Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2017/01224

 

 

 

 

 

        2017 оны 04 сарын 10 өдөр     Дугаар 101/ШШ2017/01224 Улаанбаатар хот

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Р.Э нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: И ХХК холбогдох 

 

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, *******, ******* тоот /хуучнаар 03 тоот/ хаягт байрлах 67,59 мкв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан олгуулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.                                                     

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “*******” ХХК-тай 1/9 тоот дугаартай “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” байгуулан гэрээний дагуу 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлбөрийг 100 хувь төлсөн. Гэрээний 2.3-т заасны дагуу уг барилга нь 2014 оны 02 дугаар улиралд багтан орно гэсэн боловч хугацаандаа ороогүй, 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бид байрандаа орсон. Өөрөөр хэлбэл хариуцагчийн буруугаас шалтгаалан ашиглалтанд оруулах гэрээнд заасан үндсэн хугацаанаас 547 хоногоор хэтрүүлсэн. Уг барилгыг нь “*******” ХХК-ийн нэрээр 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах 77/2016 тоот улсын комиссын актаар хүлээн авсан боловч тус компани нь өнөөдрийг хүртэл орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Миний бие гэрээний дагуу бол 03 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй боловч 2017 оны 01 дүгээр сард хариуцагч компани нь хаалганы дугаарыг өөрчилж, 04 тоот болгосон бөгөөд үүнээс хойшхи байрны ашиглалтын зардлын нэхэмжлэхүүд 04 тоотоор ирж, төлбөрөө төлж байгаа болно. 

Иймд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, *******, ******* тоот /хуучнаар 03 тоот/ хаягт байрлах 67,59 мкв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан олгуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.  

 

 Хариуцагч “*******” ХХК шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй болно. 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, *******, ******* тоот /хуучнаар 03 тоот/ хаягт байрлах 67,59 мкв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан олгуулахыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь нэхэмжлэгч Р.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гардаж авсан, түүнчлэн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.*******ыг томилсон боловч шүүгчийн тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн болон татгалзсан эсэх талаарх хариу тайлбарыг ирүүлээгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй юм

 

“*******” ХХК, Р.******* нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ ¹1/9” байгуулагдаж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “*******” ХХК-ийн үйлчилгээтэй, орон сууцны зориулалттай барилгын 2 давхрын 03 тоот 67,59 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 84,487,500 төгрөгөөр харилцан тохирсон, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр урьдчилгаа 10,000,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үлдэгдэл 74,487,500 төгрөгөөр тус тус төлж төлбөрийг бүрэн барагдуулсан болох нь хэрэгт авагдсан “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ ¹1/9” гэрээ, Голомт банкны 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн орлогын мэдүүлэг, “*******” ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Кассын орлогын ордер” зэргээр тогтоогдож байна. 

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. 

 

Нэхэмжлэгч Р.******* нь дээрх гэрээний дагуу орон сууцны зориулалттай барилгын 2 давхрын 03 тоот 67,59 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч “*******” ХХК-иас хүлээн авч, одоо оршин сууж, амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. 

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж зааснаар дээр дурьдсанчилан “*******” ХХК нь гэрээний дагуу орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн боловч орон сууцтай холбоотой бичиг баримтыг бэлэн болгож өгөх үүргээ биелүүлээгүй байна. 

Учир нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг ажил гүйцэтгэгч нь шинээр бий болгож байгаа тохиолдолд захиалагчийг өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлага хангасан эд хөрөнгийг шилжүүлж, холбогдох баримт бичгийг бэлэн болгож өгөх, өөрөөр хэлбэл барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр шинээр барилга бий болсон бол барилгыг улсын комисс хүлээн авах, барилгын зураг схем зэрэг холбогдох баримтыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байна. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ ¹1/9”-ний дагуу захиалсан орон сууцны зориулалттай барилгын 2 давхрын 67,59 мкв талбай бүхий 3 өрөө 03 тоот орон сууцны тоотын дугаар нь 04 тоот болсон болох нь “*******” ХХК-ийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 120/2017 дугаартай тодорхойлолт, Р.*******гийн 04 тоот орон сууны 2017 оны 3 дугаар сарын байрны ашиглалтын зардал төлсөн Төрийн банкны 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. 

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” үүргийг ажил гүйцэтгэгч хүлээсэн байх бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд хэрхэн бүртгүүлэх талаар зохицуулжээ. 

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, *******, ******* тоот /хуучнаар буюу гэрээнд 03 тоот/ хаягт байрлах 67,59 мкв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн нэхэмжлэгч Р.*******д олгохыг хариуцагч “*******” ХХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар мэдэгдсэн боловч тэрээр өнөөдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

     

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, *******, ******* тоот /хуучнаар буюу гэрээнд 03 тоот/ хаягт байрлах 67,59 мкв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаас холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн нэхэмжлэгч Р.*******д олгохыг хариуцагч “*******” ХХК-д даалгасугай. 

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.*******д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ЭНХЖАРГАЛ