1996 оны 80 дугаар, 1998 оны 92 дугаар тогтоолын дагуу ажил олгогч, даатгуулагч тус бүр төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг ялгавартайгаар бодож ноогдуулсаныг буруутгах үндэслэл байхгүй байна.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын төв байгууллага нь нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний ... удирдлагын дор ажиллана” гэж заасны дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын /хуучин нэрээр/ сайдын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 1/1485 дугаар албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад ””Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ” зэргийг Засгийн газраас тогтоох тул холбогдох шийдвэрийг үндэслэн ажиллана уу” гэж чиглэл өгсөн байна. Үүнээс үзэхэд хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад түүнийг шууд удирдах албан тушаалтан болох нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнээс маргааны зүйл болох зааврын 3.9 дэх хэсгийн “нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байх” гэх зохицуулалт нь хуульд нийцэхгүй байгаа, ажил олгогч, даатгуулагч хоёрын нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэмжээг зөвхөн Засгийн газрын шийдвэрт үндэслэн тогтоох ёстой талаар мэдэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3-2/27 дугаар лавлагааны хуудсаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар” захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй болохыг тодорхойлжээ.
Хариуцагч нь 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ыг зохих журмын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлээгүй тул уг заавар хүчин төгөлдөр үйлчилсэн гэж үзэхгүй. Учир нь, захиргааны байгууллага нь өөрийн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлж эхлэхээс өмнө буюу аливаа маргаан гарахаас урьдчилж хуульд заасан шаардлагын дагуу уг акт нь хуульд нийцсэн эсэх, эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэртэй зөрчилдөж байгаа талаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандан хянуулсан байх шаардлагатай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7, 22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан “Х” ХХК-ийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулах, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд илүү төлсөн 2,851,472,953.00 төгрөгийн шимтгэлийг дараа төлөх шимтгэлд тооцон суутгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ