Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2017/00670

 

  

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: К ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 116,000,000 төгрөг, алданги 58,000,000 төгрөг нийт 174,000,000  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Содбаяр, хариуцагчийн төлөөлөгч А.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

             Нэхэмжлэгч К ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.Содбаяр шүүх хуралдаанд  гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 12 сарын 01-ний өдөр Б ХХК-ний захиалгаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт баригдах 2а хорооллын 9 давхар орон сууцны 1-1, 1-2, 1-3, 1-4 блокуудын зураг төсөл, ажлыг хийж гүйцэтгэхээр  1,050,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Хоёр тал эхний удаад 1-1 дэх блокын зураг төслийг хийж гүйцэтгэхээр амаар тохиролцсон. Гэрээний 4.1. дэх хэсэгт 1-1 блокын зураг төслийн ажпын хөлс 240,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээний 4.3. дах хэсэгт тухайн блокын зураг төслийн ажлыг эхлүүлэхээс ажлын 3 өдрийн өмнө тухайн блокын ажлын хөлсний 50 хувийг гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу захиалагч талаас 2014 оны 12 сарын 4-ний өдөр дансаар 20,000,000 төгрөг, 2015 оны 2 сарын 26-ны өдөр дансаар 20,000,000 төгрөг, 2015 оны 3 сарын 13-ны өдөр дансаар 50,000,000 төгрөг, бэлнээр 10,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөгийг  шилжүүлсэн. Б  ХХК нь 1-1 блокын зураг төслийн ажлын хөлсний урьдчилгаа 50 хувь буюу 120,000,000 төгрөгөөс 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдсэн 20,000,000 төгрөгийг удахгүй шилжүүлнэ гэж мэдэгдэж байсан ч шилжүүлээгүй. Манай компани 1-1 блокын иж бүрэн зураг төсөл буюу гэрээний 2.1.1-2.1.7 дэх хэсэгт заасан ажлуудыг хийж гүйцэтгэж, ОБЕГ болон экспертизийн хяналтаар оруулж Б ХХК-д хүлээлгэн өгсөн. Гэрээний 4.4. дэх хэсэгт тухайн блокын зурагтай холбоотой бүхий л зөвшөөрлийг авч, экспертизэд орсны дараа гэрээний 6.1-д зааснаар захиалагчид хүлээлгэн өгч акт үйлдсэнээс хойш ажлын 5 хоногт багтаан тухайн блокны зураг төслийн ажлын хөлсний 40 хувийг шилжүүлнэ гэж заасан. Энэ нь 96,000,000 төгрөг, 2.1.8 дахь хэсэгт заасан зохиогчийн хяналтын ажил нь зураг төслөөр барилга угсралтын ажил хийгдэхэд гүйцэтгэгч нь барилга угсралтын явц болон материалын чанарт хяналт тавих ажил гэж заасан байдаг. Б ХХК нь барилгын ажлыг эхлээгүй байгаа тул манай талаас зохиогчийн хяналтын ажлыг хийж гүйцэтгээгүй. Гэрээний 4.5. дахь хэсэгт гэрээний 6.2,-д заасан тухайн блокыг улсын комисс хүлээн авснаар гэж тооцож тухайн өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан тухайн блокын үлдэгдэл төлбөр 10 хувийг шилжүүлнэ гэж заасан байна. Манай компани нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул гэрээний 4.3. дахь хэсэгт заасны дагуу урьдчилгааны үлдэгдэл 20,000,000 төгрөг, 4.4. дэх хэсэгт заасны дагуу төлөх ёстой 96 000 000 төгрөг, алданги 58,000,000 төгрөг нийт 174,000,000 төгрөгийг гаргуулна гэв.

Хариуцагч Б ХХК  шүүхэд болон төлөөлөгч А.Амарбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Каркас зураг ХХК тай 2014 оны 12 сарьн 01-ний өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сумын Оюут багийн 2А хороололд баригдах Шинэ Эрдэнэт орон сууцны хорооллын барилгын ажлын зургийг зуруулахаар гэрээ байгуулсан. Шинэ Эрдэнэт төсөл төдийгүй улсын хэмжээнд эдийн засгийн хямрал нүүрлэж барилгын салбарт хамгийн хүндээр нөлөөлж улмаар Шинэ эрдэнэт төсөл эхэлж чадалгүй зогсонги байдалд орсон.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-т урьдчилгаа ажлын хөлсний 30 хувь буюу 72,000,000 төгрөгийг өгөх байсан бөгөөд уг мөнгийг шилжүүлсэн. Мөн гэрээний 4.4-д гэрээт ажлыг хийж дууссаны дараа 40 хувь буюу 96,000,000 төгрөгийг шилжүүлэх ёстой.

Гэтэл Каркас Зураг ХХК нь гэрээний 4.3-д заасны дагуу урьдчилгаа 50 хувийн төлбөрийг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К ХХК хариуцагч Б ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 116,000,000 төгрөг, алданги 58,000,000 төгрөг нийт 174,000,000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа 121,500,000 төгрөг болгон багасгаж байна.

 

Хариуцагч Б ХХК-нь нэхэмжлэлийн шаардлагаас 33,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, ажлын хөлс 135,000,000 төгрөгийг төлсөн гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 12 сарын 01-ний Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт баригдах 2а хорооллын 9 давхар орон сууцны блокуудын зураг төсөл, ажлыг хийж гүйцэтгэхээр Зургийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Талууд гэрээний 4.1.гэрээт ажлын 1-1 блокын ажпын хөлс 240,000,000 төгрөг, гэрээний 4.3. тухайн блокын зураг төслийн ажлыг эхлүүлэхээс ажлын 3 өдрийн өмнө тухайн блокын ажлын хөлсний 30 хувийг гүйцэтгэгчид төлнө, гэрээний гэрээний 4.4-т...зураг төслийн ажлын хөлсний 40 хувь, гэрээний 4.5.гэрээний 6.2-д зааснаар тухайн блокыг улсын комисс хүлээн авснаар зохиогчийн хяналт гүйцэтгэх үүргээ гүйцэтгэгч гүйцэтгэх дуусан гэж тооцож тухайн өдрөөс хойш хойш ажлын 5 хоногт багтаан тухайн блокын үлдэгдэл төлбөр 30 хувийг шилжүүлнэ, гэрээний 8.2.гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлнө” гэж тохирсон болох нь зохигчдын тайлбар, Зургийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 88-94 талд/ зэргээр тогтоогдож байна.  

 

Захиалагч 2014 оны 12 сарын 4-ний өдөр дансаар 20,000,000 төгрөг, 2015 оны 12 сарын 12-ны өдөр дансаар 25,000,000 төгрөг, 2015 оны 2 сарын 26-ны өдөр дансаар 20,000,000 төгрөг,  2015 оны 3 сарын 13-ны өдөр дансаар 50,000,000 төгрөг, бэлнээр 10,000,000 төгрөг, 2015 оны 9 сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөгийг  нийт 135,000,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны дипозит дансны хуулга /хх-ийн 7-11 талд/, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч зөвшөөрсөн тайлбар гаргаж байна.

 

 Талууд гэрээний 4.1. Гэрээт ажлын 1-1 блокын ажпын хөлс 240,000,000 төгрөгийн 30 хувь болох 72,000,000 төгрөгийг,  гэрээний 4.4-т...зураг төслийн ажлын хөлсний 40 хувь болох 96,000,000 төгрөгийг төлөхөөр тохирсон байх ба үүнээс 135,000,000 төгрөг төлснийг хасч тооцож үлдэх 33,000,000 төгрөгийг, мөн гэрээний 8.2-т зааснаар гүйцэтгээгүй үүрэг 33,000,000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги болох 16,500,000 төгрөг нийт 49,500,000 төгрөгийг хариуцагч Б ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй. 

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр хийнэ. Мөн хуулийн 343 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах шаардлага тавиагүй боловч 343 дугаар зүйлийн 343.4-т зааснаар Ажил гүйцэтгэх зарим гэрээний онцлог зохицуулалтыг тусгай хуулиар зохицуулж болно гэсэн байна. Энэ тохиолдолд маргаж буй барилгын зургийн  ажил гүйцэтгэх гэрээг Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар …барилгын ажил гүйцэтгэх ажиллагааг гэрээгүйгээр гүйцэтгэхийг хориглоно гэсэн шаардлагын дагуу талууд гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй байна.

 

Хариуцагч талаас  ирүүлсэн Зургийн ажил гүйцэтгэх гэрээний 4.3, 4.5 дах заалтанд 30 хувь гэж бичсэн /хх-ийн 90 талд/, нэхэмжлэгч тал гэрээний 4.1. гэрээт ажлын 1-1 блокын ажпын хөлс 240,000,000 төгрөг, гэрээний 4.3. тухайн блокын зураг төслийн ажлыг эхлүүлэхээс ажлын 3 өдрийн өмнө тухайн блокын ажлын хөлсний 50 хувийг гүйцэтгэгчид төлнө” гэж тохирсон гэж мэтгэлцэж байгаа боловч нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Зургийн ажил гүйцэтгэх гэрээний 4.3, 4.5 дах заалтанд тоо бичигдээгүй /хх-ийн 17 талд/ байх ба бусад баримтаа ирүүлээгүй тул нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2‑т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 49,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 124,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1.027.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 405.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НАРАНГЭРЭЛ