Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2014/08966/И |
Дугаар | 834 |
Огноо | 2017-03-27 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 834
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 13-8 тоотод оршин суух, Арвин овогтой Жамбалдоржийн Чулуунтогоо /РД:ЧВ70032815/,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 40а байрны 64 тоотод оршин суух, Арвид овогтой Цэвээнхүүгийн Өөлд /РД:ЧВ41070125/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13А байрны 13 тоотод оршин суух, Их мэргэд овогтой Бадарчын Болдбаатар /РД:ХЖ64050675/-д холбогдох
2005 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугамын ашиглалтаар тохиролцсон” гэрээний 5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг заалтын дагуу Б.Болдбаатарын ашиглаж байгаа ХУД-ийн 3 дугаар хороо, шаравын гудамжны 9 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг болох 18.3 м.кв талбайг буцаан шилжүүлэхийг даалгах, түүнийг үндэслэлгүйгээр ашигласны төлбөрт 9,151,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 9,210,000 төгрөг гаргуулах, өөрийн өмчлөлийн 00 тоот өрөөг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо, нэхэмжлэгч Ц.Өөлдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Пүрэвсамбуу, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Батцэцэг, хариуцагч Б.Болдбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Т.Төгс, гэрч Д.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Чулуунтогоо миний бие гэр бүлийн хамт 2005 онд БНСУ-д ажиллаж байх хугацаандаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Шаравын гудамжны 9 тоот 141 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг ээж н.Өөлдийн хамт худалдан авч өмчилсөн юм. Энэ байшин нь анх баригдахдаа Б.Болдбаатарын өмчлөлийн байшинтай залгаа баригдсан байсан. Б.Болдбаатар нь өөрийн өмчлөлийн байшиндаа цэвэр бохир ус, дулаан татсан байсан гэж үүний зардалд 15,000,000 төгрөг зарцуулсан гэж ээж н.Өөлдөд хэлээд хэрэв танайх манайхаас шугам татах бол 6,000,000 төгрөг авна, мөн өмчлөлийн 18 м.кв талбайг Б.Болдбаатар өөрийн баарны үйл ажиллагааг явуулахад шаардлагатай гал тогоогоор эзэмшиж ашиглана, мөн надад /миний өмчлөлийн/ 00-н өрөөг өгөхөөр тохиролцож 2005 оны 6 сарын 28-ны өдөр ээжтэй гэрээ хийж миний нэрийг бичсэн байдаг.
Нотариатаар батлуулсан энэхүү гэрээнд миний гарын үсгийг зурсан байна. Гэтэл миний бие энэ хугацаанд Монгол улсад байгаагүй бөгөөд энэ тохироог миний ээж н.Өөлд, Б.Болдбаатар нар намайг байхгүйд хийсэн байдаг. Ээж маань Б.Болдбаатарт өгсөн 6,000,000 төгрөгөө баталгаажуулж авах гэж гэрээ байгуулсан гэж хэлдэг. Миний бие 2008 оны 12 сарын 05-ны өдрөөс эх орондоо ажиллаж амьдарч байна. Манай байшинд цэвэр ус дулааны шугамыг Б.Болдбаатар хүссэн үедээ хаах гэх мэтээр дураараа авирлаж бизнесийн үйл ажиллагаанд удаа дараа саад учруулаад байсан болохоор манай гэр бүлийн компани болох "ЧЭЗД" ХХК-иас албан бичгийг Б.Болдбаатарын "Би Би Лэнд" ХХК-д хүргүүлж байсан.
Ер нь Б.Болдбаатар цэвэр ус, дулаан өгөх асуудал дээр байнга асуудал гаргаж өөрийн дураар дулааны шугамыг өөрчилж байсан. Ийм учраас миний бие өөр эх үүсвэрээс цэвэр ус, дулаанаа 2011 оны 9 сараас авч эхэлсэн. 2014 оны 10 сарын 06-ны өдрөөс Б.Болдбаатар манай байшингийн бохирыг хаасан. 2014 оны 10 сарын 06-наас 2014 оны 10 сарын 13-ыг хүртэл 7 хоногийн хугацаанд манай буудал үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Би өөрийн өмчлөлийн 18 м.кв талбайг чөлөөлж өгөхийг Б.Болдбаатараас хүссэн. Гэтэл Б.Болдбаатар нь шүүхээр яваад аваарай гэсэн. Миний бие 2005 оны 6 сарын 28-ны өдрийн Б.Болдбаатар, Ж.Чулуунтогоо, н.Өөлд нарын хооронд хийсэн дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугамын ашиглалтын талаар тохиролцсон гэрээ нь намайг байхгүй байхад миний гарын үсгийг зурж /бичиж/ хууль зөрчиж хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Иймд намайг байхгүй байхад тохиролцсон гэрээ гэх хууль бус баримт үйлдэж миний 6,000,000 төгрөгийг ээжээс маань авсан нь гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн шугамыг хааж бизнесийн үйл ажиллагаанд саад учруулан зогсоож намайг алдагдалд оруулж байгаа нь ч хууль бус үйлдэл юм. Иймд Б.Болдбаатартай 2005 оны 6 сарын 28-ны өдөр хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж энэ гэрээний дагуу авсан 6,000,000 төгрөгийг түүнээс буцаан гаргуулах, мөн хууль бусаар ашиглаж байгаа 18 м.кв талбай бүхий өрөөг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2014 оны 10 сарын 06-ны өдрөөс 2014 оны 10 сарын 13-ны өдрийг хүртэл олох байсан орлого болох 2,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:... Миний ээж Ц.Өөлд нь Б.Болдбаатартай зөвхөн дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугам ашиглах талаар тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 5 дахь хэсэгт заасан тохиролцоог түүнтэй огт хийгээгүй, мэдэхгүй гэдэг. Мөн дээрхи заалтын дагуу Б.Болдбаатараас бид ямарч 00-ийн өрөө шилжүүлж аваагүй. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа хэлцлийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт давхар бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Энэ шаардлага мөн хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл гэрээний 5 дахь заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 57 дугаар зүйлд заасан хэлцлийг хүчингүйд тооцох нөхцөлийг бүрэн хангаж байна.
Гэтэл Б.Болдбаатар энэ заалтад үндэслэн Ц.Өөлд бидний үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 3 хороо, шаравын гудамжны 9 тоотод байрлах, 141 м.кв талбайн нэг хэсэг буюу зүүн хойд хэсэгт байрлах 18 м.кв талбайг тусгаарлан авч, өөрийн ажиллуудаг кафенд гал тогооны зориулалтаар ашигласаар байгаа билээ. Гэрээний дагуу манайх 6,000,000 төгрөг Б.Болдбаатарт өгч дулааны узель болон цэвэр, бохир усны шугамыг ашиглаж байсан боловч тэрээр манай байшингийн цэвэр ус, дулааны шугамыг хүссэн үедээ хаах гэх мэтээр дураараа авирлаж бизнесийн үйл ажиллагаанд удаа дараа саад учруулж байсан тул би 2011 оны 9 сараас эхлэн өөр эх үүсвэрээс цэвэр бохир усны шугам, дулаанаа татсан. Өөрөөр хэлбэл энэ үеэс дулааны шугам болон цэвэр, бохир усны шугам ашиглалтын гэрээний харилцаа дууссан. Ийнхүү Б.Болдбаатар нь 2005 оноос эхлэн өдийг хүртэл манай 18.3 м.кв тапбайг ямар ч үндэслэлгүйгээр эзэмшиж, ашигласаар байгаа тул ашиглалтын төлбөрийг түүнээс нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж "Ашид билгүүн ХХК"-иар "Z" дэн буудлын 18.3 м.кв талбайтай өрөөний түрээсийн төлбөрийн зах зээлийн дундаж үнэлгээг зохих журмын дагуу гаргуулсан бөгөөд 2014-2017 оны 01 сарыг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн дүн 9,151,000 төгрөг болно гэж үнэлгээ тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар өөрчилж байна.
1.2005 оны 6 сарын 28-ны өдөр байгуулсан дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугамын ашиглалтаар тохиролцсон гэрээ"-ний 5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах,
2.гэрээний 5 дахь заалтын дагуу Б.Болдбаатарын ашиглаж байгаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, шаравын гудамжны 9 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг болох 18.3 м.кв талбайг Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нарын эзэмшил, ашиглалтанд шилжүүлэхийг Б.Болдбаатарт даалгах,
3.Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, шаравын гудамжны 9 тоотод байрлах, 141 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг буюу зүүн хойд жигүүр байрлах 18 м.кв талбайг үндэслэлгүйгээр ашигласны төлбөр 9,151,000 төгрөгийг Б.Болдбаатараас гаргуулах шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэгдүгээрт: Нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа Ж.Чулуунтогоо Б.Болдбаатар нарын хооронд байгуулагдсан гэх дулааны узель, дулааны шугам, цэвэр усны шугам ашиглалтын талаар тохиролцооны гэрээ байдаг. Энэ гэрээг Ж.Чулуунтогоогийн ээж Ц.Өөлд нь Б.Болдбаатартай байгуулсан байдаг. Энэ талаар маргаагүй боловч энэ гэрээнд Ж.Чулуунтогоо нь гарын үсэг зураагүй, гэрээг байгуулах үед байгаагүй. Энэ нь Ж.Чулуунтогоо Солонгос Улсад амьдарч байгаад ирсэн тухай лавлагаа зэргээр нотлогдоно. Мөн Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэрээнд зурагдсан гарын үсэг нь Ж.Чулуунтогоогийнх биш гэдэг нь нотлогдсон. Гэрээний гол зорилго нь дулааны узель, цэвэр усны шугамыг агшиглахтай холбоотой асуудлыг зохицуулсан гэж үзэж байсан. Харин тухайн үед Ц.Өөлдийн мэдээгүй асуудлыг гэрээний 5 дахь заалтад тусгасан байсан. Гэрээний 5 дахь заалтад Б.Болдбаатарын үл хөдлөх эд хөрөнгө болох 2 м.кв талбай бүхий 00 өрөөг Ж.Чулуунтогоод шилжүүлэх, Ж.Чулуунтогоогийн үл хөдлөх хөрөнгийн талбай болох 18.3 м.кв талбайг Б.Болдбаатарт шилжүүлэн өгөхөөр тохиролцов гэсэн байдаг. Мөн дээрх заалтын дагуу Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нар нь ямар ч 00 өрөө шилжүүлж аваагүй байдаг. Харин Ж.Чулуунтогоогийн эзэмшлийн 18.3 м.кв бүхий талбайг Б.Болдбаатар нь гал тогооны зориулалтаар ашиглаж байна.
Хоёрдугаарт: Гэрээний холбогдох заалтын дагуу дулааны болон бохирын шугам гэх мэт шугамыг ашиглаж байсан нь үнэн бөгөөд ашигласны төлбөрт 6,000,000 төгрөг өгсөн гэдгээ тайбарладаг. Ж.Чулуунтогоо нь 2011 оноос эхэлж дулааны узель, цэвэр бохир усны шугамыг ашиглахаа больсон тул энэхүү гэрээний 1-4 дэх заалтууд нь хэрэгжээд дуусгавар болсон гэж үзэж байна. Иймээс гэрээний бусад заалт дээр маргах шаардлагагүй гэж үзэж байна. Харин 5 дахь заалт дээр талууд харилцан тохирсон зүйл байхгүй тул уг заалтыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2005 оноос эхэлж өнөөдрийг хүртэл хугацаанд Б.Болдбаатар 18.3 м.кв талбайг үндэслэлгүйгээр ашиглаж байна. Иймээс тухайн талбайг Б.Болдбаатарын эзэмшлээс чөлөөлүүлж Ц.Өөлд болон Б.Болдбаатар нарт шилжүүлэхийг даалгах шаардлага гаргаж байна.
Гуравдугаарт: Хэрэв уг талбайг Ж.Чулуунтогоо өөрөө өнөөдрийг хүртэл ашигласан бол 9,150,000 төгрөгийн ашиг олох ёстой байсан. Энэ дүгнэлтийг хөрөнгийн үнэлгээний газраас гаргуулсан. Иймээс хохирлын төлбөрт 9,150,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Бидний зүгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасныг баримталж гэрээний заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. 56 дугаар зүйлд заасан үндэслэл хэрэв байх юм бол 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс тухайн хэлцлийг хүчингүйд тооцож болдог.
Гэрээний бусад заалтыг хүчингүйд тооцуулах шаардлага гаргаагүй үндэслэл нь гэрээний дагуу узель, шугамыг ашиглаж, 6,000,000 төгрөг өгсөн нь үнэн зүйл юм. харин гэрээний 5 дахь заалт өнөөдрийн байдлаар Ж.Чулуунтогоогийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймээс Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хэсэгчлэн хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан. Хариуцагч тал эхлээд шүүхэд өгсөн тайлбартаа “...18.3 м.кв талбай нь Ж.Чулуунтогоогийн өмчлөлийн талбай бөгөөд түүний оронд бид 00 өрөөг өгч энэ талбайг ашиглаж байгаа юм гэдэг байсан. Гэтэл сүүлдээ 18.3 м.кв талбай нь “...манай өмчлөлийн талбай юм” гэсэн байдлаар өөрчилж ярьдаг болсон. Ж.Чулуунтогоо нь анхнаасаа 141.5 м.кв талбайтай байсан гэдэг нь бидний шүүхэд гаргаж өгсөн баримтаар хангалттай нотлогдоно. Харин 18.3 м.кв талбайг Б.Болдбаатарт шилжүүлж өгсний улмаас түүний үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ одоо ямар байгаа гэдэг нь “Цэнхэр дөхөм” ХХК-ийн хэмжилт хийсэн хэмжилтийн бүдүүвч зургаас тодорхой харагддаг. Ж.Чулуунтогоогийн өмчлөлийн хөрөнгө нь одоогийн байдлаар 126.73 м.кв болсон байгаа юм. Харин Б.Болдбаатарын үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ өмнө нь ямар байж байгаад одоо ямар хэмжээтэй болсон нь “Дарь эх” ХХК-иас Б.Болдбаатарт шилжүүлсэн баримтаас харагддаг. Б.Болдбаатарын өмчлөлийн талбайн хэмжээ нь бүхэлдээ 120 м.кв байдаг бөгөөд түүний 33.76 м.кв нь зэргэлдээх хүнсний дэлгүүрт харъяалагдаж, паб нь 86 м.кв талбайтай байдаг ба энэ хоёрын хоорондоо нэгдэхэрээ 120 м.кв болж байгаа юм. Одоогийн байдлаар хөрөнгийн үнэлгээний хэмжилтээр Б.Болдбаатарын эзэмшлийн талбай 104.96 м.кв болж хувирсан ба Ж.Чулуунтогоогийнх 126 м.кв болж буурсан байдаг. Энэ нь зочид буудлын нэг хэсэг болох 18.3 м.кв талбайг Паб-д шилжүүлснээс болж хэмжилт нь ийнхүү өөрчлөгдсөн юм. Миний харж байгаагаар “Цэнхэр дөхөм” ХХК-ийг хэмжилт хийхдээ маш сайн хийсэн гэж үзэж байна. Хавтас хэрэгт байгаа баримтуудаас харахад Б.Болдбаатарын үл хөдлөх хөрөнгийн нийт хэмжээ 120 м.кв байх бөгөөд түүний өөрийн эзэмшлийн 86.7 м.кв байх бөгөөд үүн дээр 33.76 нэмбэл үндсэн 120 м.кв нь гарч ирж байгаа юм. Гэтэл Ж.Чулуунтогоогийн 18.3 м.кв талбайг өөртөө шилжүүлж авснаас болж талбайн хэмжээ өөрчлөгдсөн байна. Хариуцагч тал шүүх хуралдаан дээр янз бүрийн өрөө тасалгааны дугаар ярьж гол асуудлыг хөндөхгүй тойруулаад байгаа нь энэ асуудлыг тодруулахгүй байх хандлагатай гэж үзэж байна. Маргааны гол зүйл нь хэмжилт дээр байгаа учраас “Лэндс” ХХК-иас гаргасан хэмжилтийн зураг чухал ач холбогдолтой тул “Лэндс” ХХК-ийг гэрчээр асуулгах хүсэлт тавьсан юм гэв.
Хариуцагч Б.Болдбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гэрээг байгуулахад Ж.Чулуунтогоо байгаагүй түүний ээж Ц.Өөлд гэх настай хүн байсан. Маргаж байгаа 18.3 м.кв талбай нь нэхэмжлэгч талын өөрсдийнх нь эзэмшилд байдаг. Манай зэргэлдээ узель байгаа болохоор булааж авах гэсэн зүйл болоод байна. Нэг давхарт 2 өрөө байдаг. Би 00 өрөөг нэхэмжлэгч талд өгсөн. Ашиглаад 10 жил болж байна. Ямар зорилготой ямар сэдэлтэй ийм зүйл хийгээд яваад байгааг ойлгохгүй байна. Анх намайг хэмжилт хийж авахад хаанаас хэмжих ёстой талаар хэлсэн байдаг гэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ хэрэгт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээд 9 жил өнгөрсөн байна. Нэхэмжлэгч тал сая хэрэг үүсээд 2011 онд дуусгавар болсон гэж худал ярьж байна. 2014 онд дуусгавар болсон юм. Нэхэмжлэгч тал дундаа бохирын шугам ашигладаг бөгөөд түүнийг хааснаас болж 2,100,000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэл гаргахдаа 2014 он гэж бичсэн байдаг. Ж.Чулуунтогоо 2008 онд Монголд ирсэн гэж хэлж байна. Хилээр орсон тухай бичиг өгч байсан. Тэр үед би “...энэ бол зөвхөн орсон тухай бичиг байна. Хилээр орсон гарсан талаар дэлгэрэнгүй лавлагаа өг” гэж хэлж байсан. Гэтэл энэ талаар лавлагаа одоо хүртэл гаргаж өгөөгүй байна.
Нэхэмжлэгч талд гэрээг хүчингүйд тооцуулна гэсэн шаардлага гаргасан байдаг. энэ нь гэрээг хүчингүйд тооцуулах уу эсхүл хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага уу гэдэг нь тодорхойгүй байна. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гэрээний 5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэсэн байна. Энэ заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл нь уг 00 өрөө нь Ж.Чулуунтогоогийн өмчлөлийн өрөө гэж тайлбарладаг. Хэрэв тийм бол энэ тухайгаа нотлох хэрэгтэй. “Эрх танхи” ХХК-тай байгуулсан гэрээнд 00 өрөөг Б.Болдбаатарын өмчлөлд шилжүүлэх тухай бичсэн байдаг. Нэхэмжлэгч талаас уг объектийн хэсгийг худалдаж авсан худалдах худалдан авах гэрээ байдаг. Уг гэрээнд нэхэмжлэгч нар 9 өрөө худалдаж авсан байдаг. Өмчлөлийн зүйл нь тоо ширхэгээрээ гэрээнд тусгасан байхад маргаж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч талын ярьсан 00 өрөөг өөрсдийн өмчлөлд шилжүүлсэн, дараа нь хууль бусаар Б.Болдбаатарын өмчлөлд шилжүүлсэн гэдгээ нотлох ёстой боловч энэ нөхцөл байдлууд нотлогдохгүй байна. Энэ гэрээ нь тухайн үед ямар хэмжээтэй талбай, хэний өмчлөлд байсан гэдэг нь нотлогдох гол нотлох баримт юм.
18.3 м.кв талбайг Б.Болдбаатарт шилжүүлэхээр тохирсон байдаг. Хэрэгт авагдсан баримтаас харахад Ж.Чулуунтогоо нь ямар нэгэн газрыг ашигладаг, эзэмшдэг, өмчилдөг тухай баримт байхгүй байна. Харин Ц.Өөлд гуай нь газар эзэмшиж, ашигладаг тухай баримт байдаг. Гэрээ нь хууль зөрчиж байгаа эсэхийг авч үзье. Гэрээний хамгийн сүүлийн заалтыг харахад “газар шилжүүлэх солилцох тухай асуудал нь тухайн гэрээг маргаан бүхий хэлцэлтэй байгаа газар шилжүүлэн солилцох тухай асуудал нь газар эзэмшиж байгаа захирамжлагдаж шийдвэрлүүлэхийг талууд тохиролцов” гэж байдаг. Өөрөөр хэлбэл талуудад газар эзэмших эрх байгаа боловч төрийн эрх мэдэл бүхий байгууллагын шийдвэрээр шийдвэрлэгдэнэ гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрсөн бөгөөд гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж ойлгож байна. Иймээс энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах ямар нэгэн үндэслэл шаардлага байхгүй.
Анх “Эрх танхи” ХХК-ийн өмчлөлд байсан бүтэн барилгыг хэсэгчилж хувьчилсан юм. Гэтэл Ж.Чулуунтогоо нь өөрөө тусдаа бүтэн барилга хувьчилж авсан гэж ойлгоод байх шиг байна. Иймээс гал тогооны зориулалтаар ашиглаж байгаа хэсгийг өөрийнх нь хэсэгт орох ёстой гэж ойлгож будилаад байна. Харин гэрээнд 18.3 м.кв талбайг шилжүүлсэн тухай зүйл байдаггүй. Хэрэв Б.Болдбаатар нэхэмжлэгч нарын нэг өрөө эзэмшиж байсан бол яаж яваад түүний эзэмшилд очсон тухай нотлох хэрэгтэй. Ж.Чулуунтогоогийн эзэмшлийн 141.5 м.кв талбай нь түүний өөрийнх нь эзэмшилд байдаг тухай өмнөх хурал дээр хэлсэн. 9 өрөө байгаа гэдэг нь гэрээгээр нотлогдож байна. Хавтас хэрэгт байгаа барилгын бүдүүвч зургаас харахад өмчлөгч нар нь тухайн объектийг хэрхэн яаж хэсгээр өмчлөх нь зааглаагүй тодорхойгүй байдаг. Ж.Чулуунтогоод нэг давхарт 1 өрөө, 2 давхарт 2 өрөө 24 м.кв талбай бүхий амралтын өрөө ногддог. Энэ хэсгүүдийн нийлбэрийг харвал 141.5 м.кв талбай нь байгаа юм. Гал тогооны зориулалтаар ашиглаж байгаа өрөөний хэмжээг нэмбэл Ж.Чулуунтогоод нийт 160 гаран м.кв талбай ногдож илүү гараад байгаа юм. Нэг давхарт ажлын өрөө-16.5 м.кв, коридор-14.78 м.кв, шатны хонгил 5.47 м.кв, тамбар-8.12 м.кв, тамбар-5.28 м.кв, агуулах-9.55 м.кв нийт 59.7 м.кв бүхий нэг давхарын талбай Ж.Чулуунтогоогийн өмчлөлд байгаа. Харин 2 давхарт ажлын өрөө-15.92 м.кв, ажлын өрөө-16.5 м.кв, хонгил-14.78 м.кв, тамбуур-24 м.кв, ариун цэврийн өрөө 5.45 м.кв, шатны хонгил 5.49 м.кв нийт 82.14 м.кв талбай эзэмшдэг. Эдгээр талбайн нийлбэрийг харахад 141.84 м.кв талбай Ж.Чулуунтогоогийн өмчлөлд байгаа юм. Ж.Чулуунтогоогийн эзэмшилд очихдоо завсар хийгдэж 9 өрөөтэй болсон байдаг. Тэгэхээр олон тусгаарлагч хана орсон учир үндсэн м.кв-аас хасагдах нь тодорхой. Хэрэв 9 өрөө болгосны дараа гэрчилгээ гаргуулж авсан бол өөр хэрэг. Гэтэл нэхэмжлэгч тал анхны хэмжилтээрээ тооцоод байгаа бөгөөд зөрүү гарлаа гэхэд өмнөх өмчлөгчтэй ярих нь зүйтэй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Болдбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2014 онд гэрээ байгуулагдаж Ж.Чулуунтогоо нь тусдаа узель, бохирын шугамтай болсноор гэрээний зорилго биелэгдсэн гэж үзэж гэрээг дүгнэсэн юм. Гэрээний 2 дахь заалтад зааснаар Ж.Чулуунтогоо нь барилга байгууламжийн 15,000,000 төгрөгийн 40 хувийн хэсгийг ашиглах сонирхолтой байгааг нь харгалзан зөвшилцсөний үндсэн дээр төлбөр тооцоо хийхээр тохиролцсон. Мөн гэрээний 3 дахь заалтад зааснаар тоног төхөөрөмж суурилуулах, шугам татах, ашиглах явцын дараах барьж хаах явцын алдагдлыг өдрийн 100,000 төгрөгөөр тооцож Ж.Чулуунтогоо алдагдалгүй болохыг хариуцаж байна гэсэн байдаг. Гэрээний 4 дүгээр заалтад узель болон цэвэр усны шугам, бохирын хоолойд гарах үйлчилгээг гэнэтийн зардал, эвдрэл зэргийг хөрөнгө оруулалтын ногдох хэсэг буюу Ж.Чулуунтогоо 60 хувь, Б.Болдбаатар 40 хувиар хариуцахаар тохиролцов гэж заасныг баримталж 15,000,000 төгрөгийн өртөгтэй үндсэн хөрөнгийн 60 хувь болох 9,000,000 төгрөгийг эд хөрөнгө ашигласан, элэгдүүлсний төлбөр, мөн узелийн байгууламжийн завсар үйлчилгээний нийт төлбөрт гаргуулахаар, мөн шинжээчийн зардал 210,000 төгрөг нийт 9,210,000 төгрөгийг Ж.Чулуунтогоогоос гаргуулахаар, мөн үл хөдлөх хөрөнгийн 1 давхарт байрлах 5.45 м.кв 00 өрөөг Ж.Чулуунтогоогийн өмчлөлөөс албадан шилжүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.
Нэхэмжлэгч Ц.Өөлд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хүү Ж.Чулуунтогоо 2005 онд БНСУ-д ажиллаж байхдаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Шаравын гудамж 9 тоот 141 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч бид хамтран өмчилсөн. Б.Болдбаатар өөрийнхөө байшинд цэвэр, бохир ус, дулаан татсан. Үүний зардалд 15,000,000 төгрөг зарцуулсан. Хэрэв танайх манайхаас шугам татах бол 6,000,000 төгрөг өгөөд цуг ашиглаж болно гэсэн. Түүний энэ саналыг би зөвшөөрч Б.Болдбаатартай дулаааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугам ашиглахаар хөлсөнд нь 6,000,000 төгрөг өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Харин гэрээний бусад нөхцөлийг би түүнтэй тохироогүй, тухайлбал: /Б.Болдбаатарын үл хөдлөх эд хөрөнгө болох 2 м.кв талбай бүхий 00 өрөөг Ж.Чулуунтогоод шилжүүлэх, Ж.Чулуунтогоо үл хөдлөх эд хөрөнгийн газрын талбай болох 18,3 м.кв талбайг Б.Болдбаатарт шилжүүлж өгөхөөр тохиролцов/ гэж оруулсан байна. Би Б.Болдбаатартай үл хөдлөх эд хөрөнгөөс шилжүүлэх талаар ямар ч тохиролцоо хийгээгүй зөвхөн цэвэр бохир ус, дулааны шугам ашиглалтын талаар гэрээ хийж байна гэж ойлгож байсан. Тэрээр намайг настай хүн болохоор гэрээний нөхцөлрийг гэрээнд оруулсан байна. Гэрээний 5 дахь заалт бол надтай хэлцэж, тохиролгүй оруулсан заалт тул энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Б.Болдбаатартай дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугам ашиглалтын гэрээ байгуулахад Ж.Чулуунтогоо БНСУ-д ажиллаж амьдарч байсан. Монгол улсад байгаагүй. Манай байшин Б.Болдбаатарын өмчлөлийн байшинтай залгаа баригдсан ч тэгш шулуун ханаар тусгаалагдсан тул манай байшингийн төв хэсэгт байрлах 00 өрөө тэндий байх ямар ч үндэслэлгүй. Иймд Б.Болдбаатарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ж.Чулуунбаатар шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргахдаа: Хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. Би узел болон бохир болон цэвэр усны шугамыг өөрөө татсан бөгөөд дараа нь үнэлгээ хийлгэсэн. Үүний өртөг нь 4,200,000 төгрөг болсон. Гэтэл Б.Болдбаатар эдгээр зүйлийг өөрөө 15,000,000 төгрөг зарцуулж хийсэн гэдэг нь нотлогдохгүй байна. н.Бас-Оргил гэх хүн узелийг бидний дундын хөрөнгө бөгөөд танахыг хохироож байна гэж өөрөө надад хэлсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн готлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо нь хариуцагч Б.Болдбаатарт холбогдуулан “Б.Болдбаатартай 2005 оны 6 сарын 28-ны өдөр хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, энэ гэрээний дагуу авсан 6,000,000 төгрөгийг түүнээс буцаан гаргуулах, мөн хууль бусаар ашиглаж байгаа 18,3 м.кв талбай бүхий өрөөг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2014 оны 10 сарын 06-ны өдрөөс 2014 оны 10 сарын 13-ны өдрийг хүртэл олох байсан орлого болох 2,100,000 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр Ц.Өөлдийг оролцуулсан ба нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, “2005 оны 6 сарын 28-ны өдөр байгуулсан дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугамын ашиглалтаар тохиролцсон” гэрээний 5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний 5 дахь заалтын дагуу Б.Болдбаатарын ашиглаж байгаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, шаравын гудамжны 9 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг болох 18.3 м.кв талбайг Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нарын эзэмшил, ашиглалтанд шилжүүлэхийг Б.Болдбаатарт даалгах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, шаравын гудамжны 9 тоотод байрлах, 141 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг буюу зүүн хойд жигүүрт байрлах 18,3 м.кв талбайг үндэслэлгүйгээр ашигласны төлбөр 9,151,000 төгрөгийг Б.Болдбаатараас гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч Б.Болдбаатар нь нэхэмжлэгч нарын дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба 9,210,000 төгрөгийг Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нараас гаргуулж, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн 1 давхарт байрлах 5.45 м.кв талбайтай 00 өрөөг албадан чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Талуудын хооронд 2005 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугам ашиглалтын талаар тохиролцсон гэрээ“ байгуулагдан нотариатаар гэрчлэгдэн баталгаажсан байна.
Уг гэрээгээр Б.Болдбаатар нь ХУД-ийн 3 дугаар хороо, Шаравын гудамжинд байрлах 120 м.кв талбайтай барилгын 86.7 м.кв талбайг эзэмшдэг бөгөөд 2002 онд тус барилгын тохижилт, дулаан, цэвэр ус, бохирын шугамыг 15,000,000 төгрөгөөр барьж тохижуулсан ба иргэн Ж.Чулуунтогоо нь уг 15,000,000 төгрөгөөр барьж тохижуулсан дулааны узель, цэвэр, бохир усны шугамаас 40 хувь болох 6,000,000 төгрөгний хөрөнгө оруулалтын хэсгийг ашиглах сонирхолтой байгааг харгалзан, тоног төхөөрөмж суурилуулах, шугам татах, ашиглах явцын зардал, баар хаах явцын алдагдлыг өдрийн 100,000 төгрөгөөр тооцон Ж.Чулуунтогоо төлөх, Узель болон цэвэр усны шугам, бохирын хоолойд гарах үйлчилгээ, гэнэтийн эвдрэл зэргийн хөрөнгө оруулалтын оногдох хэмжээ буюу Ж.Чулуунтогоо 60 хувь, Б.Болдбаатар 40 хувийг хариуцахаар, Б.Болдбаатар нь Ж.Чулуунтогтоод 2 м,кв талбайтай 00-ийн өрөөг шилжүүлэх, Ж.Чулуунтогоо нь Б.Болдбаатарт 18,3 м.кв талбайг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...энэхүү гэрээ байгуулагдах үед миний бие Монгол Улсад байгаагүй, уг гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш тул миний зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж хийгдсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан бол нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа болон түүнийг дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа ... гэрээний 1,2,3,4 дэх заалтууд биелэгдэж дууссан тул маргах шаардлагагүй, харин Гэрээний 5 дахь заалтад байгаа“Б.Болдбаатарын үл хөдлөх эд хөрөнгө болох 2 м.кв талбай бүхий 00-ийн өрөөг Ж.Чулуунтогоод шилжүүлэх, Ж.Чулуунтогоогийн үл хөдлөх хөрөнгийн талбай болох 18.3 м.кв талбайг Б.Болдбаатарт шилжүүлэн өгөх” тохиролцоог Ц.Өөлд нь Б.Болдбаатартай хийгээгүй, мэдэхгүй байхад ийм заалт оруулсан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байх ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасныг баримталж гэрээний 5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь дээрх гэрээний 1,2,3,4 дэх заалтыг хүлээн зөвшөөрч, уг заалтыг үйлчлэл дуусгавар болсон гэж, харин гэрээний 5 дахь заалтыг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар хууль зөрчиж, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэн хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүсч байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлүүд нь анхнаасаа буюу хийгдсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байдаг ба уг хэлцлийн зарим заалт нь хүчин төгөлдөр, зарим заалт нь хүчин төгөлдөр бус байх хуулийн зохицуулалт байхгүй юм. Өөрөөр хэлбэл энэхүү хүчин төгөлдөр бус гэрээний дагуу ямар нэгэн үүрэг үүсэхгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт ...гэрээний дагуу манайх 6,000,000 төгрөг Б.Болдбаатарт өгч дулааны узель болон цэвэр усны шугамыг 2011 оны 9 сар хүртэл ашиглаж байгаад өөр эх үүсвэрээс цэвэр ус, дулаанаа татсан. 2014 онд бохирын шугамаа салгасан гэж тайлбарлаж байгаагаас харахад талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2014 онд хүртэл хэрэгжсэн байна.
Харин гэрээний 5 дахь заалт болох “Б.Болдбаатарын үл хөдлөх эд хөрөнгө болох 2 м.кв талбай бүхий 00 өрөөг Ж.Чулуунтогоод шилжүүлэх, Ж.Чулуунтогоогийн үл хөдлөх хөрөнгийн талбай болох 18.3 м.кв талбайг Б.Болдбаатарт шилжүүлэх” гэх тохиролцоог Ц.Өөлд нь Б.Болдбаатартай хийгээгүй, мэдэхгүй гэж тайлбарлаж байх боловч нь энэхүү тайлбараа нотолсон баримтыг хэрэгт өгөөгүй байна.
Мөн нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо нь хамтран нэхэмжлэгч Ц.Өөлдийн төрсөн хүү байх бөгөөд гэрээ байгуулагдах үед гадаад улсад байсан гэж тайлбарлаж байх боловч Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2015 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 06/932 дугаартай албан тоотоор Ж.Чулуунтогоо нь 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирснийг тодорхойлсон байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо нь Монгол Улсын хилээр гарсан тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг гэрээ байгуулагдах үе буюу 2005 онд Монгол Улсад байгаагүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх төдийгүй Монгол Улсад ирээд Б.Болдбаатартай ийм гэрээ хийгдсэн гэдгийг мэдсэн гэж тайлбарлаж байгаагаас харахад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ.
Мөн нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нар нь хэдийгээр намайг байхгүйд гэрээ байгуулагдсан, миний гарын үсэг биш тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж тайлбарлаж байх боловч 2005-2014 он хүртэлх хугацаанд уг гэрээний дагуу эрх, үүрэг хүлээн хариуцагч Б.Болдбаатарын дулааны узель, цэвэр, бохир усны шугамыг ашигласан болохоо хүлээн зөвшөөрч байх тул түүнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хожим хүлээн зөвшөөрсөн байна гэж үзнэ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын “талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дахь заалтын хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг заалтын дагуу шилжсэн 18,3 м.кв талбайг буцаан шилжүүлэхийг даалгуулах, түүний 2005 оноос эхлэн үндэслэлгүйгээр ашигласнаас олох ёстой байсан орлогод 9,151,000 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Б.Болдбаатар нь нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба тэдэнд холбогдуулан 9,210,000 төгрөг гаргуулах, 00-ын өрөөг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Хариуцагч Б.Болдбаатар нь талуудын хооронд байгуулагдсан 2005 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж маргаж байх ба уг гэрээний 4 дэх заалтын дагуу эд хөрөнгө ашигласан, элэгдүүлсний төлбөр, мөн узелийн байгууламжийн завсар үйлчилгээний нийт төлбөрт 9,000,000 төгрөг нэхэмжилж байх боловч уг тооцооллыг хэрхэн гаргасан болон ямар, ямар засвар үйлчилгээний ажил хийсэн талаархи баримт хэрэгт авагдаагүй байна
Мөн “Итгэлт эстимэйт” ХХК-д шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 210,000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч хариуцагч Б.Болдбаатар нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг өөрийнхөө хүсэлтээр тогтоолгосон ажлын хөлсөнд төлсөн зардал байх тул уг зардал нь хэрэгт хамааралгүй, нэхэмжлэгчийн хариуцах зардал биш байна.
Хариуцагч Б.Болдбаатар нь талуудын хооронд байгуулагдсан 2005 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж маргаж байгаа хэрнээ уг гэрээний дагуу шилжүүлсэн гэх 00-ийн өрөөг ямар үндэслэлээр албадан чөлөөлүүлэх гээд байгаа нь тодорхойгүй бөгөөд хариуцагчаас гэрээний дагуу 00-ийн өрөөг аваагүй гэх нэхэмжлэгч нарын тайлбарыг баримтаар няцааж чадахгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Болдбаатарын нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Болдбаатарт холбогдуулан гаргасан 2005 оны 6 сарын 28-ны өдөр байгуулсан “Дулааны узель ашиглалт болон цэвэр усны шугам, бохирын шугамын ашиглалтаар тохиролцсон” гэрээний 5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний 5 дахь заалтын дагуу Б.Болдбаатарын ашиглаж байгаа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, шаравын гудамжны 9 тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг болох 18.3 м.кв талбайг Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нарын эзэмшил, ашиглалтанд шилжүүлэхийг Б.Болдбаатарт даалгах, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, шаравын гудамжны 9 тоотод байрлах, 141 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг буюу зүүн хойд жигүүр байрлах 18,3 м.кв талбайг үндэслэлгүйгээр ашигласны төлбөрт 9,151,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нарын нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Ж.Чулуунтогоо, Ц.Өөлд нарт холбогдуулан гаргасан 9,210,000 төгрөг гаргуулах, мөн үл хөдлөх хөрөнгийн 1 давхарт байрлах 00-ын өрөөг албадан чөлөөлүүлэхийг хүссэн хариуцагч Б.Болдбаатарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Чулуунтогоогоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,599 төгрөгийг, хариуцагч Б.Болдбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,510 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА