| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2016/0331/З |
| Дугаар | 275 |
| Огноо | 2018-05-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 275
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Д.Оюумаа, иргэдийн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо, нэхэмжлэгч Н.Ц, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Г.Ө, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нарыг оролцуулан иргэн Н.М нарын нэр бүхий долоон иргэний нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/68 дугаар захирамжийн Ч.Т, Н.А, Б.Х, Д.С, Ё.Н, Б.У, Г.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.М нарын долоон иргэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“... Бид 2001 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо, Г*******эд газар эзэмших тухай өргөдлөө өгсөн бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Г*******од болон Газрын албаны дарга асан Ч.О******* нарын хариуцлагагүйн улмаас 10-аад жил хөөцөлдсөний эцэст 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 252 дугаар шийдвэрийг үндэслэн газрын гэрчилгээ авсан. Гэтэл 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/16 дүгээр захирамжаар бидний газрын гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэснээс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 243 дугаар тогтоол гарах хүртэл 3 шатны шүүхийн үйл ажиллагаа үргэлжлэн эцсийн шийд гарсан юм.
Энэ хугацаанд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 5-6 удаа Чингэлтэй дүүргийн газрын албанд шалгалт хийж зохих акт, албан бичгийг өгч байсан боловч Чингэлтэй дүүргийн Газрын алба нь тодорхой арга хэмжээ аваагүй. Үүний нэг тод жишээ бол Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/89 тоот мониторингийн дүгнэлт гэрчилнэ.
Бидний өргөдөл гаргасан 2001 оноос хойш Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга, байцаагч нар үл ялих шалтгаанаар газрын гэрчилгээ гаргаж өгөхгүй, бие биерүүгээ явуулсаар Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга 5 хүн, газрын албаны байцаагч 6 хүнээр солигдож, гар дамжин царайчилж явах хооронд бидний барьсан модон хашааг 2009 онд Ё.Р гэгч нь хөлсний ажилчдаар хүч түрэн буулгуулж, суурин дээр нь төмөр хашаа татаж явснаар бидний эрх өнөөдрийг хүртэл зөрчигдөж газраа дээрэмдүүлсэн хэвээр байна.
Ингэж Чингэлтэй дүүргийн Газрын албаны үе үеийн зарим нэг албан хаагч, ажилтнуудын хүнд суртал, хууль бус үйл ажиллагааны буруугаас болж 3 дахь үед нь бидний өмчлөх эрхийг зөрчиж, давхардуулан газар олголт хийснээс шүүхийн шатанд асуудал үүсэж 3 шатны шүүхийн шийдвэрт хуурамч бичиг баримт үйлдэн, тамгаа ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулдаг нь шүүх маргааны явцад тодорхой болсон.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М миний бие Нийслэлийн Засаг даргад энэхүү газрын маргаантай асуудлаар өргөдлөө гаргасан бөгөөд одоог хүртэл хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.
Дээрх иргэдэд бидний газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг маань давхардуулан газар олгосон хууль бус захирамж гаргасан бөгөөд эдгээр иргэд нь энэхүү хууль бус захирамжаа ашиглаж, одоо амьдарч байгаа газрын маань орц, гарцыг хааж, нойл уруу ч орох боломжгүй болгож, 3 шатны шүүхийн шийдвэрээр авсан газар уруу маань түрж орж, хашаагаа барьж байгаа энэ бүх үйлдэл нь энэхүү захиргааны хууль бус актаас үүдэлтэй юм.
Тодруулбал, нэхэмжлэгч нарын газар нь баруунаасаа зүүн тийш цувж байрласан, тэр хавьд амьдардаг айлуудын хамгийн баруун захын газрууд бөгөөд Ц.Э, Ц.Ё нар нь газраа хууль ёсоор эзэмших эрхийн гэрчилгээтэй, Н.М нь уг газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон талийгаач Ц.Дийн эхнэр, шүүхийн шийдвэрээр хамтран амьдарч байсан нь тогтоогдсон. Н.Ц, Э.Л, Э.Э, Б.Х******* нар нь 2001 оноос хойш газраа хашаалан эзэмшиж, газраа албан ёсоор эзэмшихээр хүсэлтээ эдгээр нэр бүхий 7 хүнээс түрүүлж гаргаад шийдэгдээгүй байсан.
Нэхэмжлэгч бидний газрын хойд болон зүүн талаар залгаа айлууд хашаа хатгасан, баруун талд ой тулсан, урд хэсгээрээ нарийн гудамжтай боловч уг нарийн гудамжны амыг эдгээр иргэд нь төмөр хаалга суулган орц гарцыг маань хаасан байдалтай байгаа бөгөөд баруун талдаа ой уруу орсон хэсэгт нэг айлын газар авах хүсэлтийг нэхэмжлэгч Б.Х******* нь гаргасан боловч ой уруу орсон гээд олгоогүй хэрнээ одоо тэнд нэр дурдагдсан 2 хүнд газар олгосон, бусад этгээдүүдийн газар нь нэхэмжлэгч Н.М /Ц.Д/-ын газраас бусад нэхэмжлэгч нарын газартай бүхэлдээ давхцалтай, Н.Мын газартай хэсэгчлэн давхцаж, бүх нэхэмжлэгч нарын газрын орЦгарцыг хаасан байгаа юм.
Мөн нэхэмжлэгч Н.Ц, Э.Л, Э.Э нар нь эдгээр нэр бүхий 7 хүнд газар олгохоос өмнө газар эзэмших хүсэлтээ Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон дүүргийн Өмч, газрын харилцааны албанд гаргаад шийдвэрлэгдээгүй байтал ийнхүү сүүлд өргөдлөө гаргасан нэр бүхий 7 иргэнд хууль бус шийдвэрээр олгосон.
Хамгийн гол нь Чингэлтэй дүүргийн Засаг даргаас дээрх иргэдэд газар олгохдоо нэхэмжлэгч бидний газар дээр давхардуулан, газрын асуудлаар шүүхэд маргаж байгаа суудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дахин хууль бус захирамж гаргаж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн асуудал боллоо гэж үзэж байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/68 дугаар захирамж нь нэхэмжлэгч бидний газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж, газраа чөлөөтэй эзэмших боломжгүй болгохын зэрэгцээ дээрх Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлэхгүй, уг тогтоолоор сэргээсэн эрхийг маань эдлүүлэхгүй байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/68 дугаар захирамжийн Ч.Т, Н.А, Б.Х, Д.С, Ё.Н, Б.У, Г.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Иргэн Н.М нь дүүргийн Засаг даргын 2012 оны А/16 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ч.Т оролцож, 3 шатны шүүхээр уг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг.
Иргэн Н.Ц нь мөн Г*******эд байршилтай газарт нэхэмжлэл гаргасны дагуу иргэн Б*******гийн Мягмарсүрэнг гуравдагч этгээдээр татсан захиргааны хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэлгүй олон жил болж байна.
Иргэн Н.М, Н.Ц, тэдгээрийн хүүхдүүд болох Э.Л, Э.Э, Ц.Ё, Ц.Э*******, Б.Х******* нар нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Ч.Т нарын 7 иргэний газрын байршилтай давхцалгүй, маргаан бүхий байршилд нэхэмжлэл гаргагч иргэд өмнө нь хүсэлт гаргаж байгаагүй тул дүүргийн Засаг даргын захирамжаар нэр бүхий 7 иргэнд захирамж гаргаж, газрыг эзэмшүүлсэн байна.
Иймд иргэн Н.Ц, Н.М нарын 7 иргэний нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох “дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/68 дугаар захирамжийн Ч.Т, Н.А, Б.Х, Д.Сумьяа, Ё.Н, Б.У, Г.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах’' нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Гуравдагч этгээд Ё.Р шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“... Н.М нарын нэр бүхий 7 иргэний нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр Ё овогтой Р миний бие оролцох шаардлагагүй ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Тыг оролцуулахаар болсон. Иймд шүүх хуралд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй болно” гэжээ.
Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“... Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/68 дугаар захирамжаар Ч.Т, Н.А, Б.Х, Д.С, Ё.Н, Б.У, Г.Г нарын иргэдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуульд нийцүүлэн гаргасан захирамж юм.
Нэхэмжлэл гаргасан Н.Ц, Э.Л, Э.Э, Ц.Ё, Ц.Э, Б.Х*******, Н.М нарын нэр бүхий иргэд нь 2000 оноос Г*******ийн зуслангийн иргэдийн газрыг булаацалдаж байнгын хэрүүл маргаан үүсгэж байдгийг болон нэхэмжлэгч Н.М нь өөрийн төрсөн дүү Н.Цийн төрсөн хүү Ц.М тэй нийлж ойр хавийн иргэдийг айлган дарамталдаг болно. Н.Ц өөрийн хүү Ц.М тэй нийлэн иргэн Мягмаржав болон түүний хүүхдүүдийн газрыг өөрийнх гэж хашаан дотор нь гэрээ барьдаг. Гэрийг нь хашаанаасаа гаргаад өөрсдийнх нь амьдардаг хашаанд буулгачихаар дотор нь байсан алтан гулдмай, алтан бурхан алга болчихлоо гэж бусдыг гүтгэн доромжилж үе удмаар чинь хараана гэж айлган сүрдүүлдэг.
Талийгаач Ц. Д, Н.М нарын тэжээвэр нохойнууд нь мал эмнэлгийн гэрчилгээгүй ямар ч вакцинд хамрагдаагүй тэдгээрийг уяхгүйгээр сул тэжээдэг, нохойгоороо бага насны хүүхдийг минь болон эхнэрийг маань уруулахыг завдсан, эзэмшил газартаа хашаа барих гэхээр нохойгоо сул тавьдаг, бидний эзэмшил бие засах газрыг ашиглаад байхаар нь бие засах газраа түгжчихээр манай байшингийн хойд талд нүх ухаад ил бие засах газар хийгээд цогтой үнс нурмаа ил асгана, хашаа болон саравч эвдлэн сүйтгэдэг, миний эзэмшлийн цахилгааны кабелийг сүхээр цавчдаг, зуслангийн цагдаад хуурамч дуудлага өгдөг, Сансар кабелийн телевизийн зуслангийн урд талд 4 айлын газрыг булаан авч байшин барин бусдад зарсан зэргийг Г*******ийн зуслангийн ойролцоо оршин суугч иргэд гэрчлэх болно.
Нэхэмжлэлийн үндэслэлд 10-аад жил хөөцөлдсөний эцэст 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 252 дугаар шийдвэрийг үндэслэн авсан. Гэтэл 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/79 тоот захирамжаар бидний газрын гэрчилгээг хүчингүй болгосон гэж бичжээ. Бидний гэдэг нь нэхэмжлэл гаргасан дээрх нэр бүхий 7 иргэнийг хэлж байна гэж ойлгож байна. Иймд эдгээр нэр бүхий 7 иргэнд газар эзэмших эрхийг олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 252 тоот захирамж болон нэр бүхий долоон иргэний гэрчилгээг хүчингүй болгосон 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/79 тоот захирамжуудыг гаргуулахыг хүсэж байна.
Нэхэмжлэлийн үндэслэлд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/89 тоот “Мониторингийн дүгнэлт” гэрчилнэ гэсэн нь 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/89 тоот Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд “Арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай” гэсэн албан тоот юм.
Энэ албан тоот нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг илт зөрчин хэн нэгний эрх ашигт нийцүүлэн гаргасан болох нь дараах байдлаар нотлогдсон. 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Газрын албанд гомдол гаргахад Нийслэлийн Газрын албанаас 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 9/32 албан тоотоороо өргөдөлд дурдсан таны асуудал Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдэж байна гэсэн боловч 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 5/89 тоот Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд “Арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай” гэсэн албан тоотыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэж байх хугацаанд гаргасан болно. Мөн нэхэмжлэлд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 243 тоот тогтоол гарах хүртэл 3 шатны шүүхийн үйл ажиллагаа үргэлжлэн эцсийн шийд гаргасан юм гэсэн нь дээрх албан тоотыг хууль зөрчин гаргасан нь огноогоор нотлогдоно. 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Газрын албанд гомдол гаргахад Нийслэлийн Газрын албанаас 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 9/32 албан тоотын эх хувийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргуулж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэхийг хүсэж байна.
Нэхэмжлэлийн үндэслэлд хуурамч бичиг баримт үйлдэн, тамгаа ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулдаг нь шүүх маргааны явцад тодорхой болсон байдаг гэжээ. Шүүхээс хэн гэдэг албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдэн, тамгаа ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулсныг тогтоосныг баримтаар нотлох ёстой. Хэн нэгний гэм буруутай эсэхийг зөвхөн Монгол Улсын шүүх тогтоодог у******* хэн нэгнийг гүтгэн доромжлохоо зогсоохыг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М болон нэхэмжлэгч нараас шаардаж байна.
Нэхэмжлэлийн үндэслэлд хууль бус захирамжаа ашиглаж, одоо амьдарч байгаа газрын маань орц гарцыг хааж нойл руу ч орох боломжгүй болгож, 3 шатны шүүхийн шийдвэрээр авсан газар руу маань хашаагаа түрж орж хашаагаа барьж байгаа нь хууль бус актаас үүдэлтэй гэжээ.
3 шатны шүүхийн шийдвэрээр авсан газар уруу маань гэж хэний газрыг хэлж байгаа нь тодорхойгүй ба миний ойлгосноор талийгаач Ц.Дийн газрыг хэлээд байх шиг байна. Газар эзэмшигч Ц.Д тү*******эй хамтран амьдрагч Н.М нар нь Байгаль орчны болон Газрын тухай хуулиудыг зөрчиж байсныг мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд бие засах газар барьсныг нотлох баримтыг эх хувиар нь нэхэмжлэлд өгөх хариу тайлбарт хавсаргав.
Н.М нь уг газрыг хууль ёсоор эзэмших эрхтэй нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон талийгаач Ц.Дийн эхнэр, шүүхийн шийдвэрээр хамтран амьдарч байсан нь тогтоогдсон гэжээ.
Талийгаач Ц.Дийн эхнэр Н.М нь шүүхийн шийдвэрээр хамтран амьдарч байсан нь тогтоогдсон гэдэг нь ойлгомжгүй юм. Эхнэр нь нөхөртэйгөө хамтран амьдарч байсан гэсэн нь бүр ойлгомжгүй. Өв залгамжлалын хуулийн дагуу талийгаач Ц.Дийн эзэмшиж байсан газрыг түүний ууган охин эзэмших болохоос биш хамтран амьдрагч гэх Н.М эзэмших эрхгүй гэж харагдаж байна. Захиргааны хэргийн шүүхээс Н.Мыг хамтран амьдарч байсныг л тогтоосон болохоос өв залгамжлалын хуулийн дагуу газрыг эзэмшинэ гэж тогтоогоогүй у******* талийгаач Ц.Дийн нэрийн өмнөөс өргөдөл гомдол гаргах нь хууль бус юм.
Нэхэмжлэлийн үндэслэлд Э.Л, Э.Э, Б.Х******* нар нь газраа хашаалан эзэмшиж, газраа албан ёсоор эзэмшихээр хүсэлтээ эдгээр нэр бүхий 7 хүнээс түрүүлж гаргаад шийдэгдээгүй гэжээ.
Э.Л, Э.Э, Б.Х******* нар нь хууль бусаар газраа хашаалан эзэмшиж байгаад газраа албан ёсоор эзэмшихээр хүсэлтээ хүргүүлжээ. Мөн Э.Л, Э.Э, Б.Х******* нар нь хаана ямар солбицол бүхий газарт газар эзэмшихээ хүссэн кадастрын зураглал болон бүртгэлийн дэвтрийн эх хувийг Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас гаргуулна уу.
Нэхэмжлэлийн үндэслэлд нэхэмжлэгч бид нарын орЦгарцыг хаасан, Н.Ц, Э.Л, Э.Э, Б.Х******* нарын хүсэлтийг газрын алба шийдээгүй, нэхэмжлэгч Н.М (Ц.Д)-ын газраас бусад нэхэмжлэгч нарын газартай бүхэлдээ давхцалтай, Н.Мын газартай хэсэгчилэн давхцаж, бүх нэхэмжлэгч нарын газрын орЦгарцыг хаасан гэжээ. Эдгээр нэхэмжлэлийн хариуг Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас нэхэмжлэгч болох нэр бүхий 7 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдтэй мөн координат бүхий баталгаажсан кадастрын зургуудтай нь давхцаж байгаа талаар, орЦгарЦхаасан талаар тодруулга лавлагааг гаргуулахыг хүсэж байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/68 дугаар захирамж нь нэхэмжлэгч бидний газар эзэмших эрхийг ноцтой ноцтой зөрчиж, газраа чөлөөтэй эзэмших боломжгүй болгохын зэрэгцээ дээрх Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг биелүүлэхгүй, уг тогтоолоор сэргээсэн эрхийг маань эдлүүлэхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч нэр бүхий 7 иргэний газар эзэмших эрхийг Чингэлтэй дүүргийн 3асаг даргын 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/68 дугаар захирамжаар ноцтой зөрчиж байгаа талаар болон Монгол Улсын Дээд шүүхийн хэдэн оны хэдэн тоот хэн хэнд хамаарах Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг хэн гэгч албан тушаалтан биелүүлэхгүй байгаа талаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргуулахыг хүсэж байна.
Нэхэмжлэл гаргасан Э.Л, Э.Э, Ц.Ё, Ц.Э, Б.Х******* нар нь Чингэлтэй дүүргийн 01 дүгээрхороо, Г*******ийн зусланд амьдардаггүй бөгөөд эдгээр иргэдийн талаар анх удаа сонсож байгаа болно.
Иймд нэхэмжлэгч Н.Ц, Э.Л, Э.Э, Ц.Ё, Ц.Э, Б.Х*******, Н.М нарын нэхэмжлэлийн шаардлага болох “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/68 дугаар захирамжийн Ч.Т, Н.А, Б.Х, Д.С, Ё.Н, Б.У, Г.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгсэн төлөөлөгч Н.М шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“...Шүүх хуралдаан бүрт миний нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байна гэж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон гээд, сүүлдээ аргаа бараад шүүгчээс хүртэл татгалзаж олон удаа гомдол гаргасан. Шүүхийн Ерөнхий шүүгчийн зүгээс өөрийг чинь байх боломжтой гэж үзсэн, мөн өөрөө энэ хавтаст хэрэгтэй танилцаад удаж байгаа. Түүнчлэн хэргийн материалтай танилцаж мэдсэн хүний нэг гэж үнэлж байгаа тул дахин татгалзахгүй. Үүнийг энэ хэмжээнд, шударгаар шийдвэрлүүлэхийг хүсч байна.
Ё.Р гэх хүн анхнаасаа энэ хэргийн эзэн бөгөөд хаа хамаагүй Ч.Тт итгэмжлэл олгосон. Эцэст нь гомдол нэхэх бол Ч.Таас нэхэх үү, Ё.Роос нэхэх үү эсхүл Чингэлтэй дүүргийн Газрын албанаас нэхэх үү? Иймд би Ё.Рыг биечлэн оролцуулахаар зүтгэж байгаа. Газрын тухай асуудал ойлгомжтой, хавтаст хэрэгт нотлох баримт хангалттай авагдсан. Хууль бус захирамж гаргасан албан тушаалтнуудыг цаг хугацаа хожуулж, зохион байгуулалттайгаар, үндэслэлгүй, зохиомол аргаар явуулсаар Улсын Дээд Шүүхийн шийдвэр гарснаас хойш жил хагас гаруй хугацаа өнгөрлөө.
Асуудлыг үнэн зөв, яаралтай шийдвэрлэж өгөөсэй гэж хүсч байна. 2003 оноос эхлэн Ё.Р, н.Г******* гэх 2 хүн уг газарт Чингэлтэй дүүргийн Засаг даргын 75 дугаар захирамжаар газрын гэрчилгээ авсан байдаг. Энэ гэрчилгээ нь хуурамч бөгөөд өргөдөл өгөлгүй газраа авсан. Газар олгосон захирамжийн хавсралт хүртэл хавтаст хэрэгт 2 өөр байдлаар авагдсан. Эдгээр бүх зүйлүүд тодорхой байгаа бөгөөд 3 шатны шүүхийн шийдвэр эцсийн шатандаа шийдэгдээгүй үргэлжилж байхад Ё.Р, н.Г******* нар өөрийн ах дүү нийлээд 9 айлын газар эзэмшиж байсан болох гээд байна. Үүнээс үзвэл энэ нь аль ч талаасаа хууль бус захирамж гэж, удаа дараагийн шүүх хуралдаанд илэрхийлж байгаа.
Иргэн 0.7 га газар авахдаа өөрийн биеэр өргөдлөө бичиж, Газрын албанд хүсэлт гаргадаг. Гэтэл хүсэлт гаргаагүй, хувийн хэрэг мэдээллийн санд ямар ч баримт байхгүй гэх н.О*******, н.А нарын 2 албан бичиг хэрэгт авагдсан.
Албадын дарга нар нь өөрсдөө байхгүй гэж тодорхойлж өгөөд байхад шууд Засаг дарга захирамж гаргасан тохиолдолд яаж үнэн байх вэ? Үүгээр хууль бус гэдэг нь нотлогдож байна. Ийм байдалд орсон хирнээ Улсын Дээд Шүүхийн шийдвэр гарч, тус хэрэг үргэлжилж байх хугацаанд ах, дүү, төрөл садан 7 хүнд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчин дээрх 7 хүнд А/68 дугаар захирамжаар газар олгосон байна. Энэ захирамж нь бүр хууль бус.
Өөрт нь 400 м.кв газар эзэмших эрх үүсээгүй байхад ах, дүү нийлээд 7 хүнд нэмээд 4900 м.кв газрыг эзэмшүүлсэн байгаагаас үзвэл албан тушаалаа ашиглан гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж хууль бус гэж үзэхээр байна.
Үүнд 3 шатны шүүх хуралдаанд оролцож байхад зохих шатны хүмүүсээс нотолж, гаргаж өгсөн холбогдох бүх баримтууд байгаа. Түүнчлэн энэ буруутай үйл ажиллагааны улмаас өөрийгөө Ч.Т гэж, хөлсний ажилтан, бэл бэлчин, бяр чадлаараа түрий барьдаг. Эх хүнээс төрсөн баймаар, арай дэндүү бурангуй үзэлтэй. Түүнд шүүхээс удаа дараа арга хэмжээ авсан тухай шийтгэврийн хуудас, эрүү үүсгэснийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол зэрэг баримтууд байгаа. Тэгэхэд энэ хүн ойлгож, ухамсарладаггүй, энэ миний газар гэж зүтгэж байна. Иймд шүүхийн энэ шатанд үнэн зөвийг олж, авагдсан баримтад тулгуурлан асуудлыг түргэн шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна.
Миний бие хүний газрыг авах гэж дайраагүй. Манай газрыг анх Ё.Р миний газар байсан гэдэг. Ё.Рын газартай давхардсан тул н.Дийн газрыг хүчингүй болгосугай гэх тушаал байгаа. Эхлэл нь ингэж гарсан тул шүүхэд маргасан асуудал.
Би мөнхийн хүн биш, тэгэхээр би байсан байгаагүй бичиг баримт нь хуулийн хүчин төгөлдөр акт болно гэж бодож байна. Хэлж болох үгүйг мэдэхгүй ч, шүүгч нар мэргэжлийн хүмүүс тул өмнөх 3 шатны шүүхийн шийдвэрт үнэн эсхүл худал хэлсэн гэдгийг нотлох өргөдөл, Ё.Рд шууд захирамж гаргасан зэрэг баримтууд хэрэгт байгаа гэдгийг хэлмээр байна. Мөн Ё.Рын эзэмшил газарт энэ 7 хүний нэр орсон зүйл байхгүй. Үүнд 4 хүний нэрийг оруулаагүй, өөр айлын газарт оруулсан. Манай нойлыг хаасан. Ургасан зулзаган моднуудыг Ч.Т устгасан.
Бид баримтыг алга болгох нь бүү хэл, Газрын албаны үндсэн баримт бичигтэй нэг цэгийн үйлчилгээний цонхоор харьцдаг болохоос шууд харьцах эрхгүй. Яагаад 2004 онд н.Дтой хамт өгсөн н.Х*******ын өргөдөл байхгүй байна гэж байна вэ? Үүнийг ойлгохгүй байна. Байх ёстой гэж бодож байна. Байгаа юмыг байхгүй, байхгүй зүйлийг байгаа гэж тайлбарлаж байгаад нухацтай дүн шинжилгээ хийгээсэй гэж хүсч байна. Миний бие өтөлсөн хойноо шуналд автаж, хүний газар авах гээгүй” гэв.
Нэхэмжлэгч Н.Ц шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“...Үндсэн хуульд заасан миний эрхийг бүдүүлгээр зөрчиж байна. Зөрчигдсөн эрхээ сэргээх тухай прокурорын бичгийг шүүхэд өгсөн. Улсын Дээд Шүүхээс Н.Ц гэх хүний юмыг авах тухай тогтоол шийдвэр байхгүй, 27 хуудас баримтыг буцаасан гэсэн байна. Энэ хүний эрхийг сэргээж өг гэх агуулга бүхий бичиг байгаа.
Газрын албаны буруу гээд Улсын Дээд Шүүхийн 621 дүгээр тогтоолоор буцаасан. 2007 оны 07 дугаар сарын 23-ын өдөр Ц.Б-Эрдэнийг шоронд явахад 36 м.кв талбайтай гэж Н.Цийг дан байшинтай гээд явуулсан байна. Тэгэхэд Газрын алба түүнийг ашиглаад Б*******д 2 давхар байшинг өгсөн байна. Үүнд гомдож байна. Миний хүү М 2007 онд шийтгэгдээд явахад Газрын албаны бичиг баримт, кадастрын зураг, гэрчилгээ байна, үүнийг зээлийн өртэй байсан тул гэм хорын хохиролд тооцож ав гэж цагдаагаас буцаан явуулсан байна. 4 сарын дараа дан байшин болгосон. Үүнийг хүн хийж байна уу гэхээс хавтаст хэрэг ургуулаад хийнэ гэж байхгүй. Эзэн нь шоронд байгаа, 2002 онд авсан газрын гэрчилгээ байна, үүнийг өр төлбөрт битүүмжилж ав гэсэн.
2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 56 тоот гэрчилгээтэй, 8 айлын газартай хөрөнгөө нуувал хэрэгт орно гээд байцаагч нь надаас хүртэл асууж байсан. 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 400 м.кв талбай нь одоо архивд Н.Цийнх гэж хийсэн байна. 2002 оных Ц.Б-Э*******х мөн” гэв.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“...Өмнө нь хэлснээр нэхэмжлэгч нар тухайн үед, тухайн байршилд ямар нэг байдлаар газар эзэмших хүсэлт, өргөдөл, гомдол гаргаж байгаагүй тухай нотлох баримт хэрэгт авагдсан. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ямар нэгэн байдлаар тухайн цаг хугацаанд гаргаж байсан өргөдөл болон маргаан бүхий газрыг өөрөө эзэмших эрхтэй гэдгээ нотлох баримт гаргаж өгөөгүй. Шүүхээс хийсэн газрын үзлэгээр Газрын тухай хууль болон газар эзэмших эрх, үүргээ удаа дараа зөрчиж, нийтийн эзэмшлийн зам талбайд орц, гарЦхааж нойл барьсан, өөрийн эзэмшилд байгаа газраас хэтрүүлэн гараашийн суурь цутгасан зэрэг нь тодорхой болсон. Газар эзэмших эрх нь хүчингүй болохоор ноцтой зөрчил байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх байх.
Нэхэмжлэгч нар Г******* зуслан гэхээр ойр орчмын айлууд, тэр хавийн газар тэдний өмч байсан мэтээр хэлж, захиргааны байгууллагын санаатай байдлаар *******эгдүүлдэг асуудал нь энэ шүүх хуралдаанаар дуусгавар болох байх гэж найдаж байна. Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2012 оны А/68 дугаар захирамжаар нэр бүхий 7 иргэнд газар эзэмшүүлэхдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд ямар нэг давхцалгүй, маргаангүй байршилд газар олгосон хуульд нийцсэн захиргааны акт байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:
“...Бид 2000 оноос хойш Өвөр г******* нэртэй газарт 8 айл нийлсэн ах дүүсээрээ амьдарч байгаа. Тухайн үед 800 м.кв талбайн захирамжтай, 8 айлын газар байсан. Хажуу талд 25 дугаар суваг телевизийн Алтай гэх 400 м.кв талбайн захирамжтай 5 га газартай байсан. Н.Ц, Н.М нартай маргадаг Б******* нарынх 2 га газартай, 2 айлын захирамжтай байсан. Анхнаасаа тийм байсан. Тухайн үед кадастрын зураг одооных шиг байгаагүй. Хувь хүн гараараа зурж, хүсэлтээ өгдөг. Тэгээд өргөдөл нь байдаг, захирамжаар хэдэн айлын талбай олгодог талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодорхой ярих байх.
2004 эсхүл 2005 онд олон улсын байгууллагын санхүүжилтээр анхны кадастрын зураглал орж ирж, бид анхны кадастрын зургийг хийлгэж байсан. Мөн Ц.Э, Ц.Ё, Н.Ц гэх хүмүүс нь Чингэлтэй дүүргийн Засаг даргаас олгогдсон 700, 700, 500 м.кв гэх нийт 1900 м.кв газрыг өнөөдрийг хүртэл хууль ёсоор эзэмшиж байгаа. Гэтэл 10 гаруй жилийн дараа миний газар биш гэж, энэ газар таных шүү дээ, та энд амьдарч байсан биз дээ гэхэд үгүй өөр газар хүсэлтээ өгсөн байхад энд газар олгосон байна гэсэн. Яагаад өмнө нь маргасангүй вэ?
Иргэн н.Д Ё.Р, н.Г******* нартай Захиргааны хэргийн шүүхэд маргаж, н.Дийн талд шийдвэр гарсан. Тэрээр 700 м.кв газраа одоо эзэмшиж байгаа боловч өнөөдөр мөнх бусыг үзүүлсэн байна. Энэ хүний 700 м.кв газар хэний ч газартай давхцаагүй, хэнийх рүү ч ороогүй. Түүний газар дээр түүний хамтран амьдрагч гэх Н.М амьдарч байгаа. Түүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг тодруулахаар хавтаст хэрэгтэй танилцахад хувийн компаниар хийлгэсэн 1000 м.кв гаруй талбайн кадастрын зургийг хавтаст хэрэгт хийсэн байна. Шүүхэд нотлох баримт бүрдүүлж өгөхдөө шүүхийг залилж байна. Шүүхэд үнэн зөвийг ярихгүй, зөвхөн санааг гүйцэлдүүлэхээр хүний юманд шунаж байна. Нэр дурдсан хүмүүс Г*******эд амьдарч байсан талаар анх удаа сонсож байна. Н.Ц болон түүний охидууд амьдарч байсан. Н.Мынх биднээс хол 4 айлын газар эзэмшдэг, улаан тоосгон байшинд амьдарч байсан нь үнэн. Хэзээ ч манай ойр, хөрш зэргэлдээ амьдарч байгаагүй.
Н.Ц нь н.Б******* нартай газрын маргаан үүсгэж байсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаа хуулбарлаж Ч.Т нарын 7 иргэний нэхэмжлэлтэй хэрэг дээр гаргаж өгсөн. Тодорхой хэлбэл, нэг айлын газартай маргаж байгаад бүтэхгүй болохоор нөгөө хавтаст хэрэгт байсан баримтыг сугалж авч өмнө нь гаргаж байсан баримтаа бидэнд өгсөн. Энэ шударга ёс биш. Хэрэв нэхэмжлэгч нарын хэлж буй уг газарт Э.Л, Э.Э, Б.Х******* нар амьдарч байсан бол шүүхээс үзлэг хийхэд гэрийн буурь, ямар нэгэн айл амьдарч байсан байдал харагдах ёстой.
2002 оноос хойш бид байшингаа бариад амьдарч байхад газар давхцсан, бид энд газар авах гэж байгаа гэж хэлэхгүй яасан юм бэ. Газар эзэмших захирамж нь гараад кадастрын зураг, гэрээн дээр нь 2 хүүхдийнхээ өмнөөс гарын үсэг зурсан нь хавтаст хэрэгт авагдсан. Газрын төлбөрийг төлж байсан. Биш байсан бол яагаад газрын төлбөр төлсөн юм бэ. Яагаад гэрээн дээр гарын үсэг зураад амьдраад байсан юм бэ. Яагаад шүүхэд очиж 500 м.кв газар нь минийх, байшин нь н.Бат-Э******* байшин гэж маргаагүй вэ.
Захиргааны хэргийн шүүхэд ирээд минийх гэж, Эрүүгийн хэргийн шүүхэд н.Бат-Э*******х биш гэдэг. Иймд нэхэмжлэгч нарын гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Иргэдийн төлөөлөгч Б.О шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтэндээ:
“... Миний бие удаан хугацааны турш тус хэргийн шүүх хуралдаанд оролцлоо. Миний бодлоор шүүх хуулиа дээдэлж, албан бичигт тусгагдсан баримтуудаа үндэслэн шийдвэрээ гаргах байх гэж найдаж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нар нь захиргааны байгууллагад газар эзэмших хүсэлтээ түрүүлж өгсөн, хууль ёсоор газар эзэмших эрхтэй байтал өөр этгээдүүдэд уг газрыг давхардуулан олгосон, орЦгарцыг хаасан гэж үзэж, гуравдагч этгээдүүдэд газар эзмшүүлэх талаар шийдвэрлэсэн захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргааны зүйлээ тодорхойлж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс газар эзэмшүүлэх эрхийг хэрэгжүүлэхдээ дүүргийн Засаг дарга нь холбогдох хуулийг зөрчөөгүй, бусдын газар дээр давхардуулан эзэмшүүлээгүй, нэхэмжлэгч нарын эрхийг зөрчөөгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийг олж авсан, нэхэмжлэгч нарын газартай давхцаж газар эзэмшсэн асуудал байхгүй хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан мөн шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актад дүгнэлт өгч, зарим нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилсан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, түүнчлэн шинжээчийн зардлын асуудлыг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нэр бүхий долоон иргэний зүгээс “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/68 дугаар захирамжийн Ч.Т, Н.А, Б.Х, Д.С, Ё.Н, Б.У, Г.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан ба уг нэхэмжлэлийн шаардлагаа ямар нэгэн байдлаар багасгаж болон нэмэгдүүлээгүй, мөн өөрчлөөгүй байна.
Нэхэмжлэлийг хэлэлцсэн үндэслэл.
Нэхэмжлэгч нар нь 2016 оны 4 сарын 12-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан ба маргаан бүхий асуудлаар дээд шатны албан тушаалтанд хандан захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлээгүй байсан бөгөөд нэхэмжлэлдээ Нийслэлийн Засаг даргад хандсан боловч хариу өгөөгүй талаар дурдсан байх тул захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж, түүнчлэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг дээд шатны захиргаа хуульд заасан хугацааны дотор хариу өгөөгүй нь уг хугацааг нэхэмжлэгч нарын зүгээс хэтрүүлсэн гэх боломжгүй гэж үзэж, нэгэнт шүүхэд мэдүүлэх эрхийн хүрээнд гаргасан нэхэмжлэлийн талаар дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Маргааны үйл баримтын талаар.
Маргаан бүхий захиргааны актаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 сарын 02-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А/68 дугаар захирамжийн Ч.Т нарт холбогдох хэсгийг тодорхойлон авч үзсэн бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасныг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг гаргасан ба уг актаар нийт 423 иргэний газар эзэмших эрхийн асуудлыг шийдвэрлэжээ. Энэхүү захиргааны актын хавсралт ёсоор гуравдагч этгээд Ч.Т 673 м.кв, Г.Г 630 м.кв газар эзэмшиж, бусад этгээдүүд тус бүртээ 700 м.кв газрыг эзэмших эрхтэй болжээ. Улмаар энэ эрхийн хүрээнд Ч.Т, Н.А, Г.Г нарын газар нэг дор байрлаж, нэгдсэн нэг хашаагаар газраа хашаалсан байгаа бол үлдэх дөрвөн иргэний газар мөн нэгдсэн нэг хашаатай, уг байрлалд зуслангийн хоёр байшин баригдсан байна .
Нэхэмжлэгч иргэдээс Н.Ц нь газар эзэмших эрхийн гэрчилгээний 2248 дугаартай, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Г*******ийн задгайд хаягтай, 500 м.кв газрын эзэмших эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 11 сарын 11-ний өдрийн 274 дүгээр захирамжаар олж авсан ба түүнд 2003 оны 5 сарын 28-ны өдөр холбогдох захиргааны байгууллага газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон, тэрээр уг газрыг одоо бодитойгоор эзэмшиж байна.
Нэхэмжлэгч Ц.Э болон Ц.Ё нар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны 5 сарын 19-ний өдрийн 122 дугаар захирамжаар тус бүр 700 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн Г*******ийн зусланд эзэмших эрхтэй болсон ба нэгж талбарын 700, 1864032 дугаартайгаар тус тус кадастрын зураг нь баталгаажин одоо мөн эзэмшиж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.Ц, Ц.Э болон Ц.Ё нарын газрын байрлал нэг дор ба хойд хэсгээрээ хашаалсан урд хэсгээр задгай бөгөөд нэгж талбарын 700 дугаартай нэхэмжлэгч Ц.Эгийн газар дээр нэхэмжлэгч Н.Ц гэр барин амьдарч байна . Нэхэмжлэгч Ц.Э болон Ц.Ё нарын нэр дээр газар эзэмших эрх хэрэгждэг боловч тэдгээр иргэд нь уг зуслангийн газарт амьдардаггүй гэх тайлбарыг хэргийн оролцогчид тайлбарлаж байсныг тэмдэглэж байна.
Нэхэмжлэгч Н.Мын нэр дээр газар эзмших эрх хэрэгждэггүй ба тэрээр өөрийн хамтын амьдралтай байсан Ц.Дийн газар эзмших эрхийн хүрээнд одоо маргаан бүхий газар дээр оршин сууж, газрыг бодитойгоор эзэмшдэг байна. Ингэхдээ дөрөв болон гурваараа тусдаа газар эзэмшдэг гуравдагч этгээдүүдийн дунд 1863932793дугаар бүхий нэгж талбарын 700,1 м.кв газарт гэр барин амьдарч газрыг эзэмшиж байна.
Нэхэмжлэгч Э.Л, Э.Э нарын зүгээс 2007 онд Чингэлтэй дүүргийн Газрын албанд хандан Г*******ийн зусланд газар эзэмших хүсэлт гаргаж байсан талаарх баримт шүүхийн бичиг баримтын үзлэгээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.Л, Э.Э нар нь 2007 оны 8 сарын 22-ны өдөр Г*******ийн зусланд газар эзэмших хүсэлт гаргасан ба өргөдөл гомдлын бүртгэлийн хариу өгсөн хэсэгт Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн 2007 оны 8 сарын 23-ны өдрийн 23 дүгээр шийтгэх тогтоолыг дурдаж, нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн гэх тэмдэглэлийг үйлджээ.
Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар.
Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэхтэй холбоотой олон зохицуулалтыг Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар өөртөө хадгалж хэрэгжүүлэх бүрэн эрхүүдийг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүнчлэн Засаг даргад олгосон байна.
Тэгэхээр маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2: “Засаг дарга, эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 31 дүгээр зүйлийн 31.1.3: “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх” гэж байгаа нь дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3: “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” хэмээн дүүргийн Засаг даргын газрын харилцааны талаарх бүрэн эрхийг хэрэгжүүлэх тухай заалт байж, мөн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд байна.
Нэхэмжлэлийн шаардлагадаа маргаан бүхий газарт “газар эзэмших талаар хүсэлт гаргаж байсан” гэж нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ болон тайлбартаа удаа дараа дурдаж байсан тул нэр бүхий нэхэмжлэгч нарын хэнээс нь хэзээ, хэдэн удаа ийнхүү хүсэлт гаргаж байсан, түүнийг хариуцагч захиргааны байгууллага хэрхэн шийдвэрлэж, ямар хариу өгч байсныг тогтоох зорилгоор шүүхээс нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Чингэлтэй дүүргийн Газрын албаны архивт 2000 оноос эхлэн 2016 он буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааг хамруулан нэгбүрчлэн шүүн үзэж, бичиг баримтын үзлэгийг хийсэн болно. Ингэхэд 2000 болон 2001 онд бүртгэсэн өргөдөл гомдлын бүртгэлд нэхэмжлэгч нарын хэн аль нь газар эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй байна. “2002-2004 оны өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр”-ээс 2002 оны бүртгэлийн 1625-рт Ж овогтой Цэд, “Зуслан 2004-2005” гэсэн бүртгэлийн дэвтрийн 2004 оны бүртгэлийн 1154-рт Ж овогтой Цэд, “зуслан 2007 он №9” хэмээх өргөдөл гомдлын дэвтрийн бүртгэлийн 221-рт Э овогтой Л, 222-рт О овогтой Э, 223-рт Ж овогтой Ц, 224-рт Ц*******ид овогтой Э нарт тус тус, 2012 оны бүртгэлийн 628 дугаартай архивын нэгжийн өргөдөл гомдлын бүртгэлийн 3868-рт Ж овогтой Цэд, 2013 оны цахим бүртгэлийн 229-рт Ж овогтой Цэд хамаарах хүсэлт, өргөдөл, гомдол бүртгэгдсэн ба тухай бүр холбогдох хариуг өгч, энэ байдал бичиг баримтын үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Тэгэхээр нэхэмжлэгч Бүнчингийн Х*******аас маргаан бүхий газар дээр газар эзмших талаар ямар нэгэн хүсэлт, холбогдох нотлох баримт бичиг баримтын үзлэгийн явцад гарч ирээгүй, захиргааны байгууллага тухайн бүртгэлээс өөрөөр ямар нэгэн бүртгэл байхгүй гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч Б.Х*******ыг газрын асуудлаар хүсэлтээ түрүүлж өгсөн гэх нотлох баримт олдоогүй, 1-р хавтаст хэргийн 15-р хуудсанд авагдсан 2004 онд гаргаж байсан гэх өргөдөл нь бүртгэгдээгүй байх тул тухайн нэхэмжлэгчээс газрын асуудлаар хүсэлт гаргаж байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т зааснаар нэхэмжлэгчийг маргаан бүхий асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон гэж үзэж, түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч Эгийн Л, Оын Э нараас 2007 онд гаргасан хүсэлтийг тухайн үед нь шийдвэрлэж хариу өгч байсан, гэхдээ энэ байдлын талаар тухайн үед нь шүүхэд гомдол гаргаж байгаагүй, түүнчлэн энэ хүсэлтээс өөр хүсэлт гаргаж байгаагүй байна. Иймд эдгээр хоёр иргэний нэхэмжлэлийг захиргааны байгууллагад хандаж байсан гэдэг утгаар нь нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзахгүйгээр харин нэхэмжлэлд нь дүгнэлт өгч шүүх шийдлээ. Нэхэмжлэгч Э.Л, Э.Э нар нь маргаан бүхий газар дээр газар эзэмшдэггүй, ямар нэгэн байдлаар хашаалж, газрыг өөрийн мэдэлд байлгаж байгаагүй аж. Иймд маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлтийг 2007 онд гаргаж байсан, уг хүсэлтэд хариу өгсөн байхад маргаагүй, улмаар дахин газар эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй, газрыг өөрийн мэдэлд байлгаж /гэр барих, барилга байгууламж барих зэргээр/ байгаагүй зэрэг нь одоо газрыг бодитойгоор эзэмшиж байгаа гуравдагч этгээдүүдийн эрхийг хөндөх боломжгүй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Н.Мын нэрээр захиргааны байгууллага болох Чингэлтэй дүүргийн Газрын алба, улмаар Засаг даргад хандан газар эзмших талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байсан баримт огт олдоогүй тул түүний энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэн болно.
Харин нэхэмжлэгч Н.Ц, Ц.Ё, Ц.Э нараас газар эзэмших талаар хүсэлт гаргаснаар захиргааны байгууллага хүсэлтийг шийдвэрлэж газар эзэмшүүлсэн, энэ талаар хэргийн оролцогчид маргаангүй байна.
Газрын давхцлын талаар шинжээч томилж холбогдох дүгнэлтийг шүүхээс гаргуулсан, уг шинжээчийн дүгнэлт -ийн дүгнэлт хэсэгт: “ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнг нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2017 оны зурган мэдээлэлтэй давхцуулж үзэхэд нэгж талбарууд хоорондоо давхцалгүй байна”, “нэхэмжлэгч Н.Ц, Ц.Ё, Ц.Э нарын эзэмшил газрын орц, гарцыг Ч.Т, Н.А, Б.Х, Д.С, Ё.Н, Б.У, Г.Г нарын эзэмшиж буй газар нь хаагаагүй байна” гэжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нараас Н.Ц нарын гурван иргэн гуравдагч этгээд Ч.Т нарын долоон иргэн нийт арван иргэн хөрш зэргэлдээ байдалтайгаар маргаан бүхий газарт газар эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр газрыг эзэмшиж байна. Тэгэхээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3: “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4: “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, мөн хуулийн 31.3: “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” зэрэг хуулийн заалт зөрчигдөөгүй байх тул хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт өгөөгүйг тэмдэглэж, гуравдагч этгээдүүд нь Газрын тухай хуулийн 32.1-д заасныг зөрчсөн, хариуцагч захиргааны байгууллага нь зөвхөн иргэн Ё.Рын өргөдлөөр нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхээр байгаа боловч, ийнхүү эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байнагэж шүүх дүгнэлээ. Тодруулбал, иргэн Ё.Р нь 2003 оны өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрийн 1562-рт бүртгэгдсэнээр 400м.кв газрыг эзэмших эрхтэй болсон ба ийнхүү газар эзмшүүлсэн захирамжийн хэмжээнээс илүү газрыг хашаалан эзэмшиж, улмаар 2012 онд өөрийн өргөдлөөр гуравдагч этгээдүүдэд газрыг эзэмшүүлэх талаар хүсэлт гаргасан, тэдгээр нь анх газар эзэмшүүлсэн 2003 оноос эхлэн маргаан бүхий газарт амьдарч барилга барьсан, энэ талаар гуравдагч этгээд Ч.Т шүүх хуралдаан дээр тайлбарласан, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2003 оноос тухайн маргаан бүхий газарт амьдарч байсан талаар маргаагүй, харин газрыг давхардуулан эзэмшүүлсэн, хүсэлтээ өгсөөр байтал шийдвэрлээгүй гэх үндэслэлээр маргасан бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй, аливаа газар эзэмшигч этгээд нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5: “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” үүргийг биелүүлэх шаардлагатай энэ нь нэхэмжлэгч нарт мөн нэгэн адил хамааралтай байна.
Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсаны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, түүнчлэн шинжээчийн зардлыг мөн нэхэмжлэгч нарт хариуцуулж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х*******ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг тус тус баримтлан Н.Ц, Н.М нарын зургаан иргэний “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/68 дугаар захирамжийн Ч.Т, Н.А, Б.Х, Д.С, Ё.Н, Б.У, Г.Г нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.1, 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч нараас гаргасан 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг хэвээр хариуцуулж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА