Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 1307

 

    Р.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01224 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Их наран өргөө констракшн” ХХК-д холбогдох

 

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48 дугаар байрны 04 тоот хаягт байрлах 67.59 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.Энхтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тамир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Р.Энхтуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр "Их наран өргөө констракшн" ХХК-тай 1/9 тоот дугаартай "Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх” гэрээ байгуулан гэрээний дагуу 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлбөрийг 100 хувь төлсөн. Гэрээний 2.3-т заасны дагуу уг барилга нь 2014 оны 02 дугаар улиралд багтан орно гэсэн боловч  2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бид байрандаа орсон. Өөрөөр хэлбэл хариуцагчийн буруугаас шалтгаалан гэрээнд заасан үндсэн хугацааг 547 хоногоор хэтрүүлсэн. Уг барилгыг нь "Авецина" ХХК-ийн нэрээр 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах 77/2016 тоот улсын комиссын актаар хүлээн авсан боловч тус компани нь өнөөдрийг хүртэл орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Миний бие гэрээний дагуу бол 03 тоот орон сууцны өмчлөх эрхтэй боловч 2017 оны 01 дүгээр сард хариуцагч компани нь хаалганы дугаарыг өөрчилж 04 тоот болгосон бөгөөд үүнээс хойшх байрны ашиглалтын зардлын нэхэмжлэхүүд 04 тоотоор ирж, төлбөрөө төлж байгаа болно. Иймд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48 дугаар байрны 04 тоот /хуучнаар 03 тоот/ хаягт байрлах 67,59 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан олгуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48 дугаар байрны 04 тоот /хуучнаар буюу гэрээнд 03 тоот/ хаягт байрлах 67,59 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн нэхэмжлэгч Р.Энхтуяад олгохыг хариуцагч "Их наран өргөө констракшн" ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Их наран өргөө констракшн" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Энхтуяад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тамирын давж заалдах журмаар гаргасан гомдолд: "Их наран өргөө констракшн" ХХК гэрээний нэг тал биш юм. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, Улсын комиссын акт "Металл энд вүүд" ХХК-ийн нэр дээр байдаг. Шүүхийн шийдвэр өөрөө биелэгдэх боломжтой байх ёстой. Нэг үл хөдлөх хөрөнгө дээр хоёр өөр өмчлөгч байх боломжгүй. Уг даалгах нэхэмжлэлийг хариуцах ёстой этгээд буюу өмчлөх эрх бүхий этгээд нь л биелүүлэх боломжтой юм.

Нэхэмжлэгч нь "Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх” гэрээг "Их наран өргөө констракшн" ХХК-тай байгуулсан. 2013 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн №1/9 тоот "Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх” гэрээг байгуулах үед уг 2 компанийн үүсгэн байгуулагч, захирал нь О.Хонгорзул байсан ч одоо "Их наран өргөө констракшн" ХХК-ийн захирал Ву Ли Жи Ту, "Металл энд вүүд " ХХК-ийн захирал О.Хонгорзул болон тусдаа үйл ажиллагаа явуулж байна. "Их наран өргөө констракшн" ХХК нь уг маргаан бүхий байрны өмчлөгч биш учраас ордерийг нэхэмжлэгчид гаргаж өгөх эрхгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байна.

Мөн орон сууцны өмчлөх эрх "Металл энд вүүд " ХХК-ийн нэр дээр байдаг учраас "Их наран өргөө констракшн" ХХК-иас дээрх байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгчид олгох  боломжгүй  юм. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахыг даалгах нэхэмжлэл нь зөвхөн гэрээ байгуулсан талд хамаарна. Тухайн байрны өмчлөх эрх бүхий этгээдээс улсын бүртгэл рүү холбогдох бичиг баримтыг гаргаж өгөх, тамга тэмдэг дарах, зөвшөөрөл, тодорхойлолт гаргах зэрэг баримт бичгийг үйлдэх эрх нь бий гэдгийг шүүх анхаарна уу.

Нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө сонгох эрхтэй байдаг ч нэхэмжлэгч нь энэ талаар мэдээлэлгүй, мэдээгүй эрх зүйн мэдлэггүйгээс хариуцагчаа буруу тодорхойлсон байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Р.Энхтуяа нь хариуцагч "Их наран өргөө констракшн" ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48 дугаар байрны 04 тоот /хуучнаар 03 тоот/ хаягт байрлах 67.59 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

"Их наран өргөө констракшн" ХХК, Р.Энхтуяа нар нь 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр "Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ №1/9" байгуулж, "Их наран өргөө констракшн" ХХК нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах, орон сууцны зориулалттай барилгын 2 давхрын 03 тоот 67.59 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж Р.Энхтуяад хүлээлгэн өгөх, Р.Энхтуяа 84 487 500 төгрөгийн үнийг төлөхийг тус тус тохирч, 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Р.Энхтуяа төлбөрийг бүрэн төлсөн. "Их наран өргөө констракшн" ХХК нь орон сууцыг 2014 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн боловч орон сууц 2015 оны 12 сард ашиглалтад орсон, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаангүй.  

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу, энэ талаар шүүх тодруулаагүй, тодруулах ажиллагааг хийгээгүй нь алдаатай болжээ.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16, 17 18 дугаар зүйлд шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд хэрхэн бүртгүүлэх талаар зохицуулсан.

 

Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ  олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана гэж зааснаас үзэхэд “бүртгэлийн гэрчилгээ” олгох эрх бүхий этгээд нь эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллага байхаар байна. Гэтэл шүүх орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгохыг хариуцагч "Их наран өргөө констракшн" ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

 

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулгаас үзвэл үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад бүрдүүлэх бичиг баримтыг нэхэмжлэгч шаардаж буй гэж үзэхээр байна. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас гаргуулан авахад ямар бичиг баримт бүрдүүлэх талаар тодорхой бус тохиолдолд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойлж шийдвэрлэх боломжгүй юм.   

 

Түүнчлэн хариуцагч тайлбартаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 48 дугаар байрны 2 давхрын 03 тоот 67.59 м.кв талбай бүхий 3 өрөө 04 тоот орон сууцны өмчлөх эрх "Металл энд вүүд" ХХК-ийн нэр дээр байдаг, тухайн байрны өмчлөх эрх бүхий этгээдээс улсын бүртгэл рүү холбогдох бичиг баримтыг гаргаж өгөх, тамга тэмдэг дарах, зөвшөөрөл, тодорхойлолт гаргах зэрэг баримт бичгийг үйлдэх эрх нь бий гэж тайлбарласан боловч татгалзлын үндэслэлээ нотлоогүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний шаардах эрх, өр шилжсэн талаар баримтгүй боловч маргааны үндэслэл болох баримт бичиг гаргах эрх бүхий этгээд болох талаар тодруулалгүйгээр хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйг тодорхойлох боломжгүй болно.

 

Эдгээрийг тодруулсны эцэст шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох, энэ маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуулийн зохицуулалтуудыг зөв оновчтой сонгож хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01224 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА

 

                                        ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                 Б.НАРМАНДАХ