Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1251

 

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2017/01251

 

 

 

 “Карказ зураг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/00670 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Карказ зураг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “БҮТИ” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 174 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Содбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Мягмарцэрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Амарбаясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 сарын 01-ний өдөр “БҮТИ” ХХК-ийн захиалгаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт баригдах 2а хорооллын 9 давхар орон сууцны 1-1, 1-2, 1-3, 1-4 блокуудын зураг төсөл, ажлыг хийж гүйцэтгэхээр 1 050 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан.

Хоёр тал эхний удаад 1-1 дэх блокийн зураг төслийг хийж гүйцэтгэхээр амаар тохиролцсон. Гэрээний 4.1. дэх хэсэгт 1-1 блокийн зураг төслийн ажпын хөлс 240 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээний 4.3. дах хэсэгт тухайн блокийн зураг төслийн ажлыг эхлүүлэхээс ажлын 3 өдрийн өмнө тухайн блокийн ажлын хөлсний 50 хувийг гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу захиалагч талаас 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дансаар 20 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дансаар 20 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дансаар 50 000 000 төгрөг, бэлнээр 10 000 000 төгрөг, нийт 100 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

“БҮТИ” ХХК нь 1-1 блокийн зураг төслийн ажлын хөлсний урьдчилгаа 50 хувь буюу 120 000 000 төгрөгөөс 100 000 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдсэн 20 000 000 төгрөгийг удахгүй шилжүүлнэ гэж мэдэгдэж байсан ч шилжүүлээгүй.

Манай компани 1-1 блокийн иж бүрэн зураг төсөл буюу гэрээний 2.1.1-2.1.7 дэх хэсэгт заасан ажлуудыг хийж гүйцэтгэж, ОБЕГ болон экспертизийн хяналтаар оруулж БҮТИ ХХК-д хүлээлгэн өгсөн. Гэрээний 4.4. дэх хэсэгт тухайн блокийн зурагтай холбоотой бүхий л зөвшөөрлийг авч, экспертизэд орсны дараа гэрээний 6.1-д зааснаар захиалагчид хүлээлгэн өгч акт үйлдсэнээс хойш ажлын 5 хоногт багтаан тухайн блокны зураг төслийн ажлын хөлсний 40 хувийг шилжүүлнэ гэж заасан. Энэ нь 96 000 000 төгрөг.

Гэрээний 2.1.8 дахь хэсэгт заасан зохиогчийн хяналтын ажил нь зураг төслөөр барилга угсралтын ажил хийгдэхэд гүйцэтгэгч нь барилга угсралтын явц болон материалын чанарт хяналт тавих ажил гэж заасан байдаг.

“БҮТИ” ХХК нь барилгын ажлыг эхлээгүй байгаа тул манай талаас зохиогчийн хяналтын ажлыг хийж гүйцэтгээгүй. Гэрээний 4.5. дахь хэсэгт гэрээний 6.2-д заасан тухайн блокыг улсын комисс хүлээн авснаар гэж тооцож тухайн өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан тухайн блокийн үлдэгдэл төлбөр 10 хувийг шилжүүлнэ гэж заасан байна. Манай компани нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул гэрээний 4.3. дахь хэсэгт заасны дагуу урьдчилгааны үлдэгдэл 20 000 000 төгрөг, 4.4. дэх хэсэгт заасны дагуу төлөх ёстой 96 000 000 төгрөг, алданги 58 000 000 төгрөг нийт 174 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Каркас зураг” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарьн 01-ний өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сумын Оюут багийн 2а хороололд баригдах Шинэ Эрдэнэт орон сууцны хорооллын барилгын ажлын зургийг зуруулахаар гэрээ байгуулсан. Шинэ Эрдэнэт төсөл төдийгүй улсын хэмжээнд эдийн засгийн хямрал нүүрлэж барилгын салбарт хамгийн хүндээр нөлөөлж улмаар Шинэ эрдэнэт төсөл эхэлж чадалгүй зогсонги байдалд орсон.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-т урьдчилгаа ажлын хөлсний 30 хувь буюу 72 000 000 төгрөгийг өгөх байсан бөгөөд уг мөнгийг шилжүүлсэн. Мөн гэрээний 4.4-д гэрээт ажлыг хийж дууссаны дараа 40 хувь буюу 96 000 000 төгрөгийг шилжүүлэх ёстой.

Гэтэл “Каркас зураг” ХХК нь гэрээний 4.3-д заасны дагуу урьдчилгаа 50 хувийн төлбөрийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-д заасныг баримтлан хариуцагч “Бүти” ХХК-иас 49 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Карказ зураг” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 124 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1 027 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Бүти” ХХК-иас 405 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Карказ зураг” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр "БҮТИ" ХХК-ийн захиалгаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт баригдах 2а хорооллын 9 давхар орон сууцны 1-1, 1-2, 1-3, 1-4 блокуудын зураг төсөл, ажлыг хийж гүйцэтгэхээр нийт 1 050 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан.

Гэрээний 4.1. дэх хэсэгт 1-1 блокийн зураг төслийн ажлын хөлс 240 000 000  төгрөг байхаар тохиролцсон. Гэрээний 4.3. дахь хэсэгт тухайн блокийн зураг төслийн ажлыг эхлүүлэхээс ажлын 3 өдрийн өмнө тухайн блокийн ажлын хөлсний 50 хувийг гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу захиалагч талаас 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дансаар 20 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 25 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дансаар 20 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дансаар 50 000 000 төгрөг, нийт 115 000 000 төгрөгийг манай талд шилжүүлж тус тус төлсөн байдаг. "БҮТИ" ХХК нь 1-1 блокийн зураг төслийн ажлын хөлсний урьдчилгаа 50 хувь буюу 120 000 000 төгрөгөөс 115 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

Манай компани 1-1 блокийн иж бүрэн зураг төсөл буюу гэрээний 2.1.1-2.1.7 дэх хэсэгт заасан ажлуудыг хийж гүйцэтгэж, ОБЕГ болон экспертизийн хяналтаар оруулж "БҮТИ" ХХК-д хүлээлгэн өгсний дараа 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бэлнээр 10 000 000 төгрөгийг төлсөн.

Анхан шатны шүүх хурал эхлэхэд хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбар, 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн баримт болон 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байгуулсан гэрээний хувийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээний 4.3 дахь хэсэгт тухайн блокийн зураг төслийн ажлыг эхлүүлэхээс ажлын 3 хоногийн өмнө тухайн блокийн ажлын хөлсний 30 хувийг гүйцэтгэгчид төлнө, 4.5 дахь хэсэгт "6.2-д зааснаар тухайн блокыг улсын комисс хүлээн авснаар Зохиогчийн хяналт гүйцэтгэх үүргээ гүйцэтгэгч гүйцэтгэж дууссан гэж тооцож тухайн өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан тухайн блокийн үлдэгдэл 30 хувийг шилжүүлнэ" гэж 30, 30 хувь гараар бичсэн байна.

Манай талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлд нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээний хувьд дээрх хувиудыг тавиагүй байдаг. Учир нь гэрээ байгуулах явцад талууд хувь дээр тохиролцож шатанд байсан бөгөөд амаар зураг төслийн ажил эхлэхээс 3 хоногийн өмнө 50 хувь, тухайн блокийг улсын комисс хүлээн авснаар 10 хувийг төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Ажлын хөлсний 50 хувийг гүйцэтгэгчид төлнө гэж тохирсны дагуу захиалагч талаас 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дансаар 20 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 25 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дансаар 20 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дансаар 50 000 000 төгрөг, бэлнээр 10 000 000 төгрөг, нийт 125 000 000 төгрөгийг манай талд шилжүүлснээр гэрээнд заасан 1-1 дэх блокийн зураг төслийн үнэ 240 000 000 төгрөгийн 50 хувь болох 120 000 000 төгрөгөөс 125 000 000 төгрөг төлсөн үйл, үйлдлээр хангалттай нотолж байна.

Манай тал хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээнд гараар нэмж бичсэн 30, 10 хувь гэснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шүүхийг төөрөгдүүлэх, гэрээний тохиролцоогоо зөрчих зорилгоор 30, 10 хувь бичиж өгсөн гэж үзэж байна. Манай талаас нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээний хуулбар дээр 30, 30 хувь гэж бичээгүй хоосон байдаг ба бид шүүхэд бодит үнэн, засварлаагүй гэрээг өгсөн юм. Мөн хариуцагчийн гаргаж өгсөн 10 000 000 төгрөг төлсөн баримт нь Б.Манлай надад бэлнээр төлсөн гэж анхан шатны шүүхэд нэхэмжлэлдээ дурьдсан бэлнээр төлсөн гэх 10 000 000 төгрөг байсан буюу нэг ижил төлбөр байсныг итгэмжлэгдэн төлөөлөгч Б.Содбаяр, өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар мэдээгүй улмаас хүлээн зөвшөөрсөн байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Гэрээний 4.4. дэх хэсэгт заасны дагуу төлөх ёстой 91 000 000 төгрөг, болон 8.2. дахь хэсэгт “захиалагч гэрээнд заасан хугацаанд ажлын хөлсийг төлж барагдуулаагүй бол санхүүжилт саатуулсан хоног тутамд төлөх ёстой үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлнө. Талуудын төлөх ёстой алдангийн хэмжээ гэрээний үнийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасны дагуу алданги 45 500 000 төгрөг, нийт 136 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

            Нэхэмжлэгч “Карказ зураг” ХХК нь хариуцагч “БҮТИ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 174 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 121 500 000 төгрөг болгож багасгасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Зургийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гүйцэтгэгч “Карказ зураг” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багын нутагт байрлах 2А хорооллын 9 давхар орон сууцны блокуудын зураг төслийг 60 хоногт багтаан гүйцэтгэж гаргах, гүйцэтгүүлэгч “БҮТИ” ХХК нь ажлын хөлс нийт 1 050 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн талаар талууд маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

Гэрээний дагуу гүйцэтгэх ажлыг 1-1, 1-2, 1-3, 1-4 блокийн зураг төслийн ажил гэж тодорхойлж, нэхэмжлэгч нь уг ажлын 1-1 блокийн зураг төслийн ажлын хөлс шаардсан.   1-1 блокийн нийт ажлын хөлс 240 000 000 төгрөгийн талаар талууд маргаагүй, харин хөлс төлөх хуваарийн талаар маргасан.

 

Нэхэмжлэгч ажлын хөлс төлөх хуваарийг талууд амаар тохиролцсон, нөхцөл нь хариуцагч тал урьдчилгаа хөлс 50 хувийг тухайн блокийн зураг төслийн ажлыг эхлүүлэх ажлын 3 өдрийн өмнө төлөх, зурагтай холбоотой зөвшөөрөл авч, экспертизэд орсны дараа ажлын хөлсний 40 хувийг төлөх, зохиогчийн хяналт гүйцэтгэх үүрэг дууссаны дараа ажлын хөлсний 10 хувийг төлхөөр хуваарийг тохирсон гэж тайлбарласан ба нэхэмжлэгч талаас баримтаар гаргаж өгсөн гэрээний /хх 15-21 дэх тал/ гүйцэтгэх ажлын хөлс гэх хэсэгт урьдчилгаа болон сүүлийн төлбөрийн хувь хэмжээ тавигдаагүй байна.

 

Хариуцагч уг хуваарийг талууд 30, 40, 30 хувь гэж тохиролцсон гэх тайлбарыг гаргасан ба тайлбараа нотолж гэрээний хувийг /хх 90-98 дахь тал/ баримтаар гаргаж өгсөн ба уг гэрээний гүйцэтгэх ажлын хөлс” хэсгийн 4.3, 4.4, 4.5 дахь заалтаас үзвэл ажлын хөлс төлөх хуваарь 30, 40, 30 хувь гэж бичигджээ.

 

Гэрээний талуудад байгаа гэрээнүүдэд ажлын хөлс төлөх хуваарь өөр байгаа тул эргэлзээтэй гэж дүгнэхээр байна.

 

Захиалагчаас ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн мөнгөний зориулалтаас үзвэл 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 20 000 000 төгрөгийн шилжүүлэгт “барилгын зураг төслийн үнэ” гэж, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 25 000 000 төгрөгийн шилжүүлэгт “зээлийн урьдчилгаа” гэж, 2015 онь 02 дугаар сарын 26-ны өдрийн 20 000 000 төгрөгийн шилжүүлэгт “Эрдэнэт зургийн урьдчилгаа” гэж, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 50 000 000 төгрөгийн шилжүүлэгт “Эрдэнэт зургийн урьдчилгаа” гэж тодорхойлсон ба уг үнийн дүн нь 115 000 000 төгрөг болж байгаа ба гэрээний үнэ 240 000 000 төгрөгийн 50 хувь нь 120 000 000 төгрөг болохтой харьцуулан дүгнэвэл талууд гэрээний урьдчилгаа хөлсийг гэрээний үнийн 50 хувиар тооцохоор тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр ажлын хөлс төлөх хуваарь 50, 40, 10 хувиар тохиролцсон гэж үзэв.

 

Захиалагч нь ажил гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөрт 240 000 000 төгрөгийн 50 хувь буюу 120 000 000 төгрөгийг гэрээний 4.3 дахь хэсэгт зааснаар зураг төслийн ажлыг эхлүүлэхээс ажлын 3 хоногийн өмнө шилжүүлэх үүрэгтэй байснаас уг үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 20 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 25 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөг, нийт 115 000 000 төгрөг шилжүүлснээр тогтоогдож байна.

 

Гэвч ажил гүйцэтгэгч нь гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар ажлыг 60 хоногт гүйцэтгэх үүргээ хугацаа хэтрүүлэн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэсэн нь ажлын зураг /хх 38-46 дахь тал/ нь зураг төслийг хянасан экспертизийн тэмдэглэгээгээр тогтоогдсон.

 

Экспертизийн дүгнэлт гарснаар гэрээний 4.4 дэх хэсэгт заасан ажлын хөлсний 40 хувь буюу 96 000 000 төгрөгийг төлөх үүрэг захиалагчид үүссэн ба 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлсөн ба үлдэх төлбөр төлөгдөөгүй байна.

 

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт заасан хөлс төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд хариуцагчийн хөлс төлөх үүргийг 216 000 000 /120.000.000+96.000.000/ төгрөгөөс төлсөн 125 000 000 /115.000.000+10.000.000/ хасч тооцвол 91 000 000 төгрөгөөр тодорхойлогдож байх тул шийдвэрт энэ хэмжээгээр өөрчлөлт оруулав.

 

Харин нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу алданги шаардах эрхгүй болжээ. Учир нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн буруутай тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт зааснаар анз буюу алданги авах эрхээ алдсан байна.

 

Иймд нэхэмжлэлээс ажлын хөлсөнд илүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн холбогдох хэсгийг, алданги гаргуулах шаардлагын хамт хэрэгсэхгүй болгов.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/00670 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “ 346 дугаар зүйлийн 346.1” гэснийг “186 дугаар зүйлийн 186.1” гэж, “49 500 000 төгрөг” гэснийг “91 000 000 төгрөг” гэж, “124 500 000 төгрөг” гэснийг “30 500 000 төгрөг” гэж,

2 дахь заалтын “405 450 төгрөг” гэснийг “612 950 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 840 450 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                        

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

                                                                                       

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА