Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 371

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 4 сарын 4 өдөр

Дугаар 151/ШШ2017/00371

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Хас банкны байранд байрлах, Хас банкны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж, 19 байр, 34 тоотод оршин суух, 47 настай, эмэгтэй, Улаан соён овогт Зэвгээгийн Оюунцэцэг /НЭ70031226/,

 

Хариуцагч: Төв аймаг Зуунмод сум 5 дугаар баг, Нацагдорж, 19 байр, 34 тоотод оршин суух, 28 настай, эрэгтэй, Боржигон овогт Бямбаабатын Болдбаяр /НЭ89081631/ нарт холбогдох,

 

зээлийн төлбөр 78.796.905.00 төгрөгийг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энх-Амгалан, хариуцагч З.Оюунцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Оюунцэцэг, Б.Болдбаяр нар нь тус банкнаас 2016 оны 02 дугаар сарын 8-ны өдөр зээлийн 1300014827 дугаар гэрээгээр 60.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 36 сарын хугацаатай авч, зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн Ү-1427002834 дугаартай, Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж Б3 гудамж 3 тоотод орших 120 мкв үйлдвэрийн барилга, улсын бүртгэлийн Г-1427003334 дугаартай, Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж Б3 гудамж 3 тоотод орших 120 мкв эзэмших эрхтэй газар, үйлдвэрийн тоног төхөөрөмж /Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2014 онд ашиглалтанд орсон, WD/X/ 920-10 маркийн даавууны суурь машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж /Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2013 онд ашиглалтанд орсон, 3710036 даавууны суурь машин/ тус тус барьцаалсан. Зээлдэгч банктай байгуулсан зээлийн гэрээний 3.2.1 дахь заалтыг зөрчсөн.

Банкны зүгээс З.Оюунцэцэг, Б.Болдбаяр нараас зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, амаар болон бичгээр шаардлагуудыг тавьж байсан. Зээлдэгч нар өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд үндсэн зээл 60.000.000 төгрөг, үндсэн хүү 18.679.789 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117.116 төгрөг нийт 75.714.009 төгрөг, мөн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 3.082.896 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 78.796.905 төгрөгийг З.Оюунцэцэг, Б.Болдбаяр нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч З.Оюунцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банкнаас 60.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн үйлдвэрийн барилга, газар, үйлдвэрийн тоног төхөөрөмж зэргийг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 2 дугаар сард дуусах бөгөөд нэхэмжлэгч Хас банк зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д заасныг баримтлан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан байна. Энэ нь зээлдэгч нарын графикт заасны дагуу зээлийг эргэн төлөх боломжийг хааж, зээлдэгч нарыг хохироож байна. Зээлсэн мөнгөөр Төв аймгийн Зуунмод суманд байрлах оёдлын үйлдвэрийн эргэлтийн хөрөнгө оруулалтанд зарцуулсан. Уг үйлдвэр нь эдийн засгийн хямралаас болоод үйл ажиллагаагаа байнгын явуулахад бэрхшээлтэй байх тул зээлийг графикт заасны дагуу төлж чадаагүй. Үндсэн зээл, хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч З.Оюунцэцэг, Б.Болдбаяр нараас 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 60.000.000 төгрөг, үндсэн хүү 18.679.789 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117.116 төгрөг нийт 75.714.009 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргажээ. /хх 1-3/,

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр нэхэмжлэгч тал, хариуцагч нараас үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 3.082.896 төгрөг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. /хх 66/,

 

Нэхэмжлэгч Хас банкны гүйцэтгэх захирал Хас банкийг төлөөлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн эрх, үүргийг бүрэн эдэлж оролцох эрхийг Г.Энх-Амгаланд,

хариуцагч Б.Болдбаяр нь 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-28.1.7-д заасан эрх, 25.2-25.2.5-д заасан үүрэг хүлээж, Хас банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өөрийгөө төлөөлүүлж оролцох эрхийг /3 сарын хугацаагаар/ З.Оюунцэцэгт тус тус олгосон байна. /хх 5, 7/, /хх 63/

 

Хариуцагч З.Оюунцэцэг, Б.Болдбаяр нарт нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр тус тус гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг танилцуулан, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан байна. /хх 30-34/

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Хас банк, З.Оюунцэцэг, Б.Болдбаяр нарын хооронд 1300014827 дугаар зээлийн гэрээ, 1300014827-1 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд тухайн гэрээний дагуу 60.000.000 төгрөгийг, 365 хоногт 28.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл олгосон, байх ба талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Дээрхээс үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна. /хх-9-16/

 

Талуудын хооронд байгуулсан 1300014827 дугаар зээлийн гэрээг авч үзвэл, хариуцагч З.Оюунцэцэг, Б.Болдбаяр нар нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д “Зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, зээл, хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй”-г заажээ.

 

Хариуцагч З.Оюунцэцэг, Б.Болдбаяр нар нь зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Хас банкны 2016 оны 11 сарын 8-ны өдөр, 2016 оны 12 сарын 27-ны өдрүүдийн мэдэгдэх хуудас, 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр З.Оюунцэцэгийн бичсэн өргөдөл, мөн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар бүрэн тогтоогдож байна. /хх-24, 25, 26/

 

Дээрх зээлийн гэрээний хугацаа 2019 оны 2 сарын 8-ны өдөр дуусах боловч хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу тогтоосон хугацаанд сар тутам зээлийн эргэн төлөлт хийх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай байна.

Хариуцагч З.Оюунцэцэг нь “Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 2 дугаар сард дуусах бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д заасныг баримтлан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан. Энэ нь зээлдэгч нарын графикт заасны дагуу зээлийг эргэн төлөх боломжийг хааж, зээлдэгч нарыг хохироож байна. Зээлсэн мөнгөөр Төв аймгийн Зуунмод суманд байрлах оёдлын үйлдвэрийн эргэлтийн хөрөнгө оруулалтанд зарцуулсан. Уг үйлдвэр нь эдийн засгийн хямралаас болоод үйл ажиллагаагаа байнгын явуулахад бэрхшээлтэй байгаа” гэж шүүх хуралдаан дээр тайлбарлаж байх боловч маргааны үйл баримт, татгалзлын үндэслэлээ үгүйсгэж байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж, хэрэгт хавсаргаагүй бөгөөд татгалзлы үндэслэлээ нотлоогүй гэж үзлээ.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар “зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх”, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч гэрээний 4.1-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.  

Барьцааны 1300014827-1 дугаар гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр,  мөн тухайн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэгчийн тэмдэг дарсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан байна. /хх 13-16/

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болох бөгөөд барьцааны 1300014827-1 дугаар гэрээний барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 60.000.000 төгрөг, үндсэн хүү 18.679.789 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 117.116 төгрөг, нийт 78.796.905 төгрөгийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 551.934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Оюунцэцэг, Б.Болдбаяр нараас нийт 551.934 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банканд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч З.Оюунцэцэг, Б.Болдбаяр нараас 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 1300014827 дугаар зээлийн гэрээний үүрэгт 78.796.905 /далан найман сая долоон зуун ерэн зургаан мянга есөн зуун таван төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Хас банканд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 1300014827-1 дугаар барьцааны гэрээний зүйл болох З.Оюунцэцэг өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427002834 дугаартай, Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж Б3 гудамж 3 тоотод орших 120 мкв үйлдвэрийн барилга, улсын бүртгэлийн Г-1427003334 дугаартай, Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж Б3 гудамж 3 тоотод орших 120 мкв эзэмших эрхтэй газар, үйлдвэрийн тоног төхөөрөмж /Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2014 онд ашиглалтанд орсон, WD/X/ 920-10 маркийн даавууны суурь машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж /Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2013 онд ашиглалтанд орсон, 3710036 даавууны суурь машин/-р тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 551.934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Оюунцэцэг, Б.Болдбаяр нараас 551.934 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банканд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                         Д.АЛТАНТУУЛ