Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1137

 

Б.Болдбаатарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/00864 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Болдбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар” ТӨҮГ-т холбогдох        

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 21 619 154 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Болдбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баянмонгол

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГазрын захирлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн тушаалаар ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/129 тоот тушаалаар албан тушаал бууруулсан. Тиймээс захирлын хууль бус шийдвэрийн талаар 2015 оны 9 дүгээр сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7607 дугаар шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Уг шийдвэрт хариуцагч давж заалдах болон Улсын дээд шүүхэд гомдол гаргасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 73 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 00277 дугаар тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд би “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГазрын захирлын 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилогдсон боловч газрын захирлын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/36 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Тиймээс “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГазрын хууль бус шийдвэрийн талаар 2016 оны 6 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00716 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Уг шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1868 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Мөн хариуцагч нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй.

Иймд “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГазар нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 7607 дугаар шийдвэрийг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 7 сарын хугацааны мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2016/00716 дугаар шийдвэрийг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх 7 сарын хугацааны ажилгүй байсан цалинг сарын дундаж цалингийн хэмжээ 1 300 872 төгрөгөөр бодож нийт 16 105 960 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн уг албан тушаалд томилсон тул энэ хугацааны цалин 805 298 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн баталгаажуулахыг даалгаж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин 21 619 154 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Болдбаатарыг тус газрын ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас бууруулж нягтлан бодогчийн албан тушаалд томилсон 2015 оны Б/129 дүгээр тушаалыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож, Улсын дээд шүүхийн 2016 оны 277 дугаар тогтоолоор уг шийдвэрийг хэвээр үлдээсэн. Б.Болдбаатар уг тушаалыг үндэслэлгүй талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч Б/129 дүгээр тушаал гарсан 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаанд Б.Болдбаатар нь нягтлан бодогчийн ажил үүргээ гүйцэтгэлгүй ажил тасалсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах нь ажил таслах хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй бөгөөд удирдлагын тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр байсан тушаалыг биелүүлэх явцдаа зөрчигдсөн гэж буй эрхээ шүүхээр сэргээлгэх боломжтой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь тухайн ажилтны хөдөлмөрийн үр дүнд тохирсон байх ёстой бөгөөд ажлын байрыг дур мэдэн орхин ажил үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн үр дүн байхгүй, нягтлан бодогчийн албан туушаалын үүргийг гүйцэтгэлгүй байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх зарчмыг алдагдуулсан тул Б.Болдбаатарт 2015 оны 10 сараас 2016 оны 5 cap хүртэлх хугацааны цалин хөлс олгох боломжгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч "Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17 749 154 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Болдбаатарт олгож, хариуцагч "Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" ТӨҮГ-т ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж төлж, бичилт хийн баталгаажуулахыг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Болдбаатар хариуцагч "Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" ТӨҮГ-аас 21 619 154 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын 3 870 000 төгрөгийг гаргуулах хэсгээс татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Болдбаатар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б.Болдбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 480 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Болдбаатарт олгож, хариуцагч "Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 246 695 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баянмонгол давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т зааснаар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзсэн үед шүүх хуралдааныг хуралдуулахаар зохицуулсан ба хариуцагчаас зарим санхүүгийн болон Б.Болдбаатарын ээлжийн амралт, өмнөх сахилгын шийтгэлтэй холбоотой баримтуудыг гаргаж өгч амжаагүй, эдгээр баримтуудыг бүрдүүлсний дараа шүүх хуралдааныг хийсэн тохиолдолд хэргийг илүү үнэн зөв бүрэн бодитой шийдвэрлэх байсан. Түүнчлэн “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" ТӨҮГ-ын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/129 дүгээр тушаалын 2 дахь заалтаар Б.Болдбаатарыг ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж мөн өдрөөс нягтлан бодогчийн албан тушаалд томилсон. 4 дэх заалтаар Б.Болдбаатарын сарын цалинг 847 200 төгрөгөөр мэргэшсэн нягтлан бодогчийн зэргийн нэмэгдлийг сарын цалингийн 15 хувиар тогтоосон. Үүнийг Б.Болдбаатар эс зөвшөөрч уг тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7607 дугаар шийдвэрээр Б.Болдбаатарыг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон. Уг шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хэвээр үлдээсэн. Шүүхийн эдгээр шийдвэрт дээрх Б/129 дүгээр тушаалыг хүчингүй болгоогүй. Өөрөөр хэлбэл, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс Улсын дээд шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 00277 дугаар тогтоол гарах  хүртэл хугацаанд Б.Болдбаатарыг нягтлан  бодогчоор ажиллуулах тухай тушаалын заалт болон сарын цалингий хэмжээг тогтоосон заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар нягтлан бодогчийн ажлын байрыг орхих эрх үүсэхгүй. Ажлын байрыг орхих тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 119 дүгээр зүйлд заасан байдаг. Б.Болдбаатарыг ажлаас халсан тухай шийдвэр гарснаас хойш түүнд 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Б/155 тушаалаар дахин сахилгын арга хэмжээ авсан. 1 дэх заалтаар 2015 оны 8 дугаар сарын 21, 24, 25-нд ажил тасалсан тул “сануулах” шийтгэл ногдуулсан. Энэ тушаалтай холбогдуулж, Б.Болдбаатар ямар нэгэн гомдол гаргаагүй. Түүнчлэн А/77 тушаалаар Б.Болдбаатарт 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл амралт олгосон. Үүнд мөн гомдол гаргаагүй, мөнгийг авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байдаг.

Ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халсан өдрөөс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан өдөр хүртэл 7 сарын хугацаанд тооцох ёстой. Б.Болдбаатарын ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын үндсэн цалин 1 037 700 төгрөг бөгөөд мэргэшсэн нягтлан бодогчийн зэргийн нэмэгдэл сарын цалингийн 15 хувь буюу 155 655 төгрөг нийт 1 211 355 төгрөг байсан. Харин тооцооны нягтлан бодогчийн цалин зэргийн нэмэгдлийн хамт /847200+127080/ 974 280 төгрөг байна. Үүнийг 7 сараар тооцвол 6 819 960 төгрөг бөгөөд Б.Болдбаатарт олгосон амралтын мөнгө 1 568 382 төгрөгийг нэмбэл нийт 8 388 342 төгрөг болж байна. Б.Болдбаатарын нэхэмжлэлээс 8 388 342 төгрөгийг хасч тооцох ёстой байсан гэж үзэж байна. Түүнчлэн хариуцагчаас 2 итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон бөгөөд төлөөлөгч Л.Баянмонгол надад шүүх хуралдааны товыг мэдэгдэж гарын үсэг зуруулаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчснөөс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаав.      

Нэхэмжлэгч Б.Болдбаатар хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар” ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 21 619 154 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б.Болдбаатар ажилгүй байсан хугацааны цалин олговорт 805 298 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байхад уг шаардлагыг хариуцагч талд гардуулах, тайлбар гаргах хугацаа олгох, нотлох баримт цуглуулах боломж олгоогүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эрх зүйн дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/00864 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар” ТӨҮГ-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                                ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                         Д.БАЙГАЛМАА